Лук 23:33–46; Иохан 19:26–30
Загалмай дээрх Аврагчийн хайр энэрэл
Есүсийн загалмай дээр байхдаа хэлсэн зүйл Түүний зан байдал, тэнгэрлэг шинж чанарыг харуулдаг. Судалж байхдаа та Есүс Христийн цовдлуулж байх үеийн үлгэр жишээнээс судлан, Түүнтэй илүү адил болох хүслээ өсгөн нэмэгдүүлэхийг эрэлхийл.
Бусдад санаа тавих
Дараах асуултуудыг тунгаан бод. Та бусдад хайр энэрлээ байнга харуулдаг уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
Энэ хичээл дээр танд Аврагч загалмай дээр зовж шаналж байхдаа ч гэсэн бусдад тусламжийн гараа сунгаж байсан үлгэр жишээг судлах боломж олдоно. Та Аврагчийн үлгэр жишээг судалж байхдаа, Түүнтэй илүү адил болох хүсэлтэй болоход туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Цовдлуулахын өмнө ба цовдлуулах үеэр болж өнгөрсөн үйл явдал
Цовдлуулахын өмнө ба цовдлуулах үеэр Аврагчид тохиолдсон үйл явдлуудыг эргэн сана.
-
Тэр Гетсеманид дэлхийн гэм нүглийн төлөө зовж шаналсан (Лук 22:39–44-ийг үзнэ үү).
-
Иудас түүнээс урваж, төлөөлөгчид нь түүнийг орхисон (Марк 14:43–50-ийг үзнэ үү).
-
Иудейн удирдагчид Түүнийг шүүж, цохиж, нүүр лүү нь нулимсан (Матай 26:57–68-ыг үзнэ үү).
-
Херод, Пилат хоёр хоёулаа Түүнийг байцааж, Херод болон түүний цэргүүд Түүнийг доромжилсон (Лук 23:1–24-ийг үзнэ үү).
-
Ромын цэргүүд Түүнийг хэрцгийгээр зодож, ташуурдсан (Матай 27:26–31-ийг үзнэ үү).
-
Есүс Голгота хүрэх замынхаа хамгийн бага хэсэгт ч загалмайгаа үүрч явсан (Иохан 19:16–17-г үзнэ үү).
-
Түүний гар, хөлд хадаас зоож, хоёр гэмт хэрэгтний дунд цовдолсон (Лук 23:33; мөн Иохан 20:25-ыг үзнэ үү).
-
Түүнийг загалмай дээр цаазалсан (Матай 27:45–50; Марк 15:25-ыг үзнэ үү).
Эдгээр үйл явдал Аврагчийн тухай мөн Түүний таны төлөө хийсэн зүйлсийн тухай бодол санаанд тань хэрхэн нөлөөлснийг бодож үз. Аврагчийн загалмай дээр байхдаа хэлсэн үгс орсон судрын дараах хэсгүүдийг унш. Есүс Христийн хэлсэн үгсээс Түүний талаарх үнэнүүдийг тодорхойлж, судлах тэмдэглэлдээ жагсаан бич.
-
Лук 23:33–34. Аврагч Өөрийг нь цовдолсон цэргүүдийн талаар дараах үгсийг хэлжээ (энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулгыг Лук 23:34-ийн зүүлт тайлбар c-ээс үзнэ үү).
-
Лук 23:39–43. Эдгээр шүлэгт Аврагчтай хамт цовдлогдсон гэмт хэрэгтнүүд юу гэж хэлсэн мөн Аврагч юу гэж хариулсан талаар цэдэглэжээ. (Аврагч өөртэй нь хамт диваажинд очих болно хэмээн тэрхүү гэмт хэрэгтэнд хэлэхдээ “Би сүнснүүдийн ертөнцөд чамтай хамт байж, чамд зааж, чиний асуултад хариулна” гэж түүнд заасан гэж бошиглогч Иосеф Смит хэлсэн [“Discourse, 11 June 1843–A, as Reported by Wilford Woodruff,” 44, josephsmithpapers.org]).
-
Иохан 19:26–27. Аврагч Өөрийн эх Мариа, төлөөлөгч Иохан нарт юу хэлсэн талаар эдгээр шүлэгт цэдэглэсэн байдаг.
Аврагч загалмай дээр байхдаа зөвхөн Ромын цэргүүд, гэмт хэрэгтнүүд болон эхийнхээ талаар бодоогүй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагч Өөрөө зовж шаналж байсан ч бусдад анхаарлаа хандуулж байсан өөр арга замуудын талаар заасан.
Есүс Христ бүхий л зүйлд бидэнд төгс үлгэр жишээ үзүүлсэн, ‘Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө … загалмайг тэвчсэн’ [Еврей 12:2] нэгэн билээ. Бодоод үз дээ! Аврагч маань энэ дэлхийн түүхэн дэх хамгийн их зовлон шаналлыг тэвчин гарахын тулд баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлсэн юм!
Тэгэхлээр Түүнд ямар баяр баясгалан байсан бэ? Үүнд: Цэвэршүүлэх, эдгээх, биднийг хүчирхэгжүүлэхийн баяр баясгалан мөн наманчилсан бүх хүний нүглийн төлөөсийг төлөх, танд болон надад Тэнгэрлэг Эцэг Эх, гэр бүлдээ цэвэр, зохистой эргэн очиж, хамт амьдрах боломжийг олгохын баяр баясгалан багтах нь гарцаагүй.
(Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72–73).
-
Аврагч бидний төлөө зовж шаналахын зэрэгцээ юунд анхаарлаа төвлөрүүлсэн бэ?
-
Аврагч танд юуг хүсдэг талаар ерөнхийлөгч Нэлсон юу заасан бэ?
Аврагчийн загалмай дээр байсныг болон Тэр танд анхаарлаа төвлөрүүлсэн мөн Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэн очиход тань туслахын баяр баясал дээр анхаарлаа төвлөрүүлсэн гэх үнэний талаар тунгаан бодоход хэсэг хугацаа зарцуул.
-
Энэ үнэнийг ойлгох нь таны амьдралыг хэрхэн өөрчлөх вэ? Үүнийг мэдэх нь танд яагаад ийм өөрчлөлтийг авчрах вэ?
Аврагчийн үлгэр жишээний талаар болон өнөөдөр мэдэрсэн зүйлээ тунгаан бодох замаар Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл. Зовлон бэрхшээлтэй байсан ч бусдад хайр, энэрлээ харуулах, Есүс Христтэй илүү адилхан байх арга замуудыг тодорхойл. Дараа нь судлах тэмдэглэлдээ тэдгээр арга замыг бичиж тэмдэглэ. Гаргасан жагсаалтаа хараад, Есүс Христтэй илүү адилхан болох нэг арга замыг залбиран сонго. Үүнийг судлах тэмдэглэлдээ тодорхойл. Үйлдлээрээ үүнийг дагах боломжийн төлөө залбиран, эрэлхийл.
“Гүйцэлдлээ”
Загалмай дээр хэдэн цагийн турш тарчилсныхаа дараа Аврагч сүүлчийн үгээ хэлжээ.
Иохан 19:28–30; Лук 23:46-г үзнэ үү. Аврагчийн мөнх бус амьдралдаа хэлсэн сүүлчийн үгийг тэмдэглэ.
-
Эдгээр үг Аврагчийн талаар болон Түүний үйл хэргийн тухай юуг ойлгоход бидэнд туслах вэ?
Аврагчийн нэгэн адил бид Эцэгийн энэ амьдралдаа хийгээсэй хэмээн хүссэн зүйлийг үйлдэж болно. Өнөөдөр хэрэгжүүлэхээр шийдсэн зүйлээ хийж гүйцэтгэхдээ үүнийг сана.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Иохан 19:27. “Хараач, эх чинь” гэсэн Аврагчийн үгээс бид юу мэдэж авч болох вэ?
Бид ээжийгээ үнэлж, хайрлаж, халамжлахыг хичээхдээ Аврагчийн үлгэр жишээг дагах боломжтой. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд зөв шударга эхчүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний хайрыг Аврагчийн хайртай зүйрлэжээ.
Хүнд хэцүүг туулж байхдаа бусдад туслах нь бидний хэн болж байгааг хэрхэн тодорхойлдог вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Өөрсдөө зовж байхдаа … бусад хүний зовлон шаналлыг олж харах хүчээр, өлсөж байхдаа бусдын өлсөж байгааг ойлгох чадвараар, өөрсдийн сүнслэг харанхуйн дунд бусдын сүнслэг зовлонд тусалж, өрөвч энэрэнгүй байх хүч чадлаар бидний жинхэнэ мөн чанар харагддаг. Бид эгэл чанараараа өөрсдийнхөө асуудал, бэрхшээлд санаа тавьдаг бол харин бусдыг халамжилж, туслах үед бидний жинхэнэ зан чанар харагддаг. Хэрэв энэ чадвар нь ёс суртахууны жишгийн эцсийн хэмжүүр юм бол дэлхийн Аврагч иймэрхүү тууштай, энэрэнгүй зан чанарын төгс үлгэр жишээ мөн.
(David A. Bednar, “The Character of Christ” [Brigham Young University–Idaho devotional, Jan. 25, 2003], byui.edu)
Амьдрал хүнд хэцүү байсан ч бусдад үйлчилснээр бидэнд ямар адислал ирдэг вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.
Бид бусдын зовлонг анзаарч, тэдэнд тусламжийн гараа сунгадаг байх хэрэгтэй. Өөрсдөө хүнд сорилтод байгаа үедээ ийн үйлдэхэд илүү хэцүү боловч өөр нэгэнд жаахан ч болов тусалж, ачааг нь хөнгөлбөл бидний нуруу тэнийж, харанхуйд гэрэл мэдэрдэг.
(Хэнри Б.Айринг, “Туршигдаж, батлан харуулж, өнгөлөгдсөн,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107)