Матай 27:24–66; Марк 15:15–38
Аврагчийг загалмайнаас өлгөгдөн аймшигт өвдөлтийг мэдэрч байх үед дайснууд Түүгээр тохуурхаж, Өөрийгөө авраач гэж хэлж байв. Гэвч Тэр шударгаар тэвчин, бидний төлөө үргэлжлүүлэн зовж шаналсан. Энэ хичээл нь Аврагч загалмай дээр зовж тарчлан, нас барсан явдлыг Түүний Цагаатгалын чухал хэсэг гэдэг талаас нь илүү сайн ойлгож, үүнд талархахад танд тусална.
Есүс бидний төлөө амиа өгсөн
Энэ хичээлээр та Есүс Христийн үхлийн талаар илүү ихийг сурч мэдэх болно. Аврагчийн үхлийн талаар мэддэг зүйлээ мөн энэ талаарх бодол санаагаа тунгаан бодоход хэдэн хором зарцуул. Тэр таныг аврахын тулд амиа өгсөн гэдэгт та итгэдэг үү? Хэрэв тийм бол Түүний энэхүү золиослолд талархаж байгаагаа та хэрхэн харуулж болох вэ? Судалж байхдаа та эдгээр асуултад хариулахад туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Есүс Христийн Цовдлуулалт
Аврагчийг иудейчүүд, дараа нь Херод, Пилат хоёр шүүсний дараа Түүнийг хэрцгийгээр ташуурдаж, цовдлохоор Голготад (мөн Калвари гэж нэрлэдэг) авчирчээ.
Матай 27:35 дээрх “Тэд Түүнийг цовдолсон” гэх хэллэгийг тэмдэглэж авахыг бод. Судруудын удирдамж юм уу Bible Dictionary дээрх “Цовдлуулалт” хэсэгт энэ талаар юу гэж бичсэнийг үзнэ үү.
Аврагчийн Цовдлуулалтын талаарх дараах шүлгүүдийг унш. Чухал санагдсан мэдээллийг тэмдэглэ.
-
Maтай 27:27–31. Ромын цэргүүд Есүсийг дооглон тохуурхав.
-
Maтай 27:35–44. Аврагчийг загалмай дээр байхад нь гутаан доромжлов.
-
Матай 27:45–46, 50. Аврагч зовж шаналан, загалмай дээр нас барсан. Тайлбар: Есүсийг “гуравдугаар цагт” цовдолжээ (өглөөний 9:00 цаг; Марк 15:25-ыг үзнэ үү). “Зургаадугаар цаг” нь үдийн 12:00 цаг; “есдүгээр цаг” нь өдрийн 15:00 цагийг хэлдэг байв.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Аврагч яагаад “Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?” хэмээн асуусан талаар тайлбарлажээ. (Матай 27:46).
Дараах мэдэгдлийг унш.
“Түүний төгс Эцэг Хүүгээ тэр мөчид орхиогүй юм гэдгийг би бүхий л сэтгэл зүрхнийхээ итгэл үнэмшлээр хэлж байна. Христийн зовлон шаналлын эцсийн мөчид Эцэг нь Хүүгийнхээ энэ дэлхийн номлолын аль ч үед байгаагүйгээс илүүтэй Түүнтэй ойр байсан гэдэгт би хувьдаа үнэхээр итгэдэг. Гэсэн хэдий ч … Эцэг Өөрийн Сүнсний тайвшралыг, Өөрийн хувийн оршихуйн дэмжлэгийг ч мөн Есүсээс холдуулсан. Цагаатгалд энэ нь чухал ач холбогдолтой байв. Төгс Хүү Есүс хэзээ ч ёсон бусыг ярьж, буруу зүйл үйлдэж, бузар юманд хүрч байгаагүй тул хүн төрөлхтөн ийм нүгэл үйлдсэн үедээ ямар мэдрэмжтэй байдгийг мэдэх шаардлагатай байсан юм. Тэрээр Цагаатгалаа агуу хийгээд мөнхийн байлгахын тулд зөвхөн бие махбодын хувьд үхээд зогсохгүй сүнсээрээ үхэж, тэнгэрлэг Сүнс холдон одож, тэр чигтээ найдвар тасран ганцаараа хоцрох ямар байдгийг Өөрийн биеэр үзэж туулах хэрэгтэй байсан юм.
(Жэффри Р.Холланд, “Түүнтэй хамт хэн ч байсангүй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97–98)
-
Ахлагч Холланд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг илүү сайн ойлгоход танд тусалсан бэ?
-
Эдгээр үйл явдлаас Есүс Христийн талаарх мэдээллийн юу нь танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад?
Холбогдох эшлэл
Аврагч Өөрийгөө загалмай дээрх гутамшигтай, аймшигтай хэрцгий зовлонгоос чөлөөлөх хүчтэй байсан боловч тэгээгүй (Матай 26:52–54-ийг үзнэ үү).
Яагаад гэдгийг олж мэдэхийн тулд дараах судруудын ядаж гурвыг нь унш. Бодол санаа, мэдрэмжээ цэгцлэхийн тулд дараахтай адил хүснэгт зурахыг бод. Та мөн судрын эдгээр хэсгийг Матай 27:26-той холбож эсвэл холбогдох эшлэл үүсгэх юм уу өөрийн сонгосон гарчгаар эдгээр эшлэлд хаяг шошго тавьж болно.
Аврагч яагаад цовдлогдохыг хүлээн зөвшөөрсөн бэ? |
Тэрээр үүнийг үйлдсэн болохоор бидэнд ирсэн адислалууд |
---|---|
Аврагч яагаад цовдлогдохыг хүлээн зөвшөөрсөн бэ? | Тэрээр үүнийг үйлдсэн болохоор бидэнд ирсэн адислалууд |
-
Судрын аль хэсэг танд хамгийн утга учиртай байсан бэ? Яагаад?
-
Аврагч бидний төлөө яагаад цовдлогдоход бэлэн байсан талаар та юу олж мэдсэн бэ?
-
Эдгээр сударт жагсаасан адислалуудын алинд нь та хамгийн их талархаж байна вэ? Яагаад?
Есүс Христ Өөрийн Цагаатгалын нэг хэсэг болгон, дэлхийн гэм нүглийн улмаас цовдлуулсан. Гетсеманийн цэцэрлэгт эхэлсэн Аврагчийн зовлон шаналал Голготад дууссан гэдгийг ойлгох нь чухал юм. Хэрэв Аврагч бидний гэм нүглийн улмаас амиа өгөөгүй байсан бол бид өөрийн Тэнгэр дэх Эцэг рүүгээ эргэн очиж чадахгүй байх байсан.
-
Аврагчийн Цовдлуулалт Түүний Цагаатгалын нэг хэсэг гэдгийг та хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь таны хувьд яагаад утга учиртай байдгийг хэрхэн тайлбарлах вэ?
Бишоп Жэралд Коссэй Аврагчийн Цагаатгал бидний хүн нэг бүрийн хувьд хэрхэн хувийн шинж чанартай болохыг тайлбарлажээ.
Их Эзэний Цагаатгалын хамрах хүрээ хязгааргүй, бүгдэд хүртээлтэй зүйл хэдий ч хүн нэг бүрд тохирсон гайхалтай хувийн чанартай бөгөөд дотно бэлэг юм. Есүс нифай үндэстний шавь бүрийг Өөрийн шарханд хүрч үзэхэд урьсан шиг, таныг эсвэл намайг дэлхий дээрх цорын ганц хүн юм шиг бидний төлөө үхсэн билээ. Тэрээр биднийг Өөр дээр нь ирж, Цагаатгалынх нь гайхамшигт адислалуудаас хүртэхэд урьдаг.
(Жэралд Коссэй, “Амьд Христийн амьд гэрч,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46)
-
Аврагчийн Цагаатгал хувь хүнд чиглэгдсэн гэдгийг танин мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Аврагчийн цовдлуулсан газар, цагийн юу нь чухал байсан бэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.
Түүний Цагаатгалын хоёр дахь үе шат загалмай дээр өрнөсөн. …
Пилат Алгасал баярын хургануудыг золиос болгон өргөхөөр бэлтгэж байхтай зэрэгцэн Бурханы Хургыг цовдлохоор аваачсан. (Иохан 19:13–4-ийг үзнэ үү.)
Цовдлолт нь Голгота (грек хэлээр) эсвэл Калвари (латин хэлээр) буюу “гавал” гэсэн утгатай нэр бүхий толгод дээр болсон. Гавал бол үхлийн бэлгэдэл. Ийм л газарт цагаатгагч золиослол гүйцэтгэгдсэн. Загалмай дээр дэлхийн Аврагч хамгийн чухал ач холбогдолтой зүйлийг буюу үхлийг ялан дийлэх хүчийг авсан ба уг хүч нь бодит болохыг бэлгэдэхээр Их Эзэн үхлээс босож өргөгдсөн юм.
(Russell M. Nelson, “Why This Holy Land?,” Ensign, Dec. 1989, 18–19)
Есүс Христ яагаад Өөрийгөө авраагүй вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд ийн тайлбарласан.
Үл итгэгчид Калвари дээр Түүнийг “загалмайнаас буугаач” [Матай 27:40] гэцгээн доромжилж байв. Тэр гайхамшгийг үйлдэж чадах байсан. Тэр эхлэлээс төгсгөл хүртэл мэдэж байсан ба Эцэгийнхээ төлөвлөгөөнд үнэнч байх нь Түүний зорилго байв. Энэ жишээг бид мартаж болохгүй.
(Роналд А.Расбанд, “Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” Лиахона, 2021 оны 5-р сар, 115)
Аврагчийн зовлон шаналал болон Цовдлуулалт хэдэн хүнд нөлөөлсөн бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн тайлбарлажээ.
Аврагч Цагаатгалаа гүйцэлдүүлэхийн тулд Гетсеманид болон загалмай дээр үгээр илэрхийлшгүй зовлон шаналлыг амссан. … Тэрээр энэ бүхнийг Бурханы бүтээсэн эсвэл бүтээх бүх эрэгтэй, эмэгтэй хүний төлөө үйлдсэн юм.
(Квинтин Л.Күк, “Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 44)
Аврагч загалмай дээр юуг үзэж туулсан бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) ийн тайлбарласан.
Цовдлуулалтын аймшигт тарчлал дээр Гетсеманийн зовлон шаналал дахин давтагдаж, хүн өөрийн чадлаар тэсвэрлэж чадахааргүй байдлаар нэмэгдсэн юм. Энэхүү гашуун зовлонт мөчид амьсгал хурааж буй Христ бодит байдалд цор ганцаараа байсан нь аймшигтай. Хүүгийн дээдийн дээд золиослолыг бүхий л талаар бүрэн гүйцэлдүүлэхийн тулд Эцэг Өөрийн оршихуйн дэмжлэгийг авч, хүмүүний Аврагчийг гэм нүгэл, үхлийн хүчийг бүрэн ялан дийлэх алдар сууд үлдээсэн билээ.
(Jesus the Christ [1916], 661)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) адил зүйлийг заажээ.
Тэгтэл тэнгэр харанхуйлав. Газар дэлхийг гурван цагийн турш харанхуй бүрхсэн нь нифайчуудад бас тохиосон ажээ. Хорвоогийн Бурхан хүртэл зовсон учраас хүчтэй шуурга дэгдлээ.
Түүнийг үд дундаас үдээс хойших 3:00 цаг хүртэл дахиад гурван цаг загалмай дээр дүүжлүүлэн байх үед Гетсеманийн тэрхүү хэмжээлшгүй тарчлал, зүрх шимшрэм өвдөлт дахин давтагдсан юм.
(Bruce R. McConkie, “The Purifying Power of Gethsemane,” Ensign, May 1985, 10)