Матай 23
Аврагч хоёр нүүрт байдлыг буруушаав
Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа сүүлчийн долоо хоногийн туршид хуулийн багш нар болон фарисайчуудын хоёр нүүрт байдлыг буруушаав. Энэ хичээл нь танд хоёр нүүр гаргахаас зайлсхийж, Есүс Христийн даруухан дагалдагч болоход тусална.
Хоёр нүүрт байдал гэж юу вэ?
Танд сонгож ууж болох гурван аяга байна гэж төсөөлье. Эхний аяга нь гадна талдаа бохирдсон, хоёр дахь аяга нь дотор талдаа бохирдсон, гурав дахь аяга нь цэвэрхэн байна.
-
Бохир аяга нь хоёр нүүрт хүмүүсийг ямар байдлаар төлөөлж болох вэ?
Хоёр нүүртэн гэдэг нь “жүжигчин” гэсэн утгатай грек хэлнээс орчуулагдсан үг бөгөөд дүр эсгэдэг, юмыг хэтрүүлэн ярьдаг эсвэл өөрийнхөө үйлдэлд үнэнч тууштай байж чаддаггүй хүнийг хэлнэ. Энэ нь “ерөнхийдөө шашин шүтлэггүй атлаа шүтлэгтэй мэт царай гаргадаг хүнийг хэлдэг” [Bible Dictionary, “Hypocrite” ]. Энэ нь шашин шүтдэг атлаа шүтдэггүй мэт царай гаргадаг хүнийг бас хэлж болно.
Та Матай 23 -ыг судлахдаа, хоёр нүүр гаргахаас зайлсхийж, Есүс Христтэй илүү адил болоход туслах үнэнүүдийг хайж ол.
Аврагч Өөрийн мөнх бус амьдрал дахь тохинууллын сүүлчийн долоо хоногийн туршид эцсийн захиасныхаа нэг хэсэг болгож, олон нийтийн өмнө хуулийн багш нар болон фарисайчуудын хоёр нүүрт байдлыг буруушаасан байна. Тэрээр хуулийн багш нар болон фарисайчуудыг “Мосегийн сууринд [суусан]” ( Матай 23:2) хэмээн онцолсон бөгөөд энэ нь тэд сургаалыг зааж, хуулийг зохицуулж, тайлбарлах эрх мэдэл бүхий байр суурийг эзэлж байсан гэсэн утгатай юм. Тэд өөрсдийгөө синагог дахь хэнээс ч илүү үнэ цэнтэйд тооцож байв.
Матай 23:3–7 -г уншаад, хуулийн багш нар болон фарисайчууд хэрхэн хоёр нүүр гаргаж буй талаар Аврагч юу гэж хэлсэн болохыг олж мэд. Уншихаасаа өмнө “сахиус” ( 5-р шүлэг) гэдэг нь иудейчүүдийн магнай ба зүүн гартаа ороож зүүдэг жижиг арьсан хайрцаг байсан гэдгийг мэдэж авах нь тустай байж магадгүй. Тэдгээр сахиус дотор Хуучин Гэрээний судруудын зарим нэг шүлгийг агуулсан жижигхэн илгэн цаасан хуй байдаг байжээ. Иудейчүүд Бурханы зарлигуудыг дагах ёстойг өөрсдөдөө сануулах үүднээс сахиус зүүдэг байв.
Уншсаныхаа дараа та ChurchofJesusChrist.org дээрх “Сахиуснууд” (1:06) видеог үзэж болох юм.
-
5-р шүлэгт дурдсанаар, хуулийн багш нар болон фарисайчууд яагаад өөрсдийн магнайн болон гарын сахиусаа өргөсгөж, “унжлагаа уртасгасан” бэ?
Их Эзэн магнайн болон гарын сахиус зүүсэн хүмүүсийг бус харин тэдгээрийг хуурамчаар хэрэглэдэг эсвэл хүмүүст харагдуулах гэж юм уу өөрсдийгөө илүү чухал харагдуулах гэж тэдгээрийг томсгосон хүмүүсийг буруушааж байсан юм.
1. Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул.
-
Бусдад харагдахын тулд Бурханыг тахин шүтэхэд ямар аюулууд гарч болох вэ?
-
Та Бурхан танаас яагаад Өөрийг нь чин сэтгэлээсээ, зөв зүйтэй зорилгоор тахин шүтээсэй хэмээн хүсдэг гэж бодож байна вэ?
Аврагч хуулийн багш нар болон фарисайчуудын зан авирыг дуурайхгүй байхыг хүмүүст сануулаад зогсохгүй, тэдэнд өөрсдөд нь шууд хэлсэн байна. Тэрээр тэдний хоёр нүүрт байдлыг илтгэн харуулсан хэд хэдэн золгүй явдлын талаар шүлэглэн өгүүлжээ ( Матай 23:13–33 -ыг үзнэ үү). Золгүй явдал гэж зовлон зүдгүүр, гай зовлон, уй гашууг хэлж байна.
Матай 23:23–28 -ыг уншаад, Аврагч хуулийн багш нар болон фарисайчуудад юу гэж хэлсэн болохыг олж мэд.
2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Эдгээр шүлэг нь хоёр нүүрт байдлын талаарх таны ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
-
Сайн мэдээний дагуу амьдрахаар хичээх үедээ алдаа гаргаснаар хоёр нүүртэн болох вий гэж санаа зовж буй хэн нэгэнд та юу гэж хэлэх байсан бэ?
Бид хоёр нүүрт байдлаас хэрхэн зайлсхийж, бас тэдгээрийг даван туулж чадах вэ?
Хуулийн багш нар болон фарисайчуудтай харьцуулахад Аврагч хэзээ ч хоёр нүүр гаргаж байгаагүй. Тэрээр хүмүүст бүх хүн Бурханы хүүхдүүд бөгөөд Түүний мэлмийн өмнө эрх тэгш тул өөрсдийгөө бусдаас дээгүүрт үзэж болохгүй хэмээн заасан байна. Тэрээр Тэнгэрлэг Эцэг бол бидний Бүтээгч, Тэр Өөрөө буюу Христ бол Эцэгээс илгээгдсэн бөгөөд амь өгдөг бидний жинхэнэ Багш гэдгийг гэрчилжээ (Иосеф Смитийн Орчуулга, Матай 23:6-г үзнэ үү [ Матай 23:9 дээр, зүүлт тайлбар a]; Матай 23:8–10).
Матай 23:11–12 -ыг уншаад, бидэнд хоёр нүүрт байдлыг даван туулж, зайлсхийхэд туслах сургаалуудыг олж мэд. 12-р шүлэг дээр өргөмжлөгдөх гэдэг нь өргөгдөх гэсэн утгатай бөгөөд номхруулагдах гэдэг нь дорд үзэгдэх, доромжлогдох эсвэл бага хүндлэгдэх гэсэн утгатай.
-
Эдгээр шүлэгт Есүс Христ бидэнд ямар зарчмыг зааж байна гэж та бодож байна вэ?
Аврагч хэрэв бид даруу байж, бусдад үйлчилбэл Их Эзэн биднийг өргөх болно хэмээн заажээ. Тэр бидэнд Өөртэй нь илүү адил болоход туслах бөгөөд зарлигуудыг нь дуулгавартай дагаж, жинхэнээсээ наманчилбал Бурхан селестиел хаант улсад бидэнд өргөмжлөл олгох болно.
3. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Есүс Христ даруу төлөв байж, бусдад үйлчилж, хоёр нүүрт байдлаас зайлсхийх жишээг хэрхэн үзүүлж байна вэ?
-
Даруу төлөв байж, бусдад үйлчлэх нь хэрхэн танд хоёр нүүрт байдлаас зайлсхийж, Аврагчтай илүү адил болоход туслах вэ?
Дараах мэдэгдлүүдийг уншаад, тунгаан бод. Таныг хамгийн сайн тодорхойлж буй нэг эсвэл хоёр мэдэгдлийг тодорхойл.
-
Би өөрөөсөө өөр нэгэн болох гэж дүр эсгэдэг.
-
Би бусдад харагдахын тулд сайн зүйлс хийдэг.
-
Би ихэвчлэн өөрийгөө бусдаас илүү дээр гэж боддог.
-
Хэдийгээр би алдаа гаргадаг боловч сайн мэдээний дагуу амьдрахаар чин сэтгэлээсээ хичээдэг.
-
Би бусдад үйлчлэхийг хичээдэг бөгөөд бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж хөөцөлдөхгүйгээр сайн зүйлс хийдэг.
-
Би даруу байхыг хичээдэг ба өөрийгөө бусдаас дээгүүр гэж үздэггүй.
Та сайжруулж болох талуудаа тодорхойлохдоо Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг хайрладаг бөгөөд сайн мэдээний дагуу амьдрах чин сэтгэлийн аливаа хүчин чармайлтыг тань олж хардаг болохыг санагтун. Таныг Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэх үед Тэрээр танд аливаа сул тал эсвэл хоёр нүүрт байдлаа даван туулахад тусална.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Аврагч хоёр нүүртэй хуулийн багш нар болон фарисайчуудыг хэрхэн онцлон авч үзсэн бэ?
“Сэрэмжлүүлгийн дуу хоолой” илтгэлдээ Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон Есүс хуулийн багш нар болон фарисайчуудын хоёр нүүр гаргадаг байдлыг хэрхэн буруушаасан талаар заажээ (Ensign, May 2017, 108–111 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97–101).
Би сайн мэдээний дагуу амьдрахаар хичээх үедээ алдаа гаргавал хоёр нүүртэн болох уу?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
Ах, эгч нар аа, бидний хүн нэг бүр одоо байгаагаасаа илүү сайнаар Христтэй адил амьдрахаар тэмүүлдэг. Хэрэв бид үүнийгээ шударгаар хүлээн зөвшөөрвөл хоёр нүүртнүүд болохгүй. Бид бол эгэл хүмүүс.
(Жэффри Р.Холланд, “Тиймээс та нар эцэст нь төгс бай,” Ensign, Nov. 2017, 42 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30)