Семинар
Матай 5:13–16


Матай 5:13–16

“Та нар ертөнцийн гэрэл мөн”

Асаасан дэнлүү

Хэн танд зөв шударга амьдрах сайн үлгэр жишээг үзүүлдэг вэ? Тэдний үлгэр жишээ таныг Бурханд хэрхэн ойртуулсан бэ? Есүс Христ Бурханы мөн чанар, зан байдлыг ойлгоход бидэнд тусалдаг Ерөөлийн үгсийг заасныхаа дараа бидний зөв үлгэр жишээ бусдыг адисална гэдгийг заасан. Энэхүү хичээл нь энэ үнэнийг амьдралд хэрэгжүүлж, Есүс Христийн гэрлийг илүү их гэрэлтүүлэхийн тулд гаргаж буй үйлдэл, хандлагаа үнэлж дүгнэхэд танд туслах зорилготой.

Газрын давс

Аврагч гүн утга агуулгатай энгийн санааг заахдаа ихэвчлэн харьцуулалт эсвэл зүйрлэл ашигладаг байсан. Энэ хичээлийг судлахдаа та Есүсийн дурдсан эд зүйлс Түүний заасан зүйлийг ойлгоход хэрхэн тусалж болохыг бод.

Maтай 5:13-ыг уншаад, Есүс Христ шавь нараа хэрхэн дүрсэлснийг олж мэд.

  • Давс хоолны амтад хэр нөлөөлдөг вэ?

  • Хоолны амтыг сайжруулахаас гадна давсыг өөр юунд ашиглаж болох вэ?

Давсыг удаан хугацаагаар нөөшлөх, амтлах, ариутгах зорилгоор ашигласаар ирсэн. Давс мөн израилчуудын хувьд шашны утга санааг агуулдаг байв. … Давс амтаа алдахдаа ашиггүй болж, “юунд ч хэрэг болдоггүй” (Матай 5:13). Бусад элементтэй холилдож, бохирдсоноор ийм зүйл болдог.

(Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ [2019], 31)

тэмдэглэл хөтлөх дүрс1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Таны хувьд Аврагч Өөрийн шавь нарыг давстай харьцуулснаар юуг заах гэсэн бэ?

  • Биднийг сүнслэг байдлын хувьд бохирдуулж болох ямар зүйлс байдаг вэ?

Газрын давсны хувьд эргэн тойрныхныхоо хамгийн сайн талыг гаргаж ирэхэд та хэрхэн тусалж болохоо цаг гарган эргэцүүлэн бод. Мөн та ямар уруу таталттай тулгарах, өөрийгөө хэрхэн цэвэр ариун авч үлдэж болохоо бод. Хэрэв та ямар нэгэн бохир зүйлийг амьдралдаа оруулсан бол тэдгээрийг Есүс Христийн ачаар боломжтой болсон наманчлалын бэлгээр дамжуулан арилгах боломжтой.

Ертөнцийн Гэрэл

Maтай 5:14–16-г уншаад, Есүс Христ Өөрийн шавь болох биднээс юу хүсэн хүлээдгийг олж мэд.

Төгс эзэмших сургаалын дүрс Матай 5:14–16 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа амархан олохын тулд онцгойлон тэмдэглэ.

  • Та Матай 5:14–16-аас ямар үнэний зарчмыг тодорхойлж болох вэ?

Та Матай 5:14–16-аас Бидний зөвт байдлын үлгэр жишээ Тэнгэрлэг Эцэгийг алдаршуулахыг бусдад уриалах болно гэсэнтэй ижил төстэй зарчмыг тодорхойлсон байж болно.

  • Тэнгэрлэг Эцэгийг алдаршуулах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Амилсан Аврагч нифайчуудтай хамт байхдаа шавь нарынхаа өргөх ёстой гэрлийн тухай илүү дэлгэрэнгүй заажээ. Матай 5:14–163 Нифай 18:24–25-тай холбож эсвэл холбогдох эшлэл болгож болох юм (Матай 5:16-ийн зүүлт тайлбар a-г үзнэ үү).

3 Нифай 18:24–25-ыг уншаад, үнэнч шавь нарын дээш өргөх ёстой гэрлийн тухай олж мэд.

Есүс Христ бол Ертөнцийн жинхэнэ Гэрэл бөгөөд Түүнийг дагаж, Түүнтэй илүү адил болсноор бид бидэнд өгдөг гэрлийг нь цацруулдаг. (Иохан 1:4, 9; 8:12; Сургаал ба Гэрээ 50:24; 93:2-ыг үзнэ үү.)

Аврагчийн ашигласан бэлгэдэл

Дараах асуултууд нь Матай 5:14–16-д Аврагчийн ашигласан бэлгэдлийн талаар илүү гүн гүнзгий бодоход танд тусална.

тэмдэглэл хөтлөх дүрс2. Матай 5:14–16 дахь дараах зүйрлэлүүдийн аль нэгийг сонгоод, судлах тэмдэглэлдээ холбогдох асуултад хариул.

Уулан дээрх нэгэн хот:

Уулан дээрх хот
  • Яагаад Есүс Христийг дагах нь уулан дээрх хот нуугдахад хэцүү байдаг шиг байж болох вэ?

  • Эрт цагт хотуудыг болзошгүй халдлагаас хамгаалах зорилгоор уулан дээр барьдаг байжээ. Сайн мэдээний дагуу зоригтой амьдрах нь хэрхэн муу нөлөөнөөс хамгаалдаг вэ?

  • Энэхүү зүйрлэл Аврагч Өөрийнх нь шавийн хувьд танаас юуг хүсэн хүлээдэг талаар юу зааж байна вэ?

Дэнлүү:

Асаасан дэнлүү
  • Та хэрхэн харанхуй өрөөнд асаасан дэнлүү шиг Аврагчийн гэрлээр бүгдийг гэрэлтүүлж чадах вэ?

  • Ямар зүйл зарим хүнийг Бурханы өгсөн гэрлийг савны (бушель) доор нуухад хүргэдэг вэ?

  • Энэ зүйрлэл Аврагч шавь нь болох танаас ямархуу амьдрахыг хүсэн хүлээдэг талаар юу зааж байна вэ?

Тэргүүн зөвлөлийн гишүүн асан Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг уншаад, Есүс Христийн гэрлийн талаар юу сурч мэдэж болохоо олж мэд.

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Та нар даруухнаар залбирч, зүрх сэтгэлээ Бурханд хандуулах бүрдээ Түүний гэрлийг мэдэрдэг. Та нарыг судруудаас Түүний үг болон хүслийг эрэлхийлэх бүрд уг гэрэл улам хурц болдог. Та нарыг тусламж хэрэгтэй хэн нэгнийг анзаарч, хайраар хүрч туслахаар тав тухаа золиослох бүрд уг гэрэл өсөн нэмэгдэж байдаг. Та нарыг уруу таталтыг эсэргүүцэж, цэвэр ариун байдлыг сонгох бүрд, өршөөл эрэлхийлж мөн үзүүлэх болгонд, түүнчлэн үнэнийг зоригтойгоор гэрчлэх бүрд уг гэрэл харанхуйг үлдэн хөөж, гэрэл ба үнэнийг эрэлхийлэгчдийг татаж байдаг.

(Дийтр Ф.Угдорф, “Тэнгэрлэг гэрэл түгээгчид,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75)

  • Таны хувьд энэ мэдэгдэл Матай 5:14–16-тай хэрхэн холбогдож байна вэ?

Есүс ерөөлийн үгсийг заасныхаа дараа, Өөртэй нь адил болоход тусалдаг зан чанарууд болох “газрын давс,” “ертөнцийн гэрэл” зэргийн талаар бидэнд заасныг сана (Матай 5:3–12-ыг үзнэ үү).

тэмдэглэл хөтлөх дүрс3. Дараах асуултуудын дор хаяж нэгд нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Өөрсдийн үйлдэл, хандлагаар Христтэй адил байх нь Тэнгэрлэг Эцэгт илүү ойртоход бусдыг уриалахад хэрхэн тусалдаг вэ?

  • Бусдад Аврагчийн зөв шударга үлгэр жишээ болохын тулд та юу хийж болох вэ?

  • Хэрэв та Ерөөлийн үгсийн аль нэгийг амьдралдаа дадал хэвшил болгохоор сонгосон бол тухайн зан чанар газрын давс эсвэл ертөнцийн гэрэл болоход тань хэрхэн туслах вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Миний үйлдэл газрын давсны хувьд амт чанарт маань хэрхэн нөлөөлөх вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) ийн заасан.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

Сүнслэг байдлын хувьд эрүүл байлгадаг сүнслэг тэжээл нь шаардлагатай тэнгэрлэг удирдамжийг авахуйц зохистой амьдрахгүй бол хүч чадлаа алддаг. … Бид оюун ухаан, бие махбодоо бүх төрлийн донтолт, бохирдлоос ангид байлгах ёстой. Бид юу ч болж байсан муудсан, хордсон хоол хүнс идэх ёсгүй. Үүний адил бид муу муухай ямар ч зүйлийг уншиж, харахгүйн тулд болгоомжлох нь зүйтэй. Бидний амьдралд ирдэг сүнслэг бохирдлын ихэнх нь бэлгийн харьцааг ичгүүр сонжуургүй үзүүлсэн эсвэл хүмүүний хамгийн муу муухай зан чанарыг ил тод дүрслэн харуулдаг интернэт, компьютер тоглоом, телевизийн шоу, кино зэргээр дамжин ирдэг. Бид ийм орчинд амьдардаг тул өөрсдийн сүнслэг хүч чадлыг бэхжүүлэх хэрэгтэй.

(James E. Faust, “Spiritual Nutrients,” Liahona, Nov. 2006, 55)

Би гэрлээ хэрхэн өсгөн нэмэгдүүлэх вэ?

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Аврагчтай илүү адил амьдрахыг хичээхээр сонгох бүрд гэрчлэл тань улам бэхжих болно. Тэр бол дэлхийн Гэрэл мөн гэдгийг та нар өөрсдөө мэдрэх цаг ирэх болно. Амьдралд тань энэ гэрэл улам бүр өсөн нэмэгдэхийг та нар мэдрэх болно. Энэхүү гэрэл хүч чармайлтгүйгээр ирдэггүй. Харин гэрчлэл тань өсөж хөгжин, гэрчлэлээ арчилж тордохын хэрээр энэ гэрэл ирэх болно. Сургаал ба Гэрээний нэг амлалтыг энд дурдъя. “Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг” (Сургаал ба Гэрээ 50:24). Та нар гэрчлэлээ бусадтай хуваалцсанаар ертөнцийн гэрэл болж чадна. Та амьдралдаа буй Христийн Гэрлийг бусдад тусгаж чадна. Энэхүү гэрэл таны хайртай хүмүүст нөлөөлөх арга замуудыг Их Эзэн олох болно.

(Хэнри Б.Айринг, “Амьд гэрчлэл,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 140)

Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн заасан.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Бидний хүн нэг бүрийг дэлхий дээр ирэхэд Христийн гэрэл өгөгдсөн. Бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүний хэрхэн амьдарч, заасанчлан амьдрах юм бол тэрхүү гэрэл бидний дотор асаж, бид бусдын явах ёстой замыг гэрэлтүүлэх болно.

(Томас С.Монсон, “Үлгэр жишээ мөн гэрэл байгтун,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75)