Матай 5:48
“Та нар мөн төгс бай”
Аврагч ерөөлийн үгс болон дээд түвшний хуулийг заасныхаа дараа Тэнгэр дэх Эцэгийнхээ зан чанарын талаар зарлиг буулгав. Энэ хичээлийн зорилго бол “Тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг ... төгс бай” (Матай 5:48) хэмээх Аврагчийн зарлигийг ойлгоход танд туслах явдал юм.
Та хэр өөрчлөгдсөн байна вэ?
Жаахан байхдаа авхуулсан зургаа хайж олж эсвэл жаахан хүүхэд байхдаа ямар байснаа бод.
-
Тэр цагаас хойш та бие махбод, сүнслэг байдлын хувьд хэрхэн өсөж, өөрчлөгдсөн бэ?
-
Энэ өөрчлөлтийг та яагаад жам ёсных бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөний нэг чухал хэсэг гэж бодож байна вэ?
-
Сүүлийн хэдэн жил Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болохын тулд та хэр өсөж хөгжсөн бэ? Хэрэв та сүнслэг байдлын хувьд хангалттай сайн өсөж хөгжиж чадаагүй гэж үзэж байгаа бол юу таныг арагш чангаасан бэ мөн та энэ загварыг өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ?
Матай 5:48 -ыг уншаад, Аврагч 5-р бүлэгт Өөрийн сургаалыг хэрхэн өндөрлөснийг олж мэд. Энэ шүлэгт ашигласан төгс гэдэг грек үгийг мөн “бүрэн дүүрэн, дууссан, [эсвэл] бүрэн хөгжсөн” гэж орчуулж болохыг анхаар ( Матай 5:48 , зүүлт тайлбар б).
Матай 5:48 дахь Аврагчийн сургаалаас Есүс Христ бидэнд Тэнгэрлэг Эцэгийн адил төгс байхыг зарлигласан болохыг бид мэдэж авч болно.
1.
-
Матай 5 дахь Аврагчийн аль сургаал танд Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болохыг одооноос эхлэн хичээхэд сүнслэгээр өдөөсөн бэ? Хэрхэн?
-
Төгс байх Аврагчийн зарлигийн талаар та юу гэж боддог вэ?
-
Энэ зарлигийг буруу ойлгох нь бидний Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй харилцах харилцаанд хэрхэн сөргөөр нөлөөлж болох вэ?
“Төгс” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, ахлагч Гэррит В.Гонг нарын дараах мэдэгдлүүдийг уншаад, Тэнгэрлэг Эцэг шиг төгс болох аян замдаа авч болох тусламж, тайтгарлыг хайж ол.
Матай 5:48 дахь төгс гэдэг үгийг ‘бүрэн’ гэсэн утга илэрхийлдэг teleios хэмээх грек үгнээс орчуулсан. … Энэ үйл үгийн тодорхойгүй төлөв нь teleiono буюу “цаад захад хүрэх, гүйцэд өсөж хөгжих, боловсронгуй болох эсвэл дуусгах” гэсэн утгатай. Энэ үг “алдаанаас чөлөөлөгдсөн” гэсэн утгыг илэрхийлдэггүй, харин “алсын зорилгод хүрэх” гэсэн утгыг илэрхийлдэг болохыг анхаараарай. …
… Бидний төгс төгөлдөр болох гэсэн хүчин чармайлт одоогоор [хэцүү], эцэс төгсгөлгүй мэт санагдаж байвал бүү шантар. Төгс байдалд хүрэх хараахан болоогүй байна. Үүнд зөвхөн Амилуулалтын дараа, Их Эзэнээр дамжин хүрэх боломжтой. Энэ нь түүнийг хайрлаж, зарлигуудыг нь дагадаг бүх хүнийг хүлээж байна.
(Russell M. Nelson, “Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 1995, 88.
Ах, эгч нар аа, бидний хүн нэг бүр одоо байгаагаасаа илүү сайнаар Христтэй адил амьдрахаар тэмүүлдэг. … Хэрэв бид цөхрөлтгүй зүтгэвэл Шинэ Гэрээний төгс төгөлдөр гэсэн ойлголт болох бидний төгөлдөржих үйл явц мөнх амьдралын хаа нэгтээ дуусаж, бүрэн гүйцэлдэх болно.
Селестиел алдар суугийн бүрэн байдлыг үхэшгүй байдалдаа хүлээн авах хүртэл “ач ивээлээс ач ивээлд” [ Сургаал ба Гэрээ 93:13 ] үргэлжлүүлэн, Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар бидэнд боломжтой болсон тэр агуу хувь тавилангийн талаар би гэрчилж байна.
(Жэффри Р.Холланд, “Тиймээс та нар эцэст нь төгс бай,” Ensign, Nov. 2017, 42 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30)
Төгс төгөлдөр байдал гэдгийг заримдаа хэзээ ч алдаа гаргахгүй байх явдал гэж буруу ойлгодог. Магадгүй та эсвэл таны мэддэг хүн ийм арга замаар төгс байхыг маш их хичээж байж болох юм. Ийм төгс төгөлдөр байдал ямагт бидний хэрээс хэтэрсэн мэт санагдаж, бүр бүхий л чадлаараа хичээсэн ч сэтгэл түгшиж, урам зориг мохож, тамир тэнхээгүй болж мэднэ. Бид нөхцөл байдал, эргэн тойрныхоо хүмүүсийг хянах гэж ямар ч амжилтгүй оролддог. Бид сул дорой байж, алдаа гаргаж байгаадаа цухалддаг. Үнэндээ бид хэдий чинээ их хичээнэ, төдий чинээ төгс төгөлдрөөс улам бүр холдож байгаа мэт санагддаг. …
Төгс байх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг буруу ойлгох нь сайн байх гэсэн биширмээр хүслийг яг одоо төгс байх ёстой гэсэн боломжгүй хүлээлт болгон хувиргадаг хандлага, зан чанар болох перфекционизмд хүргэж болзошгүй. Перфекционизм нь заримдаа зөвхөн төгс хүмүүс л хайрлуулах эрхтэй эсвэл төгс биш л бол хайрлуулах эрхгүй гэсэн мэдрэмжээс улбаатай байдаг.
(Gerrit W. Gong, “Becoming Perfect in Christ,” Ensign, July 2014, 14–15, 17)
Хэрэв бид Аврагч Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүлээн авдаг, нүглээс цэвэршигдэж, үхлээс амилуулагдахын төлөө биш л бол зарлигуудыг сахиж, нүглээ наманчлахын тулд гаргаж буй бидний бүх хүчин чармайлт хэзээ ч хангалттай байж чадахгүйг санагтун. ( 2 Нифай 25:23 ; Aлма 34:9–10 -ыг үзнэ үү.)
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болох
Дараах асуултуудын ядаж хоёрт нь судлах тэмдэглэлдээ хариул.
2.
-
Эдгээр бошиглогчийн үг бидэнд “та нар мөн төгс бай” хэмээх үг ямар утгатай болох талаар юу зааж байна вэ?
-
Энэ нь ямар утгыг илэрхийлээгүй хэмээн бошиглогчид бидэнд заасан бэ?
-
Биднийг төгс төгөлдөр болоход Аврагч ямар үүрэг гүйцэтгэн тусалдаг вэ?
-
Хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил төгс төгөлдөр болно гэсэн итгэл өгдөг, Тэдний талаарх ямар зүйлийг та мэдэх вэ?
-
Та яг одоо Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болохын тулд сүнслэг байдал, бие махбод, оюун санаа, нийгмийн тал дээр ямар ямар хүчин чармайлт гаргаж байна вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Би хэрхэн төгс төгөлдөр болж болох вэ?
Далын ахлагч Скотт Д.Вайтинг ийн заасан.
Түүнтэй адил бол гэсэн зарлиг таныг гэм буруутай, зохисгүй эсвэл хайрлагдаагүй мэт санагдуулах ёсгүй. Мөнх бус байдлын туршлага маань өсөж хөгжих, оролдох, бүтэлгүйтэх, тэгээд амжилт олох үйл явц юм. …
Та сайн хүн, та хайрлагддаг, гэхдээ энэ нь та бүрэн боловсорсон гэсэн үг биш. Энэ амьдралд ч, дараагийн амьдралд ч хийх ажил их байна. Гагцхүү Түүний тэнгэрлэг тусламжтайгаар л бид бүхэн Түүнтэй адил болох замд урагшилж чаддаг.
“Бүх зүйл үймээнд [байж] … мөн хүмүүний зүрх сэтгэл мохож [магадгүй]” [ Сургаал ба Гэрээнүүд 88:91 ] байгаа энэ үед өгөх ганц хариу, хийх ганц эмчилгээ бол бүх хүн төрөлхтний Гэтэлгэгч, Аврагч, Ертөнцийн Гэрэлтэй адил болохыг хичээх мөн “Зам бол Би” [ Иохан 14:6 ] хэмээн тунхагласан Түүнийг эрэлхийлэх явдал мөн.
Түүний тэнгэрлэг тусламж, хүч чадлаар Түүнтэй адил болох нь алхам алхмаар хийгдэх боломжтой гэдгийг би мэднэ. Тийм бус аваас Тэрээр бидэнд ийм зарлигийг өгөхгүй байх байсан юм [ 1 Нифай 3:7 -г үзнэ үү].
(Скотт Д.Вайтинг, “Түүнтэй адил болох нь,” Ensign, Nov. 2020, 14 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11–12)