Maтай 5:17–47
Дээд түвшний хууль
Есүс Христ Уулан дээрх номлолоо үргэлжлүүлэхдээ хэрхэн Мосегийн хуулийг гүйцэлдүүлэхээр ирснээ зааж, сайн мэдээний дээд түвшний хуулийг танилцуулсан. Энэ хичээл нь танд Христийн дээд түвшний хуулийн дагуу амьдарч, Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход тусална.
Есүс сайн мэдээний дээд түвшний хуулийг заадаг
-
Хэзээ танд өндөрт байх нь харах хүрээгээ тэлэхэд тус болж байсан бэ?
-
Та өмнө нь харж чадахгүй байсан юуг харах боломжтой болсон бэ?
Өндрөөс харах нь бидэнд илүү олон зүйлийг харах боломжийг олгодгийн адил Аврагч илүү агуу харах өнцөг өгөхийн тулд дээд түвшний хуулийг шавь нартаа заасан. Энэхүү илүү агуу харах өнцөг нь бидэнд Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход тусалж чадна. Матай 5:17–20 -д Аврагч Мосегийн хуулин дахь аливаа мөнхийн үнэнийг авч хаяхын тулд биш, харин гүйцэлдүүлэхээр ирсэн болохоо заасан. Есүс Христ ёсон бус явдал, урвалтаас болж алдагдсан сайн мэдээний бүрэн бүтэн байдлыг сэргээсэн юм. Тэрээр буруу сургаалыг залруулж, Хуучин Гэрээний бошиглогчдын бошиглолуудыг гүйцэлдүүлсэн. Матай 5:21–47 -д Мосегийн хуулийн доор урган гарсан хууль, уламжлалын талаарх Аврагчийн сургаалууд орсон байдаг. Эдгээр шүлэгт Есүс Христ Мосегийн хуулийн үнэн утга агуулгыг тайлбарлаж, зөвт байдлын дээд түвшний арга замыг заажээ.
Матай 5:38–42 -ыг уншаад, Мосегийн хуулиас нэг зарлигийг, бас үүний оронд Өөрийн шавь нарт Есүсийн заасан дээд түвшний хуулийг ол.
-
Аврагч юуг Мосегийн хуулийн нэгэн хэсэг болохыг эсвэл хүмүүсийн бий болгосон уламжлал болохыг тодорхойлсон бэ?
-
Аврагч ямар дээд түвшний хуулийг оронд нь өгсөн бэ?
-
Энэхүү дээд түвшний хуулийн дагуу амьдрах нь хэрхэн хуучин хуулиас илүү Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход туслах вэ?
1. Нөхцөл байдлаа эргэцүүлэн бодоод, дараах үйл ажиллагааны алийг нь хийж гүйцэтгэхээ залбирч байгаад сонго.
А үйл ажиллагаа: Би уураа хэрхэн хянах вэ?
Хамгийн сүүлд хэзээ уурласнаа сана.
-
Уураа хянах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Матай 5:21–24 -ийг уншаад, уурын талаар Аврагчийн заасан дээд түвшний хуулийг олж мэд.
-
Эдгээр шүлгээс зурж тэмдэглэх ямар нэг зүйл байна уу? Тийм бол яагаад?
22-р шүлэг дэх “учир шалтгаангүй” гэдэг үгийг Иосеф Смитийн Орчуулга дээр хассан байдаг ( Матай 5:22 дээрх, зүүлт тайлбар b).
Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Линн Ж.Роббинс ийн тайлбарласан.
“Учир шалтгаангүй” гэсэн үг Иосеф Смитийн сүнсээр өдөөгдсөн орчуулгад ( Матай 5:24 -ийг үзнэ үү) мөн 3 Нифай 12:22 -ын хувилбарт аль алин дээр байдаггүй нь юутай гайхалтай вэ. Их Эзэн “учир шалтгаангүй” гэсэн үгийг хассанаар бидэнд өөрсдийгөө зөвтгөх ямар ч орон зай үлдээгээгүй. “Харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” ( 3 Нифай 11:30). Тэрээр бидэнд зааж, зарлигласан тул бид уур уцаараа “зайлуулж” болно.
(Lynn G. Robbins, “Agency and Anger,” Ensign, May 1998, 80)
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) уур уцаараа хянах бидний үүргийг тодруулсан байдаг.
Уурлах нь Сатаны нөлөөнд автсаны шинж. Хэн ч биднийг уурлуулж чадахгүй. Энэ бол бидний сонголт юм. Бид зөв сүнсийг өөрсдөдөө үргэлж байлгахыг хүсэж байгаа бол уурлахаас татгалзаж байх ёстой. Үүнийг боломжтой гэдгийг би гэрчилж байна.
(Tомас С.Монсон, “Зүрх сэтгэлээ захираач, Ай ах минь ээ,” Ensign, Nov. 2009, 68 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75–76)
Хэрэв та А үйл ажиллагааг сонгосон бол судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Аврагч ямар арга замаар энэхүү дээд түвшний хуулийн дагуу амьдрахыг үлгэр жишээгээрээ харуулсан бэ?
-
Энэхүү дээд түвшний хуулийн дагуу амьдрахад туслах Аврагчийн хүчийг хүлээн авахын тулд та юу хийж чадах вэ?
Б үйл ажиллагаа: Би яагаад шуналт тачаангуй бодлоос ангижрах ёстой вэ?
-
Цэцэрлэгээс зэрлэг ургамлыг нь зулгаахгүй бол юу болох вэ?
-
Бидний оюун санаанд зохисгүй бодлууд байх нь зэрлэг ургамалд баригдсан цэцэрлэгтэй хэр адил байх вэ?
Матай 5:27–28 -ыг уншаад, нүглийн эсрэг Аврагчийн өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд тачаангуй байх нүгэл ямар ноцтой тухай ийн хэлсэн.
Яагаад шунал тачаал үхлийн нүгэл байдаг вэ? Энэ нь Ариун Сүнсийг биднээс холдуулснаар оюун санааг маань мөхөөдгийн зэрэгцээ мөнх бус амьдралд Бурханаас бидэнд өгсөн хамгийн эрхэм, ариун нандин харилцааг буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэ хайрлах хайрыг мөн мөнхийн байх ёстой гэр бүлдээ үр хүүхэдтэй болох хүслийг бузарладаг нүгэл мөн гэж би боддог. … Хайр биднийг өөрийн эрхгүй Бурханд болон бусад хүн рүү хандахад хүргэдэг. Шунал тачаал бурханлаг байдлаас бүр ч хол, өөрийгөө өөгшүүлэн дэвэргэж, аминч үзлийг магтан дуулдаг юм. Хайр нь сунгасан гар, нээлттэй зүрх сэтгэлээр ирдэг бол шунал тачаал зөвхөн сувдаг шунахай сэдэлтээр ирдэг.
(Жэффри Р.Холланд, “Бодгальд минь дайсанд өгөх зай үгүй,” Ensign, May 2010, 44–45 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52)
Бид цэцэрлэгээс зэрлэг ургамлыг зулгааж чаддаг шиг өөрсдийн оюун санаанаас бохир бодлыг хөөж чадна. Матай 5:33–34-ийг Иосеф Смитийн Орчуулга, Матай 5:29–30 -тай хамт унш ( Матай 5:30 дээр олдсон, зүүлт тайлбар б). Аврагчийн заасан зүйлийг зурж тэмдэглэх талаар бодож үз.
-
Уншсан зүйлээс тань юу нь онцгой санагдсан бэ? Эдгээр шүлгийн талаар ямар ямар асуулт танд байна вэ?
Та ChurchofJesusChrist.org дээрх “Watch Your Step” (2:36) видео бичлэгийг үзэж болно. Бичлэг үзэж байхдаа, өөрийн оюун санаанаас шунал тачаал бүхий бодлоо хөөх үү, эс хөөх үү гэх уг хүний шийдвэрийн үр нөлөөг олж мэд.
Хэрэв та Б үйл ажиллагааг сонгосон бол судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Амьдралаасаа нүглийг зайлуулах нь ямар байдлаар нүдээ ухаж авах эсвэл гараа тасдахтай адил вэ?
-
Амьдралаасаа нүглийг зайлуулах Аврагчийн зөвлөгөөг дагаагүй тохиолдолд бидэнд ямар ямар асуудал тулгарч болох вэ?
-
Шунал тачаал эсвэл өөр бусад зохисгүй бодлоос ангижрахад туслах Аврагчийн хүч чадлыг хүлээн авахын тулд та юу хийж чадах вэ?
В үйл ажиллагаа: Би таарч тохирдоггүй хүмүүстэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?
Тийм ч сайнгүй харилцаатай хүнийхээ тухай бод.
-
Уг хүний талаар таагүй мэдрэмжтэй байх нь Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд тань хэр нөлөөлдөг гэж та бодож байна вэ?
Матай 5:43–47 -г уншаад, танд тусалж болох Аврагчийн заасан дээд түвшний хуулийг олж мэд.
-
Ямар үг, хэллэг та нарт онцгой санагдсан бэ? Тэдгээрийг яагаад чухал гэж та бодож байна вэ?
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Есүс Христ бол үүний төгс жишээ болохыг тайлбарласан. Та ChurchofJesusChrist.org дээрх “The Merciful Obtain Mercy” видео бичлэгийг цагийн код 10:46-аас 11:57 хүртэл үзэж эсвэл доорх бичвэрийг уншиж болно.
Христ үргэлж бидний үлгэр жишээ байсаар ирсэн. Тэрээр Өөрийн сургаал болон амьдралаар бидэнд замыг харуулсан. Тэрээр сул дорой, ёс бус, бүр Өөрийг нь зовоож, тарчлаахыг хүссэн хүмүүсийг ч уучилсан.
Өөрийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлах амархан байдаг, ёс бус хүмүүс хүртэл үүнийг хийж чадна хэмээн Есүс хэлсэн. Тэрээр арай дээд түвшний хуулийг заасан. Хэдийгээр тэр энэ шүлгийг олон зууны тэртээ хэлсэн ч энэ нь өнөөдрийг хүртэл цуурайтаж байна. Энэ нь Түүний шавь байх хүсэлтэй хүн бүрд хамаатай. Энэ нь танд мөн надад хамаатай ба “Дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир” [ Матай 5:44 -ийг мөн 45–47 -р шүлгийг үзнэ үү].
Бидний зүрх сэтгэл Бурханы хайраар дүүрсэн үед бид “Бурхан та нарыг Христ дотор [уучилсны] адил [бие биенээ] уучлан, нэг нэгнээ энэрч, аядуу зөөлөн сэтгэлээр хандана” [ Ефес 4:32 ].
(Дийтр Ф.Угдорф, “Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign, May 2012, 76 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80)
Хэрэв та В үйл ажиллагааг сонгосон бол судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Түүнд эелдэг бус хандсан хүмүүсийн талаар Аврагч юу гэж бодож байсан бэ?
-
Дайснуудаа хайрлаж эсвэл тантай эелдэг бус хандсан хүмүүсийн төлөө залбирч байсан ямар туршлага танд байдаг вэ?
-
Дайснуудаа хайрлахад туслах Аврагчийн хүч чадлыг хүлээн авахын тулд та юу хийж чадах вэ?
Дээд түвшний хуулийн дагуу амьдрах
Дээд түвшний хуулийн ямар хэсэг дээр илүү төвлөрч амьдрах хэрэгтэйгээ тунгаан бод. Наманчилж, энэ хуулийн дагуу амьдрахыг хичээхдээ Тэнгэрлэг Эцэгээс өршөөж, тусламж үзүүлэхийг хүсэх талаар бодож үз. Ямар үйлдэл хийхээ мэдэхийн тулд Ариун Сүнснээс удирдамж эрэлхийл. Та эцэг эх, бишоп эсвэл Сүмийн бусад удирдагчтай ярилцаж болох бөгөөд тэд танд энэхүү хуулийн дагуу амьдрахад тусалж чадна.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Maтай 5:18 . Үсэг ба зураас гэж юу вэ?
Үсэг гэдэг нь еврей цагаан толгойн хамгийн жижиг үсэг. Зураас гэдэг нь үгийн өөр өөр дуудлагыг илэрхийлсэн бичгийн хэлэнд хэрэглэгддэг жижиг тэмдэглэгээ юм. Аврагч Мосегийн хуулийн өчүүхэн жижиг зүйлийг хүртэл бүгдийг нь гүйцэлдүүлэх болно гэдгээ илэрхийлэх үүднээс эдгээр бичгийн хэлний элементийг дурджээ.
Maтай 5:22 . Хоосон толгой гэдэгнь
ямар утгатай үг вэ?
Хоосон толгой гэдэг нь басамжлах гэсэн утгатай арамей, грек үг юм. Энэ нь мөн “мунхаг, тэнэг эсвэл хоосон толгойтой хүн” гэсэн утгыг илэрхийлж болно.
Матай 5:27–28 . Завхайрал гэж юу вэ?
Хоёр хүний нэг нь эсвэл хоёулаа өөр хүнтэй гэрлэсэн байсан ч бэлгийн харьцаанд орохыг завхайрал гэнэ. (Судруудын удирдамж, “ Завхайрал, ” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)
Maтай 5:43 . “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэсэн хэллэг хаанаас гарч ирсэн бэ?
“Хөршөө хайрла” хэмээх зарлиг Леви 19:18 -д байдаг, гэхдээ Хуучин Гэрээнд ямар ч судар дайснуудаа үзэн яд гэж бидэнд зарлиг болгодоггүй. Аврагч Өөрийн өдрүүдэд түгээмэл байсан хэллэгийг давтаж байсан байж болзошгүй.