Семинар
1 Коринт 10


1 Коринт 10

Уруу таталтаас зайлсхийх нь

Зураг
John’s life may have been very different had he not had the courage to leave a party one evening in Japan.

Та өөрт тулгарсан уруу таталтаас зайлсхийж чаддаг байхыг хүсэж байсан уу? Төлөөлөгч Паул бидэнд уруу таталттай тулгарах үед маань туслах үнэ цэнтэй зарчмыг заасан. Энэ хичээл нь уруу таталтыг даван гарахын тулд Есүс Христэд итгэж найдахад танд туслах зорилготой.

Судрын хэсгүүдийг унших. Ангиараа унших, жижиг бүлгүүд дотроо унших, бие даан унших зэрэг судрын хэсгүүдийг унших олон арга бий. Уншлагын аргыг сонгохдоо хичээлийн материалын хамтаар суралцагчдын хэрэгцээ шаардлага, чадваруудыг авч үзээрэй.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 дээрх “1 Коринт 10:1–13: Бурхан уруу таталтаас зайлсхийх арга замыг өгдөг” хэсгийг судлахад урь. Тэд судлахдаа “Тэнгэрлэг Эцэг танд уруу таталтаас зайлсхийх ямар ямар арга замыг өгсөн бэ?” гэсэн энэ асуултыг тунгаан бодож болох юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Уруу таталт

Ангид соронз болон металл эд зүйл авчраад, суралцагчдаас уруу таталтыг эсэргүүцэх гэх ойлголтыг тайлбарлахад тэдгээрийг ашиглахад урь. Жишээлбэл: Тэд уруу таталтаас хол байхын ач холбогдлыг болон хэт ойр байхын аюулыг тодотгож болно.

Зураг
Silver Spheres Gravitated Towards a Red Magnet on Blue Background

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын дараах мэдэгдлийг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл” видеог цагийн код 2:44-өөс 3:23 хүртэл үзнэ үү.

Зураг
Silver Spheres Gravitated Towards a Red Magnet on Blue Background
Зураг
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Зүйрлэн хэлбэл, уруу таталтад автах нь төмөр зүйл бариад соронзонд ойртохтой адил. Соронзын үл үзэгдэх хүч төмөр зүйлийг соронздон татаж, өөртөө хүчтэй наалдуулдаг. Соронз нь зөвхөн эд зүйлсийг хол байрлуулсан тохиолдолд л татах хүчгүй байдаг. Тиймээс, соронз нь хол байгаа төмөр эд зүйлсийг татах хүчгүй байдагтай адил уруу таталтыг сөрөн зогсоход уруу татах хүч суларч, бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг, улмаар үйлдлийг маань эзэмдэх хүчээ алддаг билээ.

(Үлиссэс Соарэс, “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл,” Ensign, Nov. 2020, 83 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89)

1 Коринт 10 -ыг судлахдаа өөрт тулгарсан уруу таталтыг эсэргүүцэхийн тулд юу хийхээ мэдэхэд танд туслах Ариун Сүнсний өдөөлтийг сонс.

Судрын зорилгуудын нэг бол нас барсан хүмүүсийн амьдрал, зовлон бэрхшээлээс суралцахад бидэнд туслах явдал юм ( 1 Коринт 10:6, 11 ; Мормон 9:31 -ийг үзнэ үү). 1 Коринт 10 -т цэдэглэснээр, Их Эзэн израилчуудтай аян замд нь хамт байсан гэдгийг коринтчуудад сануулахдаа Паул израилчуудын Улаан тэнгисийг гаталсан, цөлөөр аялсан үйл явдлыг жишээ болгон ашигласан ( 1 Коринт 10:1–4 -ийг үзнэ үү).

4-р шүлэгт Их Эзэний израилчуудын төлөө юу хийснийг болон Түүнийг дүрслэхийн тулд ашигласан нэр цолыг анхаар.

  • Та Паулын 4-р шүлэгт ашигласан нэр цолоос Аврагчийн талаар юу сурч мэдэж болох вэ?

Их Эзэн израилчуудад гайхамшигтай арга замаар тусалж дэмжиж байсан ч тэд заримдаа уруу таталтад автагдаж байлаа. 1 Коринт 10:5–11 -ийг уншаад, израилчуудыг өөрсдийн “сүнслэг Хад” болох Есүс Христээс нүүр буруулахад хүргэсэн уруу таталтуудыг олж мэд.

  • Таны бодлоор бидэнд тулгардаг нөхцөл байдлууд израилчуудын нөхцөл байдалтай юугаараа ижил төстэй байна вэ?

  • Аврагчаас нүүр буруулахад хүргэж болох ямар нийтлэг уруу таталтууд танд тулгардаг вэ?

Танд одоогоор тулгарч буй уруу таталтуудын талаар мөн тэдгээр нь таныг “Хад” болох Есүс Христээс нүүр буруулахад хэрхэн хүргэж болзошгүй болох тухай бод. Хэрэв та эдгээр уруу таталтыг даван туулах боломжтой байсан бол энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх байсан талаар эргэцүүл.

Аврагч уруу таталтыг даван гарахад бидэнд тусална

Уруу татагдах нь нүгэл биш боловч уруу таталтад бууж өгөх нь нүгэл гэдгийг санагтун. 1 Коринт 10:12–14 -ийг уншаад, уруу таталтыг даван гарахад тань туслах зарчмуудыг олж мэд.

  • Бурхан уруу таталтыг даван туулахад танд туслахын тулд юу хийнэ гэж амлаж байна вэ?

  • Биднийг уруу таталттай тулгарахдаа юу хийгээсэй хэмээн Бурхан хүсэн хүлээдгийг эдгээр шүлэгт ямар үг, хэллэгээр тайлбарлаж байна вэ?

  • Та ямар зарчмуудыг олж мэдсэн бэ?

Суралцагчид янз бүрийн зарчмыг тодорхойлж болох юм. Цаг гарган тэдгээр зарчмын талаар ярилцаж, суралцагчдын хувьд чухал гэсэн зүйлд төвлөр. “Уг зарчмыг тодорхойлоход ямар үг, хэллэгүүд танд тусалсан бэ?”, “Тэр зарчим танд хэрхэн туслах вэ?” гэх зэрэг дагалдах асуултуудыг асуух талаар бодож үз.

Бурхан бидэнд уруу таталтаас зайлсхийх арга замыг зааж өгөх ч бид өөрсдийгөө уруу таталтаас салгах сонголтыг хийх ёстой гэх мэт зарчмыг тодорхойлсон байж болно.

Хичээлийн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх бошиглолын нэмэлт мэдэгдлүүдийг хуваалцах талаар бодож үз. Уруу таталтаас зайлсхийхийн жишээг судраас олж харахад нь суралцагчдад туслахын тулд Эхлэл 39:1–12 эсвэл Матай 4:1–10 -ыг уншиж, ярилцах талаар бодож үз.

Судруудаар болон Өөрийн орчин үеийн бошиглогчдоор дамжуулан Аврагч бидэнд уруу таталтыг хэрхэн даван гарахыг заасан. Дараах судрууд, бошиглогчдын мэдэгдлийг уншаад, Аврагч руу хандаж, уруу таталтаас зайлсхийхийн тулд юу хийж чадахаа олж мэд. Та тэдгээрийг 1 Коринт 10:12–14 -тэй холбож болно.

Зураг
Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Есүс Христэд итгэх итгэл маань биднийг наманчилж, Түүний зарлигуудыг дагахад хүргэдэг. Бид Ариун Сүнсний өдөөлтийг дагах замаар дуулгавартай байж, уруу таталтыг эсэргүүцдэг. Цаг нь болоход бидний мөн чанар өөрчлөгдөнө. Бид Бурханд дуулгавартай, илүү хайраар дүүрэн, жаахан хүүхэд адил болох болно. Хэрэв бид уг өөрчлөлтөө авч үлдэхийн тулд бүхнийг хийж чадвал энэ өөрчлөлт нь бидэнд Ариун Сүнсээр дамжин ирдэг бэлгүүдийг хүлээн авах шаардлагыг хангахад тусална. Харин дараа нь бид бат бөх хадан дээр аюулгүй байх болно.

(Henry B. Eyring, “As a Child,” Ensign эсвэл Liahona, May 2006, 16)

  • Уруу таталтаас зайлсхийхийн тулд Аврагчид хандах сэдлийг танд төрүүлэх юуг та эдгээр судраас болон энэхүү мэдэгдлээс олж мэдсэн бэ?

  • Уруу таталтаас зайлсхийх ямар арга замыг Бурхан өгөх вэ?

  • Бид Бурханы өгсөн арга замыг таньж мэдэж, ашиглахын тулд юу хийж болох вэ?

Зарим уруу таталтад болгоомжтой хандах шаардлагатай тул суралцагчдад дараах дасгалууд дээр ганцаарчлан ажиллах боломжийг олго. Суралцагчид хийж дууссаныхаа дараа юу хийснээ ерөнхий байдлаар хуваалцаж болно. Суралцагчид ялан дийлэхийг хичээж буй уруу таталтуудаа ангийнхантайгаа хуваалцах ёсгүй.

Дараахаас хоёрыг нь эсвэл үүнээс олныг нь хийж гүйцэтгэ.

Өөрсдийн нэр, өөрт тохиолдсон нөхцөл байдлаа судруудад орлуулж тавих нь судруудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд бидэнд тусална. Суралцагчдыг энэ ур чадвараар хувиараа судраас суралцахдаа дадлага хийхийг урамшуул.

  • 1 Коринт 10:14 -ийн “хайртууд минь” гэсний дараа өөрийн нэрийг оруулж, “шүтээн шүтлэг” гэдгийн оронд өөрт тулгарч буй уруу таталтыг орлуулж тавих замаар өөрчлөн бич.

  • Аврагч танд уруу таталтаас зайлсхийхэд тань тусалж байсан туршлагаа бичиж тэмдэглэ. Энэхүү туршлага нь одоогийн уруу таталтаасаа зайлсхийхэд хэрхэн танд туслах вэ?

  • Есүс Христэд итгэж найдан, өөрт тулгарч буй уруу таталтыг эсэргүүцэхийн тулд хийх тодорхой алхмуудаа бичиж тэмдэглэ.

  • 1 Коринт 10 -ыг судалснаар та Аврагчийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

  • Энэ нь тулгарч буй уруу таталтаас зайлсхийхэд хэрхэн танд тусалж болох вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Есүс Христ, Ариун Сүнс хоёр хэрхэн надад уруу таталтыг даван гарахад туслах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.

Зураг
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Уруу таталтын эсрэг тэмцэх нь насан туршдаа хичээнгүй, итгэлтэй байхыг шаардана. Гэхдээ хувийн хичээл зүтгэлд маань Их Эзэн туслахад бэлэн байдаг бөгөөд хэрэв бид эцсээ хүртэл тэвчиж чадах юм бол гайхамшигт адислалуудыг өгөхөөр амласан гэдгийг мэдээрэй. …

Хайрт ах, эгч нар аа, бид авралын хад чулуу болох бодгалийн Аврагчдаа итгэж найдан, Моронайн зөвлөгөөг дагах юм бол бодол санаагаа хянах чадвар маань илт өсөн нэмэгдэх болно гэдгийг би гэрчилж байна. Бид сүнслэг байдлаараа илүү хурдтай төлөвшин, зүрх сэтгэл маань өөрчлөгдөж, биднийг Есүс Христтэй улам илүү адилхан болгоно гэдгийг би баталж байна. Үүнээс гадна бидний амьдралд Ариун Сүнс илүү хүчтэй, тасралтгүй нөлөөлсөөр байх болно. Үүний дараа дайсны уруу татах хүч бага багаар суларч, бидний амьдрал илүү аз жаргалтай, ариун болох болно.

Ямар нэгэн шалтгаанаар уруу татагдаж, зөв шударга бус үйлдлээсээ салж чадахгүй байгаа хүмүүст хандан хэлэхэд, та нар эргэн ирэх боломжтой бөгөөд Христэд найдвар оршин байдаг гэдгийг би баталж байна.

(Үлиссэс Соарэс, “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89–90)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн заасан.

Зураг
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Өөрийгөө захирах чадвараа хөгжүүлэн, зөв шударга амьдрах нь мөнхийн өсөлт хөгжлийн зарчим юм. Энэ нь сүнслэг, материаллаг асуудлын аль алинд нь хамаатай. …

Бид Бурханы тэнгэрлэг төлөвлөгөөний нэгэн хэсэг болох Ариун Сүнсний бэлгээр адислагдсан. … Түүнчлэн Тэрээр хилэнцийн эсрэг сэргийлж, аюулаас хамгаалах дуу хоолой болдог. Амьдрал гэх далайгаар аялах үед Ариун Сүнсний өдөөлтийг дагаж байх нь нэн чухал юм. Сүнс нь биднийг уруу таталт, аюулаас зайлсхийхэд тусалж, хэцүү үед тайтгаруулан, удирдан залдаг.

(Квинтин Л. Күк, “Нямбай, Бристоль маягаар: Сайн, муу ямар ч үед ариун сүмд орох зохистой бай,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23–27)

Би уруу таталтаас зайлсхийхийн тулд хэрхэн өөрийгөө урьдчилан бэлтгэх вэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) ийн заасан.

Зураг
Portrait painting of President Spencer W. Kimball.

Туйлын зорилгоо санаж, шийдвэрээ урьдчилан гаргасан байвал бидэнд зөв шийдвэр гаргахад амархан байх болно. Энэ нь бидний хүндээр соригдох үедээ шийдвэр гаргахаар шаналан зовох цагийг багасгадаг. …

Та нар хувийн сахилга батыг хөгжүүлснээр, адил зүйлд ахин дахин уруу татагдах үедээ хэрхэх талаар олон удаа шийдвэр гаргах шаардлага багасдаг. Та нар зарим зүйлийг нэг л удаа шийдэх хэрэгтэй байдаг! …

Гэм нүглийн замаа орхих цаг энэ зам дээр гарахаас ч өмнө байдаг. Сайхан амьдралын нууц нь хамгаалах, сэргийлэхэд оршдог. Хилэнцэд бууж өгдөг хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө хамгаалалт муутай орчинд байлгасан хүмүүс байдаг.

(Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 108–109)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Уруу таталтаас зайлсхийх таны тоглолтын схем

Суралцагчдыг спортын багт тоглолтын схемийн гүйцэтгэдэг үүргийн талаар ярилцахад урь.   Суралцагчдыг ChurchofJesusChrist.org дээрх “Таны санваарын тоглолтын схем” видеог цагийн код 3:50-аас 5:59 хүртэл үзэхдээ тулгарч байгаа уруу таталтынхаа талаар бодоход урь. Энэ видеонд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон уруу таталтаас зайлсхийх арга замуудын талаар ярьсан.

Видеог үзсэний дараа суралцагчдад өөрсдийн гэсэн тоглолтын схем болон уруу таталтаас зайлсхийх төлөвлөгөө гаргах цаг гаргаж өгч болно.

 

 

 

  Суралцагчид энэ хуудсыг судалж, бүр 1 Коринт 10 -аас сурч мэдсэн зүйл дээрээ тулгуурлан өөрсдийн “Шат шатаар” хуудсыг үүсгэж болно.

Хэвлэх