1 Коринт 12
Сүнслэг бэлгүүд
Паул Христ дотор нэгдэх хэрэгцээ шаардлагаа олж мэдэхэд нь туслах үүднээс Коринтын гэгээнтнүүдэд захиа бичжээ. Тэрээр хэрэв бүх гишүүн Их Эзэнээс хүлээн авсан сүнслэг бэлгээ танин мэдэж, ашиглаж чадвал бие махбодын олон хэсэг нэгдмэл байдлаар хамтран ажилладаг шиг байж болно гэж заажээ. Энэ хичээл нь Их Эзэний бусдыг адисалж, Өөрийн Сүмийг хүчирхэгжүүлэхийн төлөө танд өгсөн сүнслэг бэлгүүдийг таньж мэдэхэд тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бэлгүүд хүлээн авах
-
Та утга учиртай ямар бэлэг хүлээн авсан бэ?
-
Энэ бэлэг нь таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ? Энэ нь танд юу хийх боломжийг олгосон бэ?
-
Танд уг бэлгийг өгсөн хүний талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Та 1 Коринт 12 -ыг судлахдаа Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд өгдөг сүнслэг бэлгүүдийн талаар судлах болно. Тэр яагаад эдгээр бэлгийг өгдөг талаар олж мэдээд, танд өгсөн бэлгийг тодорхойлоход туслах урам зоригийг Ариун Сүнснээс эрэлхийл.
Их Эзэн бидэнд сүнслэг бэлгүүд өгдөг
“Сүнслэг бэлгүүд нь Бурханы Өөрийн хүүхдүүдэд Ариун Сүнсний хүчээр дамжуулан өгдөг адислал эсвэл чадварууд юм” (Сайн мэдээний сэдвүүд, “Сүнслэг бэлгүүд” topics.ChurchofJesusChrist.org).
1 Коринт 12:3–11 -ийг унших замаар сүнслэг бэлгүүдийн талаар олж мэд. ( 11-р шүлэг дэх “тус тусад нь” гэдэг үг нь “ганцаарчлан” эсвэл “нэг нэгээр нь” гэсэн утгатай болохыг анхаарна уу.)
-
Эдгээр шүлэгт жагсаасан зарим сүнслэг бэлэг юу вэ?
Олон төрлийн сүнслэг бэлэг байдаг. Бусдынх нь талаар судлахын тулд Моронай 10:8–18 ; Сургаал ба Гэрээ 46:11–26 ; Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Марвин Ж.Эштоны (1915–1994) дараах мэдэгдлийг унш.
“Төдийлөн ил харагддаггүй зарим бэлгийн талаар ярилцья: асуух бэлэг; сонсох бэлэг; намуун, зөөлхөн дуу хоолойг анхааран сонсож, ашиглах бэлэг; уйлах чадвартай байх бэлэг; зөрчил сөргөлдөөнөөс зайлсхийх бэлэг; бусадтай эв нийцтэй байх бэлэг; хоосон давталтаас зайлсхийх бэлэг; зөв шударга зүйлсийг эрэлхийлэх бэлэг; бусдыг шүүхгүй байх бэлэг; Бурханаас удирдамж хүсэх бэлэг; шавь байх бэлэг; бусдад анхаарал халамж тавих бэлэг; тунгаан бодох чадвартай байх бэлэг; залбирал хэлэх бэлэг; хүчирхэг гэрчлэл үлдээх бэлэг; Ариун Сүнсийг хүлээн авах бэлэг.
(Marvin J. Ashton, “There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20)
-
Их Эзэн эдгээр сүнслэг бэлгээр хэнийг адисалдаг вэ?
-
Энэ нь Их Эзэний талаар ойлгоход танд яаж тусалж байна вэ?
Таны танин мэдэж болох нэг үнэн бол Их Эзэн Өөрийн Сүмийн гишүүн тус бүрд бусдыг адислах дор хаяж нэг сүнслэг бэлгийг өгдөг.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг сүнслэг бэлгээр адисалсан гэдгийг мэдэх нь танд Тэдний талаар ямар бодол төрүүлж байна вэ?
-
Сүнслэг бэлэг хүлээн авснаа мэдэх нь тэнгэрлэг мөн чанараа харах өнцөгт тань хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Их Эзэн яагаад зөвхөн хэдхэн гишүүнд биш харин Сүмийн гишүүн бүрд сүнслэг бэлэг өгдөг гэж та бодож байна вэ?
Их Эзэн биднийг бие биенээ адислаасай хэмээн хүсдэг
1 Коринт 12:14–20 -ийг уншаад, бидний хүн нэг бүрийн оруулдаг хувь нэмрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхөд бидэнд туслахын тулд Паулын ашигласан харьцуулалтыг олж мэд.
-
Судрын энэ хэсэгт Паул Сүмийг юутай харьцуулж байна вэ? Энэ харьцуулалт нь сүнслэг бэлгийн тухай танд юу зааж байна вэ?
-
Та бусдын сүнслэг бэлгийн ачаар хэрхэн адислагдаж байсан бэ?
Таны хүлээн авсан сүнслэг бэлгүүд хэрхэн таныг адисалсныг мөн та гэр бүлийнхэн, тойрог, салбарынхан болон бусад хүнийг адислахад тэдгээрийг хэрхэн ашигласан талаар тунгаан бод. Та судлах тэмдэглэлдээ бэлгүүдийнхээ талаар Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа сэтгэгдлээ тэмдэглэж болно.
-
Өөрийнхөө болон сүнслэг бэлгүүдийнхээ талаар юуг ойлгоосой хэмээн Их Эзэн танаас хүсэж байна гэж та бодож байна вэ?
-
Сүнслэг бэлэггүй гэж бодож байгаа хэн нэгэнд та юу гэж хэлж урам зориг өгөх вэ?
-
Та ямар сүнслэг бэлгийг хүсдэг вэ? Та уг бэлгийг эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ? (Их Эзэн биднийг сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэхэд урьсан; 1 Коринт 12:31 ; 14:1 ; Сургаал ба Гэрээ 46:7–9 -ийг үзнэ үү.)
-
Та сүнслэг бэлгүүдээ ямар арга замаар бусдыг адислахад ашиглаж болох вэ? Энэ нь хэрхэн танд Аврагчтай илүү адилхан болоход туслах вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Би бусдад үйлчлэхийн тулд сүнслэг бэлгүүдээ хэрхэн ашиглаж болох вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф бид хэрхэн Есүс Христийн үлгэр жишээг дагаж болох талаар ийн хуваалцсан.
Аврагчийн тухай бодохдоо Түүнийг урагш гараа сунгасан байхаар төсөөлдөг. Тэр биднийг тайтгаруулан эдгээхээр, адислан хайрлахаар гараа урагш сунгадаг. Тэр хэзээ ч хэн нэгнийг дорд үзэж байгаагүй бөгөөд даруу төлөв хүмүүсийг хайрлан, тэдний дунд амьдарч, тэдэнд үйлчлэн, итгэл найдвар ба авралыг санал болгосон юм.
Мөнх бус амьдралынхаа хугацаанд Тэрээр тийн үйлдэж байсан юм. Хэрэв Тэр өнөөдөр бидний дунд амьдарч байсан бол мөн л их үйлсийг хийх байсан. Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд, Түүний шавь нар нь болохын хувьд түүн лүгээ үйлдэн амьдрах ёстой.
Бид Түүний төгс жишээг даган амьдарснаар бидний гар Түүний гар, бидний нүд Түүний мэлмий, бидний зүрх сэтгэл Түүний зүрх сэтгэл болж чадна.
(Дийтр Ф.Угдорф, “Та нар миний гар,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80)
Би чухал сүнслэг бэлэг хүлээн авч чадахгүй байгаа мэт санагдвал яах ёстой вэ?
Далын ахлагч Жон К.Пингри сүнслэг бэлэг авсныгаа үл анзаарсан болохоо олж мэдсэн нэгэн эгчийн жишээг хуваалцсан.
Урам нь хугарсан залуу эмэгтэй нэгэн өдөр “Их Эзэн минь, хувь хүнийхээ хувьд миний үзүүлэх үйлчлэл юу вэ?” гэж асуужээ. Бурхан хариуд нь “Бусдад анхаарал хандуул” гэв. Харин энэ нь сүнслэг бэлэг байсан юм! Түүнээс хойш тэр эмэгтэй байнга мартагддаг байсан хүмүүст анхаарлаа хандуулах болсон бөгөөд Бурхан түүгээр дамжуулан ажиллаж, олон хүнийг адисалсан. Зарим сүнслэг бэлэг маань биднийг дэлхийн жишгээр нэр алдартай болгодоггүй ч тэдгээр нь Бурханд болон Түүний ажилд нэн чухал билээ.
(Бага Жон К.Пингри, “Чамд зориулсан ажил Надад буй,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19)
Сүмийн үүрэг даалгаврыг хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй байна гэж бодогдох үед би юу хийх ёстой вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.
Өөрийн тань дуудлага болон хариуцлагыг танаас илүү сайн хийж чадах чадварлаг, илүү туршлагатай бусад хүн байгаа хэмээн та бодож болох юм. Гэвч энэ үүрэгт ажлыг Их Эзэн танд ямар нэгэн шалтгаанаар өгсөн юм. Та л тэдэнд хүрч, зүрх сэтгэлд нь нөлөөлж чадах хүн нь байх ч юм уу. Танаас өөр хэн ч үүнийг таны хийдэг арга замаар хийж чадахгүй байж мэднэ.
(Дийтр Ф.Угдорф, “Зогсож байгаа газраасаа өргө,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 68)