1 Петр 1–5
“Алтнаас ч илүү үнэ цэнтэй”
Та Шинэ Гэрээний эхний хагасыг судлахдаа төлөөлөгч Петрийн итгэл, шаргуу байдлын талаар сурч байснаа санаж байгаа байх. Петр анхны захидлаа Аврагчийн мөнх бус амьдралын тохинууллын үеэр Есүс Христтэй хамт алхаж, ярилцаж байснаас хойш олон жилийн дараа буюу амьдралынхаа сүүл үед бичсэн. Тэргүүн төлөөлөгч байсан Петр анхны захидалдаа ромчуудын доор амсаж байгаа хүнд хэцүү сорилт бэрхшээлээр дамжуулан гэгээнтнүүд хэрхэн хүчирхэгжиж болох арга замууд дээр төвлөрсөн байдаг. Энэ хичээл таны туулж буй сорилт бэрхшээл дэх Бурханы зорилгыг илүү сайн ойлгоход туслах бөгөөд энэ нь сорилт бэрхшээлийг итгэлээр даван гарах хүчийг өгч болох юм.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Яагаад бид амьдралдаа хүнд зовлон бэрхшээлтэй тулгардаг вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд бидний хүн нэг бүр шударга бус санагдах зүйлстэй хэрхэн тулгарах талаар тайлбарласан. https://www.churchofjesuschrist.org/study/general-conference/2021/04/25renlund?lang=mon дээрх “Уур хүрмээр шударга бус байдал” видеоны 3:19-ээс 4:12 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.
Зарим нэг шударга бус байдлыг тайлбарлах боломжгүй ч тайлбарлах аргагүй шударга бус байдал уур хүргэдэг. Төгс бус, гэмтэж бэртсэн, өвчин зовлонд нэрвэгдсэн биетэй амьдрах нь шударга бус мэт санагддаг. Мөнх бус амьдрал угаасаа л шударга бус юм. Зарим нь баян чинээлэг орчинд төрсөн байхад зарим нь тийм биш байдаг. Зарим нь хайраар дүүрэн эцэг эхтэй байхад, заримд нь тийм эцэг эх байдаггүй. Зарим нь урт удаан амьдардаг байхад, зарим нь богино насалдаг. Иймэрхүү жишээ олон бий. Зарим нь сайн үйл хийхийг хичээж байхдаа ноцтой алдаа гаргадаг. Зарим нь чадах байсан ч шударга бус явдалтай тэмцдэггүй. Зарим нь болохгүй гэдгийг мэдсээр байж Бурханы өгсөн сонгох эрхийг бусдыг зовоож шаналгахын тулд ашигладаг.
(Дэйл Г.Рэнланд, “Уур хүрмээр шударга бус байдал,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 40)
-
Яагаад ахлагч Рэнланд бидний амьдралд тохиолддог зарим шударга бус зүйлийг “уур хүрмээр” гэдэг үгийг ашиглан дүрсэлсэн гэж та бодож байна вэ?
-
Уур хүрмээр шударга бус сорилт бэрхшээлийг туулж буй эсвэл туулж байсан хэнийг та мэдэх вэ? Их Эзэн яагаад аливаа зүйл тохиолдохыг зөвшөөрдөг гэж та бодож байна вэ?
МЭ 64 онд Ром хотын ихэнх хэсэг түймэрт автсан байна. Нэр хүндтэй ромчууд Сүмийн гишүүдийг гал тавьсан гэж гүтгэсэн бөгөөд үүнээс болж Ромын Эзэнт гүрэн даяар Христийн шашинтнуудыг ихээхэн дарамтлан хавчих болжээ. Петр гэгээнтнүүдийн итгэлийг бэхжүүлж, сорилт бэрхшээлийг итгэлээр даван гарахын мөнхийн шагналын талаар сануулахын тулд энэ үйл явдлын дараахан өөрийн анхны захидлыг бичсэн байх магадлалтай. Суралцахдаа өөртөө тулгарсан сорилт бэрхшээлийн шалтгааныг мөн тэдгээрийг итгэлээр даван гарахад Есүс Христ тусална гэдэгт хэрхэн итгэн найдаж болох талаар ойлгоход танд туслах Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.
Цэвэршүүлэгчийн гал
1 Петр 1:3–9 -ийг уншаад, тулгарсан сорилт бэрхшээлээ итгэлээр даван гардаг хүмүүсийг хүлээж буй адислалуудын талаар төлөөлөгч Паул юу гэж заасныг олж мэд. 6-р шүлэг дээрх сорилт гэх үг нь сорилт, зовлон бэрхшээлийг хэлж байгаа юм ( 1 Петр 1:6 , зүүлт тайлбар b-г үзнэ үү).
-
Эдгээр шүлгийн ямар үг, хэллэгийг сорилт бэрхшээл тулгарах үед та болон бусад хүн санаж явбал тустай гэж бодож байна вэ? Яагаад?
-
Яагаад Петр гэгээнтнүүдийн итгэлийн сорилтыг галаар цэвэршүүлэгдсэн алттай зүйрлэсэн гэж та бодож байна вэ?
Дараах зураг бол хайлуулах зуухны зураг. Хайлуулах зуух бол алт зэрэг металлыг цэвэршүүлдэг сав юм. Металлыг цэвэршүүлэхдээ бохирдлоос нь салгаж, эцсийн бүтээгдэхүүнийг сайжруулахын тулд халааж, хайлуулдаг.
-
Итгэлийг “алтнаас ч илүү үнэтэй” болгохын тулд ямар ямар арга замаар шалгаж, сорьж болох вэ? ( 1 Петр 1:7).
Таны дөнгөж сая судалсан шүлгүүдээс биднийг сорилт бэрхшээлийг итгэлээр даван гарах үед Есүс Христэд итгэх итгэл маань цэвэршиж, хүчирхэгждэг гэх үнэнийг тодорхойлж болох юм. Энэ үнэнийг судар эсвэл судлах тэмдэглэлдээ бичиж болно.
-
Хүнд хэцүү сорилт бэрхшээлийг туулахын юу нь Есүс Христэд итгэх бидний итгэлийг хүчирхэгжүүлдэг вэ?
Зовлон бэрхшээл туулах нь олон хүнийг сүнслэг байдлын хувьд цэвэршүүлж болох ч хүнд хэцүү сорилт бэрхшээлийн дараа зүрх сэтгэлээ хатууруулсан эсвэл уурлаж хорссон хүмүүс ч байдаг ( Алма 62:41 -ийг үзнэ үү).
-
Юу бидэнд сорилт бэрхшээлээ итгэлийг маань сарниулдаг биш харин адислал болгох туршлага болгож хувиргахад тусална гэж бодож байна вэ?
-
Хүнд хэцүү сорилт бэрхшээлийг итгэлээр давж гарснаар таны эсвэл өөр хэн нэгний итгэл хүчирхэгжиж байсан ямар туршлага танд байгаа вэ эсвэл ямар туршлагыг та мэдэх вэ?
-
Эдгээр туршлага нь Их Эзэний талаар танд юу заасан бэ?
Петр гэгээнтнүүдэд зөвлөв
Петрийн анхны захидал тэр чигээрээ Есүс Христийн шавь нар хэрхэн зовлон шаналал, хавчлагыг итгэлээр даван гарч болох талаарх сэдвийг хөндсөн байдаг. Петрийн зөвлөгөө нь мөнх бус амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарч буй хүн бүрд итгэл найдвар, урам зориг болон хүчийг өгдөг.
Уг хичээлийн эхэнд харсантай адил хайлуулах зуухны энгийн зургийг зур. Тулгарч байсан эсвэл одоо тулгарч байгаа зарим сорилт, зовлон бэрхшээлээ хайлуулах зуухан дотор жагсаан бич.
Петрийн үгийг илүү сайн судлахдаа, зурган дотроо жагсаан бичсэн сорилт бэрхшээлд тань туслах сургаалуудыг олж мэд. Эдгээр сургаалыг өөрийн хайлуулах зуухны гадна талд бич.
1 Петр 2:20–25 —Сорилт бэрхшээлийг даван туулж буй Есүс Христийн жишээ
1 Петр 4:12–19 —Сорилт бэрхшээлдээ баясах шалтгаан
1 Петр 5:6–11 —Сорилт бэрхшээлийг даван туулахад Их Эзэний хүчийг хүлээн авах
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
1 Петр 2:20 . Петр бид өөрсдийн сорилт бэрхшээлийг яагаад тэвчээртэй туулах ёстой гэж заасан бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) ийн заасан.
Тэвчээр нь Тэнгэрлэг Эцэгт итгэх бидний итгэлтэй маш нарийн холбоотой. Үнэндээ бид хэт тэвчээргүй байснаар юу сайн гэдгийг Бурханаас ч илүү мэднэ гэж хэлж байгаа хэрэг. Үгүй юм гэхэд, бидний цагийн хуваарь Түүнийхээс дээр гэж үзэж байгаа хэрэг. … Тиймээс аль хэдийн хэлсэнчлэн, тэвчээр бол бидний итгэл, сонгох эрх, амьдралд хандах хандлага, даруу байдал болон зовлон шаналалтай холбоотой мөнх бус оршихуйн амин чухал зан чанар юм. Энгийнээр хэлбэл, жинхэнэ өсөлт хөгжилд хүрье гэвэл тэвчээртэй байхаас өөр арга зам байхгүй.
(Neal A. Maxwell, “Patience” [Brigham Young University devotional, Nov. 27, 1979], 1, 4, speeches.byu.edu)
Би өөрт тулгарч буй сорилт бэрхшээлийг хэрхэн даван гарах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
Дэлхийн саад бэрхшээлийн шуурганд тэвчээртэй урагш тэмүүл. Мөн Аврагчийн эдгээгч хүч танд гэрэл, ойлголт, амар амгалан, найдвар авчирна. Бүх зүрх сэтгэлээрээ залбир. Есүс Христэд болон Түүний бодит гэдэгт мөн Түүний ач ивээлд итгэх итгэлээ хүчирхэгжүүл. … Урагшаа хар. Танд учирсан бэрхшээл, уй гашуу үнэхээр бодитой боловч мөнхөд үргэлжлэхгүй. Таны харанхуй шөнө өнгөрнө. Учир нь Хүү жигүүртээ анагаах чадлыг эзэмдэн бос[сон].
(Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” Ensign, Nov. 2018, 85 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81)
Би зовлон бэрхшээл туулахдаа аз жаргалыг хэрхэн олж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозэф Б.Вөртлин (1917–2008) зовлон бэрхшээлтэй байх үед аз жаргалыг хэрхэн олж авах талаар мөн “Юу ч тохиолдсон талархалтай бай” гэх ээжийнх нь зөвлөгөө санаанаас нь огт гардаггүйг дурссан.
Уй гашуугаар дүүрэн өдөр хоногууд хэрхэн бидэнд таалагдах билээ? Яг тэр агшинд таалагдахгүй байх нь гарцаагүй. Ээж бидэнд санаагаар унаснаа нуу эсвэл тохиолдсон зовлон зүдгүүрийг үгүйсгэ гэж зөвлөөгүй гэж би боддог. Мөн амьсгал давчдам таагүй үнэнээ далдалж, аз жаргалтай байгаа юм шиг дүр эсгэхийг зөвлөөгүй гэж би боддог. Харин саад бэрхшээлд хэрхэн хандах нь амьдралд аз жаргалтай, амжилт бүтээлтэй байх гол хүчин зүйл гэдэгт би итгэдэг. Хэрэв бид саад бэрхшээлд ухаалгаар хандвал, бидэнд тулгарсан хамгийн хүнд хэцүү үе ч хамгийн их өсөж хөгжсөн үе болж, агуу аз жаргал руу хөтлөх болно. …
Бид шог наргианыг эрж хайхдаа мөнхийн боломжуудыг эрэлхийлж, нөхөн сэргээх зарчмыг ойлгон, Тэнгэрлэг Эцэгтээ ойртсоноор зовлон бэрхшээл, хүнд сорилтуудыг тэвчиж, даван туулдаг. Бид ээжийн минь хэлсэн шиг “Юу ч тохиолдсон талархалтай бай” хэмээн хэлж чадна.
(Жозэф Б.Вөртлин, “Юу ч тохиолдсон талархалтай бай,” Ensign, Nov. 2008, 26–28 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–32, 34)