Семинар
Төгс Эзэмших Сургаал: 1 Петр 4:6


Төгс Эзэмших Сургаал: 1 Петр 4:6

“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан”

The resurrected Jesus Christ preaching to spirits in the Spirit World.

Та 1 Петр 4-ийг судлахдаа Аврагч Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд авралыг хүлээн авах боломжийг олгохын тулд сүнсний дэлхийд номлолын ажил хийснийг сурч мэдсэн. Энэ хичээл нь 1 Петр 4:6-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд танд тусална. Энэ нь мөн уг хэсэгт заасан сургаалыг тайлбарлахад тань тусална. Ингэснээр та тэрхүү сургаал болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит нөхцөл байдалд ашиглах боломжтой болно.

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг заах. Хэрэв суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэддэг бөгөөд ойлгодог байвал төгс эзэмших сургаал илүү үр дүнтэй болно. Суралцагчдад эдгээр зарчмыг ойлгож, тогтмол давтахад нь тусал.

Суралцагчийн бэлтгэл: Ариун сүмд баптисм, гишүүнээр батлах ёслолыг үйлдэх үед нь эсвэл нас барсан өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн түүхийн бусад ажлыг хийх үед ямар мэдрэмж төрж байснаа тунгаан бодож, хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 1 Петр 4:6 -ийн хам сэдвийн талаарх хичээл болох “1 Петр 3:18–22; 4:1–6”-ийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн холбогдох хам сэдвийн талаарх хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Нэг суралцагчийг авралын төлөвлөгөөний энгийн бүдүүвч зургийг самбарт зурахад урь. Дараа нь уг төлөвлөгөөг болон сайн мэдээг хэрхэн заагддаг талаарх суралцагчийн ойлголтыг шалгахын тулд дараах асуултуудын заримыг нь асуу. Сайн дураараа ихэвчлэн яриад байдаггүй суралцагчдыг татан оролцуулахын тулд дараах сорилт асуултуудыг асууж, дараа нь ангиараа ярилцаж болно.

  • Бурханы бүх хүүхдэд мөнх бус амьдралын өмнөх амьдралд нь сайн мэдээг заасан. Бурханы төлөвлөгөөг сонгон сайн мэдээг хүлээн авсан хүмүүст юу тохиолдсон бэ? Үүнээс татгалзсан хүмүүст юу тохиолдсон бэ?

  • Дэлхий дээр сайн мэдээг хэрхэн заадаг вэ?

Дараах хоёр асуултыг ашиглан төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг тодорхойлоход нь суралцагчдад тусал.

  • Есүс Христийн талаар суралцах боломж хэзээ ч олдож байгаагүй эсвэл энэ амьдралдаа санваарын зөвшөөрөгдсөн ёслолуудыг хүлээн авч чадаагүй хүмүүст юу тохиолддог вэ?

  • Бид Шинэ Гэрээнд энэ талаар хаанаас унших вэ?

Дараах цээжлэх үйл ажиллагааг ашиглах талаар бодож үз.

Суралцагч бүрд цаас өгөөд, цаасан дээрээ судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүтнээр нь бичихэд урь. “ 1 Петр 4:6 : ‘Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.’” Тэдэнд цаасны дээд хэсгийг нугалан бичсэн зүйлээ далдлаад, дараа нь дуртай гурваас дөрвөн үг ба тоог хасан эшлэл, үг хэллэгийг дахин бичихийг зааварла. Суралцагчдаас ойролцоо байгаа хүнтэйгээ цаасаа солилцохыг хүс.

Суралцагчдаас хассан үг, тоонуудаа шинэ цаасан дээр тодорхойлохыг хүс. Дараа нь тэдэнд цаасны дээд хэсгийг нугалан бичсэн зүйлээ далдлаад, энэ удаа зургаагаас найман үг эсвэл тоог хасан эшлэл, үг хэллэгийг дахин бичихийг зааварла. Тэднээс цаасаа эхлээд өгсөн хүндээ эргүүлж өгөөд, дараа нь эхлээд бичсэн цаасан дээрээ дутуу үгсийг тодорхойлоод, цаасыг сүүлийн удаа нугалан эшлэл, үг хэллэгийг бүхэлд нь цээжээрээ бичихийг хүс.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Өмнөх хичээл дээр та 1 Петр 4:6 -аас Сайн мэдээг мөнх бус амьдралдаа сонссон хүмүүсийнхтэй адилхан боломжийг нас барагсдад олгохын тулд тэдэнд сайн мэдээг номлодог гэсэн үнэнийг мэдэж авсан.

Дараах жишээг ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон энэ үнэнийг амьдралд хэрэгжүүлэх дадлага хий.

Жишээ: 1-р хэсэг

Таны найз Жэйсон номлогчидтой уулзаж байгаа гэж төсөөл. Жэйсон сайн мэдээний талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд тантай хамт семинарт явахыг хүсжээ. Семинарын эхний өдөр багш тань ангийнхнаас сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хамтрагчтайгаа давтахыг хүсэв. Жэйсон тан руу хараад, “Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд гэж юу вэ?” гэж асуужээ.

  • Та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг Жэйсонд хэрхэн танилцуулах вэ? (Хэрэв энэ асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12 дахь догол мөрийг эргэж харах талаар бодож үз.)

Жишээ: 2-р хэсэг

Долоо хоногийн сүүлээр Жэйсон номлогчидтой танай гэрт уулзжээ. Та Есүс Христэд итгэх итгэл, нүглээсээ ангижрахын тулд усанд умбуулах замаар баптисм хүртэх гэх зэрэг багтсан сайн мэдээний анхдагч зарчим, ёслолуудын талаар заахад номлогчдод туслав. Номлогчид Иохан 3:5 -ыг ашиглан санваарын зохистой эрх мэдлийн дагуу үйлдсэн баптисм нь тэнгэрийн хаант улсад аврагдахад зайлшгүй чухал гэдгийг заажээ. Жэйсон тэр талаар хэсэг бодсон ба бага зэрэг гунигтай байгаа харагдав. Номлогчдын нэг нь яагаад гунигтай байгааг нь асуухад Жэйсон “Өвөө маань хэзээ ч баптисм хүртэж байгаагүй боловч тэнгэрт очихын тулд бүхий л талаар зөв амьдрахыг хүсдэгээ үргэлж хэлдэг үнэхээр сайн хүн байсан. Тэр тэнгэрт очиж чадах болов уу?” гэж асуулаа. Та Жэйсонд хэрхэн туслах талаар дотроо чимээгүй залбиран Тэнгэрлэг Эцэгээс асуув. Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон 1 Петр 4:6 -д заадаг сургаалыг ашиглах санаа таны толгойд орж ирлээ.

Анги дахь суралцагчдын тоо, хичээлийн цаг зэргээс шалтгаалан суралцагчид өөрсдийн хариултыг ашиглан Жэйсонд зааж байгаа байдлаар жүжиглэн үзүүлж болно. Эсвэл суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын аль нэгийг оноож өгөөд, дараа нь тухайн зарчим Жэйсонд хэрхэн туслах талаар хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ ярилцаж болно. Тэд ярилцаж дуусаад, ангийнханд тайлагнаж болно эсвэл тэднийг гурав гурваар хуваагаад, үлдсэн хоёр зарчмыг судалсан суралцагчидтай бодол санаагаа хуваалцах боломж олгож болно.

Жэйсонд асуултынхаа хариултыг авч, өвөөгийнхөө талаар санаа зовохгүй байхад нь туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг болон 1 Петр 4:6 -д заасан сургаалыг хэрхэн ашиглах тойм гарга. Тойм гаргасныхаа дараа Жэйсонд өгөх хариултаа бэлд. Та түүнд сургаалын үнэнийг мэдэрч, олж нээхэд нь туслахын тулд ямар ямар асуулт асуухаа бод. Хариултдаа сүнслэг мэдлэг олж авах бүх гурван зарчмыг мөн 1 Петр 4:6 -д заасан сургаалыг багтаасан байхад анхаар.

Заавар авах шаардлагатай бол та дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг нь ашиглаж болно.

  • Та Жэйсонд мөнхийн талаас нь авч үзэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Өвөөдөө санаа зовох хэрэггүй гэдгийг ойлгуулахын тулд та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг Жэйсонд хэлэх вэ?

  • 1 Петр 4:6 -аас гадна та Есүс Христээр дамжуулан итгэл найдварыг мэдрэхэд нь Жэйсонд туслах өөр ямар ямар тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг хуваалцаж болох вэ? Та үнэнийг олж нээхэд нь Жэйсонд туслахын тулд эдгээр судрын хэсгийг хэрхэн ашиглах вэ?

  • Жэйсоны нөхцөл байдалд ямар байдлаар итгэлээр үйлдэж болох вэ? Та түүнийг юуг хийхэд урьж болох вэ?

  • Өвөг дээдэстээ зориулан хийж байсан ариун сүм, гэр бүлийн түүхтэй холбоотой ямар ажлаа та Жэйсонтой хуваалцаж болох вэ?

  • Та найздаа туслахын тулд юуг гэрчлэх вэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээлээр 1 Петр 4:6 -ийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад нь суралцагчдад тусал. Дараах нь үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам юм:

1, П, 4:6, С, М,, Н, Ү, Ч, Х, T,, гэсэн үсгүүдийг самбар дээрх баганад бич. Суралцагчдыг эдгээр эхний үсгийг ашиглан, төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн үгсийг тодорхойлоход урь. Бүх үгийг тодорхойлсны дараа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг ангиараа давт.