2 Петр 1
Есүс Христтэй адилхан болох
Петр итгэл үнэмшилдээ үнэнч байсан Есүс Христийн шавь нарт хандан бичсэн. Петр амьдралынх нь төгсгөл ойртохын хэрээр тэдгээр гэгээнтэнд итгэлтэй хүмүүст амлагдсан агуу адислалуудыг эргэн санахад нь туслахыг хүссэн. Тэр Есүс Христийн зан чанарыг хөгжүүлэхэд гэгээнтнүүдийг уриалсан. Энэ хичээл танд Есүс Христтэй илүү адилхан болох алхмуудыг хийхэд тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Алхам алхмаар хүрэх ололт амжилт
-
Та утга учиртай ямар зорилгод хүрэхийг хүсэж байна вэ?
-
Уг зорилгодоо хүрэхийн тулд та юу хийж байна вэ?
Далын ахлагч Скотт Д.Вайтинг эхнэртэйгээ хамт Японы Фүжи ууланд авирч байхад болсон үйл явдлаас авсан сургамжаа хуваалцсан. Тэдний сургамж зорилгодоо хүрэхэд тань тусалж болох юм.Та ChurchofJesusChrist.org дээр байгаа “Түүнтэй адил болох нь” видеог цагийн код 2:35-аас 3:09 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.
Хэдэн жилийн өмнө, эхнэр бид хоёр Япон улсын хамгийн өндөр уул болох Фүжи уул руу авирах замынхаа эхэнд зогсож байв. Өгсөж эхлэх үед орой нь нэлээн хол харагдаж, хүрч чадах болов уу гэж бодогдож байлаа.
Цаашлах тусам ядарч, булчин хөндүүрлэж, өндрийн нөлөө ч нөлөөлж эхлэв. Бидний хувьд дотроо зөвхөн дараагийн алхамдаа төвлөрөх нь л чухал болсон. Бид өөрсдөдөө “Орой дээр гарах хүртэл хол байгаа ч дараагийн алхмаа хийж чадна” гэж хэлж байлаа. Хэсэг хугацааны дараа энэ хүнд хэцүү даалгавар алхам алхмаар хэрэгжих боломжтой болсон юм.
(Скотт Д.Вайтинг, “Түүнтэй адил болох нь,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10)
-
Энэ жишээг өөр олон зорилгод хүрэхэд ашиглаж болно. Энэ нь Есүс Христтэй адилхан болох зорилгын талаар юуг ойлгоход бидэнд тусалдаг вэ?
Цаг гарган, Есүс Христтэй адилхан болохын тулд юу хийсэн, юу хийж байгаагаа тунгаан бод.
-
Есүс Христтэй адилхан болохыг хичээхийн юу нь хэцүү вэ?
-
Есүс Христтэй адилхан болох явцад юу танд тусалсан бэ?
Есүс Христтэй адилхан болох явцад гаргаж буй ахиц нь аажмаар, алхам алхмаар явагддаг болохыг олж харах нь чухал гэдгийг санаарай. Энэ хичээлийг судлахдаа дараагийн алхмаа хийхэд Аврагчийн тусламжтайгаар юу хийж болохоо олж мэд.
Бурханлаг шинж чанар
Төлөөлөгч Паул Есүс Христэд итгэх итгэлтэй байсан Сүмийн гишүүдэд хандан бичсэн захиандаа тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ мөн Тэдний тэнгэрлэг мөн чанарын талаар мэдэхийн адислалыг хүлээн аваасай хэмээн хүсэж байгаагаа илэрхийлсэн.
2 Петр 1:2–4 -ийг уншаад, энэ мэдлэгээр дамжин бидэнд ирж болох адислалуудыг олж мэд.
-
“Бурхан чанарыг хуваалцагч” ( 2 Петр 1:4) гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Бидний хүн нэг бүр “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү” нь бөгөөд бурханлаг шинж чанартай билээ (“ Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг ,” ChurchofJesusChrist.org). Бид Есүс Христийн төгс жишээг дагаж, Түүнд өөрчлөгдөхөд маань тусална гэдэгт итгэх үед Тэрээр бидэнд Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж, цэвэршүүлэгдэхэд тусална.
Судлах тэмдэглэлдээ Фүжи эсвэл өөрийн сонгосон аль нэгэн уулын энгийн таталбар зураг зур. Уулан дээрээ Есүс Христийн зан чанараас хэдийг бич.
-
Та Есүс Христийн ямар зан чанарыг хамгийн ихээр хүндлэн биширдэг вэ? Яагаад?
2 Петр 1:5–7 -г уншаад, Петрийн жагсаасан Христийнхтэй адил зан чанарыг олж мэд. Тэдгээрийг судлах тэмдэглэлдээ бичсэн зан чанар дээрээ нэм.
Цаг гарган “бүхий л хичээл зүтгэлээр” ( 5-р шүлэг) гэсэн үгээр Петр ямар утга агуулгыг илэрхийлсэн байж болох талаар бод.
-
Та үүнийг бүдүүвч зурган дээрээ хэрхэн дүрслэх вэ?
2 Петр 1:8–11 -ийг уншаад, эдгээр зан чанарыг хөгжүүлснээр юу тохиолдох талаар Петр гэгээнтнүүдэд юу гэж хэлснийг олж мэд.
-
Эдгээр шүлгээс та ямар үнэнийг олж мэдсэн бэ?
Та сурч мэдсэн зүйлийнхээ ачаар бүдүүвч зурган дээрээ юу нэмэхээ бод. Та Есүс Христийг таньж мэдэх талаар сурч мэдэж буй чухал үнэнүүдээ нэгтгэсэн гарчгийг зурсан уулан дээрээ нэмж болно.
-
Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхийн тулд бид юу хийж болох вэ?
-
Бурханлаг зан чанарыг хөгжүүлэх нь хэрхэн бидэнд Есүс Христийг таньж мэдэн, Түүнтэй илүү адилхан болоход тусалдаг гэж та бодож байна вэ?
Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх
Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх аян зам нь нэг зан чанарыг сонгоод, энэ талаар илүү ихийг судлах гэсэн энгийн алхмаар эхэлж болно. 2 Петр 1:5–7 -д жагсаасан мөн уулын бүдүүвч зурган дээрээ бичсэн зан чанарын аль нэгийг сонгох замаар энэ аян замаа өнөөдөр эхлүүл.
Сонгосон зан чанарынхаа талаар илүү сайн судлах нэг арга зам бол Судруудын удирдамж, Topical Guide-ыг ашиглах эсвэл Gospel Library-ын хайх үйлдлийг ашиглан тухайн зан чанартай холбоотой судар юм уу мэдэгдлүүдийг олох явдал юм.
Судлах тэмдэглэлдээ тэмдэглэл бичээд, уншсан судрынхаа чухал үг хэллэгүүдийг тэмдэглэж болно.
-
Та аль зан чанар дээр төвлөрөхийг хүсэж байна вэ?
-
Та өөрийн суралцсан зүйлсээс Есүс Христийн тухай болон уг зан чанарын тухай юуг мэдэж авсан бэ?
-
Энэхүү Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлснээр таны амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох вэ?
-
Энэ зан чанарыг хөгжүүлэн Аврагчтай адилхан болохын тулд та ямар ямар хүчин чармайлт гаргахад бэлэн байна вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхэд надаас юу шаардагдах вэ?
Далын ахлагч Скотт Д.Вайтинг ийн заасан.
Та бодитой өсөж хөгжихийн тулд тасралтгүй зүтгэх хэрэгтэй болно. Ууланд авирахын тулд өмнө нь бэлдэж, авирах үедээ тэсвэр хатуужил, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байдаг шиг амьдралын энэхүү аян хичээл зүтгэл, золиос гаргахыг мөн адил шаардах болно. Христийн үнэн шашинтан байх гэдэг нь өөрсдийн Эзэнтэй адил болохыг хичээнэ гэсэн үг юм. Энэ нь биднээс байнга хамгийн сайнаараа хичээхийг шаарддаг. …
Түүний тэнгэрлэг тусламж, хүч чадлаар Түүнтэй адил болох нь алхам алхмаар хийгдэх боломжтой гэдгийг би мэднэ. Тийм бус аваас Тэрээр бидэнд ийм зарлигийг өгөхгүй байх байсан юм [ 1 Нифай 3:7 -г үзнэ үү].
(Скотт Д.Вайтинг, “Түүнтэй адил болох нь,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11)
Христийнхтэй адил зан чанарыг олж авахыг хичээхэд маань юу тохиох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс (1932–2017) ийн тайлбарласан.
Аврагчийн зан чанар бол бидний ойлгож байгаагаар мөрдөх ёстой баримт бичиг эсвэл шалгах ёстой жагсаалт биш юм. Тэдгээр нь өөр хоорондоо сүлжилдсэн зан чанарууд бөгөөд бидний дотор харилцан нөлөөлөх маягаар өсөж хөгждөг. Өөрөөр хэлбэл, бид Христийн бусад зан чанарыг хөгжүүлэхгүй, бусдад нь нөлөөлөхгүйгээр ганц нэгийг нь хөгжүүлэх боломжгүй юм. Нэг зан чанар нь хүчтэй болж ирэхэд бусад зан чанар нь мөн адил хүчтэй болдог.
Робэрт Д.Хэйлс, “Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Бид муугаас сайн, сайнаас улам сайн болж, төрөлх зан чанартаа өөрчлөлт гаргахад Аврагчийн тусламжийг амьдрал дахь аяныхаа туршид авч болно.
(Дэвид А.Бэднар, “Цагаатгал ба бидний амьдрал дахь аян,” Ensign, Apr. 2012, 42; Лиахона, 2012 оны 4-р сар)