2 Тесалоник 2
Их урвалт
Хэрэв танд Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал байхгүй байсан бол таны амьдрал ямар байх байсан бэ? Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд хүмүүсийн хорон муу санаа эцэст нь сайн мэдээнээс урвахад хүргэнэ хэмээн заасан (2 Тесалоник 2:1–7-г үзнэ үү). Энэ хичээл нь Шинэ Гэрээний үе дэх Сүмийн урвалт хэрхэн явагдсан мөн яагаад Аврагчийн Сүм хожмын өдрүүдэд сэргээгдэх болсон талаар ойлгоход танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Их урвалт
Та өөрийгөө номлолын анхны өдрөө ажиллаж байгаа номлогч гэж төсөөл. Та нэг хүнд Их урвалтын талаар заах ёстой.
-
Та үүнийг тэдэнд хэрхэн тайлбарлах вэ?
-
Энэ нь яагаад хэцүү байж болох вэ?
-
Их урвалтыг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Судлах тэмдэглэлдээ Их урвалтын талаар өөрт байгаа эсвэл сонирхогчийн асууж болох асуултуудыг жагсаан бич. Судлахдаа та эдгээр асуултын хариултыг олохын тулд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл.
Паул Сүмийн уналтын талаар бошиглов
Тесалоникийн гэгээнтнүүдэд Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар олон асуудал байсан бөгөөд энэ нь удахгүй тохионо гэж тэд бодож байжээ. Паул тэдний асуудлыг захидалдаа дурдсан бөгөөд Христийг дахин ирэхийн өмнө өөр зүйл болсон байх ёстойг тайлбарласан.
2 Тесалоник 2:1–3 -ыг уншаад, Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө юу болох талаар Паул юу заасныг олж мэд. Паулын үгийг илүү сайн ойлгоход туслах зүүлт тайлбарыг ашигла.
-
Паул Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө юу болно хэмээн заасан бэ?
Паулын дүрсэлсэн “урвалт” нь Их урвалт байсан бөгөөд энэ нь Есүс Христийн төлөөлөгчдийг нас барсны дараа тохиосон юм. Энэ Их урвалт нь хувь хүмүүс эсэргүүцэж эсвэл үнэнээс урвадаг хувь хүний урвалтаас өөр (Судруудын удирдамжаас “ Урвалт ” гэдгийг үз, scriptures.ChurchofJesusChrist.org).
-
Паулын үг Бурхан Тесалоникийн гэгээнтнүүдийг харж хандан, санаа тавьдаг байсан гэдгийг хэрхэн харуулж байна вэ?
Бид эдгээр шүлгээс Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө Түүний Сүмд урвалт тохионо гэдгийг эртнээс бошиглосон гэх үнэнийг мэдэж авч болох юм.
-
Энэ үнэнийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М. Рассэлл Баллард урвалтын үеүд яагаад тохиодог талаар тайлбарласан.
Бидний Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ адил тэгш хайрладаг. Тэрээр бүх хүүхэд нь сайн мэдээний адислалуудыг амьдралдаа аваасай гэж хүсдэг. Бурхан хүүхдүүдээ орхисноос болж сүнсний гэрэл алга болдоггүй. Харин Түүний хүүхдүүд бүгдээрээ Түүнээс нүүр буруулснаас сүнслэг харанхуй болдог. Сүнслэг харанхуй бол хувь хүн, нийгэм, улс орнууд мөн бүхэл соёл иргэншлийн буруу сонголт хийсний зүй ёсны үр дүн юм.
(М.Рассэлл Баллард, “Өнгөрсөн үеийн сургамжаас суралцахуй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34)
-
Энэ мэдэгдлийн юу нь та нарын анхаарлыг татаж байна вэ? Яагаад?
Тэнгэрлэг Эцэг бүхнийг мэддэг тул ( 2 Нифай 9:20 -ийг үзнэ үү) Их урвалт Түүний хувьд гэнэтийн зүйл байгаагүй. Тэрээр Өөрийн бүх хүүхдийг хайрладаг ( Иохан 3:16 -г үзнэ үү) тул Есүс Христийн Сүмээр болон сайн мэдээний Сэргээлтээр дамжуулан энэхүү Их урвалтыг даван гарах арга замыг өгсөн ( Үйлс 3:19–21 ; Ефес 1:10 -ыг үзнэ үү).
Их урвалтын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх
Дараах үйл ажиллагаа нь Их урвалт хэрхэн тохиосон мөн яагаад Аврагчийн Сүм хожмын өдрүүдэд сэргээгдэх ёстой байсан талаар илүү сайн ойлгоход танд тусална.
Судрын дараах хэсгүүд болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг судлаад, дараа нь доорх асуултуудад хариул.
-
1 Нифай 13:24–28 : Нифай Библи дээрх чухал үнэнүүдэд юу тохиох талаар үзэгдэл үзсэн.
-
Амос 8:11–12 : Амос удахгүй тохиох сүнслэг өлсгөлөнгийн талаар бошиглосон.
-
Үйлс 20:29–30 : Паул Аврагчийн Сүмийн гишүүд сайн мэдээнээс холдоно гэдгийг сэрэмжлүүлсэн.
-
Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.
“Бидний амьд Бурхан бол хайрын Бурхан! Тэр хүүхдүүдээ Түүнийг болон Түүний илгээсэн Есүс Христийг мэдээсэй хэмээн хүсдэг! Мөн Тэрээр хүүхдүүдээ үхэшгүй байдал болон мөнх амьдралыг аваасай гэж хүсдэг!
“Энэхүү алдар суут зорилгын төлөө номлогчид Сэргээлтийн тухай заадаг. Тэд 2000 орчим жилийн тэртээ, Их Эзэн Өөрийн Сүмийг зохион байгуулсан гэдгийг мэддэг. Түүнийг цовдлуулсны дараа болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа, хүмүүс Сүм болон сургаалыг өөрчилжээ. Тэгээд олон үеийн турш сүнсний харанхуй байдалд байсны дараа эртний бошиглогчдын зөгнөснөөр Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ Сүм, сургаал, санваарын эрх мэдэл зэргийг сэргээсэн юм. Сэргээлтийн ачаар аврал, өргөмжлөлийн талаарх мэдлэг болон ёслолууд бүх хүнд дахин боломжтой болсон юм. Эцэст нь өргөмжлөл бидний хүн нэг бүрд Бурхан болон Есүс Христийн оршихуйд гэр бүлтэйгээ үүрд хамтдаа орших боломжийг бидэнд олгодог билээ!”
Рассэлл М.Нэлсон, “Давалгаанд нэгдэгтүн,” Ensign, May 2013, 46 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55–56
-
Та Их урвалтын талаар юу сурч мэдэж авсан бэ?
-
Та тэдгээр сургаалаас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу олж мэдсэн бэ?
-
Таны олж мэдсэн зүйл дээр тулгуурлан үзэхэд Сэргээлт яагаад шаардлагатай байсан бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд өөрийгөө эхнэртэйгээ хамт Их урвалтын үед амьдарч байсан бол асуух байсан асуултуудыг хуваалцжээ. “Энд юу дутуу байна вэ? Бидэнд юу байсан ч болоосой гэж бид хүсэж байна вэ? Сүнслэг хүсэлд маань Бурхан ямар хариу барина гэж бид найддаг вэ?” (“Найдварын төгс гэрэл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99). Хэрэв тухайн цаг үед амьдарч байсан бол танд төрөх байсан ижил төстэй бодол санаа, мэдрэмжүүдийг тунгаан бод.
-
Хэрэв танд Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал байхгүй байсан бол таны амьдрал ямар байх байсан бэ?
-
Аврагчийн сэргээгдсэн Сүмийн юунд та хамгийн их талархдаг вэ? Яагаад?
-
Энэ хичээл дээр үндэслэхэд, Тэнгэрлэг Эцэг таныг юу мэдэж, мэдэрч эсвэл хийгээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Сэргээлтийн өмнө амьдарч байсан Христэд итгэгчид Урвалт тохиож байгааг ажигласан болов уу?
Шинэчлэгч Мартин Лютэр (1483–1546) ийн заасан.
Би ариун судруудтай нийцдэг Сүмийг шинэчлэн байгуулахаас өөр юуг ч эрэлхийлээгүй. … Энгийнээр хэлбэл, Христийн шашныг хадгалан үлдэх ёстой байсан хүмүүсийн дунд энэ нь байхаа больсон гэж хэлмээр байна.
(E. G. Schwiebert, Luther and His Times: The Reformation from a New Perspective [1950], 509-д)
Америкийн эхэн үеийн Христийн шашны удирдагч Рожэр Виллиамс (1603–1683) ийн тайлбарласан.
Урвалт нь … Христ сүмүүдийг шинээр байгуулах шинэ төлөөлөгчдийг илгээхээс нааш урвалтаас сэргэн гарах гарц байхгүй болтлоо тийм ихээр завхарсан байсан.
(Philip Schaff, The Creeds of Christendom, 3 vols. [1877], 1:851-д)
Нидерландын философич Эразмус (1466–1536) ийн заасан.
Одоо бид дэлхийг Христийн үнэн шашинд сэргээнэ гэж найдах ч зориггүй болтол бүх зүйл эдгээр [сургаалын] асуулт, тушаалуудад төөрөлдсөн байна.
(The Praise of Folly, trans. Clarence H. Miller, 2nd ed. [2003], 155–156)
Ганцхан урвалт байсан уу?
Бүхий л цаг үед урвалтаар төгссөн олон эрин үе байсан. Нигүүлсэнгүй Их Эзэн дараа нь бошиглогчдыг дуудах замаар дэлхийд Өөрийн сайн мэдээг сэргээсэн юм. Энэхүү загварын талаар илүү ихийг мэдэхийн тулд ChurchofJesusChrist.org дээрх “Эрин үе: Урвалт, Сэргээлтийн загвар” (6:52) видеог үзээрэй.
Бид өөр шашин шүтлэгтэй сайн хүмүүсийг хэрхэн харах ёстой вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тайлбарласан.
Ихэнх шашны удирдагч, дагагч Бурханыг хайрлаж, ойлгож, хамгийн сайнаараа Түүнд үйлчилдэг үнэнч итгэгчид гэдэгт бид итгэдэг. Бид итгэлийн гэрлийг олон зууны туршид өнөөдрийг хүртэл хадгалж, амьд хэвээр авч ирсээр ирсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүст өртэй. Бид зөвхөн Бурханы болон Есүс Христийн нэрийг сайн мэддэггүй хүмүүсийн дунд оршдог бүдэг гэрэлтэй харьцуулснаар зуун зууны туршид Христийн шашны багш нарын оруулсан агуу хувь нэмрийг ухааран ойлгож болно. Бид тэднийг Бурханы үйлчлэгчдийнх нь хувьд өргөмжлөн дээдэлдэг.
(Dallin H. Oaks, “Apostasy and Restoration,” Ensign, May 1995, 85)