Үйлс 11, 15
Аврагч илчлэлтээр дамжуулан Өөрийн Сүмийг удирдан чиглүүлдэг
Есүс төлөөлөгчдөдөө сайн мэдээг бүх үндэстэнд номлох болно хэмээн хэлсэн. Гэхдээ ийн номлохын тулд өнө эртний еврей уламжлалыг өөрчлөхөд хэцүү байх байв. Есүс тэнгэр өөд гарснаар эдгээрийг илчлэлтээр дамжуулан өөрчлөх хэрэгтэй болсон билээ. Энэ хичээлийн зорилго бол Аврагч Өөрийн Сүмийг бошиглогч, төлөөлөгчдөдөө өгдөг илчлэлтээр дамжуулан удирдан чиглүүлдэг талаарх таны ойлголтыг гүнзгийрүүлэх явдал юм.
Найзын асуулт
Танаас өөр итгэл үнэмшилтэй найз тань орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдөд итгэх таны итгэлийн талаар олж мэдсэн гэж төсөөл. Хэдийгээр найз тань Библид гардаг бошиглогч, төлөөлөгчдөд итгэдэг боловч Бурхан тэднээр дамжуулан өнөөдөр ч үйл хэргээ явуулдаг гэсэн санааг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Тэр танаас “Есүс бошиглогч, төлөөлөгчидтэй яаж ярилцдаг юм бэ?” гэж асуув.
-
Та энэ асуултад хариулж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-
Та найздаа юу гэж хэлэх вэ?
Хариулах хэд хэдэн арга байгаа ч Үйлс 11 болон 15 нь Есүс Христ илчлэлтээр дамжуулан Өөрийн Сүмийг удирдан чиглүүлдэг хоёр арга замыг дүрслэн харуулсан.
Бошиглогчдод өгсөн илчлэлт
Петр үзэгдэл харж, Корнелтэй уулзсаныхаа дараа ( Үйлс 10 -ыг үзнэ үү) Иерусалим руу явж, шинээр илчлэгдсэн эдгээр үнэнийг Сүмийн бусад удирдагчид заажээ.
Петр Иерусалимд ирснийхээ дараа, өөрийн харсан үзэгдэл болон Корнелтай уулзсан талаараа хүүрнэжээ ( Үйлс 11:1–18 -ыг үзнэ үү).
Үйлс 11:4–18 -ыг уншаад, Бурхан Сүмийг хэрхэн удирдан чиглүүлдэг талаар олж мэд.
-
Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн удирдан чиглүүлдэг талаар энэ түүхээс та юу олж мэдсэн бэ?
Петрт тохиолдсон явдлаас бид Есүс Христ Өөрийн бошиглогч, ахлах төлөөлөгчид илчлэлт өгөх замаар Өөрийн Сүмийг удирдан чиглүүлдэг гэдгийг олж мэдэж болно.
-
Энэ үнэнийг мэдэж байх нь Есүс Христийн тухай мөн Түүний бошиглогчдын талаарх таны гэрчлэлийг бэхжүүлэхэд хэрхэн туслах вэ?
-
Яагаад та өнөөгийн Сүмийг Их Эзэний бошиглогчдод өгсөн илчлэлтээр удирдан чиглүүлдэг гэдэгт итгэдэг вэ?
Зөвлөлөөр дамжуулан өгдөг илчлэлт
Аврагч Өөрийн бошиглогч, төлөөлөгчдөд хэрхэн илчлэлт өгдөг талаарх өөр нэг жишээг Үйлс 15 -д дүрслэн харуулсан байдаг.
Паул, Барнаб гэгч хоёр номлогч олон харийнханд зааж, баптисм хүртээсэн. Иудейн зарим Христэд итгэгч Антиохт ирсэн бөгөөд харийнхны хөрвөгдсөн эрчүүдийг Есүс Христийн болон Түүний төлөөлөгчдийн заасан сайн мэдээний дагуу амьдрахын зэрэгцээ Мосегийн хуулийн дагуу хөвч хөндүүлэх хэрэгтэй гэж заасан байна ( Үйлс 15:1, 5 -ыг мөн Судруудын удирдамж дахь “ Хөвч хөндөх ёслол ”-ыг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).
Үйлс 15:2 -ыг уншаад, Паул, Барнаб хоёр энэ асуудлыг хэрхэн шийдэхээр эрэлхийлснийг олж мэд.
-
Яагаад Паул, Барнаб хоёрыг Иерусалим дахь Сүмийн удирдагчдаас удирдамж заавар авахаар эрэлхийлсэн гэж та бодож байна вэ?
Үйлс 15 нь Сүмийн удирдагчид хамтдаа зөвлөлдөж, Бурханаас илчлэлт эрэлхийлснээр хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэх сүнслэг өдөөлтийг хүлээн авдаг гэсэн нэг үнэнийг харуулдаг. Петр болон Сүмийн бусад удирдагч хамтдаа зөвлөлдсөнөөр Бурханаас удирдамж заавар хүлээн авсан. Тэд хөрвөгдсөн харийнхнаас хөвч хөндүүлэхийг шаардахгүй гэсэн шийдвэрээ Сүмийн гишүүдэд мэдэгдсэн захидлыг илгээсэн бөгөөд бусад зарлигийг сахих урилгыг мөн багтаажээ.
Зөвлөл гэдэг нь чухал асуудлын талаар болон тэдгээрт хэрхэн хариулахыг авч хэлэлцэхээр хамтдаа цуглардаг хэсэг бүлэг хүн юм. Сүмд зөвлөл хэрхэн ажилладаг талаар илүү сайн ойлгохын тулд Ерөнхий гарын авлагаас дараахыг унш.
[Зөвлөлийн] удирдагч гишүүдийг нээлттэй, шударга ярихад урамшуулна. Зөвлөлийн гишүүдийн янз бүрийн нөхцөл байдал, нас, туршлага, харах өнцөг зөвлөлийг баяжуулдаг. Гишүүд нэг нэгнээ хүндэтгэлтэй сонсож, санаагаа хуваалцана. Тэд Их Эзэний хүслийг мэдэхээр эрэлхийлэх үедээ илчлэлт, эв нэгдлийн сүнсээр дүүргэгддэг.
(Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 4.4.3, ChurchofJesusChrist.org)
-
Сүмийн зөвлөл гэж юу болохыг та хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Иерусалим дахь зөвлөл
Үйлс 15:6–15, 22–28 -ыг уншаад, зөвлөлийн өөр өөр хэсгийн нотолгоог хайж ол. Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулж зур. Баруун баганад зүүн багана дахь хэллэгтэй холбоотой шүлгийн үг хэллэгүүдийг бич.
Санваарын түлхүүрийн дагуу ажилладаг | |
Хувь хүн, гэр бүлийн сайн сайханд төвлөрсөн | |
Зөвлөлийн гишүүдэд санал бодлоо илэрхийлэхийг зөвшөөрдөг | |
Эв нэгдэл рүү хөтөлдөг |
Мөн орчин үеийн удирдагчид Сүмийн асуудалд Их Эзэний удирдамжийг урин авчрахын тулд зөвлөлийг ашигладаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах зүйлийг хуваалцжээ.
Биднийг Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулгын хамтарсан зөвлөлийн хувьд хуралдахад уулзалтын өрөөнүүд маань илчлэлтийн өрөөнүүд болж, тэнд Сүнс илт оршин байдаг. Биднийг ярвигтай асуудлуудтай тэмцэлдэж байхад, төлөөлөгч бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үед сэтгэл хөдөлгөм үйл явц явагддаг. Бидний харах өнцөг эхэндээ өөр өөр байж болох ч нэг нэгнээ гэсэн хайр маань хувиршгүй байдаг. Бидний нэгдмэл байдал Их Эзэний Сүмээ гэсэн хүслийг ялган танихад тусалдаг юм.
Уулзалтуудад маань олонх хэзээ ч захирч ноёрхдоггүй! Бид нэгдмэл болох хүртлээ нэг нэгнээ залбиран байж сонсон, харилцан ярилцдаг. Тэгээд биднийг бүрэн зөвшилцөлд хүрэхэд Ариун Сүнсний нэгтгэгч нөлөө үнэхээр сэтгэл хөдлөм байдаг. Бошиглогч Иосеф Смитийн “Бид сэтгэл санааны эв нэгдлээрээ Бурханы хүчийг олж авдаг” хэмээн заахдаа мэддэг байсан зүйл бидэнд тохиолддог [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 447]. Тэргүүн Зөвлөлийн эсвэл Арван хоёрын чуулгын гишүүн нь Их Эзэнээс асууж лавлахгүйгээр Сүмд зориулан шийдвэр гаргадаггүй.
(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116)
-
Та хичээлийн эхэнд өгсөн жишээн дээрх, Есүс Христ бошиглогч, төлөөлөгчидтэй хэрхэн ярилцдаг талаар асуусан найзынхаа асуултад хэрхэн хариулах байсан бэ?
-
Эдгээрт сударт тодорхойлсон үнэнүүдийг мэдэх нь бошиглогч болон Сүмийн бусад удирдагчийн талаарх таны бодолд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Есүс Христ эдгээр арга замаар Өөрийн Сүмийг удирдан чиглүүлдэг гэдгийг мэдэх нь өнөөгийн бошиглогч, төлөөлөгчдийн гаргасан шийдвэрийг хардаг байдалд тань хэр нөлөөлөх вэ?
-
Та амьдралынхаа туршид ямар зөвлөлд оролцох вэ?
-
Та зөвлөлд илчлэлт хүлээн авахад туслахын тулд юу хийж чадах вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Сүмийн удирдагчдад өгсөн илчлэлт
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Христийн сургаал” хэлсэн үгэндээ Сүмийн удирдагчдад өгдөг илчлэлтийн талаар заахдаа Үйлс 11 ба 15 -д цэдэглэсэн түүхийг ашигласан. Хэлсэн үгийг бүхэлд нь судал.
Гэр бүлд зөвлөл хэрхэн ажилладаг вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч, ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Гэр бүлийн зөвлөл” (Ensign, May 2016, 63–65 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49–52) хэлсэн үгэндээ гэр бүлийн зөвлөлийн талаар заажээ.