Үйлс 12:1–19
Төлөөлөгчид Аврагчийн ажлыг урагшлуулахаар хичээхдээ эсэргүүцэлтэй тулгарсан. Иаковыг Херодын тушаалаар алсан бол Петрийг шоронд хоригдож байхад тэнгэр элч түүнийг Сүмийн гишүүдийн залбирлын хариуд чөлөөлжээ. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгт болон Тэрээр залбиралд хариулдаг гэдэгт илүү их итгэлтэй болоход танд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өөр өөр үр дүн
Хүмүүсийн дараах нөхцөл байдалд өөр өөр арга замаар үзүүлж болох хариу үйлдлийн талаар бод.
Нэгэн залуу хүү хорт хавдраар өвдсөн аавыгаа эдгэрээсэй гэж олон жил уйгагүй залбирсан боловч аав нь эдгэрсэнгүй.
Нэгэн залуу эмэгтэй ээжийгээ хорт хавдар өвчнөөс бүрэн эдгээсэй гэж чин сэтгэлээсээ залбирсан бөгөөд ээж нь олон жилийн турш тэмцсэний үр дүнд гайхамшигтайгаар эдгэрчээ.
-
Хэзээ таны эсвэл бусдын залбирал хүсэн хүлээж байсан арга замаар ирээгүй вэ?
-
Та үүнд хэрхэн хандсан бэ?
-
Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлтэй байдал тань таны хариу үйлдэлд хэрхэн нөлөөлсөн бэ?
Эрэлхийлж буй гайхамшиг эсвэл адислалуудаа судлах тэмдэглэл дээрээ тодорхойл. Бурханд илүү итгэж найдах нь амьдралд тань хэрхэн илүү сайнаар нөлөөлж болох талаар бод. Суралцаж байхдаа Тэнгэрлэг Эцэгт болон Тэрээр залбиралд хариулна гэдэгт илүү их итгэх итгэлийг хөгжүүлэхэд туслах үнэн мөн жишээнүүдийг олж мэд.
Сүмийн гишүүдэд тулгарсан хавчлага дарамт
Сайн мэдээг үргэлжлүүлэн түгээхийн хэрээр Ромын болон Иудейн удирдагчид Сүмийн гишүүдийг хавчиж байв. Петр, Иохан зэрэг Сүмийн зарим удирдагчийг Бурхан гайхамшигтайгаар чөлөөлж байсан бол ( Үйлс 5:17–21 -ийг үзнэ үү) Стефан зэрэг бусад удирдагчийг чөлөөлөөгүй ( Үйлс 7:54–60 -ыг үзнэ үү).
Та Үйлс 12:1–4 -ийг уншихдаа, өөрийгөө эдгээр үйл явдал өрнөж байх үеэр Сүмийн гишүүн байсан гэж төсөөл. Хорлох гэдэг үг нь дарамтлах эсвэл хор хөнөөл учруулах гэсэн утгатай. 4-р шүлэг нь Херод Петрийг дараа нь олон нийтийн өмнө цаазлахаар төлөвлөж 16 цэргээр мануулсан гэсэн утгатай.
-
Тухайн үед амьдарч байсан Сүмийн гишүүний хувьд танд ямар мэдрэмж төрж, юу гэж асуумаар санагдах байсан бэ?
Үйлс 12:5 -ыг уншаад, Сүмийн гишүүд хариуд нь юу хийснийг олж мэд.
-
Петрийн төлөө залбирч, итгэл үнэмшлээ харуулах нь яагаад хэцүү байх байсан бэ?
-
Сүмийн гишүүдийн Тэнгэрлэг Эцэгийн талаарх ямар ойлголт тэдэнд ийн үйлдэх сэдлийг төрүүлсэн гэж та бодож байна вэ?
Үйлс 12:6–11 -ийг уншаад, Сүмийн гишүүдийн залбиралд хэрхэн хариулсныг олж мэд.
-
Хэрэв та залбиралд өгсөн энэ хариултын гэрч болсон бол ямар бодол, мэдрэмж танд төрөх байсан бэ?
-
Үүнтэй адил үйл явдал Тэнгэрлэг Эцэгт итгэх таны итгэлд хэрхэн нөлөөлөх байсан бэ?
-
Бид энэ түүхээс залбирлын талаар ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
Чин сэтгэлийн залбирал
Бид энэ түүхээс бидний чин сэтгэлийн залбирал өөрсдийн маань болон бусдын амьдралд Бурханы гайхамшиг, адислалуудыг урьдаг гэсэн үнэнийг мэдэж авч болно.
Чин үнэнч залбирлаас урган гарсан гайхамшгууд ихэнхдээ том, хурц тод биш, харин жижиг, энгийн байдаг.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М. Рассэлл Баллардын амьдралд тохиолдсон залбирлын гайхамшгийг харахын тулд дараах мэдэгдлийг унш.
Би өөрийн туршлагаас залбирлын хүчийг мэднэ. Би саяхан оффис дээрээ ганцаараа байсан бөгөөд гартаа эмнэлгийн мэс ажилбар хийлгүүлсэн байв. Гар минь харлаж хөхрөн, хавдаж, зовуурьтай байсан. Би ширээнийхээ ард суугаад, өвдөлтөөсөө болж анхаарал сарниж, онцгой, чухал асуудлууд дээр төвлөрч чадахгүй байлаа.
Би Их Эзэнээс ажлаа хийж гүйцэтгэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэхэд минь туслахыг гуйв. Би босоод, ширээн дээр овоорсон цааснууд дээрээ очлоо. Бараг тэр даруй оюун санаа минь цэлмэж, төвлөрч эхлэн, би яаралтай ажлуудаа дуусгаж чадав.
(M.Рассэлл Баллард, “Залбирч, ямагт сэргэг байгтун,” Ensign, Nov. 2020, 79 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83)
-
Бурхан залбиралд хариулж байсан ямар туршлага танд эсвэл бусдад байдаг вэ?
-
Эдгээр туршлага Тэнгэрлэг Эцэгийн таны болон бусдын төлөөх хүсэл, мэдрэмжийн талаар юу заасан бэ?
-
Эдгээр туршлага Тэнгэрлэг Эцэгт итгэх таны хүсэл, чадварт хэрхэн нөлөөлсөн бэ?
Бурханд итгэх
Үйлс 12:12–17 -г уншаад, энэ түүх хэрхэн төгссөнийг олж мэд. 17-р шүлэгт дурдсан Иаков, 2-р шүлэгт дурдсан Иаков хоёр нэг хүн биш гэдгийг сана.
Заримдаа бидний залбирал хүсэн хүлээж байсан арга замаар маань хариулагддаггүй. Иаковын амиа алдсан явдал ийм нэг жишээ байж болох юм. Тухайн цаг үед амьдарч байсан гэгээнтнүүд Иаковын төлөө залбирч байсан ч Херод түүнийг хөнөөсөн юм ( Үйлс 12:2 -ыг үзнэ үү).
Хичээлийн эхэнд өгсөн жишээний талаар болон таны амьдрал дахь Бурханы таны хүсэн хүлээсэн арга замаар залбиралд тань хариулаагүй үеийн талаар эргэцүүлэн бод.
-
Эдгээр нөхцөл байдалд Тэнгэрлэг Эцэгт итгэхэд тань туслах Түүний талаарх ямар зүйлийг та мэдэх вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бидэнд залбирлыг маань хүсэн хүлээсэн арга замаар хариулаагүй үед тус болж болох нэгэн зүйлийн талаар заасан юм. Та “Өвчтөнийг эдгээх нь” видеог цагийн код 15:19-өөс 16:55 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болох юм.
Бурханы хүүхдүүдийн хувьд бид Түүний агуу хайрыг болон бидний мөнхийн сайн сайхан байдалд юу хамгийн сайн болох талаар Тэр төгс мэддэг гэдгийг нь мэддэг тул Түүнд итгэдэг. Сайн мэдээний анхдагч зарчим бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл юм. Итгэл гэдэг нь найдвар гэсэн үг. Хүнд өвчний улмаас хорвоог орхисон арван хэдтэй охины оршуулгын ёслол дээр хамаатныхаа хүний хэлсэн үгээс би тэр найдлагыг мэдэрч байлаа. Эхлээд намайг гайхшируулж, улмаар гэгээрүүлсэн дараах үгсийг тэр хэлж билээ. “Охин хорвоог орхисон нь Их Эзэний хүсэл байсныг би мэднэ. Түүнд сайн эмчилгээ хийсэн. Санваарын адислал өгсөн. Түүний нэр ариун сүмийн залбирлын нэрсийн жагсаалтад байсан. Охиныг эдгэрч, эрүүл болохын төлөө зуу зуун залбирал хэлэгдсэн. Түүнийг энэ үед гэртээ аваачих нь Их Эзэний хүсэл биш байсан бол тэр эдгэрэх байсан гэж гэрийнхэн нь баттай итгэж байсныг би мэднэ” гэж тэр хэлсэн юм. Мөн арван хэдэн настайдаа нас барсан өөр нэг сор болсон охины эцгийн хэлсэн үгэнд би тийм найдварыг мэдэрч билээ. Тэрээр “манай гэр бүлийн итгэл Есүс Христэд төвлөрдөг бөгөөд энэ нь бидний итгэлийн үр дүнгээс хамааралгүй юм” гэж хэлсэн. Түүний энэ үг миний хувьд үнэн юм. Бид хайрт нэгнийгээ эдгэрэхийн төлөө чадах бүхнээ хийдэг. Харин үр дүн нь ямар байхыг бид Их Эзэнд даатгадаг.
(Даллин Х.Өүкс, “Өвчтөнийг эдгээх,” Ensign, May 2010, 50 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 58)
-
Санаж явахад чухал ямар зүйлийг ерөнхийлөгч Өүкс заасан бэ? Яагаад?
Өнөөдөр олж мэдсэн зүйл дээрээ тулгуурлан дараах асуултуудын нэг эсвэл нэлээн хэдэд тэмдэглэлдээ хариулж бич.
1. Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлийг тань өсгөн нэмэгдүүлэх, Түүний талаарх ямар зүйлийг та олж мэдсэн бэ?
2. Залбирлын талаар санавал зохих юуг та сурч мэдсэн бэ?
3. Өөрийн залбирлыг хэрхэн сайжруулах эсвэл Тэнгэрлэг Эцэгт хэрхэн илүү их итгэж найдахыг эрэлхийлэх талаар та Ариун Сүнснээс ямар ямар удирдамж хүлээн авсан бэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Залбиралд хариулахгүй байгаа мэт санагдах үед бид юуг ойлгох хэрэгтэй вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт ийн тайлбарласан.
Яаралтай чухал залбирлын хариу ирэхгүй байх нь бид залбирлын тухай зарим үнэнийг ойлгоогүй эсвэл бид хариулт ирэх үед таниагүй байхын аль нэг нь байж болно. …
… Тэр бүх залбирлыг сонсож, Өөрийнхөө арга замаар хариулдаг.
(Richard G. Scott, “Learning to Recognize Answers to Prayer,” Ensign, Nov. 1989, 30–31)
Миний залбирал Сүмийн удирдагчдыг хэрхэн адисалдаг вэ?
Тэргүүн Зөвлөл нь Сүмийн “итгэл найдвар, итгэл бас сүмийн залбирлаар” ( Сургаал ба Гэрээ 107:22 -ыг үзнэ үү) дэмжигддэг гэдгийг бид судраас олж мэддэг. Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа Томас С. Монсон (1927–2018) “Миний төлөө өргөсөн та нарын залбиралд би өмнөх чуулганууд дээр талархал илэрхийлдэг байсны адил одоо ч бас талархал илэрхийлж байна. Та нарын залбирал надад хэрэгтэй, би тэдгээрийг мэдэрдэг” гэж хуваалцжээ (“Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байх болно,” Ensign, Nov. 2012, 111 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 135).
Нэмэлт суралцах үйл ажиллагаа
Эсэргүүцлийн зорилго
Энэ хичээлийг эсэргүүцлийн зорилгод болон эсэргүүцэл хэрхэн биднийг Есүс Христтэй илүү адил болоход туслах замаар Бурханы хаанчлалд ( Үйлс 14:22 -ыг үзнэ үү) бэлддэг болоход төвлөрүүлэхийг бодож үз. Суралцагчдыг Петр, Паул, Барнабас нар бүгд эсэргүүцэлтэй тулгарсан гэдгийг ойлгосны дараа Үйлс 14:22 ; 2 Нифай 2:11 ; Сургаал ба Гэрээ 122:7–9 дээрх үнэнүүдийг тодорхойлоход урь. Мөн ChurchofJesusChrist.org дээрх “The Prophet Joseph Smith” видеог цагийн код 3:08-аас 4:15 хүртэл үзүүл. Яагаад эсэргүүцэлтэй тулгардаг талаар уг видеоноос олж харсан зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс.