Үйлс 19:1–7
Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах
Есүс Христийн гэрээт шавь нарт Тэнгэрлэг Эцэгийн өгдөг хамгийн агуу бэлгүүдийн нэг бол Ариун Сүнсний бэлэг билээ. Тиймээс Паул баптисм хүртсэн байсан ч Ариун Сүнсний талаар огт сонсож байгаагүй гэдгээ хэлсэн Ефес дэх шавь нартай уулзаад гайхсан байдаг. Учир нь тэд баптисм хүртсэн байсан ч Есүс Христийн нэрээр хүртээгүй байв. Тэднийг “Эзэн Есүсийн нэрээр” (Үйлс 19:5) баптисм хүртсэний дараа Паул тэдний толгой дээр гараа тавиад, Ариун Сүнсний бэлгийг өгчээ. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын Ариун Сүнсний бэлгээр дамжуулан танд өгөхийг хүсдэг адислалыг хүлээн авахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Иосеф Смитийн Сүмд өгсөн зөвлөгөө
Иосеф Смитийн амийг егүүтгэсний дараа Сүмийн дараагийн бошиглогчийн хувьд Бригам Янгад олон асуулт, асуудал гарч ирсэн. Нэгэн удаа Иосеф Смит Бригам Янгийн зүүдэнд үзэгдэн, түүнд дараах зөвлөгөөг өгчээ. “Хүмүүст _____________________________________________________ гэж хэл” (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 2-р боть, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 49).
-
Сүмийн гишүүдэд туслахын тулд Иосеф Смит ямар зөвлөгөө өгсөн гэж та бодож байна вэ?
Иосеф Смит Бригам Янгад “Их Эзэний Сүнстэй хамт байж, дагахад анхаар. Тэгвэл энэ нь тэднийг зөв зүйл рүү хөтөлнө хэмээн хүмүүст хэл” (Гэгээнтнүүд, 2:49) гэж зөвлөжээ.
-
Иосеф Смит Бригам Янгад өгч болох байсан бүх зөвлөгөөнөөсөө яагаад Ариун Сүнстэй нөхөрлөхийг эрэлхийлэхийг онцолсон гэж та бодож байна вэ?
Яагаад Иосеф Смитийн Сүмд өгсөн захиас одоо ч гэсэн бидний энэ цаг үе, амьдралд хэрэгтэй хэвээр байгаа гэж бодож байгаа шалтгаануудаа тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.Энэ хичээлийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн Ариун Сүнсний бэлгээр дамжуулан таны амьдралыг адисалж болох талаар бодож үз.
Ариун Сүнсний бэлэг
Паул гурав дахь номлолын аялалдаа гарахдаа Фриги, Галат нутгуудаар явжээ. Тэрээр дараа нь Ефес рүү явсан байна (Библийн газрын зураг 13, “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд”-ыг үзнэ үү). Тэнд тэр Ариун Сүнсний тухай огт сонсож байгаагүй шавь нартай уулзаж, тэдэнд заав. Зохих эрх мэдэлгүй хүн тэр хүмүүст өмнө нь баптисм хүртээсэн байв (Joseph Smith, “Baptism,” Times and Seasons, Sept. 1, 1842, 904, josephsmithpapers.org-ийг үзнэ үү).
Үйлс 19:1–7 -г уншаад, Паул тэр шавь нарт хэрхэн тусалсныг олж мэд.
-
Паул шавь нарт дахин баптисм хүртээхийнхээ өмнө яагаад сургаалаа Есүс Христ дээр төвлөрүүлсэн гэж та бодож байна вэ?
-
Та тэр хүмүүст баптисмын дараа Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахын ач холбогдлын талаар хэрхэн тайлбарлах байсан бэ?
-
Өмнө нь өөр шашинд баптисм хүртсэн хүнтэй та түүх дээрх ямар ямар үнэнийг хуваалцах байсан бэ?
Бидний энэ түүхээс баптисмыг бүрэн хүртэхийн тулд үүнийг баталгаажуулж Ариун Сүнсийг хүлээн авах ёстой гэсэн үнэнийг сурч болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад таныг Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн аваасай хэмээн хүсдэг гэж бодож байгаагаа хэдэн хором эргэцүүлэн бод. Дараах судруудыг уншиж байхдаа энэ талаар тунгаан бод.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад таныг Ариун Сүнсний үүрдийн нөхөрлөлийг хүлээн аваасай гэж хүсдэг гэж та бодож байна вэ?
-
Ариун Сүнс ялангуяа таны амьдралд яг ямар арга замаар тус болдог вэ? Яагаад?
Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахад өөрийгөө бэлдэхийн хэрэгцээ шаардлагыг төсөөлөн бодож, ойлгоход туслахын тулд дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ эсвэл төсөөл.
Ус тогтоох боломжтой угаалтуур эсвэл тосгуур дотор гурван хоосон аяга байрлуул. Нэг аяганы амсрыг цаас юм уу тагаар бүрэн тагла. Өөр аяганд ихэнх зайг нь эзлэх ямар нэг эд зүйл (чулуу гэх мэт) хий. Дараа нь гурван аяга тус бүрийг усаар дүүргэ.
-
Хэрэв аяганууд биднийг, ус нь Ариун Сүнсийг төлөөлөх юм бол цаас (эсвэл таг), чулуу (эсвэл эд зүйл) нь хэн нэгний амьдралд юуг төлөөлж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А. Бэднарын Ариун Сүнсний талаар гаргасан доорх хоёр мэдэгдлийг унш.
Толгой дээр гар тавин, [“Ариун Сүнсийг хүлээн авна уу”] гэх чухал дөрвөн үгийг хэлснээр бидний амьдралд Ариун Сүнс шууд нөлөөлөхүйц болдоггүй.
(Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авах нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103)
Хэрэв бодож, харж, сонсож эсвэл хийж байгаа зүйл маань биднийг Ариун Сүнснээс холдуулж байгаа бол бид тэдгээрийг бодож, харж, сонсож эсвэл үйлдэхээ зогсоох ёстой. Хэрэв тэр нь зугаацуулах зориулалттай бол жишээлбэл, биднийг Ариун Сүнснээс хөндийрүүлэхээр бол гарцаагүй тийм маягийн зугаа цэнгээний зүйлс бидэнд зориулагдаагүй болно. Бүдүүлэг, балмад эсвэл эрээ цээргүй зүйлийг Сүнс тэвчиж чадахгүй учраас ийм зүйлс бидэнд зориулагдаагүй гэдэг нь ойлгомжтой.
(David A. Bednar, “That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign, Liahona, May 2006, 30)
-
Та ахлагч Бэднар өнөөгийн өсвөр үеийнхний ойлгосон байх ёстой ямар амин чухал зүйлийг заасан гэж бодож байна вэ? Яагаад?
-
Та амьдрал дээр Ариун Сүнстэй нөхөрлөж буй эсэхээ хэрхэн ялган таньж чадах вэ? Хамгийн сүүлд та хэзээ Түүний нөлөөг ялган таньсан бэ?
-
Та Ариун Сүнсийг өөртэйгөө тогтмол хамт байлгахад тусалсан ямар шийдвэрүүдийг гаргасан бэ? Тэнгэрлэг Эцэг энэ бэлгээр дамжуулан таныг хэрхэн адисалсан бэ?
Ариун Сүнсний нөлөөллийг өөрийн амьдралд илүү бүрэн дүүрэн, илүү тогтмол хүлээн авах төлөвлөгөө гарга. Үүнд хүрэхийн төлөө ажиллахдаа, Тэнгэрлэг Эцэгээс төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тань туслахыг мөн Ариун Сүнсээр дамжуулан Түүний нөлөөг таньж мэдэхэд туслан адислахыг хүс.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Яагаад Ариун Сүнсний нөлөөг амьдралдаа хүлээн авах нь чухал вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон бидний хүн нэг бүрд дараах урилгыг өгсөн.
Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлэх, удирдах, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно.
Хайрт ах, эгч нар минь ээ, би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. Энэ [өдрийг] амьдралынхаа ирээдүйг тодорхойлох цаг үе болгоорой. Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго.
(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)
Би хэрхэн Ариун Сүнстэй байнга нөхөрлөдөг болж чадах вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б. Айринг ийн хэлсэн.
Тиймээс олон шалтгаанаар бид Ариун Сүнстэй байнга нөхөрлөх хэрэгтэй. Бид энэ нөхөрлөлийг хүсдэг ч, үүнийг хадгалан үлдэх хэцүү гэдгийг өөрсдийн туршлагаас мэднэ. Бидний хүн нэг бүр өдөр бүр Сүнсийг гомдоох зүйлсийг бодож, хэлж мөн хийдэг. Бидний зүрх сэтгэл энэрлээр дүүрч, бодол санааг ариун журам зогсолтгүй чимэн гоёсон үед Ариун Сүнсийг бидний байнгын хамтрагч байх болно гэж Их Эзэн заасан [ Сургаал ба Гэрээ 121:45 -ыг үзнэ үү]. …
… Хамгийн үнэ цэнтэй сүнслэг өдөөлт бол та бүхний хувьд, Бурхан та нараар юу хийлгэх байсан бол гэдгийг мэдэх явдал юм. … Хэрэв аравны нэгээ төл эсвэл гашуудаж буй найз дээрээ оч гэсэн мэдрэмж төрсөн бол та үүнийг дагах хэрэгтэй. Ямар ч мэдрэмж төрсөн бай түүний дагуу үйлд. Та нар дуулгавартай байхад бэлэн байгаагаа харуулах юм бол Ариун Сүнс та нарт Түүний хийлгэхийг хүссэн зүйлсийн талаар илүү олон сүнслэг өдөөлтийг илгээх болно.
Та нар дагах аваас Сүнснээс ирэх өдөөлт улам бүр ойр ойрхон ирж, Түүнтэй байнга нөхөрлөдөг болоход бүр их ойртох болно.
(Хэнри Б.Айринг, “Таны хамтрагч Ариун Сүнс,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97)
“Ариун Сүнсийг хүлээн авах нь” (2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102–105) хэмээх хэлсэн үгэндээ Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А. Бэднар бид Ариун Сүнсний нөхөрлөлийг хэрхэн урин авчирч болох талаарх ойлголтоо мөн хуваалцжээ.