Еврей 11, 2-р хэсэг
Есүс Христэд итгэх итгэлээр амьдрах
Зарим хүн амьдралдаа хамгийн хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарсан ч итгэлдээ хэрхэн үнэнч хэвээр үлдэж чаддагийг та бодож үзэж байсан уу? Тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар тэсэж тэсвэрлэхэд туслах юуг ойлгодог вэ? Паул еврей гэгээнтнүүдэд итгэлийн талаар заасныхаа дараа итгэлдээ үнэнч хүмүүсийн нэгэн адил Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхэд тэднийг урамшуулсан. Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэлийн дагуу амьдарч, итгэлийн тань төлөө Бурханы танд өгдөг адислалуудыг ялган таних хүслээ нэмэгдүүлэхэд танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Итгэлээр үйлдэх
Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснийхээ ачаар Бурханаар адислагдсан судрууд дээрх эсвэл Сүмийн түүхэн дэх эсвэл таньдаг хүмүүсийнхээ талаар бодож үз. Дараах зургууд нь эдгээр түүхийн заримыг санахад тусална.
-
Энэ хүний түүхээс юу танд онцгой санагдсан бэ?
-
Итгэлийн талаарх түүх сонсож, хуваалцах нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Яагаад?
Өмнөх хичээлээр, Есүс Христэд итгэх итгэлтэй байх гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай болохыг олж мэдсэн. Түүнд итгэх итгэлээ илүү их хэрэгжүүлэх нь сул эсвэл эмзэг тал дээр тань ажиллан хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар бодож үз. Эдгээр сэтгэгдлийг судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх нь тустай байж болох юм. Өнөөдөр судлахдаа итгэлээ бодитой болгох хүсэл, чадвараа хэрхэн нэмэгдүүлж болох талаар тунгаан бод.
“Итгэлийн дагуу” амьдардаг хүмүүс
Еврей 11 -д цэдэглэснээр Паул Хуучин Гэрээн дээрх “итгэлийн дагуу” болон “итгэлээр” амьдарсан хүмүүсийн олон жишээг хуваалцсан. Та эдгээр үг хэллэг Еврей 11 -д хэд хэдэн удаа давтагдсаныг олж харсан байх. Паулын еврей гэгээнтнүүдтэй хуваалцсан зарим жишээг судлахдаа, итгэлээр үйлдсэн хүмүүст өгсөн шагнал, адислалуудаас нь Бурханы хайр, өгөөмөр сэтгэлийг хэрхэн харж болох талаар бодож үз.
Судлах тэмдэглэлдээ дараахтай адил хоёр баганатай хүснэгт зур. Гарчиг бүрийн доор хангалттай зай үлдээ.
Итгэлээ хэрхэн бодитой болгосон байна вэ? |
Бурхан итгэлээр хийсэн үйлдлүүдийг нь хэрхэн шагнасан бэ? |
Дараах бадаг шүлгүүдийн дор хаяж нэгийг нь судал. Судлахдаа судлах тэмдэглэл дээрх хүснэгтдээ ойлголтоо бичиж тэмдэглэ.
-
Таны шүлэгт дурдагдсан хүмүүс Бурханд итгэх итгэлээ ямар арга замаар бодитой болгосон бэ?
-
Бурхан ямар арга замаар тэднийг Өөрийн хүч чадал, адислалаар шагнасан бэ?
-
Та эдгээр шүлгээс амьдралд тань тус болох юуг олж мэдсэн бэ?
-
Эдгээр шүлгийг судалснаар та Бурханы талаар юу олж мэдсэн бэ?
Бид Паулын хуваалцсан итгэлийн жишээнүүдээр дамжуулан итгэл, Бурхан мөн өөрсдийнхөө талаар олон үнэнийг мэдэж авах боломжтой. Энэ бүлгийн туршид харж болох Есүс Христэд итгэх итгэлээ бодитой болгодог хүмүүсийг Бурхан шагнадаг гэх үнэнийг Еврей 11:6 -д заасан. Хэрэв та хараахан тэмдэглээгүй байвал 6-р шүлэг дээрх “Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог” гэсэн үгийг тэмдэглэх талаар бодож үз.
-
Бурханыг хичээнгүйлэн эрэлхийлэх нь хэрхэн итгэлээ бодитой болгох арга зам байж болох вэ?
-
Итгэлээ бодитой болгох нь яагаад Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцдэг гэж та бодож байна вэ?
-
Яагаад итгэлээ бодитой болгох нь өөрийн амьдралд Бурханы адислалыг хүлээн авахад хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-
Итгэлээр хийсэн үйлдлийн хариуд адислал ирэхгүй байгаа мэт санагдах үед юу танд тэвчээртэй байхад тусалдаг вэ?
Итгэлийн дагуу амьдрах
Өөрт нь итгэх итгэлээ бодитой болгосон олон хүнийг Бурхан өмнө нь адисалж байснаас гадна Тэрээр өнөө үед ч “Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог” ( Еврей 11:6).
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Есүс Христэд итгэх итгэлээ бодитой болгосноор Бурханы адислалыг хүлээн авч байсан үеийн талаар бод.
-
Та тэрхүү туршлагаас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу олж мэдсэн бэ?
-
Уг туршлага танд ирээдүйд Тэдэнд итгэх итгэлээ бодитой болгоход хэрхэн тусална гэж та бодож байна вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.
Амьдрал дахь сайн сайхан бүх зүйл мөн мөнхийн үр дүнг авчрах аливаа адислал итгэлээс эхэлдэг. Бурханыг амьдралдаа ялуулна гэдэг нь Тэр биднийг удирдахыг хүсдэг гэдэгт итгэхээс эхэлдэг.
(Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104)
Еврей 11 -ээс итгэлийн талаар суралцах явцдаа олж мэдсэн мөн мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бод. Сурч мэдсэн зүйлийнхээ үр дүнд та юу хийх өдөөлтийг мэдэрсэн бэ? Есүс Христэд илүү их итгэлээр үйлдэхийн тулд та юу хийж болох вэ? Төрсөн бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Би Бурханаас хэрхэн адислал хүлээн авдаг вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г. Рэнланд ийн заасан.
Бурханы бидэнд өгөхийг хүсдэг ихэнх адислал Есүс Христэд итгэх итгэл дээр суурилсан үйлдэл хийхийг биднээс шаарддаг. Аврагчид итгэх итгэл бол үйлдэл ба хүчний зарчим мөн. Эхлээд биднийг итгэлээр үйлдсэний дараа Бурханы хүслийн дагуу болон Түүний тогтоосон цагт хүч ирдэг. Энэ дараалал маш чухал. Гэсэн ч шаардлагатай үйлдэл нь эцсийн дүнд бидний хүлээн авах адислалуудтай харьцуулахад ямагт өчүүхэн байдаг [ Мозая 2:24–25 -ыг үзнэ үү].
(Дэйл Г.Рэнланд, “Ерөөл олшрох нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82)
Би өнөөдөр Сүмийн итгэлтэй гишүүдийн үлгэр жишээнээс юу суралцаж болох вэ?
Хэрэв би адислал эсвэл хариулт хүлээн авахгүй бол хангалттай итгэл үнэмшилтэй биш гэсэн үг үү?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А. Расбанд ийн заасан.
Өнөө үед Есүс Христийн дагалдагчдын дунд, та нарын төдийгүй бидний амьдралд гайхамшгууд, тэмдгүүд, ер бусын гайхалтай зүйлс дүүрэн байна. …
… Гайхамшгууд үргэлж бидний хүсэн хүлээсэн зүйлс байх шаардлагагүй ч бид Их Эзэнд найдвал Тэр бидний дэргэд байж, зөв зүйлийг үйлдэх болно. Тэрээр хэрэгтэй цаг мөчид бидэнд гайхамшгийг тохиолгохоор тааруулах болно. …
Бидэнд хайртай хүнээ эдгээх, шударга бусыг өөрчлөх, хорон эсвэл урам нь хугарсан нэгний зүрх сэтгэлийг зөөлрүүлэхийн төлөө гайхамшигт итгэж найдах үе гардаг. Бид мөнх бус нүдээр харж, Их Эзэнийг хөндлөнгөөс оролцон, эвдэрсэн зүйлийг засаасай хэмээн хүсдэг. Итгэлээр дамжуулан гайхамшиг ирдэг ч бидний цаг хугацаанд, бидний хүсэн хүлээснээр биш байж болно. Энэ нь бид итгэлгүй байна эсвэл Түүний тусламжийг авах эрхгүй гэсэн үг үү? Үгүй. Их Эзэн бидэнд хайртай. Тэр бидний төлөө амиа өгсөн бөгөөд Түүний Цагаатгал биднийг наманчилж, Түүнд ойртох тусам хүнд ачаа, нүглээс маань чөлөөлөх болно.
Их Эзэн бидэнд “Миний зам ч та нарын замаас өөр” хэмээн сануулсан [ Исаиа 55:8]. Тэрээр “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” [ Матай 11:28 ]—санаа зовнил, урам хугарал, айдас, дуулгаваргүй байдал, хайртай хүмүүсийн төлөөх болон орхигдсон мөрөөдлийн төлөөх санаа зовнилоос амраая хэмээсэн билээ. Үймээн самуун, уй гашуу дунд амар амгалан байх нь гайхамшиг юм. “Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй билүү? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ?” хэмээх Их Эзэний үгийг санацгаая. [ Сургаал ба Гэрээ 6:23]. Есүс Христ, Агуу Иехова, Бүхний Дээдийн Хүү амар амгаланг өгч буй нь гайхамшиг юм.
(Роналд А.Расбанд, “Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112, 114–115)