Иохан 14:1–6; 15:1–11
“Зам, үнэн, амь бол Би байгаа юм”
Есүс Христ шавь нартайгаа өнгөрүүлсэн сүүлчийн үдшийнхээ үеэр тэдэнд Өөрийн мөн чанар, зорилгын талаар заажээ. Тэрээр Өөрийгөө Тэнгэрлэг Эцэг рүү буцах зам хэмээн заасан бөгөөд шавь нартайгаа харилцах харилцаагаа усан үзмийн модны мөчрүүдтэй харьцуулсан байна. Энэ хичээл таныг Есүс Христтэй харилцах харилцаа холбооныхоо талаар болон Түүнийг хэрхэн дагаж, хүч чадал, дэмжлэгийг нь хүлээн авах талаар эргэцүүлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагчийн шавь нартаа айлдсан сүүлчийн сургаалуудын зарим нь тэдэнд Түүнтэй харилцах харилцаа, хамаарлаа ойлгоход нь туслах зорилготой байсан. Аврагч Өөрийгөө зам харгуйтай мөн мөчрүүд бүхий усан үзмийн мод, жирийн модтой харьцуулжээ. Таны амьдралд тусламж хэрэгтэй байгаа хэсгийн талаар нэг хором бод. Магадгүй Тэнгэрлэг Эцэг рүү эргэн очихоор оролдох үед танд тусламж хэрэгтэй санагдаж болох юм. Танд амьдралдаа сорилтуудтай нүүр тулахад илүү их хүч чадал хэрэгтэй мэт санагдаж магадгүй. Аврагчийн сургаалыг судлахдаа, Түүний тухай мөн Түүний танд хэрхэн тусалж чадах талаар сурч болох зүйлсийг олж мэд.
Есүс Христ бол “зам, үнэн, амь” ( Иохан 14:6) мөн
Иохан 14:1–6 -г уншаад, Аврагч Өөрийг нь дагадаг хүмүүст хэрхэн туслахаар амласан болохыг олж мэд.
-
Аврагч эдгээр шүлэгт ямар үнэнийг заасан бэ?
-
Эдгээр нэр цол тус бүр танд Есүс Христийн тухай мөн Түүнтэй харилцах харилцааны тань талаар юу зааж байна вэ?
Хэрэв та өмнөх хичээлээр Есүс Христийн янз бүрийн нэр цол, үүргийн талаар жагсаалт үүсгэсэн бол уг жагсаалтдаа Иохан 14 дээр нээн илрүүлсэн зүйлсээ нэмэх боломжтой.
Мормоны Ном нь Шинэ Гэрээнээс таны суралцаж буй зүйлсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ. Мозая 3:17 -г уншаад, энэхүү шүлэг нь Иохан 14:6 -г илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалж буй талаар эргэцүүлэн бод.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийнхүү заасан.
Бурхан таныг Өөр лүү нь буцаж очих замаа олоосой гэж хүсдэг бөгөөд тэр зам нь Аврагч мөн болой [ Иохан 14:6 -г үзнэ үү]. Бурхан та бүхнийг Өөрийн Хүү Есүс Христийн талаар олж мэдэн, бурханлаг шавь байх замыг дагаснаар ирэх амар амгалан, баяр баяслыг мэдрээсэй хэмээн хүсдэг.
(Дийтр Ф. Угдорф, “Гэрэл ба үнэний талаар гэрчлэл хүлээн авах нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22)
-
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Есүс Христийг дагаснаар ирдэг амар амгалан, баяр баясгаланг хэзээ мэдэрсэн бэ?
-
Бид Тэнгэрлэг Эцэг рүү буцан очихын тулд ямар арга замуудаар Аврагчийг дагаж чадах вэ?
-
Бид зөв зам дээр байгаа эсэхээ хэрхэн тодорхойлох вэ?
Есүс Христ бол “усан үзмийн мод” ( Иохан 15:5) юм.
Есүс Христ Өөртэй нь харилцах харилцааны талаар шавь нартаа заахын тулд харьцуулалтыг ашиглажээ. Иохан 15:1–11 -ийг уншаад, энэхүү харьцуулалтыг олж мэд.
Хэрэв та өмнөх хичээлээр Есүс Христийн янз бүрийн нэр цол, үүргийг жагсаасан бол уг жагсаалтдаа Иохан 15 дээр нээн илрүүлсэн зүйлсээ нэмэх боломжтой.
-
Есүс Христ энэ харьцуулалтыг ашиглан юуны тухай зааж байна гэж та бодож байна вэ?
-
Та энэхүү харьцуулалтаас Есүс Христтэй харилцах бидний харилцааны талаар ямар үнэнийг олж мэдэж болох вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Түүн дотор байгтун гэсэн Аврагчийн урилга нь “үлдэгтүн, … үүрд байгтун” гэж бидэнд өгсөн урилга юм хэмээн тайлбарласан (“Abide in Me,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 32). Ахлагч Холланд Түүн дотор байгтун гэсэн Аврагчийн урилгыг хүлээн авах нь бидэнд яагаад ийм чухал болохыг тайлбарлажээ.
Есүс “Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй” [ Иохан 15:5 ] хэмээн хэлсэн билээ. Энэ бол Бурханы үнэн гэдгийг би гэрчилж байна. Христ бол бидний хувьд бүх зүйл бөгөөд бид Түүний дотор үүрд мөнхөд бат бөх, тууштай, хөдөлшгүй оршин амьдрах хэрэгтэй. Сайн мэдээний үр жимс цэцэглэн дэлгэрч, бидний амьдралыг адисалж байхын тулд бид бүхний Аврагч болсон Түүнтэй, Түүний ариун нэрийг тээдэг Сүмтэй бид бат бөх холбогдсон байх ёстой. Тэр бол бидний хүч чадлын жинхэнэ эх үүсвэр, мөнх амьдралын цорын ганц булаг болох усан үзмийн мод юм. Бид Түүний дотор зөвхөн тэвчээд зогсохгүй, ялан дийлэх бөгөөд биднийг хэзээ ч үл орхих энэ ариун үйл хэрэгт ялалт байгуулах болно.
(Жэффри Р. Холланд, “Abide in Me,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 32)
Мормоны Ном нь Шинэ Гэрээнээс таны суралцаж буй зүйлсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тусална. Алма 26:12 -ыг уншаад, энэ нь Иохан 15:1–11 -тэй хэрхэн холбогдож буйг эргэцүүлэн бод.
-
Таны Есүс Христ дотор байхыг оролдох үедээ амьдралдаа олж харсан үр жимснүүдийн (үр дүн эсвэл адислал) зарим нь юу вэ?
-
Өөрийгөө Есүс Христ дотор байлгахын тулд таны хийх боломжтой ямар үйлдлүүд байна вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Тэнгэрлэг Эцэгийн гэрт орон байр олон бий гэдэг нь ямар утгатай вэ?
Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн заасан.
“Миний Эцэгийн гэрт орон байр олон бий [ Иохан 14:2 ] … [хэмээх мэдэгдэл] нь —Та нар Бурханы өв залгамжлагчид мөн Надтай хамт өв залгамжлагчид байхын тулд ‘Миний Эцэгийн хаант улсад олон хаант улс бий’ гэсэн үг байх ёстой. Селестиел хуулийг дуулгавартай дагадаг хүмүүст зориулсан, бас дагадаггүй хүмүүст зориулсан гэх мэтчилэн хүн бүрд өөр өөрийнх нь нөхцөлд тохируулсан орон байрууд байгаа билээ.
(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 247–248)