Иохан 14:15–31; 15:10–14
“Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь”
Аврагч төлөөлөгчидтэйгөө дээд өрөөнд Алгасал баярыг тэмдэглэн өнгөрүүлэх үедээ тэдэнд чухал үнэнүүдийг заажээ. Есүс Гетсеманид болон Калварид тамлагдан зовж шаналахаасаа өмнөхөн Өөрийн чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүст “Та нар Намайг хайрладаг бол зарлигуудыг минь сахь” (Иохан 14:15) гэсэн зааварчилгаа өгсөн байна. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн зарлигуудад дуулгавартай байх замаар Тэдэнд хайраа харуулахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та хайраа хэрхэн харуулж болох вэ?
-
Хэн нэгэн хүн өөрийг тань хайрладаг болохыг та яаж мэддэг вэ? Тэдний хайрыг ямар үг, үйлдэл эсвэл хандлага илэрхийлдэг вэ?
-
Та бусад хүнд хайртай гэдгээ хэрхэн харуулдаг вэ?
-
Та хэн нэгнийг хайрладаг боловч таны хандлага эсвэл үйлдэл заримдаа тэрхүү хайрыг тань харуулж чаддаггүй бол яах вэ? Та юу хийж чадах вэ?
Аврагч Сүүлчийн зоогийн үеэр Өөрийн төлөөлөгчдөд үргэлжлүүлэн зааварчилгаа өгөхдөө биднийг гэсэн хайрынхаа талаар мөн бид Түүнд хэрхэн хайраа харуулж болох талаар заажээ.
Иохан 14:15, 21, 23–24 ба Иохан 15:10–14 -ийг судлаад, бид Өөрт нь болон Тэнгэрлэг Эцэгт хайраа харуулахын тулд юу хийж болох талаар Аврагчийн юу гэж хэлснийг олж мэд.
-
Бид Түүнийг хайрладгаа хэрхэн харуулж чадах талаар Аврагч эдгээр шүлэгт юуг онцолсон бэ?
-
Бидний төлөөх Аврагчийн хайрын тухай эдгээр шүлэг юу зааж байна вэ?
-
Ямар нөхцөл байдалд эдгээр шүлэг дэх Аврагчийн заасан үнэнүүд тус болж болох вэ?
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд байсан Кэрол М.Стэфэнс эгч бидэнд зарлиг өгөх Бурханы сэдэл, тэдгээр зарлигт дуулгавартай байх бидний сэдлийн талаар заажээ.
Боломжтой бол ChurchofJesusChrist.org дээрх “Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь” видеог цагийн код 0:00-4:31 хүртэл үзнэ үү. Энэ видеонд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд байсан Кэрол М.Стэфэнс эгч ач охин Клоуитайгаа хамт өнгөрүүлсэн туршлагаа хуваалцсан.
Заримдаа Бурханы хуулиуд бидний хувийн эрх чөлөөг боогдуулан, сонгох эрхийг маань авч, өсөлт хөгжлийг хязгаарлаж байгаа мэт бидэнд санагдаж болно. Гэхдээ бид илүү сайн ойлголт авахаар эрэлхийлэн, Эцэгтээ заах боломж олгосноор Түүний хуулиуд биднийг хайрлах Түүний хайрын илрэл бөгөөд Түүний хуулийг дагах нь Түүнийг хайрлах бидний хайрын илэрхийлэл гэдгийг харж эхэлдэг.
(Кэрол М. Стэфэнс, ““Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114)
Таныг гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хайрыг илтгэн харуулж буй мэт санагдаж буй зарим хууль, зарлигийг жагсаа. Зарим зарлигийг бодож олохын тулд та Арван зарлигийг ( Гэтлэл 20:3–17 -г үзнэ үү) эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [товхимол, 2011]
-
Таны жагсаасан зарлигууд “биднийг гэсэн [Бурханы] хайрын илрэл” хэрхэн болох вэ?
-
Эдгээр зарлигт дуулгавартай байх нь “Түүнийг гэсэн [таны] хайрын илэрхийлэл” хэрхэн болох вэ?
Жагсаалт дээрх зарлигуудаасаа нэгийг сонго. Энэ нь таны сахихаар хичээж буй зарлиг эсвэл дагахаар сонгосон боловч зөрчих гээд байгаа зарлиг байж болно.
Дараах асуултууд нь Бурханы зарлигуудыг сахих сэдлээ үнэлэхэд танд туслах болно. Хариултынхаа талаар бодож байхдаа, танд зарлигуудыг сахих төрөл бүрийн шалтгаан байж болохыг мэдэж байх нь чухал. Өөрийнхөө одоогийн сэдлээс үл хамааран үргэлжлүүлэн дуулгавартай бай. Хайрынхаа улмаас дуулгавартай байх таны хүсэл цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэх болно.
-
Энэхүү зарлигийг сахих сэдлийг тань юу төрүүлдэг вэ?
-
Хайрынхаа улмаас дуулгавартай байх Их Эзэний жишээтэй харьцуулахад зарлигуудыг сахих гэсэн таны шалтгаанууд ямар санагдаж байна вэ?
-
Таны дуулгавартай байдлын цаадах шалтгаанууд (таны сэдэл) яагаад чухал байж болох вэ?
-
Хайрынхаа улмаас Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг хүсэж буй хэн нэгэнд та ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
Аврагчийн маань хайрын жишээ
Есүс Христ цэвэр ариун хайрынхаа улмаас Бурханы хууль, зарлигуудад хэрхэн дуулгавартай байхын төгс жишээг бидэнд үзүүлсэн. Сүүлчийн оройн зоогийн дараа Тэрээр “Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ” ( Иохан 14:31) хэмээн хэлжээ. Дараа нь Есүс бидний гэм нүгэл, “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудын” ( Алма 7:11) өмнөөс Гетсеманийн цэцэрлэгт болон загалмай дээр тарчлан зовохоор явсан юм.
-
Аврагч яагаад Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахад бэлэн байсан бэ? ( Иохан 15:13 ; Еврей 12:2 -ыг үзнэ үү.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон Есүс Христийн хайр биднийг юу хийхэд уриалдаг талаар анхааралтай бодож үзэхэд урьсан. Та ChurchofJesusChrist.org дээр байгаа “Миний хайр дотор бай” видеог цагийн код 14:27-оос 14:50 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.
Эхэлж таныг хайрласан Түүнийг та хайрлах уу? [ 1 Иохан 4:19 -ийг үзнэ үү]. Тэгвэл Түүний зарлигуудыг сахь [ Иохан 14:15 -ыг үзнэ үү]. Найзынхаа төлөө Өөрийнхөө амьдралыг өгсөн Түүнтэй та найзлах уу? [ Иохан 15:13 -ыг үзнэ үү]. Тэгвэл Түүний зарлигуудыг сахь [ Иохан 15:14 -ийг үзнэ үү]. Та Түүгээр хайрлуулж, өгөөмрөөр санал болгож байгаа бүхнийг нь хүлээн авах уу? Тэгвэл Түүний зарлигуудыг сахь [ Иохан 15:10 -ыг үзнэ үү].
(Д. Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40)
-
Хайранд тулгуурласан, илүү дуулгавартай байх гэсэн таны үүрэг амлалт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлөх вэ? ( Мозая 5:13 -ыг үзнэ үү.)
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайрынхаа улмаас зарлигуудыг сахихаар хичээх үедээ өөрийн тань амьдрал дахь Тэдний хайр нэмэгдэхийг мэдрэх болно ( Иохан 14:21 -ийг үзнэ үү). Хэрэв та дуулгавартай байхыг хичээж эсвэл улам бүр дуулгавартай байхыг хүсэж, Түүнээс зүрх сэтгэлийг тань өөрчилж өгөхийг даруухнаар хүсэх юм бол Тэнгэрлэг Эцэг танд туслах болно. Зарлигуудын нэг нь наманчлах бөгөөд бид өөрсдийн сул талыг даван туулахаар ажиллахдаа энэ зарлигийг сахиж чадна гэдгээ санагтун.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Яагаад Бурхан биднээс зарлигуудад нь дуулгавартай байхыг шаарддаг вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.
Бурхан биднээс зарлигуудыг нь сахихыг шаарддаг. Учир нь зөвхөн тэрхүү дуулгавартай байдал болон наманчлалаар дамжуулан бид Түүний оршихуйд эргэн очиж, Түүнтэй адил төгс болох боломжтой.
(Даллин Х. Өүкс, “Хоёр агуу зарлиг,” Ensign эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78)
Яагаад зарлигуудад дуулгавартай байдаг маань чухал уу?
Хүн бүр өөрөөсөө яагаад бид Бурханы тушаалуудад дуулгавартай байдаг вэ гэж асуух ёстой. Бид шийтгэлээс айдаг болохоор уу? Бид сайн сайхан амьдарсныхаа төлөө шагнал хүссэн учраас уу? Бид Бурханд болон Есүс Христэд хайртай бөгөөд Тэдэнд үйлчлэхийг хүссэн учраас уу?
Тушаалуудад огт дуулгаваргүй байснаас, шийтгэлээс айн дуулгавартай сахих нь хавьгүй дээр. Хэрэв бид Бурхандаа хайртай, дуулгавартай байхыг хүссэн учраас Түүнд дуулгавартай байх юм бол бид илүү аз жаргалтай байх болно. Бид Түүнд чөлөөт хүсэл зоригоор дуулгавартай байх аваас Тэр биднийг мөн чөлөөт хүсэл зоригоороо адислах болно. Тэр “Их Эзэн бибээр … зөв шударга ёсонд хийгээд үнэнд эцсээ хүртэл надад үйлчилдэг тэднийг хүндэтгэхдээ баяртай байдаг билээ” гэж хэлсэн байдаг ( Cургаал ба Гэрээ 76:5). Дуулгавартай байдал биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болоход мөн өсөж хөгжихөд тусалдаг. Гэхдээ тушаахаас нааш юу ч хийдэггүй, дараа нь тушаалуудыг ямар ч хүсэлгүйгээр сахидаг хүмүүс өөрсдийн шагналыг алддаг ( Cургаал ба Гэрээ 58:26–29 -ийг үзнэ үү).
(Сайн мэдээний зарчмууд [2009], 221–223)