Есүс Христэд итгэх итгэлээр суралцах
Суралцагчийн үүрэг
Энэ хичээл танд семинарт суралцах явцдаа Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхийн ач холбогдлыг ойлгоход туслах юм. Та энэ хичээлийг судалснаар семинарын туршлагаа хэрхэн бүрэн дүүрэн ашиглахад суралцах болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дараах жишээг унш.
Хоёр залуу эмэгтэй нэг семинарын ангид явдаг байжээ. Нэг залуу эмэгтэй нь семинараас Ариун Сүнсний нөлөө болон Их Эзэний хайрыг мэдэрсэн байна. Тэр асуултууддаа хариулт олж, Аврагчийн тухай болон Түүний Сүмийн талаарх гэрчлэл нь өсөн нэмэгдэж, амьдралдаа томоохон сайн өөрчлөлтүүдийг хийж чаджээ. Нөгөө залуу эмэгтэй нь семинараас залхаж, үр нөлөөг нь сайн мэдрэхгүй байлаа.
-
Энэ хоёр залуу эмэгтэй семинараас ийм өөр туршлага олж авсан шалтгаанууд юу байж болох вэ?
-
Сүнслэгээр суралцахын тулд та одоо юу хийж байна вэ?
-
Та өөрийн хүсэж буй, хэрэгтэй үр дүндээ хүрч чадаж байна гэж бодож байна уу?
Та энэ хичээлийг судлахдаа, энэ жил семинарт ямар арга замаар суралцаж, өсөж хөгжихийг хүсэж байгаагаа бод. Суралцахуйд бидний амьдралаа сайжруулж буй бүх арга зам багтдаг. Та мөн санааг тань зовоож буй аливаа асуудал, асуултуудынхаа талаар бодож болох юм. Энэ хичээлийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэхийн тулд чин сэтгэлийн залбирлаар Ариун Сүнснээс зааварчилгаа хүс.
Бидний суралцахуйд хамгийн их нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг бол Есүс Христэд бид хэр их найдаж, дагаж буй явдал юм. Энэхүү хичээлийн нэг гол зарчим нь бид Есүс Христэд итгэх итгэлээр идэвхтэй суралцахаар чармайснаар адислагдаж, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих боломжтой болно гэсэн зарчим юм. Та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах үгийг уншихдаа Есүс Христэд итгэх итгэлээр суралцах гэдэг нь юу гэсэн утгатай болох талаарх ойлголтуудыг олж мэд.
Бид ирээдүй өөд хараад, өөрсдийнхөө амьдарч байгаа дэлхийг илүү эргэлзээтэй, үймээн самуунтай болж байгааг харж байгаагийн хувьд итгэлээр суралцах чадавхаа тэлэх нь бид бүгдэд нэн чухал гэдэгт би итгэдэг. … Жинхэнэ итгэл нь Их Эзэн Есүс Христэд төвлөрч, үргэлж үйлдэл рүү хөтөлдөг. … Итгэлээр суралцахад идэвхгүй хүлээн авах нь биш, харин сүнслэг байдал, оюун ухаан, бие махбодын хувьд хүчин чармайлт гаргах нь шаардлагатай. Бид итгэлээр өдөөгдсөн чин сэтгэлийн, тууштай үйлдлээрээ суралцахыг мөн Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахыг хүсэж байгаагаа Тэнгэрлэг Эцэгтээ болон Түүний Хүү Есүс Христэд харуулдаг юм.
(David A. Bednar, “Seek Learning by Faith,” Ensign , Liahona, Sept. 2007, 61, 63–64)
-
Та энэ үгээс юу сурч мэдсэн бэ?
Та Есүс Христийг идэвхтэй судлахыг хичээж, хүчин чармайлт гаргахад төвлөрөх үедээ өөрийн сүнслэг суралцахуйд хамгийн их үр дүнд хүрэх болно. Дараах судрын хэсгүүд болон видео бичлэгүүд дээр Есүс Христэд ирж, Түүгээр адислагдсан хувь хүмүүсийг харуулдаг. Хамгийн багадаа нэг судрын түүх уншиж, боломжтой бол нэг видео бичлэг үз. Бүх видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр бий. Та уншиж бас үзэхдээ эдгээр хүний туршлага сайн мэдээнээс суралцахтай хэрхэн холбогдож буйг бод.
-
Бартимай— Maрк 10:46–52
-
Закхай— Лук 19:1–10
-
Видео бичлэг: “Сүнслэг байдлын хувьд эрүүл байх” (3:30)
-
Видео бичлэг: “Бурханаас асуу (2017 оны Мючелийн сэдэв)” (3:21)
-
Видео бичлэг: “Семинар амьдралыг өөрчилж чадна” (4:13)
-
Эдгээр шүлэг эсвэл видео бичлэг дээрх хүн Есүс Христэд итгэх итгэлээ идэвхтэй харуулахын тулд юу хийсэн бэ? Тэд үйлдлээрээ итгэлээ хэрхэн харуулсан бэ?
-
Уг хүн ямар саад бэрхшээлийг даван туулсан бэ?
-
Их Эзэн тэднийг хэрхэн адисалсан бэ?
-
Та сайн мэдээнээс суралцахдаа хэрэгжүүлэх боломжтой юуг энэ хүний туршлагаас мэдэж авах вэ?
Хуудас цаасыг гурван баганад хуваагаад, багануудыг хичээлийн өмнө, хичээлийн үеэр, хичээлийн дараа гэж нэрлэ. Та Есүс Христэд итгэх итгэлээр суралцахын тулд хичээлийн өмнө, хичээлийн үеэр, хичээлийн дараа юу хийсэн эсвэл хийж болох байсан талаараа бодож үз. Та жишээнүүдийг бодохдоо Ариун Сүнснээс зааварчилгаа хүсэн залбирч, багана тус бүрд өөрийн жишээг зурж эсвэл бич.
-
Сайн мэдээний ангид хамрагдахаас өмнө, үеэр эсвэл дараа суралцаж, Их Эзэнд ойртоход тусалсан юуг та хийсэн бэ?
Таны хувийн зорилго
Семинарт суралцсанаар танд дараах боломжууд гарч ирнэ. Үүнд:
-
Хичээлд бэлдэх. Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт эрэлхийлж, өдөр бүр судраас унших нь бэлтгэх шилдэг аргуудын нэг юм. Таныг хичээл эхлэхээс өмнө асуултуудыг эргэцүүлэхэд эсвэл Ирээд, Намайг дага дээрээс богино хэсгийг судлахад урьж болох юм.
-
Хичээлийн үеэр Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх. Таныг судраас суралцах, үйл ажиллагаануудад оролцох, санаа бодлоо хуваалцах, сурч мэдсэн үнэнээ амьдралдаа хэрэгжүүлэх үүднээс Ариун Сүнснээс урам зориг авахаар залбирах зэргээр Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний сургаалын дагуу идэвхтэй суралцахад урих болно.
-
Сурч байгаа зүйлээ үнэлэх. Танд өөрийн гэсэн зорилго тавьж, суралцахуй болон ахицаа үнэлэх боломжууд байнга гарч ирэх болно. Мөн та аливаа асуудал эсвэл санаа зовоосон зүйлсийнхээ талаар асуух, зааварчилгаа авах боломжтой байх болно.
-
Хуваалцах. Таныг суралцаж буй зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах гэх мэт бусадтай хуваалцахад уриалах болно.
Судлах тэмдэглэл дээрээ эсвэл суралцах, Их Эзэнд ойртоход тусалдаг үйл ажиллагаануудыг буулгасан цаасан дээрээ итгэлээр суралцахын тулд хичээлийн өмнө болон үеэр мөн дараа нь юу хийхийг хүсэж байгаагаа бич. Их Эзэний таныг хийхээр оролдоосой хэмээн хүсэж буй санаануудыг дугуйлах эсвэл хажууд нь од тавих зэргээр хялбархан тэмдэглэж болно. Та зорилгоо ил харагдаж, байнга сануулж байх газарт байрлуулах талаар бод.
Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Би өөрийн суралцахуйд хэрхэн илүү хариуцлагатай ханддаг болох вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ийн заажээ.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бүр Их Эзэний сургаалаас суралцаж, тэдгээрийн дагуу амьдрах … хувийн үүрэг хариуцлага хүлээдэг. Үнэнч шавь нар болж, зоригтой тэвчдэг байхын тулд бидний мэдвэл зохих болон хийх шаардлагатай бүх зүйлийг байгууллагын хувьд зааж эсвэл хэлж өгнө хэмээн бид Сүмд найдах ёсгүй. Харин сурах ёстой зүйлдээ суралцан, амьдрах ёстойгоороо амьдарч, Багшийнхаа хүссэн тийм хүмүүс болох нь бидний хувийн үүрэг хариуцлага юм.
(Дэвид A.Бэднар, “Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь,”Ensignэсвэл2019 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 123)
Би семинарт идэвхтэй суралцахын тулд яагаад хичээх ёстой вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Та Есүс Христийн жишээг хэр их дагана, тэр хэмжээгээрээ илүү амжилттай байх болно.
Тэгвэл Есүс Христийн ийм үнэнч шавь болоход танд юу туслах вэ? Нэг хариулт нь институт, семинарт хамрагдаад зогсохгүй, ангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өгсөн аливаа даалгаврыг итгэлтэйгээр гүйцэтгэх явдал юм. …
Институт, семинарыг төгсөх нь таны амьдралдаа хийж болох хамгийн чухал зүйлсэд амжилт гаргах чадварыг сайжруулах болно. Жинхэнэ баяр хөөр таных байх болно!
(Russell M. Nelson, “A Personal Invitation to Participate in Seminary and Institute,” Feb. 4, 2019)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) сайн мэдээнээс суралцах туршлагад хэрхэн хамрагдах талаар ийн заасан.
[Суралцагчдын] хичээлд оролцох шийдвэр бол [суралцагчдын] хувийн хэрэгцээнд нийцсэн Ариун Сүнсний нөлөөн доорх чөлөөт сонголт юм. Идэвхтэй оролцох уур амьсгалыг бүрдүүлэх нь Сүнс [багшийн] өөрийн чинь зааж чадахаас ч илүү чухал хичээлүүдийг заах магадлалыг нэмэгдүүлдэг.
Энэхүү оролцоо [суралцагчдын] амьдралд Сүнсний удирдамж чиглүүлгийг авчирна. Суралцагчид … асуултад … хариулахаар гараа өргөх үедээ, суралцах хүсэлтэй байгаагаа өөрсдөө ч мэдэлгүйгээр Ариун Сүнсэнд хэлж байдаг. Ийнхүү ёс суртахууны сонгох эрхээ ашиглах нь Сүнсэнд тантай хамт байх хугацаандаа таныг урамшуулан, илүү хүчирхэгээр чиглүүлэх боломжийг олгодог. Оролцоо нь хувь хүмүүстСүнсээртуршлага олж авах боломжийг олгодог. Тэд Сүнсний удирдамж гэж юу болохыг таньж, мэдэрч сурдаг.
(Richard G. Scott, “To Learn and to Teach More Effectively” [Brigham Young University Education Week devotional, Aug. 21, 2007], 4–5, speeches.byu.edu)