Сүнсээр заалгаж суралцах
Заалгахын тулд Ариун Сүнсийг урих
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Ариун Сүнсний хүчээр бидэнд үнэнийг илчлэхийг хүсдэг. Үнэнийг танин мэдэж, хувийн илчлэлт хүлээн авахад тань Ариун Сүнс хэрхэн тусалдаг болохыг ойлгоход энэ хичээл туслах болно. Түүнчлэн та хичээл заалгахын тулд Ариун Сүнсийг хэрхэн урих, Сүнсээр заалгаж суралцах үедээ хэрхэн таних талаар суралцах болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та найзыгаа семинарын ангид суралцахад анх удаа урьсан гэж төсөөл. Таны нэг найзыг анх удаа семинарт оролцох үед багш семинар дээр болон судраас хувиараа суралцах үеэр Ариун Сүнсийг жинхэнэ багш болгохоор урихын ач холбогдлыг тайлбарлажээ. Ариун Сүнсээр дамжуулан суралцагчид ангид чанга сонсдохоор яригдаагүй Тэнгэрлэг Эцэгийн дамжуулахыг хүссэн хувийн захиасыг ч хүртэл хүлээн авах боломжтой болохыг багш гэрчлэв. Таны найз Ариун Сүнснээс суралцах гэж юу гэсэн утгатай болохыг танаас асуув.
Та хэрхэн хариулахаа бодох зуураа дараах асуултуудыг эргэцүүл. Энэ хичээлийг судлахад төрсөн бодол, мэдрэмждээ анхаарлаа хандуул.
-
Хэрэв таны найз сайн мэдээнээс суралцах үед Бурханыг өөртэйгөө харилцаж байна гэж мэдэрсэн бол семинараас олж авсан түүний туршлага хэрхэн өөрчлөгдөх байсан гэж та бодож байна вэ?
-
Та амьдралдаа Ариун Сүнсний нөлөөг таньж мэдэн, Түүгээр заалгуулахаар урихдаа хэр итгэлтэй байдаг вэ?
Сүнс бидний төлөө юу хийдэг вэ?
Таныг сайн мэдээнээс суралцахад Ариун Сүнс танд хувийн илчлэлт өгнө. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Та юу үнэн талаар эргэлзэх шаардлагагүй [ Моронай 10:5 ]. Та хэнд баталгаатай найдаж болох вэ гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Та хувийн илчлэлтээр дамжуулан Мормоны Ном бол Бурханы үг, Иосеф Смит бол бошиглогч, энэ бол Их Эзэний Сүм юм гэсэн өөрийн гэрчлэлийг хүлээн авч чадна. Бусдын юу хэлэх, хийхээс үл хамааран таны оюунд мөн зүрх сэтгэлд хүргэгдсэн чухам юу үнэн болох талаарх гэрчлэлийг хэн ч авч чадахгүй.
Би таныг хувийн илчлэлт хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд урьж байна. Тэнгэр дэх Эцэг тань таныг мэдээсэй хэмээн хүсэж байгаа асар олон зүйл бий. …
… Ариун Сүнсний танд гэрчлэх хамгийн чухал үнэн бол Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэсэн үнэн юм. Тэр амьд!
(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95–96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120)
-
Ерөнхийлөгч Нэлсоны үгээс юу нь таны анхаарлыг татсан бэ?
-
Яагаад та Ариун Сүнсний гэрчилж чадах хамгийн чухал үнэн бол Есүс бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэсэн үнэн гэж бодож байна вэ?
-
Та сайн мэдээнээс суралцахад хувийн илчлэлтийн ач холбогдлыг нэгээс хоёр өгүүлбэрээр хэрхэн дүгнэн хэлэх вэ?
Бид Ариун Сүнсний нөлөөг хэрхэн таних вэ?
Таны найз Бурханаас илчлэлт хүлээн авахыг чин сэтгэлээсээ сонирхож байгаа нь илт байна гэж төсөөлье. Гэхдээ тэр танд “Би урьд нь илчлэлт хүлээн авсан эсэхээ мэдэхгүй байна. Би Ариун Сүнсний дуу хоолойг хэрхэн таних вэ?” гэж асуужээ.
Хариулт өгөхөд тань туслах судрын дараах хэсгүүдийг унш. Сүнсний нөлөөг хэрхэн тайлбарласныг анхаар.
-
Та Ариун Сүнсний тухай уншсан аль тайлбарыг найзтайгаа хуваалцахыг хүсэж байна вэ? Яагаад?
-
Та сайн мэдээнээс суралцахдаа Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн арга замуудаа хэрхэн тайлбарлах вэ?
Бид Ариун Сүнсээр заалгахын тулд Түүнийг хэрхэн урьж чадах вэ?
Тэнгэрлэг Эцэг маань биднийг хайрладаг бөгөөд Ариун Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойгоор дамжуулан бидэнтэй ярилцахыг хүсдэг. Гэхдээ бид Түүнээс илчлэлтийг чин сэтгэлээсээ эрэлхийлэхэд бэлэн эсэхээ дор бүрдээ шийдэх ёстой. Мөн биднийг гэр бүл, анги, тойргоороо уулзахад бидний хүсэл, хандлага, үйлдэл тойрон хүрээлж буй бусад хүнд нөлөөлж болно.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Ариун Сүнсээр заалгуулахын тулд Түүнийг урьж болох зарим чухал арга замыг заасан.
Ариун Сүнсийг хүлээн авна гэдэг нь Түүнтэй нөхөрлөлийг байнга, чин сэтгэлээсээ хүсэхээс эхэлдэг юм. …
Бид олон арга замаар Ариун Сүнсийг урьж болно. Үүнд: гэрээ байгуулах, сахих, хувиараа болон гэр бүлээрээ чин сэтгэлээсээ залбирах, судруудыг хичээнгүйлэн судлах, гэр бүл, найз нөхөдтэйгөө зохистой харьцааг бэхжүүлэх, ариун журамтай бодол, үйлдэл, хэл яриаг эрэлхийлэх, гэр орон, ариун сүм болон сүм дээр бишрэл хүндэтгэлтэй байх зэргээр урьж болно.
(Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авах нь,” Ensign эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104–107)
-
Ахлагч Бэднарын дурдсан хандлага эсвэл үйлдлүүдийн аль нь танд Сүнсийг амьдралдаа урихад тусалсан бэ?
-
Хэн нэгний хандлага эсвэл сонголт гэр бүл эсвэл анги дахь бусад хүнд Сүнсээр заалгахад илүү хялбар (эсвэл илүү хэцүү) болгосон тохиолдлыг та харж байсан уу?
-
Сүнсээр заалгаж суралцах таны хүсэл, чадварт өнөөдрийн сурч мэдсэн зүйл тань хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Та хувийн илчлэлт авах, Сүнсээр заалгахтай холбоотой юуг илүү их судлахыг хүсэж байна вэ?
-
Та Шинэ Гэрээг судлахдаа Сүнсийг өөртэйгөө хамт байлгахаар урихын тулд гэртээ болон семинарын ангидаа юу хийх вэ?
Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Их Эзэн надад зарим зүйлийг илчлэхийг үнэхээр хүсэж байгаа болов уу?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.
Сүнс миний оюунд удаа дараа ойлгуулж байгаа зүйлсийн нэг бол Их Эзэн Өөрийн бодол, хүслийг илчлэхдээ хэчнээн их дуртай байдаг явдал юм. Илчлэлт хүлээн авах эрх нь Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг билээ.
(Рассэлл М.Нэлсон, ”Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117)
Би Ариун Сүнсээр заалгахын тулд Түүнийг хэрхэн урих вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс энэ асуултад хариулахад тусалсан.
Энэ нь Бурханд хандан залбирч мөн Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа төвд байлгаж сурах[ыг шаарддаг]. Хэрэв бид ийнхүү үйлдвэл Ариун Сүнсний нөлөө бидний зүрх, оюунд үнэнийг авчирч, үүний талаар гэрчилж, бүхнийг заах болно гэдгийг гэрчилж байна.
(Үлиссэс Соарэс, “Би хэрхэн ойлгож чадах билээ?,” Ensign, May 2019, 7 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4)
Их Эзэний надад илгээхийг хүсдэг илчлэлтийг хүлээн авахад надад юу саад болж болох вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар энэхүү ойлголтын талаар ийн хуваалцжээ.
Хэрэв бодож, харж, сонсож эсвэл хийж байгаа зүйлс маань биднийг Ариун Сүнснээс холдуулж байгаа бол бид тэдгээрийг бодож, харж, сонсож эсвэл хийхээ зогсоох ёстой. Хэрэв тэр нь зугаацуулах зориулалттай бол, жишээлбэл, биднийг Ариун Сүнснээс хөндийрүүлэхээр бол гарцаагүй тийм маягийн зугаа цэнгээний зүйлс бидэнд зориулагдаагүй болно. Бүдүүлэг, балмад эсвэл эрээ цээргүй зүйлийг Сүнс тэвчиж чадахгүй учраас ийм зүйлс бидэнд зориулагдаагүй гэдэг нь ойлгомжтой.
(David A. Bednar, “That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign, Liahona, May 2006, 30)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.
Дэндүү олон хүн онлайнд бараг л амьдрах шахаж, ухаалаг төхөөрөмжөө өдөр шөнөгүй нүүрэндээ нааж, чихэндээ чихэвч зүүснээр Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойг хааж байна. Хэрэв бид цаг зав гарган, чихэвчээ холдуулахгүй л бол “Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд” [Дуулал 46:10] хэмээх Түүний дуу хоолойг сонсох боломжоо алдаж магадгүй.
(М.Рассэлл Баллард, “Бурханы үнэ цэнтэй бэлгүүд,” Ensign эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 7)
Би илчлэлтийг оюун бодолдоо хэрхэн таних вэ?
Бошиглогч Иосеф Смит ийн заасан.
Хүн илчлэлтийн сүнсний анхны илрэлийг ажигласнаар ашиг тусыг олдог. Жишээ нь, та өөртөө цэвэр оюун ухаан орж ирж байгааг мэдэрвэл илчлэлтийн сүнс оюун ухаанд тань гэнэтийн санаанууд орж ирэхэд хүргэж болно.
(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 151)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) энэхүү ойлголтыг ийн хуваалцсан.
Оюун бодолд орж ирэх сэтгэгдэл маш нарийн, тодорхой байдаг. Зааврыг хэлж бичүүлж байгаа мэт нарийн өнгө аяс бүхий үгсийг сонсож эсвэл мэдэрч, бичиж болдог.
(Richard G. Scott, “Helping Others to Be Spiritually Led” [address given to religious educators at a symposium on the Doctrine and Covenants and Church history, Brigham Young University, Aug. 11, 1998]; мөн Teaching Seminary: Preservice Readings [2004], 55)
Би Ариун Сүнсний өдөөлт, өөрийн бодол хоёрыг хэрхэн ялгаж салгах вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ба түүний эхнэр Сюзан Бэднар эгч ChurchofJesusChrist.org дээр байрлуулсан “Ахлагч Бэднар ба Бэднар эгч—Сүнсийг таних нь” (цагийн код 0:00 - 5:13) видео бичлэг дээр энэ асуултад хариулахад тусалсан.