Лук 10:38–42
Амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлэх
Есүсийг Мартагийн гэрт зааж байхад, сургаалыг нь амьдралдаа нэн тэргүүнд тавихын ач холбогдлын талаар заах боломж Түүнд олдсон. Энэ хичээл танд Есүс Христийг болон Түүний сайн мэдээг амьдралынхаа төвд тавихад туслах сонголт, үйл ажиллагаануудыг тодорхойлж сурахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Нэн тэргүүнд тавих зүйлс
Бид өдөр бүр цагаа юунд ашиглах талаар олон шийдвэр гаргадаг.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.
Бидний ихэнх нь хийж чадахаасаа илүү их зүйлийг хүлээж байдаг. … Бид өөрт байгаа цаг, нөөц бололцоог ашиглан хийх олон сонголттой тулгардаг.
(Dallin H. Oaks, “Good, Better, Best,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 104)
Дараах мэдэгдлүүдийн аль нь таныг дүрсэлж байгааг бод (та нэгээс ихийг сонгох боломжтой).
-
Би сүнслэг болон шашны бус үйл ажиллагааны аль алинд цаг гаргадаг.
-
Би Аврагчийг дагахыг хүсдэг ч бусад үүрэг даалгавраасаа болж ихэвчлэн завгүй байдаг.
-
Миний амьдрал Есүс Христэд төвлөрдөг.
-
Би Есүс Христэд илүү ойртоход цаг гаргахыг хүсдэггүй.
Энэ хичээлээр та Есүс Христийг амьдралынхаа төвд тавихын ач холбогдлын талаар заасан судрын цэдгүүдийг судална. Есүс Христийг нэн тэргүүнд хэрхэн тавьж болохыг ойлгоход тань туслах Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.
Аврагч Мариа, Марта хоёрт заав
Аврагч Бетани руу аялахдаа үнэнч, итгэлтэй шавь болох Марта гэдэг эмэгтэйн гэрт зочилжээ.
Лук 10:38–42 -ыг уншаад, Аврагчийн үлгэр жишээ болон үгсээс юу олж мэдэж болоход анхаарлаа хандуул. Санаа зовних гэдэг нь санаа зовох эсвэл зовлонг өөрийн мэт мэдрэх гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болно.
-
Энэ цэдэг Есүс Христийн тухай мөн Тэрээр биднийг юу хийгээсэй хэмээн хүсдэг талаар танд юу зааж байна вэ?
-
Мариагийн сонголт энэ нөхцөл байдалд ямар учраас тохиромжтой байсан бэ?
Биднийг Есүс Христэд илүү ойртуулдаг сонголтуудыг амьдралдаа нэн тэргүүнд тавих ёстой гэсэн үнэнийг бид сурч болно.
-
Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг Өөрийн Хүү Есүс Христийг амьдралынхаа төвд тавиасай хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?
Хэдийгээр Мариа бусдад үйлчилж болох байсан байж болох ч Есүс Христээс суралцахыг сонгосон бөгөөд энэ нь тухайн үед хийж болох хамгийн чухал зүйл байсан юм ( Лук 10:42 -ыг үзнэ үү).
Ерөнхийлөгч Даллин Х. Өүкс бид хэрхэн үүнтэй адил сонголтуудтай тулгардгийг ийн тайлбарласан.
Ямар нэг зүйл зүгээр л сайн байх нь үүнийг хийх хангалттай шалтгаан биш. Бидний хийж болох сайн зүйлсийн тоо тэдгээрийг хийх цагаас хавьгүй их байдаг. Зарим нь онцгой сайн байдаг ба ийм зүйлд тэргүүн зэргийн анхаарлыг амьдралдаа тавих шаардлагатай.
(Dallin H. Oaks, “Good, Better, Best,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 104)
-
Есүс Христээс холдуулж болох тийм ч чухал биш ямар ямар зүйл таны амьдралд байна вэ?
-
Таныг Есүс Христэд ойртуулах ямар ямар сонголтыг та хийж болох вэ?
-
Хамгийн чухал сонголтуудыг нэн тэргүүнд тавихад юу танд туслах вэ?
-
Амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлэх хүчин чармайлт гаргаснаар та ямар ямар адислалыг хүртсэн бэ?
Төлөвлөгөө гаргах
Өдөр тутмын ердийн үйл ажиллагаануудаа жагсааж бичээд, аль үйл ажиллагаа нь таныг Аврагчид ойртоход тусалж байгааг тодорхойл. Өнөөдөр сурч мэдэж, мэдэрсэн зүйл дээрээ тулгуурлан юуг нэмж эсвэл хасахаа бод. Аврагч дээр амьдралаа илүү бүрэн дүүрэн төвлөрүүлэхийн тулд юу хийх тодорхой төлөвлөгөө гарга.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Сатан бидэнд цагаа ухаалгаар ашиглахад хэрхэн саад болдог вэ?
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан ерөнхийлөгч Стивэн В. Өүэн ийн хэлсэн.
Дайсан та нарт сүнслэг тэжээл шаардлагагүй, эсвэл үүнийг дараа нь хийж болно гэж илүү овжин аргаар ятгахыг хичээх болно. Тэр бол мэргэжлийн сатааруулагч мөн хойш тавилтыг зохиогч мөн. Тэр хойшлуулшгүй мэт боловч үнэн хэрэгтээ тийм ч чухал биш зүйлсэд анхаарлыг тань татах болно. Тэр таныг “олон юманд санаа зовоход” хүргэж, тэгснээр “ганцхан хэрэгтэй зүйлээ” [ Лук 10:41–42 ] үл тоомсорлоход хүргэж болно.
(Стивэн В.Өүэн, “Итгэлгүй бус, итгэлтэй бай,” Ensign, Nov. 2019, 13 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11–12)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г. Скотт (1928–2015) ийн хэлсэн.
Хийх олон гайхалтай, сэтгэл татам зүйл байна уу, аль эсвэл амин чухал зүйлс дээр төвлөрөхөд хүндрэл учруулдаг асуудлууд дээрээс тань дарж байна уу? Дэлхийн зүйлс олшроход буруу зүйлс нэн тэргүүн байр суурийг эзлэх нь олонтоо. Ийм үед амьдралын үндсэн зорилгыг мартахад хялбар. Сатан сайн хүмүүсийн эсрэг ашиглах хүчирхэг зэмсэгтэй. Энэ бол сатаарал юм. Тэр сайн хүмүүсийн амьдралыг “сайн зүйлсээр” дүүргэснээр илүү чухал зүйлсэд оршин байх орон зайгүй болдог. Та энэ урхинд өөрийн мэдэлгүй орсон байгаа юм биш биз?
(Richard G. Scott, “First Things First,” Ensign, May 2001, 7)
Бусдын сонголтыг шүүх нь ямар ямар аюулыг дагуулдаг вэ?
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Д. Паркин ийн хэлсэн.
Мартагийн тусламж хүссэн хүсэлтээс, хэлээгүй л болохоос биш “Би зөв; тэр буруу” гэсэн илт шүүсэн хандлага харагдаж байлаа.
Бид нэг нэгнээ шүүдэг үү? Яг үнэндээ бид нөгөө хүнийхээ онцгой нөхцөл байдал эсвэл хувийн хүсэл тэмүүллийг тэр болгон ойлгодоггүй атлаа өөрсдийгөө илүү сайн мэддэг гэж бодон, нэг нэгнийхээ хувийн сонголтыг шүүмжилдэггүй гэж үү? … Ийм шүүлтүүд … биднээс Христийн цэвэр ариун хайр болох сайн талыг маань булааж авдаг.
Бид мөн өөрсдийгөө бусадтай харьцуулснаар тэрхүү сайн талаа харж чадахаа больдог. Түүний үс илүү гоё, миний хөл бүдүүн, түүний хүүхдүүд илүү авьяаслаг эсвэл түүний цэцэрлэг илүү үзэсгэлэнтэй гэх мэтээр юм юм л бидний толгойд орж ирдэг шүү дээ, эгч дүүс минь. Бид яасан ч байсан ингэж болохгүй. Бид хэн гэдэг дээрээ төвлөрөхийн оронд хэн ч биш гэдэг дээрээ төвлөрч, өөрсдийгөө хангалтгүй мэтээр бодох ёсгүй!
(Bonnie D. Parkin, “Choosing Charity: That Good Part,” Ensign эсвэл Liahona, Nov. 2003, 105)
Би мөн чанарын хувьд муу биш хоёр сонголтоос нэгийг нь хэрхэн сонгох вэ?
Ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн хэлсэн.
Янз бүрийн сонголтуудын талаар бодож байхдаа бид зарим зүйлийн сайн байх нь хангалтгүй гэдгийг санах ёстой. Бусад сонголт нь илүү сайн байдаг ч нөгөө зарим нь хамгийн сайн нь байдаг. …
Зурагт үзэх, видео тоглоом тоглох, интернэтээр аялах эсвэл ном юм уу сэтгүүл унших зэрэг сонголтуудыг хийснээр цагаа хэрхэн ашиглаж байгаа талаараа бодож үз. Мэдээж зохистой, эерэг зугаа цэнгээнтэй зүйл үзэх эсвэл сонирхолтой мэдээлэл олж авах нь сайн хэрэг. Тиймэрхүү зүйлс нь амьдралынхаа нэг хэсгийг өгөх тийм үнэ цэнтэй зүйл биш юм. Зарим нь илүү сайн байхад, нөгөөдүүл нь бүр хамгийн сайн нь байдаг. …
… Бидний гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлдэг учир илүү сайн эсвэл хамгийн сайн сонголтуудыг сонгохын тулд зарим сайн сонголтыг алгасах хэрэгтэй.
(Dallin H. Oaks, “Good, Better, Best,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 104–105, 107)