Матай 14:22–33
“Бүү ай”
Есүс Христ усан дээгүүр алхсан бөгөөд Петрийг мөн ийн алхахад урьжээ. Петр ширүүн салхи, давлагаа хараад живж эхэлсэн бөгөөд Аврагчаас тусламж хүсэн орилсон. Энэ хичээл танд айдастай үе, цөхөрсөн нөхцөл байдалд Аврагчид хандсан Петрийн жишээг дагахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс амьдралын шуурганаар биднийг тайвшруулж чадна
Энэ зурагт төлөөлөгч Петрийн амьдрал дахь айдастай мөчийг харуулжээ. Матай 14:30 дээр “[Петр] айж; мөн живж эхлэв, тэрээр Эзэн, намайг авраач гэж орилжээ” хэмээн гардаг.
-
Өнөөгийн өсвөр үеийнхнийг Петр шиг байдалд ороход хүргэх орчин цагийн ямар ямар нөхцөл байдал байж болох вэ?
-
Айдас төрүүлэм эсвэл живж буй мэт мэдрэмж төрүүлж буй ямар нэг зүйл таны амьдралд байгаа юу?
Танд ийм мэдрэмж төрсөн үед тусламж авахаар ихэвчлэн хаана, хэнд ханддаг тухайгаа нэг хором эргэцүүлэн бод.Есүс Христ таван мянга гаруй хүнийг гайхамшигтайгаар хооллосны дараа Өөрийн шавь нарыг “завинд суулгаж, нөгөө эрэг уруу түрүүлэн явуулахыг” ( Матай 14:22) хүсжээ.
Матай 14:23–33 -ыг уншаад, танд айдас эсвэл живж буй мэт мэдрэмж төрөх үед Аврагчид хандахад туслах Аврагчийн тухай үнэнийг олж мэд. Ариун Сүнснээс ирдэг мэдрэмж, бодол санаанд анхаарлаа хандуул. Тэр танд амьдралд тань тохиолдож буй зүйлсэд эдгээр үнэнийг хэрхэн ашиглаж болохыг таньж мэдэхэд тусална. Өөрийн тодорхойлсон үнэнүүдийг судлах тэмдэглэл эсвэл судрууд дээрээ бич. (Тайлбар: “Дөрөвдүгээр манаа” шөнийн 3:00 цагаас өглөөний 6:00 цагийн хооронд байсан.)
-
Та энэ хүүрнэлээс ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?
-
Усны мандал дээр зогссон байх үедээ Петрийн анхаарал хаашаа чиглэж байсан бэ? Түүнийг живэхэд хүргэсэн зүйл юу вэ?
-
Танд айдас төрсөн эсвэл цөхөрсөн үед Түүнд хандахад тусалж болох Есүс Христийн тухай юуг та сурч мэдсэн бэ?
Аврагч дээр төвлөрөх
Петрийн жишээ бидэнд юун дээр төвлөрөх ёстойг заадаг. Петрийг Есүс Христ дээр төвлөрсөн үед түүнд юу тохиолдсоныг болон түүнийг анхаарлаа эргэн тойрондоо болж буй шуурганд хандуулах үед юу тохиолдсон болохыг санаарай ( 28–31-р шүлгийг үзнэ үү). Одоогийн эсвэл ирээдүйн амьдрал дахь цөхөрмөөр санагдаж магадгүй зүйлсийнхээ талаар цаасан дээр бич. Энэ цаасыг өөрийнхөө зүүн гар талд байрлуул. Одоо Есүс Христийг санагдуулах зураг эсвэл ямар нэг зүйлийг баруун гар талдаа байрлуул. Бодол санаа болон хараагаа цөхөрмөөр нөхцөл байдлын тухай бичсэн цаас, Есүс Христийн зураг хоёрын хооронд ээлжлэн төвлөрүүл.
-
Хүнд хэцүү нөхцөл байдалтай байхдаа, Есүс Христэд итгэх итгэл, хүч чадалд болон бидэнд өгсөн Түүний хайр энэрэлд төвлөрөх нь танд хэрхэн тусалж байна вэ?
-
Сорилтод орсон үедээ Аврагч дээр төвлөрөх ямар ямар арга зам байдаг вэ?
Та ChurchofJesusChrist.org дээрх “Хүнд хэцүү цаг үед Христийг хайж олох нь” (4:35) видео бичлэгийг үзээд, уг бичлэгт гарч буй залуу эр сорилтод орсон үедээ Есүс Христэд төвлөрөхийн тулд юу хийснийг олж мэд.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэснээр энэ хичээлийг дуусга. Та Есүс Христийн тухай юу олж мэдсэн бэ? Бид живж байх үедээ яагаад Түүнд хандах ёстой вэ? Та Түүнд хандахын тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Биднийг Есүс Христэд төвлөрөх үед амьдрал маань хэрхэн өөрчлөгддөг вэ?
Ерөнхийлөгч Ховард В. Хантэр (1907–95) ийн заасан.
Хэрэв хүмүүс, гэр бүл, нийгэм хамт олон, улс үндэстэн, бид бүгд хараагаа Петр шиг Есүсээс салгахгүй байх юм бол “итгэлгүй байдлын давалгааг” ялгууснаар даван туулж, “эргэлзээний хуй салхин дунд айдасгүй” үлдэж чадна. Харин бид итгэвэл зохих Түүнээс хараагаа холдуулж, бидэнд тусалж, биднийг аварч чадах Түүнд биш, харин өөрсдийнхөө эргэн тойрон дахь аймшигт, хор хөнөөлтөй, сүйрүүлэгч хүчин зүйлсийн хүч нөлөөнд найдах юм бол зөрчил сөргөлдөөн, уй гашуу, гутрал цөхрөлийн далайд зайлшгүй живэх болно. Ийнхүү Их Эзэнээс хараагаа салгахад ядаж цөхөх юмгүй бөгөөд дэлхийд биднийг уруу татах юмс дүүрэн байдаг.
(Ховард В.Хантэр, “Амар амгалангийн боомт дээрх зам заагч гэрэл,” Ensign, 1992 оны 11-р сар, 19)
Maтай 14:27 . Бид хүнд хэцүү цаг үеийг туулж байхдаа хэрхэн “зоригтой байх” вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А. Расбанд ийн тайлбарласан.
Бид айдаст автсан атлаа “зоригтой байж” [ Сургаал ба Гэрээ 68:6 ] чадахгүй. Зориг, айдас хоёр нэг нэгнээ үгүйсгэдэг. …
Зоригтой байх гэдэг нь аливаа зүйл төлөвлөснөөр болохгүй үед [Есүс Христэд] итгэж найдахыг хэлнэ. Энэ нь мөн хүнд хэцүү зүйлүүд биднийг бодож төлөвлөөгүй нөхцөл байдалд оруулж мөн гай зовлон, саад бэрхшээл хүсэл мөрөөдлийг маань үгүй хийж байхад бууж өгөхгүй байхыг хэлнэ. Гэвч Их Эзэн “Энэ дэлхийд та нарын баясал бүрэн биш болой, харин миний дотор та нарын баясал бүрэн болой” [ Сургаал ба Гэрээ 101:36 ] хэмээн бидэнд сануулсан.
(Роналд А.Расбанд, “Jesus Christ Is the Answer,” [Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2019 оны 2-р сарын 8], 1–2)
Айдас хэрхэн биднийг Аврагчийн санал болгодог адислалуудыг алдахад хүргэдэг вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд дараах мэдэгдлийг хуваалцжээ.
Судрын энэ түүх Христэд ирж, Түүний дүүрэн байдлыг эрэлхийлэхийг эсвэл Тэрээр уг дүүргэлтийг авчрахаар бидэнд ирснийг сануулдаг тул энэхүү анхны алхам асар их айдас төрүүлж болох юм. Ийм байх ёсгүй ч заримдаа айдас төрдөг. Сайн мэдээний хамгийн агуу логик зөрчилдөөний нэг бол бидний хүлээн авдаг тусламж дэмжлэг, аюулгүй байдлын эх сурвалж нь мөнх бус амьдралд сул дорой байдлаасаа болж зугтаж байж болох зүйл маань байдаг явдал юм. Сонирхогчид ямар нэг шалтгаанаар баптисм хүртэхээс зугтаж байхыг би харсан. Би ахлагчид номлолын дуудлагаас, амраг хосууд гэрлэлтээс, залуу хосууд гэр бүлтэй болохоос болон ирээдүйгээс зугтаж байхыг би харсан. Гагцхүү биднийг адисалж, аварч, тайвшруулах тэр зүйлээс бид ихэвчлэн зугтдаг. Түүнчлэн сайн мэдээний дагуу хийнэ хэмээн амладаг зүйлийг айж явах ёстой зүйл хэмээн бодож, яваандаа орхиж байхыг бид олонтоо хардаг.
(Жэффри Р.Холланд, “Come unto Me” [Бригам Янгийн Их Сургууль дээр болсон шашны хурал дээр, 1997 оны 3-р сарын 2], 8, speeches.byu.edu)