Maтай 15:1–9
“Яагаад та нар ёс заншлынхаа төлөө Бурханы зарлигуудыг зөрчинө” вэ?
Фарисайчууд болон хуулийн багш нар Есүсийн шавь нар яагаад ёс заншлыг дагахгүй байгаа талаар асуухад, Аврагч ёс заншлыг Бурханы зарлигуудыг зөрчих шалтаг болгож ашигладаг хүмүүсийг зэмлэн буруушааж хариулжээ. Энэ хичээл танд танай ямар ёс заншлууд Есүс Христтэй илүү адил болоход тусалж байгааг болон ямар нь таныг Түүнээс холдуулж буйг тодорхойлоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ёс заншил
Дараах жишээнүүдийг унш.
-
Нэгэн залуу эмэгтэйн гэр бүлийнхэн боловсролыг маш чухалд тооцдог ёс заншилтай ажээ. Түүнээс даалгавар, шалгалтууд дээрээ маш сайн гүйцэтгэлтэй байхыг хүсэн хүлээдэг байв.
-
Нэгэн залуу эрийн гэр бүлийнхэн өглөө, орой бүр залбирахыг үеэс үед эн тэргүүний зорилгоо болгосон байлаа.
-
Олон охидыг зохисгүй хувцаслахыг шаардсан томоохон хэмжээний олон нийтийн арга хэмжээ болох гэж байна. Нэгэн залуу эмэгтэй энэ арга хэмжээнд хэрхэн хувцаслах ёстойгоо шийдэх ёстой болоод байна.
-
Нэгэн тойргийн олон өсвөр үеийнхэн хэдэн жилийн турш Ням гаргийн хичээлдээ чин сэтгэлээсээ оролцохгүй байлаа. Тэд хоцорч, анхаарлаа хандуулахгүй байж мөн хичээлийн үеэр гар утсан дээрээ зурвас бичиж эсвэл тоглоом тоглодог байв.
-
Нэг сургууль дээр ахмад суралцагчид нь залуу суралцагчдаа шоглодог уламжлал тогтоод байлаа.
Өмнөх жишээнд хамааруулан, дараах асуултуудад хариулна уу.
-
Яагаад бидний ёс заншил чухал гэж та бодож байна?
-
Бидний ёс заншил Есүс Христтэй адил болох чадварт маань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Ёс заншлаа үнэлэх эсвэл зохисгүй ёс заншлаа өөрчлөх нь хэн нэгэнд яагаад хэцүү байдаг вэ?
Энэ хичээлийг судлах зуураа та ёс заншлын талаарх Есүс Христийн сургаалуудаас заримыг судлах болно. Ёс заншил гэдэг нь “нэг үеэс нөгөө үед уламжлан ирсэн итгэл үнэмшил, зан үйлүүд” юм (Судруудын удирдамж, “ Ёс заншлууд ,” ChurchofJesusChrist.org). Таны амьдралын нэг хэсэг болсон зарим ёс заншлыг судлах тэмдэглэлдээ жагсаан бич.
Ёс заншлын талаарх Аврагчийн сургаалууд
Аврагчийн заасан зүйлийг ойлгохын тулд Матай 15 -ын хам сэдэв эсвэл түүхийг мэдэж байх нь тустай.
Матай 15-ын хам сэдвийн тусламж: Аврагчийн цаг үед еврей удирдагчид Мосегийн бичгэн хуулийг болон Бурханаас өгөгдөөгүй боловч хүмүүсийн дунд ёс заншил болсон аман хуулийг заадаг байсан. Үүнд Хүндэтгэлийн өдөр алхсан алхмаа тоолох, хоолны өмнө гараа сайтар угаах зэрэг хүний сүнслэг цэвэр ариун байдлын илэрхийлэл болсон заншлууд багтаж байв. Ёс заншлын хуулийн зарим хэсгийг амин хувийн шалтгаанаар ашиглах явдал ч байлаа. Жишээлбэл, эцэг эхээ хүндлэх нь Мосегийн хуулиар зарлиг байсан ( Гэтлэл 20:12 -ыг үзнэ үү) боловч зарим хүн өөрсдийн олсон мөнгө эсвэл баялгийг “Бурханд өргөх бэлэг” ( Матай 15:5) тул хөгшин эцэг эхээ асрахад ашиглах боломжгүй гээд энэхүү зарлигийг зөрчиж буйгаа цагаатгахдаа аман хуулийг ашигладаг байсан байна. Эдгээр өөрчлөлт нь уг хууль, зарлигийн жинхэнэ зорилгын нэг хэсэг биш байсан бөгөөд Бурханы таашаалд нийцдэггүй байжээ.
Матай 15:1–9 -ийг уншаад, Аврагч ёс заншлын талаар юу гэж заасныг олж мэд.
-
Эдгээр шүлэгт Аврагч юу зааж байна гэж та бодож байна вэ? Өөрийн олж мэдсэн нэг эсвэл хоёр үнэнийг тодорхойл.
Таны тодорхойлсон байж болох зарим үнэн нь: Зохисгүй ёс заншлууд нь хүмүүсийг Бурханы үгийг хүлээж авахгүй байхад эсвэл үл тоомсорлоход хүргэж болно, хэрэв бид Бурханд ойртож очихыг хүсвэл, Түүний зарлигуудыг өөрт байж болох аливаа ёс заншлаас дээгүүр тавих ёстой зэрэг юм.
-
Хам сэдвийг ойлгох нь танд Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгоход хэрхэн тусалсан бэ?
-
Аврагч яагаад эдгээр ёс заншлыг засаж залруулах эсвэл тэднээс татгалзах ёстой гэж хатуу бодсон гэж та бодож байна вэ?
Дэлхий ертөнцийн ёс заншлуудыг дагаж мөрдөх үү, Бурханы ёс заншлуудыг дагаж мөрдөх үү гэдгийн аль нэгийг сонгох сорилт Түүний хүмүүст үргэлж тулгарсаар иржээ ( Леви 18:30 ; Үйлс 16:19–24 ; Мозая 1:5 ; Сургаал ба Гэрээ 93:39 -ийг үзнэ үү). Энэ хичээлийн эхэнд ярилцсан ёс заншлуудын нэгийн талаар эсвэл өөр ёс заншлын талаар бодож үз. Та дараах асуултад хариулах зуураа энэ уламжлал Аврагчид илүү ойртох таны чадварт хэрхэн нөлөөлж буй талаар бод.
-
Бид тухайн ёс заншил бидний зүрх сэтгэлийг Бурханаас холдуулж байна уу ( Матай 15:8 -ыг үз) эсвэл Түүнд аваачиж байна уу гэдгийг хэрхэн мэдэх вэ?
Судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэсэн ёс заншлаа эргэн сана. Өнөөдөр олж мэдсэн санаанд тань орж буй аливаа ёс заншлыг нэмэх талаар бодож үз. Та мөн өөрийн амьдардаг бүс нутаг эсвэл улс орны ёс заншлуудыг багтааж болно. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч асан Шерил К. Лантын дараах үгийг уншаад, эдгээр ёс заншилд үнэлэмж өгөхөд бэлтгэ. Түүний захиасыг ChurchofJesusChrist.org дээрээс мөн үзэх боломжтой. Дараа нь дагалдах асуултуудын талаар эргэцүүлэн бод.
Бидэнд ямар ямар ёс заншил байдаг вэ? Тэдгээрийн зарим нь бидний эцэг өвгөдөөс ирсэн байж болох бөгөөд бид одоо тэдгээрийг хүүхдүүддээ дамжуулж байна. Тэдгээр нь бидний хүсдэг зүйлс мөн үү? Тэдгээр нь зөв шударга байдал, итгэл үнэмшилд тулгуурласан уу? Тэдгээр нь мөн чанарын хувьд ихэвчлэн материаллаг байдаг уу эсвэл мөнхийн байдаг уу? Бид ухамсартайгаар зөв зүйтэй ёс заншлыг бий болгож байна уу эсвэл зүгээр л амьдрал бидэнд эдгээрийг тохож байна уу? Манай ёс заншлууд дэлхий ертөнцийн чанга дуу хоолойны хариу болж байна уу эсвэл тэдэнд Сүнсний анир чимээгүй, намуухан дуу хоолой нөлөөлж байна уу? Бидний гэр бүлдээ бий болгож буй ёс заншлууд хүүхдүүдэд маань амьд бошиглогчдыг хялбар дагахаар болгож өгч байна уу эсвэл хэцүү болгож байна уу?
(Шерил К.Лант, “Зөв зүйтэй ёс заншил,” Ensign эсвэл 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган)
-
Ямар ёс заншлууд танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болж, хамгийн чухал зүйлс дээр төвлөрөхөд тусалж байна вэ?
-
Ямар ёс заншлууд таныг Есүс Христээс холдуулж, хамгийн чухал зүйлсийг гүйцэтгэхэд тань саад болж байна вэ? Эдгээр ёс заншлыг амьдралаасаа авч хаяхын тулд танд ямар ямар алхам хэрэгтэй вэ?
-
Аврагчийн жишээ танд хамгийн чухал ёс заншлуудыг танин мэдэж, тэдгээр дээр төвлөрөхөд хэрхэн тусалж байна вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Миний амьдралаасаа авч хаях хэрэгтэй байгаа дэлхийн ямар ёс заншлууд байдаг вэ?
“Наманчлал ба өөрчлөлт” хэмээх үгэндээ (Ensign эсвэл Liahona, Nov. 2003, 39) Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс “сайн мэдээний зарлиг, гэрээ, соёлтой зөрчилдөж [байж болзошгүй] зан чанарын элементүүдийн … талаар” олон жишээ дурджээ. Ариун явдал, порнограф, сүмд оролцох оролцоо, шударга байдал, нийгмийн статус эсвэл зэрэглэл зэрэг зүйлсийн хүрээнд авч үзэхэд, бидний зан чанар дэлхий ертөнц дээрх ёс заншлуудаас өөр байж болно. ChurchofJesusChrist.org дээрх ерөнхийлөгч Өүксийн илтгэлийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг үзэх юм уу унших талаар бодож үз.
“Христийн соёл” (Ensign ,Nov. 2020, 48–50 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 52) хэмээх илтгэлдээ Далын ахлагч Виллиам К. Жэксон Христийн соёлыг дэлхий ертөнцийн соёлтой харьцуулжээ. ChurchofJesusChrist.org дээрх түүний үгийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь үзэх юм уу унших талаар бодож үз.
Өөрийн соёлын ёс заншлуудыг хадгалж үлдэхийн хажуугаар Аврагчийг дагах боломжтой юу?
Дараах видео бичлэгээр хэрхэн соёлын ёс заншлуудыг хадгалж үлдэхийн хажуугаар Аврагчийг дагаж болох тухай нэгэн жишээг харуулжээ.