Семинар
Maтай 4; Лук 4–5


Maтай 4; Лук 4–5

Тойм

Аврагч баптисм хүртсэнийхээ дараа Бурхантай хамт байхын тулд цөл рүү явжээ (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:1-ийг үзнэ үү [Матай 4:1 дээр, зүүлт тайлбар б]). Сатан Түүнийг уруу татсан боловч уруу таталтыг нь эсэргүүцэж чадсан. Аврагч Симон, Петр, Андрей, Иаков, Иохан нарыг “[тороо] доошлуулах”-д урьсны дараа тэд гайхамшигтайгаар “маш олон загас” (Лук 5:4, 6) барьсан бөгөөд Аврагчийн тусламжтай юу хийж чадахыг цухас харжээ. Эдгээр загасчин дараа нь бүхнээ орхин, Есүс Христийг дагахаар шийдсэн юм. Фарисай хүн болох “иудейчүүдийн удирдагч” Никодем (Иохан 3:1) авралын тухай чухал асуултуудыг тавихаар Аврагч дээр шөнө ирдэг.

Заахад бэлд

Дараах мэдээлэл нь хичээл бүрийн өмнө юунд урьдчилан бэлдсэн байвал зохих талаар багш нарт санаа оноо өгөх болно.

Матай 4:1–11, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Сатаны уруу таталтыг эсэргүүцсэн Аврагчийн үлгэр жишээг дагахад туслах зарчмуудыг тодорхойлоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Тулгарч байгаа уруу таталтууд, тэдгээрийг эсэргүүцэхэд Аврагч хэрхэн тусалж чадах талаар бодоход суралцагчдыг урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд word файл дээр хүснэгт бэлдээд, дэлгэцээ хуваалцан суралцагчдад харуулж, дараа нь хамтдаа бөглө.

Матай 4:1–11, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь амьдралдаа уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Есүс Христийн үлгэр жишээг дагаж, судрын үнэнийг эргэн санахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Уруу таталтыг сөрөн зогсоход тэдэнд туслах нэг эсвэл хоёр судрын хэсгийг хуваалцахад бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Хэрэв тэд олж чадахгүй бол эцэг эх, гэр бүлийн бусад гишүүнээс эсвэл Сүмийн удирдагчаасаа асуухад тэднийг урамшуул.

  • Doctrinal Mastery аппликэйшн: Гар утасны энэхүү аппликэйшнтай суралцагчдыг хичээл дээрээ ашиглахад урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Уруу таталтыг эсэргүүцэхэд тэдэнд туслах судруудыг хуваалцах боломжийг суралцагчдад олгох зорилгоор чат үйлдлийг ашигла. Чатаа хадгалаад, судрын бүрэн жагсаалтыг суралцагчдад илгээх талаар бодож үз.

Лук 5:1–11

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христийг дагах хүсэл төрүүлэхэд тусалж, ингэснээр Тэр тэдэнд Түүнгүйгээр хэзээ ч хийж чадахгүй байх байсан зүйлийг хийж гүйцэтгэхэд туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Амьдралд нь зориулсан Бурханы зорилгыг мэдэхийн тулд залбирахад суралцагчдыг урь. Патриархын адислалаа авсан суралцагчид Бурхан тэдний амьдралын зорилгын талаар юу илчилсэн болохыг олж унших боломжтой. Заримд нь эцэг эхтэйгээ ярилцах юм уу судруудаас ойлголт хайж олж авахад тустай байж болно.

  • Зураг: Бурхан зорилгоо ойлгоход нь тусалсан учраас амьдралдаа агуу үйлс бүтээж чадсан хүмүүсийн зургийг үзүүлэхэд бэлтгэ (жишээлбэл, Ребека, Мариа эсвэл Иосеф Смит).

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Лук 5:1–11-ийн талаар авч хэлэлцэхдээ, Петрийг шавиараа дуудаж буй Аврагчийн зургийг үзүүлэх талаар бодож үз.

Иохан 3:1–8

Хичээлийн зорилго: Энэ хичээл Бурханы хаант улсад орохын тулд “ус болон Сүнснээс” ( Иохан 3:5) дахин төрөхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христтэй илүү адил болохын тулд хийсэн өөрсдийн болон таньдаг хүнийхээ өөрчлөлтийн талаар ярилцахад бэлдэж ирэхэд урь.

  • Видео бичлэг:A Change of Heart” (цагийн код 4:39; 0:40-өөс 4:09 хүртэл үзэх) эсвэл баптисм хүртэн, гишүүнээр батлуулах ёслолыг хүлээн авах үед Аврагч бидэнд өөрчлөгдөхөд маань хэрхэн тусалдаг болохыг харуулсан өөр видео бичлэг эсвэл түүх

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Баптисм хүртэх, гишүүнээр батлуулах ёслолыг хүлээн авснаар Аврагчаар дамжуулан өөрчлөгдсөн гэр бүлийн гишүүн эсвэл найзаа авчрахад суралцагчдыг урьж болох юм. Хэрэв тэдний сонгосон хүн ирж чадахгүй бол суралцагчид тэдний зургийг үзүүлж, түүхийг нь ярьж болно.

Төгс эзэмших сургаал: Иохан 3:5

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь “Бид Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрөх ёстой” гэсэн сургаалыг ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иохан 3:5 -ын талаар Хүүхдийн хэсгийн ангид заах зүйлээ бэлдэж ирэхэд урь.

  • Материал: Цээжлэх үйл ажиллагаанд (боломжтой бол) зориулсан бичих материал эсвэл Doctrinal Mastery аппликэйшн суулгасан цахим төхөөрөмж