Ром 12–15
Есүс Христээр дамжуулан эв нэгдэлд хүрэх
Танд Сүмийн бусад гишүүнтэй эвлэлдэн нэгдэхэд хэцүү санагдаж байсан үе хэзээ нэгэн цагт тохиолдож байсан уу? Паулын цаг үед амьдарч байсан Ромын гэгээнтнүүд янз бүрийн үндэс угсаа, соёлтой байжээ. Тэд заримдаа нэг нэгэнтэйгээ зөрчилдөж, тэмцэлддэг байв. Үүнд хариу болгож Паул тэднийг “өөр хоорондоо нэг санаатай байцгаа” (Ром 12:16) гэж уриалжээ. Энэ хичээл Аврагчийн Сүмийн гишүүдтэй илүү нэгдмэл болох арга замуудыг олоход тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бид бүгд нэгдэх боломжтой
Мика ба түүний гэр бүлийнхэн гурван жилийн өмнө баптисм хүртжээ. Сүмийн гишүүдийн хувиар амьдралын шинэ арга замд дасан зохицоход Микагийн гэр бүлийнхэнд хэсэг хугацаа орсон байна. Гэсэн хэдий ч тэд салбарынхаа гишүүдийн хүчтэй дэмжлэгийг хүлээн авч, хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Микагийн аав шинэ ажилтай болоод удаагүй тул түүний гэр бүлийнхэн өөр газар луу нүүв. Мика хэдэн долоо хоногийн турш шинэ тойргийнхоо сүмд явж, өсвөр үеийнхэнд зориулсан үйл ажиллагаанд оролцсон боловч өөрийгөө тэнд хүлээн зөвшөөрүүлэхэд хэцүү байлаа. Үе тэнгийнхэн нь эелдэг санагдаж байсан хэдий ч тэдний ихэнх нь удаан хугацааны турш Сүмийн гишүүн байсан тул түүнийг Сүмийн талаар туршлага багатай төдийгүй төгс бус зүйлс ихтэй гэж шүүмжлэх байх гэж эмээж байгаа ажээ.
-
Та энэ нөхцөл байдалд нь туслахын тулд Микад ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
-
Микагийн шинэ тойргийн өсвөр үеийнхэнд та ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
Өөр өөр шашин, соёл иргэншлээс ирсэн Сүмийн гишүүд хамтдаа сүсэглэн мөргөж эхлэх үед Паул ромчуудад зориулсан захидлаа бичжээ. Зарим үед эдгээр гэгээнтэн бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй эсвээс өөрсдөөс нь өөр сонголтууд хийсэн Сүмийн бусад гишүүнийг шударга бусаар шүүж байв. Ром 12–15 дээрх Паулын сургаалаас бидний олж авч болох нэг сургамж бол хэдийгээр бид бүгдээрээ өөр хоорондоо ялгаатай боловч Сүмийн гишүүд Есүс Христийн сургаалаар дамжин эвлэлдэн нэгдэхээр оролдох боломжтой юм.
-
Сүмийн бусад гишүүнтэй эвлэлдэн нэгдэхэд юу саад болдог вэ?
-
Яагаад Өөрийнх нь Сүмийн гишүүд нэгдэх нь Их Эзэнд чухал байдаг гэж та бодож байна вэ?
Өөрийгөө өөрийнхөө тойрог, салбарын хүмүүстэй болон семинарын ангийнхан эсвэл Сүмийн бусад гишүүнтэй хэр эвлэлдэн нэгдсэн гэж боддог талаараа бодож үз. Энэ хичээлийн үеэр Аврагчийн Сүмийн бусад гишүүнтэй хэрхэн илүү эвлэлдэн нэгдэж болох талаараа бодож үз.
Эв нэгдлийн тухай Паулын сургаалууд
-
Та бусадтай илүү эв нэгдэлтэй болоход тань туслах юуг судалсан шүлгүүд дээрээсээ олж мэдсэн бэ?
-
Бусадтай эв нэгдэлтэй болохын тулд хүчин чармайлт гаргах нь Есүс Христтэй илүү адилхан болоход тань хэрхэн тусалдаг вэ?
-
Таны өөрийн эсвэл бусдын амьдралаас олж авсан ямар ямар туршлага Сүмийн бусад гишүүнтэй эв нэгдэлтэй байхын ач холбогдлыг танд харуулсан бэ?
-
Ахлагч Соарэсын зурвасаас юу нь таны анхаарлыг татсан бэ? Яагаад?
Суралцсан зүйлсээ ашиглах
Та өнөөдөр судалсан зүйлсээсээ эв нэгдлийн талаар юу олж мэдэж, мэдэрсэн болохоо бодож үзээрэй. Эдгээр сургаалыг амьдралдаа хэрхэн багтаах талаар төлөвлөгөө гаргахад нэг хором зарцуул. Дараах орчин нөхцөлүүдийн нэг эсвэл хэд хэдэд нь эв нэгдлийн төлөө хэрхэн хүчин чармайлт гаргах талаарх зорилтоо бич.
-
Залуу эмэгтэйчүүдийн анги эсвэл санваарын чуулгын гишүүдтэй хамт байхдаа
-
Семинарынхаа ангийн гишүүдтэй хамт байхдаа
-
Өөрийн тойрог эсвэл салбарын гишүүдтэй хамт байхдаа
Зорилгоо биелүүлэхэд тань саад болох аливаа саад бэрхшээлийг жагсаан бичих нь мөн тустай байж болох юм. Та тэдгээр саад бэрхшээлийг хэрхэн даван туулж чадах вэ? Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Паулын цаг үед Ромын Сүмд тулгарч байсан сорилтуудаас бид юу олж мэдэж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн тайлбарласан.
Манай Сүмийн соёл Есүс Христийн сайн мэдээнээс улбаатай. Төлөөлөгч Паулын ромчуудад бичсэн захидал чухал ач холбогдолтой байдаг. …
… Паул иудейчүүдэд болон харийнханд зарлигуудыг дагаж, бие биеэ хайрлахыг сануулсан ба зөв шударга байдал авралд хүргэдгийг батлан хэлсэн.
Есүс Христийн сайн мэдээний соёл нь харийнхны эсвэл иудейчүүдийн соёл биш юм. Энэ нь хэн нэгний арьсны өнгөөр эсвэл хаана амьдардаг зэргээр тодорхойлогддоггүй. Бид өвөрмөц соёл уламжлалуудад баяртай байдаг ч Есүс Христийн сайн мэдээтэй зөрчилдөж буй соёлын зарим хэсгийг гээх нь зүйтэй.
(Квинтин Л.Күк, “Зүрх сэтгэлээ зөв шударга байдал, эв нэгдэлд нэгтгэх нь,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–19)
Бид Аврагчийн Сүмийн эв нэгдэлтэй гишүүд болохын тулд хүчин чармайлт гаргаснаар юу болох вэ?
Далын ахлагч Хорхэ Т.Бэсэрра ийн заасан.
Тойрог, салбар бүрд бидэнд хүчтэй байж болох хүмүүс, зовж зүдэрч буй хүмүүс хоёрын аль аль нь хэрэгтэй. “Христийн биеийг” бүхэлд нь эрүүл үйл ажиллагаатай байлгахад бүх эрхтэн нь амин чухал хэрэгтэй байдаг. Янз бүрийн цуглаанд оролцож байхдаа би биднийг хүчирхэгжүүлэх, бүрэн бүтэн болгох хэн хэн ирээгүй байна вэ гэж үргэлж боддог.
(Хорхэ Т.Бэсэрра, “Хөөрхийлөлтэй хүмүүс,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38)
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Шэрон Юбанк эгч дараах түүхийг хуваалцжээ.
1842 онд гэгээнтнүүд Наувугийн ариун сүмийг барихаар шаргуу ажиллаж байлаа. Бошиглогч Иосеф Смит 3-р сард Халамжийн нийгэмлэгийг байгуулсныхаа дараа ариун сүм дотор удахгүй байгуулах ариун нандин, эв нэгдлийн гэрээнүүдэд бэлтгэхээр тэдний цуглаан дээр үргэлж ирдэг байв.
6-р сарын 9-нд бошиглогч “нигүүлслийг номлох гэж байна гэж хэлжээ[.] Есүс Христ болон [түүний] тэнгэр элч нар өчүүхэн жижиг зүйлст л бидэнд дургүйцдэг байсан бол бидэнд юу тохиолдох вэ? Бид нигүүлсэнгүй байж, жижиг сажиг зүйлсийг анзаарахгүй байх ёстой.” Ерөнхийлөгч Смит “сэтгэл нэгтэй байж Бурханы хүчийг олж аван, нэг гишүүнээ зовоход бүгд тэрийг нь мэдрэхээс илүү бүрэн дүүрэн нөхөрлөл байдаггүйд би харамсдаг” гэж үргэлжлүүлэн хэлжээ [“Хурлын протокол ба баримт, 1842 оны 6-р сарын 9,” 61, Иосеф Смитийн бичвэрээс].
Энэ богинохон өгүүлбэр надад тун их нөлөөлсөн. Бид сэтгэл нэгтэй байж Бурханы хүчийг олж авдаг. Энэ дэлхий миний хүссэнээр байдаггүй. Надад өөрчилж, сайжруулахыг хүсдэг олон зүйл бий. Шулуухан хэлэхэд, миний найддаг зүйлст олон эсэргүүцэл тулгардаг мөн заримдаа надад ямар ч хүч нөлөө байхгүй мэт санагддаг. Сүүлийн үед би өөртөө нухацтай асуултууд тавьж байгаа. Би хэрхэн эргэн тойрныхоо хүмүүсийг илүү сайн ойлгож чаддаг болох вэ? Хүн бүхэн хоорондоо маш их ялгаатай байхад би яаж “сэтгэл нэгтэй” болох вэ? Хэрэв би бусадтай арай илүү нэгдмэл байвал Бурханаас ямар хүчийг авч болох вэ?
(Шэрон Юбанк, “Бид сэтгэл нэгтэй байж Бурханы хүчийг олж авдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60)
-
-
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий зөвлөлийн Ахмад С.Корбитт ах Сүмд олон төрлийн соёлтой хүмүүс өсөн нэмэгдэж буй талаар ярьсан байна.