Семинар
Ром 7–12


Ром 7–12

“Чөлөөлөгч … итгэл сүсэггүйдлийг … зайлуулна”

A young man is in his home. He is reading and studying scriptures. This is in Fiji.

Бид заримдаа амьдралын аян замдаа байх ёстой түвшиндээ хүрч чадахгүй байгаадаа урам хугарч, сэтгэлээр унаж болох юм. Үүнтэй адил сэтгэлээр унасан төлөөлөгч Паул “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ!” (Ром 7:24) гэж уулга алджээ. Бид мөнх бус амьдралд мэдэрдэг сул талуудаа үл хайхран, Есүс Христэд итгэх итгэлээ өсгөх замаар найдвар, амар амгаланг мэдрэх боломжтой. Энэ хичээл танд сул талаа ялан дийлэхийн тулд Есүс Христэд итгэх итгэлээ илүү их хэрэгжүүлэхэд тусална. 

Мормоны Номыг ашиглах. Нифай Мормоны Ном ба хожмын үеийн бусад судар Библийн “үнэнийг тогтоохын” тулд гарч ирэх болно хэмээн заасан ( 1 Нифай 13:40). Суралцагчдыг Мормоны Номын судрын хэсгүүдийг Библи дээрхтэй хамт судлахад урих нь тэдэнд Есүс Христийн сайн мэдээний үнэнийг илүү тод томруун харахад тусалж болох юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ром 7:14, 18–19, 24–25 -ыг 2 Нифай 4:17–20, 26–32 -ын хамт уншихад урь. Тэднээс Мормоны Номын судрын энэ хэсэг Ром 7-д заасан зүйлийн талаарх ойлголтыг нь хэрхэн тэлсэн эсвэл тодруулсан талаар хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс. Суралцагчдад ангидаа өөрсдийн Мормоны Номыг авчрахыг мөн сануул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Мөнх бус байдлын сул талуудаа ялан дийлэх

Дараах жишээг суралцагчдын хэрэгцээ шаардлагад үндэслэн тохируулан өөрчлөхөд эсвэл сул талаасаа болж урам хугарсан өсвөр насны хүүхдийн тухай жишээг өөрсдөө зохиоход суралцагчдыг урих талаар бодож үз.

Трэй бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн юм. Тэр Есүс Христийг дагахыг хүсдэг ч өөрийгөө ихэвчлэн зохих ёсоор дагаж чаддаггүй гэж боддог байна. Сул талаасаа болж түүнд ихэвчлэн буруу зүйл үйлдсэн мэт мэдрэмж төрдөг бөгөөд өөрийгөө хангалттай сайн байж чадахгүй байна гэдэгтээ санаа зовдог аж.

Танд яагаад заримдаа Трэйд төрсөнтэй адил мэдрэмж төрдөг талаар бодож үзээрэй.

  • Эдгээр мэдрэмж Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой болон бусадтай харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Өөрийн сул тал, төгс бус байдлыг ялан дийлэхийн тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж авахаар эрэлхийлэх нь яагаад чухал вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн бидний мөнх бус байдлын сул талуудыг ойлгодог. Бид зарим үед бууж өгдөг. Гэвч Тэр мөн бидний агуу нөөц бололцоог мэддэг” гэж заажээ (“Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104). Энэ хичээлийг судлахдаа, ерөнхийлөгч Нэлсоны юу заасныг санаад, мөнх бус байдлын сул талыг танин мэдэхэд танд туслах үнэнүүдийг хайж ол. Эдгээр үнэн Есүс Христ танд тусалж чадна гэсэн итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж болохыг тунгаан бод.

Төлөөлөгч Паул ч гэсэн сул дорой байдлаа мөн “махбод” ( Ром 7:18) буюу махан биеийн дур хүсэл, “доторх хүн” ( 22-р шүлэг) буюу сүнслэг байдал хоёрын хоорондын тэмцлийг мэдэрсэн.

Ром 7:14, 18–19, 24–25 -ыг болон Библийн хавсралт дахь Иосеф Смитийн Орчуулгын эдгээр шүлгийн орчуулгыг унш. Паулын бодол санаа, мэдрэмжийг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг хайж ол. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэх талаар бодож үз. 24-р шүлэг дэх “энэ үхэл” гэдэг нь гэм нүглийн улмаас ирдэг сүнслэг үхэл буюу Бурханаас тусгаарлагдахыг хэлж байгааг анхаар.

  • Паулын бодол, мэдрэмж таны бодол санаа, мэдрэмжтэй юугаараа төстэй байна вэ?

  • Паул ямар ямар үнэнийг заасан бэ?

Та эдгээр шүлгээс Есүс Христ биднийг гэм нүглийн боолчлолоос чөлөөлж чадна гэсэн үнэнийг тодорхойлсон байж болох юм. Та энэ үнэнийг Ром 7:24–25 -ын ойролцоо бичиж болно.

  • Паулд тусалсан энэ үнэнийг өөрийн сул талуудтай тэмцэж байхдаа санах нь хэрхэн илүү их итгэл найдварыг мэдрэхэд танд туслах вэ?

Мормоны Ном бол Библид заасан үнэнүүдийн талаарх ойлголтоо бататгахын тулд ашиглах боломжтой хүчирхэг хэрэгсэл юм ( 1 Нифай 13:40 ; 2 Нифай 3:12 -ыг үзнэ үү).

Жишээлбэл: 2 Нифай 4 -т Нифай таны Ром 7 -д Паулаас суралцсантай ижил төстэй сургаалыг хуваалцсан байдаг. Ром 7-ийн зүүлт тайлбарууд 2 Нифай 4-ийн харьцуулах эшлэлийг агуулсан болохыг анхаарна уу. Зүүлт тайлбарыг ашиглах нь Библиэс судалж байгаа зүйлстэй тань холбоотой, Мормоны Номын судрын хэсгүүдийг хайж олоход туслах арга зам юм.

2 Нифай 4:17–20, 26–32 -ыг уншаад, Нифай Паулынхтай адил мэдрэмжийг хэрхэн илэрхийлсэн болохыг олж мэд.

  • Нифайн хэлсэн ямар үг, хэллэг танд хамгийн утга учиртай байсан бэ? Яагаад?

  • Сул талтайгаа тэмцэж эсвэл өөртөө эргэлзэх үед Нифайн сургаал хэрхэн танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход тусалж болох вэ?

Үнэнийг илүү сайн ойлгохын тулд Мормоны Номыг ашиглах

Хичээлийн төгсгөлд цаг гарвал, Паулын болон Мормоны Номын сургаалын хоорондох өөр бусад уялдаа холбоог олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах материалыг ашиглах талаар бодож үз.

2 Нифай 4 нь Ром 7 дээрх Паулын сургаалыг судлах үйл явцыг тань сайжруулсан шиг Мормоны Номын судрын өөр олон хэсэг Паулын сургаалыг илүү сайн ойлгож, талархахад танд тусална.

Ром номын дараах судрын хэсгүүдээс хоёр эсвэл хоёроос олныг сонгож унших замаар Паулын сургаалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийн тулд Мормоны Номыг ашиглах дадлага хий. Дараа нь тэдгээрийг Мормоны Номын зохих судрын хэсгүүдтэй харьцуул (Судруудын удирдамжийг ашиглан Мормоны Номоос холбогдох судрын хэсгүүдийг бие даан ол). Мормоны Номын судрын хэсгүүд хэрхэн Ром номд заасан үнэнүүдийг баталж эсвэл тодруулж байгааг олж мэд.

Суралцагчдад харуулж, ашиглуулах зорилгоор дараах хүснэгтийг үзүүл. Мөн тэднийг чадвал, Мормоны Номоос өөрсдийн тодотгох судрын хэсгүүдийг олоход урь.

Ром

Мормоны Ном

Ром 8:5–7

2 Нифай 9:39 ; Мозая 3:19

Ром 8:28

Алма 36:3

Ром 11:26

2 Нифай 9:19–21

Ром 12:1

Омнаи 1:26

Ром 12:2

Алма 5:57

Ром 12:21

Алма 37:33–35

  • Мормоны Номын судрын хэсгүүд Ром дээрх Паулын сургаалын талаарх таны ойлголтыг хэрхэн бэхжүүлсэн бэ?

Мормоны Ном Библиэс суралцахад тань хэрхэн тусалж чадахыг олж харсан туршлагаа эргэцүүлэн бод. Шинэ Гэрээг үргэлжлүүлэн судлахдаа тусламж авахын тул Мормоны Номыг ашиглахыг эрэлхийл.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Есүс Христ мөнх бус амьдрал дахь сул талаа ялан дийлэхэд хэрхэн надад туслах вэ?

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

19:13
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Олон хүн хийх ёстой зүйлээ бүрэн хийдэггүй учраас шантарч, сэтгэлээр унадаг. Тэд “сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм” [ Матай 26:41 ] гэдгийг хувийнхаа туршлагаас мэднэ. Тэд Нифайн “бодгаль минь миний алдсуудын учир гашуудах ажгуу” [ 2 Нифай 4:17 ] хэмээн тунхагласантай дуу нэгтэй байдаг. …

Би анхны Христийн амилсны баярын ням гараг хүртэл Аврагчийн бидний төлөө гүйцэтгэсэн зүйлсийн талаар бодохдоо, Хамгийн Агуу Дээд Бурханыг болон Түүний Хүү Есүс Христийг чанга дуугаар магтан дуулахыг хүсдэг.

Тэнгэрийн үүд хаалга нээгдлээ!

Тэнгэрийн цонх нээгдлээ!

Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хүмүүс Бурханы ач ивээлээс өнөөдөр төдийгүй, үеийн үед хүртэх боломжтой [ 3 Нифай 9:19–20 -ийг үзнэ үү]. Есүс Христ бидний мөнх бус оюун ухаанаараа төсөөлөхийн аргагүй өндөрлөгт хүрэх замыг бэлдсэн [ 1 Коринт 2:9 -ийг үзнэ үү].

(Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98)

 

   

2:3

Библи, Мормоны Ном хоёр хэрхэн хамтдаа ажиллаж, Бурханы биднийг гэх хайрыг харуулдаг вэ?

Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) ийн тайлбарлажээ.

Head and shoulders portrait of LDS Church President Harold B. Lee.

Хүүхдүүдийнхээ сүнслэг сайн сайхны төлөө үргэлж санаа тавьдаг бидний мөнхийн Тэнгэрлэг Эцэг Мормоны Ном хэмээн нэрлэгддэг, судрыг орлох номыг Их Эзэний чиглүүлснээр, Библид бошиглогчдын бичиж, ярьсан үнэнүүдийг хамгаалахын тулд бидэнд өгсөн нь юутай аз завшаантай тохиол билээ. …

… Би энэхүү хоёр дахь гэрчээр дамжуулан эртний бошиглогчдын, чухамдаа Эзэн болон Түүний шавь нар хүмүүсийн дунд амьдарч мөн тэдэнд заадаг байсан сургаалуудын утга учрыг илүү тодорхой мэдэж болно. Энэ нь үнэнийг чин шударгаар эрж хайдаг бүх хүнд сүнслэг удирдамж болох бөгөөд ариун судрын энэ хоёр номыг нэг ном гэж бидний нэгэн адил үзэн, хамтад нь судалбал, эдгээр нь үнэхээр уялдаа холбоотойг ойлгох болно.

(Harold B. Lee, Ye Are the Light of the World [1974], 89, 91)

Яагаад Паул бид аврагдахын тулд зөвхөн Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэж хэлсэн бэ?

Ром 10:1–13 -ыг, аврагдахын тулд зөвхөн Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрөхөд л болно гэсэн байр суурийг хамгаалахын тулд ихэнхдээ эш татдаг. Гэхдээ Аврагч “Намайг Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй, харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно” ( Матай 7:21) хэмээн хэлэхдээ яг энэ сургаалыг үгүйсгэсэн байдаг.

Түүнчлэн Паул өмнө нь ромчуудад бичсэн захидалдаа баптисмын ёслолын ач холбогдлыг онцолж ( Ром 6:1–6 -г үзнэ үү), сайн үйлсийн болон зүрх сэтгэлээ өөрчлөхийн ач холбогдлыг заасан ( Ром 2:1, 3, 6–13, 25–29 -ийг үзнэ үү).

Мөн Ром 10:9 дээрх “хүлээн зөвшөөрөх” гэдэг үгийг “гэрээ,” Ром 10:13 дээрх “дуудах” гэсэн хэллэгийг “нэрийг өөртөө авах” гэж орчуулж болох юм (James Strong, The New Strong’s Exhaustive Concordance of the Bible, as found in http://lexiconcordance.com/greek/3670.html; http://lexiconcordance.com/greek/1941.html-ийг үзнэ үү). Эдгээр нь Паулын бусад сургаалтай таардаг ( Галат 3:27 ; Ром 6:14–22 -ыг үзнэ үү) мөн Мозая 5:1–9 зэрэг Мормоны Номын холбогдох судрын хэсэг дээрх гэрээ байгуулах, Христийн нэрийг өөр дээрээ авах гэсэн утгыг илэрхийлж болох юм.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Ром 9 ба 11: “Израилиас байгаа нь бүгд израиль биш” ( Ром 9:6)

Сонгох, урьдчилан томилох сургаал дээр төвлөрүүлж уг хичээлийг өөрчлөх талаар бодож үз. Суралцагчид Ром 9:1–7 , 11:1–5, 25–32 -ыг Судруудын удирдамж дээрх “ Сонгууль ” ба “ Урьдчилсан томилолт ” гэсэн сэдвүүдтэй хамт судалж болно (scriptures.ChurchofJesusChrist.org дээрх “Судлахад туслах материал”). Тэд ерөнхийлөгч Нэлсоны Ерөнхий чуулган дээр хэлсэн “Бурхан ялах болтугай” (Ensign, Nov. 2020, 92–95 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92–95) үгийг олоод, эдгээр үнэн тэдэнд ямар хамаатай болох талаар олж мэдсэн ойлголтоо хуваалцаж болно ( Ром 8:14–15 -ыг үзнэ үү).

Хичээл дээр төвлөрч болох өөр зүйл

Яагаад бидэнд Библиэс гадна Мормоны Ном байгаа зарим шалтгааныг ойлгоход нь суралцагчдад туслахад энэ хичээлийг төвлөрүүлэх талаар бодож үз. Суралцагчдад Библиэс өөр нэмэлт судрын хэрэгцээ байгааг олж харахгүй байгаагаа мөн яагаад хэн нэгэнд Мормоны Ном хэрэгтэй гэдэгт эргэлзэж байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрээ тавьсан нэг найз байдаг гэсэн нэг жишээг дүрслэн эхлүүлэх талаар бодож үз.

   

Дараа нь суралцагчид энэ хичээлээр эш татсан судруудыг ашиглан Мормоны Ном хэрхэн Библи дээрх үнэнүүдийг тодотгож, баталдаг болохыг олж харж, найздаа өгөх хариултаа бичиж болно.

2:3