Ром 8:18–39
“Христ доторх Бурханы хайр”
Та цухалдмаар, шударга бус эсвэл хэцүү нөхцөл байдалтай тулгарах үедээ Бурхан өөрийг тань анхаарч үздэг эсэхэд эргэлзэхэд хүрч байсан уу? Ромын гэгээнтнүүдэд бичсэн Паулын захидалд зовж шаналсан хүн бүрийг тайтгаруулах үгс агуулагдаж байв. Тэдний зарим нь аймшигтай сорилт бэрхшээл амссан хүмүүс байжээ. Энэ хичээл танд сорилт бэрхшээл, тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайраар дамжуулан найдвар, тайтгарал мэдрэхэд туслах болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та ямар эмчилгээ санал болгох байсан бэ?
Дараах өвчнүүдийг эмчлэхийн тулд эмч юу санал болгох байсан талаар бодож үз.
-
Ходоод хямардаг
-
Хөлийн хуруугаа хугалсан
-
Толгой өвддөг
-
Ханиад хүрсэн
Дараах асуултуудад хариул.
-
Эдгээр өвчтэй хүн тус бүрд ямар тусгайлсан зөвлөгөө өгөх вэ?
-
Эдгээр бүх өвчнийг эмчлэхэд ямар ерөнхий зөвлөгөө туслах вэ?
Мэдээж бүх сорилт бэрхшээл мөн чанарын хувьд бие махбодынх байдаггүй. Олон хүн сэтгэц, сэтгэл хөдлөл, сүнслэг сорилтын улмаас зовж шаналдаг. Аврагч маань бидэнд юу тулгарч байгаагаас үл хамааран бидний хүн нэг бүрд хэрхэн тусалж, хүчирхэгжүүлэхээ мэддэг. Хүн бүрд тулгарсан сорилт бэрхшээл өөрийн гэсэн онцлогтой байдаг ч Бурхан ямар ч хэцүү нөхцөл байдалд бидэнд тусалдаг, биднийг тайвшруулдаг мөнхийн үнэнүүдийг заасан. Судлах тэмдэглэлдээ өөртөө эсвэл хайртай хүмүүстээ тусламж авахыг хүсэж буй сорилт бэрхшээлийнхээ талаар богинохон жагсаалт гарга.
-
Эдгээр сорилт бэрхшээлд туслах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ эсвэл авралын төлөвлөгөөний тухай та юу мэдэх вэ? Тэрхүү мэдлэг танд хэрхэн тусалсан бэ?
Хэдийгээр таны гэрчлэл таны эсвэл хайртай хүмүүсийн тань амсаж буй бодит байдал, өвчин зовуурь эсвэл хэцүү бэрх сорилт бэрхшээлүүдийг багасгахгүй ч энэ нь эдгээр сорилт бэрхшээлийн дунд найдвар, тайтгарал өгч, мөнхийн талаас нь харах боломжийг олгох болно.
Паулыг ромчуудад захидлаа илгээснээс хэдхэн жилийн дараа, Ромын гэгээнтнүүд аймшигтай хавчлагыг амссан байна. Ром 8:18, 24–25, 28, 31–39 -ийг уншаад, хүн нэг бүрд тулгарсан онцгой зовлон шаналлаас үл хамааран хэн нэгэнд тусалж эсвэл тайтгаруулна гэж итгэж буй үг хэллэг бүрийг тэмдэглэ.
-
Эдгээр шүлгээс танд сэтгэгдэл төрүүлсэн нэг үг хэллэгийг бичиж тэмдэглэ. Та яагаад уг хэллэгийг сонгосон бэ?
-
Энэ үг хэллэгт заасан үнэнүүдийг мэдэж байх нь зовлон шаналалтай нүүр тулсан танд болон таны хайртай хүмүүст хэрхэн туслах талаар бичиж тэмдэглэ.
-
Сонгосон үг хэллэгээ цээжлэхийг бод. Та мөн электрон төхөөрөмж дээрээ энэ үг хэллэгийг өдөр бүр сануулах сануулагч үүсгэх юм уу бичээд, дараагийн хэдэн өдрийн турш өдөр бүр харах боломжтой газарт байрлуулж болно.
Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн хайр
Эдгээр шүлэгт таны тэмдэглэсэн байж болох үг хэллэгүүдийн нэг нь “[юу ч] Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй” ( Ром 8:39) гэсэн үнэнийг сургадаг.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрийг тань хайрладгийг таныг мэдээсэй гэж хүсдэг. Тэд тэрхүү хайраа үг, үйлдэл хоёулангаар нь харуулдаг.
-
Ром 8:32 дээрээс харахад, Тэнгэрлэг Эцэг таныг хайрладаг болохоо харуулахын тулд юу хийсэн бэ?
Иохан 3:16 дээрх төгс эзэмших сургаалын судрын хэсгийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн Хүүг дэлхий рүү илгээсэн шалтгааны талаар Аврагч юу гэж заасан болохыг ажигла. Та судрын энэ хэсгийг Ром 8:32 -ын харьцуулах эшлэл болгож эсвэл холбоос үүсгэхийг хүсэж болох юм.
Аврагч бидний гэм нүглийг дуртайяа цагаатгахад бэлэн байдаг нь Түүний бидэнд зориулсан хайрын бас нэгэн нотолгоо билээ ( Ром 8:34–35 ; Сургаал ба Гэрээ 34:1–3 -ыг үзнэ үү).
-
Та хэзээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг амьдралдаа мэдэрсэн бэ? Тэдний хайр зовлон шаналлыг даван туулахад тань хэрхэн тусалсан бэ?
Судлах тэмдэглэлдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар санаж явахыг хүсэж буй юуг өнөөдөр олж мэдсэн болохоо бичиж тэмдэглэ. Түүнчлэн та өөрийн тань өнөөдөр олж мэдсэн эсвэл мэдэрсэн зүйл тус болж мэдэх гэр бүлийн гишүүнд эсвэл найздаа зориулж тэмдэглэл бичиж өгөх талаар бодож үзэж болох юм.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Дэлхий дээр бидний амсдаг зовлон шаналал нь “бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш” гэсэн нь юу гэсэн утгатай вэ? ( Ром 8:18)
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх Линда С.Рийвс эгч ийн заасан.
Эгч нар аа, яагаад бид ийм их сорилттой тулгардаг учир шалтгааныг би мэдэхгүй ч авах шагнал нь агуу, мөнхийн хийгээд үүрдийн, төсөөлөхийн аргагүй гайхалтай учраас бид нигүүлсэнгүй хайрт Эцэгтээ энэ бүхний төлөө ийм өчүүхэн зүйлс шаардагдсан гэж үү хэмээн дуу алдах байх гэж би хувьдаа боддог. Хэрэв бид өдөр бүр Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын биднийг хайрлах хайр хэчнээн гүн болохыг санаж, хүлээн зөвшөөрөх юм бол Тэдний дэргэд буцаж очихын тулд ямар ч зүйлийг хийхэд бэлэн байх юм. Хайрт эгч нар аа … хэрэв энэ амьдралдаа туулах зовлон зүдгүүр маань эцсийн эцэст Тэдэнтэй хамт Бурханы хаант улсад мөнх амьдрал, алдар суугаас хүртэх эрхийг олгох тэр зүйл нь юм бол энд бидний юу үзэж туулсан нь тийм чухал байна гэж үү?
(Линда С.Рийвс, “Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь,” Ensign, Nov. 2015, 11 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 137)
Бидний зовлон шаналал хэрхэн “[бидний] сайн сайхны төлөө хамтдаа ажилладаг” вэ? ( Ром 8:28)
Далын ахлагч Жэймс Б.Мартино ийн хэлсэн.
Биднийг бүрэн дүүрэн, төгс төгөлдөр хайрладаг Тэнгэрлэг Эцэг маань бидэнд Христтэй улам илүү адилхан болоход шаардлагатай онцлог байдал, зан чанарыг хөгжүүлэх боломжийг олгодог туршлагууд олж авахыг зөвшөөрдөг. Сорилт бэрхшээлүүд бидэнд олон хэлбэрээр ирдэг боловч эдгээр нь бидэнд тухайн туршлага бүрээс олж авах сайн зүйлсийг танин мэдсэнээр Аврагчтай илүү адилхан болох боломжийг олгох болно. Бид энэ сургаалыг ойлгосноор Эцэгийнхээ хайрыг илүү их мэдэж авдаг. Бид энэ амьдралдаа яагаад ийм зүйлстэй учирдаг болохоо хэзээ ч мэдэж чадахгүй байж болох ч туршлагаасаа илүү ихийг олж авч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно.
(Жэймс Б.Мартино, “Сайны төлөө бүх юм хамтдаа ажилладаг,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112–114)
Юу ч “Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? ( Ром 8:39)
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) ийн хэлсэн.
Таны Тэнгэрлэг Эцэг та нарыг бүгдийг нь хайрладаг. Тэр хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Үүнд таны царай зүс, эд баялаг эсвэл банкны дансанд тань байгаа мөнгөний хэмжээ нөлөөлөхгүй. Таны авьяас, ур чадвар ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ хайр зүгээр л үргэлж байж байдаг. Таны уйтгартай эсвэл аз жаргалтай, урам хугарсан эсвэл итгэл найдвараар дүүрэн аль ч үед таны төлөө байж л байдаг. Хайрлуулах эрхтэй гэдгээ мэдэрч байгаа эсэхээс тань үл хамааран Бурхан та бүхнийг хайрладаг. Энэ хайр зүгээр л үргэлж байж байдаг.
(Томас С.Монсон, “Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141–144)
Бурхан хайр энэрлээр дүүрэн учраас ямар сонголт хийснээс нь үл хамааран хүн бүрийг аврах болов уу?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Бурханы хайрын талаар дараах зүйлийг заажээ.
Сударт Түүний хайрыг “агуу хийгээд гайхамшигт хайр,” “төгс хайр,” “гэтэлгэх хайр,” “үүрдийн хайр” гэж тодорхойлдог. Бурханы хайранд нөхцөл байдаггүй гэх тодорхойлолт нь Бурхан бүх зүйлийг хүлцэн тэвчдэг; Түүний хайранд нөхцөл байдаггүй учраас биднийг шийтгэхгүй юм уу биднээс юу ч шаардахгүй эсвэл бүгд Бурханы тэнгэрлэг хаант улсад аврагдах болно гэх мэтээр тэнгэрлэг хайрын талаар буруу сэтгэгдэл төрүүлж болзошгүй учраас бусад тодорхойлолт нь илүү дээр юм. Бурханы хайр хязгааргүй бөгөөд үүрд мөнх байх болно. Гэхдээ бидний хүн нэг бүрд ямар утга учиртай байх нь Түүний хайранд ямар хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаална.
(Д.Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37)