Семинар
Ром 6


Ром 6

“Шинэ амийн дотор явах”

A young man being baptized in a baptismal font in a church building in Madagascar.

Бурханд өөрийгөө зориулах амаргүй. Гэхдээ Есүс Христ биднийг өөрсдийн хуучин, нүгэлт талаа үхүүлбэл бидэнд шинэ амийг өгч, мөн чанарыг маань өөрчилж, Өөртэйгөө илүү адилхан болгоно хэмээн амладаг. Биднийг баптисмын ёслолоор дамжуулан “шинэ амийн дотор явах[ад]” ( Ром 6:4) бидэнд туслах Аврагчийн өөрчлөгч хүчийг хүлээн авах боломжтой гэж Паул заажээ. Энэ хичээл танд Есүс Христээр дамжуулан өөрчлөгдөхийг эрэлхийлж, эдгээр өөрчлөлт явагдаж байгааг илүү сайн таньж мэдэхэд тусална.

Хэцүү үг, хэллэгийг ойлгох. Суралцагчид судраас судлахдаа танил биш, ойлгоход хэцүү үг, хэллэгтэй таарч болно. Толь бичиг, суралцагчийн гарын авлага, зүүлт тайлбар болон судраас судлахад туслах материалууд нь ихэвчлэн судрын хэцүү үг хэллэг, хүнд хэцүү агуулгыг ойлгоход суралцагчдад тусалдаг болохыг заа.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг баптисмаар нь юу болсныг эргэн санаж, зураг байвал авчрахад урь. Зарим суралцагч эсвэл тэдний эцэг эх баптисм хүртэхэд нь тэмдэглэл бичсэн байж болох юм. Тэмдэглэлд бичсэн зүйлээ унших эсвэл баптисмаар нь болсон, ялангуяа мартсан байж болох үйл явдлын талаар эцэг эхтэйгээ ярилцах нь суралцагчдад сонирхолтой байж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Баптисмаараа болсон үйл явдал, зургаа хуваалцаж мөн суралцагчдыг хуваалцахад урь.

  • Та нар баптисмынхаа талаар юуг санаж байна вэ?

  • Та баптисм хүртсэнээсээ хойш сүнслэг байдлын хувьд өөрчлөгдсөн үү?

Сүнслэг өсөлт хөгжлийнхөө талаар цаг гарган тунгаан бод. Та өөрөөсөө “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэл, Тэдэнтэй харилцах харилцаа маань сайжирч байна уу?” эсвэл “Аврагчийнхаа талаар олж мэдсэн зүйлс маань миний хандлага, үйлдэлд хэрхэн нөлөөлж байна вэ?” гэх мэтчилэн асууж болох юм. Ром 6 -г судлахдаа, Аврагчтай илүү адилхан болж байгаа эсэхээ мөн Тэрээр танд Өөртэй нь илүү адилхан болж, өсөж хөгжихөд хэрхэн тусалж чадах талаар тунгаан бод.

Усанд умбуулах баптисм нь үхэл, амилуулалтыг бэлгэддэг.

Судар дээрх бэлгэдлүүдийг таньж мэдэн, ойлгож сурах нь чухал чадвар юм. Паул Есүс Христэд биднийг өөрчлөх, Цагаатгалаараа дамжуулан шинэ амь өгөх боломжийг олгохын тулд өөрсдийн хуучин, нүгэлт амьдралыг ардаа орхих ёстой гэдгийг ойлгоход нь Ромын гэгээнтнүүдэд туслахын тулд усанд умбуулах баптисмын бэлгэдлүүдийг ашиглажээ.

Ром 6:3–8 -ыг уншаад, Аврагчийн талаар танд илүү гүн гүнзгий заах бэлгэдлүүдийг хайж ол. 7-р шүлгийн Иосеф Смитийн Орчуулгад “Учир нь нүглийн хувьд үхсэн тэрээр нүглээс чөлөөлөгдсөн” ( Ром 6:7 , зүүлт тайлбар a дээр) гэсэн байдгийг мэдэх нь тустай байж болох юм.

  • Ром 6:3–8 -д цэдэглэснээр, гүнд буух, доор оршуулагдах, баптисмаар уснаас гарч ирэх зэрэг нь бидний хувьд юуг төлөөлж байна вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Сайн мэдээний амин чухал ёслолууд Цагаатгалыг бэлгэддэг юм. Усанд умбуулах баптисм нь үхэл, оршуулга, Гэтэлгэгчийн Амилалтыг бэлгэддэг.

(Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996, 35)

  • Та Ром 6:4 -ийг үнэний талаарх мэдэгдэл гэдэг үүднээс хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Ром 6:4 -ийг нэгтгэн дүгнэх нэг арга зам бол Есүс Христээр дамжуулан бид өөрчлөгдөж, “шинэ амийн дотор явах” боломжтой гэдэг нь юм.

  • Та “Шинэ амийн дотор явах” гэдгийг ямар утгатай гэж бодож байна вэ? ( Ром 6:4).

  • Аврагчаар дамжуулан бид шинэ амийн дотор явах боломжтой болохыг та хэзээ мэдэрч байсан бэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг яагаад биднийг шинэ амийн дотор яваасай хэмээн хүсдэг гэж бодож байна вэ?

Суралцагчидтай хувийн туршлагаасаа хуваалцахыг бод. Суралцагчдад өмнөх гэм нүглээ хуваалцахгүй байхыг сануулах нь тустай байж болно.

5–6-р шүлэгт цэдэглэснээр, гэрээ болон баптисмын ёслолоор дамжуулан “бидний хуучин хүн” эсвэл “нүглийн бие” “[Есүс Христтэй] хамт цовдлогдож,” “хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, … хүчингүй болгосон” болохыг Паул заасан.

Гэрээ байгуулж, сахих замаар Бурханаас хүч чадал хүлээн авах талаар заах боломжит санааг авахын тулд энэ хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийг үзнэ үү. Үүнийг суралцагчидтай хамт гүйцэтгэх нь тустай эсэхийг бодож үз.

Цаг гарган амьдралаасаа авч хаяхыг хүсэж буй нүгэл эсвэл сул талынхаа талаар тунгаан бод. Энэ хичээлийн сүүлээр эдгээр бодол санаа тань хэрэг болно.

Би ямар өөрчлөлт гаргаж чадах вэ?

  • Ямар өөрчлөлтүүдийг гаргах нь амар хялбар гэж та бодож байна вэ? Ямар нь хэцүү байх вэ?

Паул бид бас Аврагчаар дамжуулан гэм нүглээ ялан дийлэх боломжтой гэдгийг заахын тулд Түүний үхэл болон нүглийг ялан дийлсэн жишээг ашигласан. Ром 6:9–14 -ийг уншаад, Паул Христийн үхэл болон Амилалтыг бидний гэм нүглийг хэрхэн ялан дийлж болохтой харьцуулсныг олж мэд.

Паулын бичээсүүдийг, ялангуяа хэд хэдэн шүлгийг дунд нь зогсосхийн дүн шинжилгээ хийхгүйгээр ар араас нь дараалан унших юм бол ойлгоход хүндрэлтэй байж болох юм. Хэрэв суралцагчдын тоо хангалттай бол шүлэг бүрийг хоёроос гурван суралцагчид оноож өгч уншуулан, ярилцуулж, өөрсдийнх нь үгээр нэгтгэн дүгнүүлэх талаар бодож үз. Тэднийг судраас судлахдаа туслах материалаа ашиглахыг эсвэл хэцүү үг, хэллэгийн тодорхойлолтыг харахад урь. Дараа нь бүлгүүдэд шүлгээ ангийнхандаа заах боломж олго. Дараах асуултууд зарим шүлэгт тус болж магадгүй.

  • Есүс Христ “нэг удаа нүгэлд үхсэн” ( 10-р шүлэг) шиг бид гэм нүглээсээ ангижрах баптисмыг нэг л удаа хүртдэг. Гэхдээ бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх замаар “шинэ амийн дотор яв[ж]” ( 4-р шүлэг) амлалтаа шинэчлэх боломжтой. Долоо хоног тутмын энэ ёслол нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа харуулахад танд хэрхэн тусалдаг вэ?

  • Паул “түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн боловч Бурханд Есүс Христээр амьд байгаагаа тооц” ( 11-р шүлэг) гэж хэлснээр юуг илэрхийлэх гэсэн гэж та бодож байна вэ?

  • Залуу хүн яагаад 12-р шүлэгт цэдэглэсэн Паулын зөвлөгөөг дагахыг сонгож болох вэ? Ийн амьдарснаар ямар ямар адислал хүлээн авах вэ?

  • 13-р шүлэг дээрх эрхтнүүд гэдэг үг нь бидний биеийн хэсгүүдийг хэлж байгаа болно. Та гар, хөл, толгой, зүрхээ “зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргөхөд” ( 13-р шүлэг) хэрхэн ашиглаж болох вэ?

  • 14-р шүлгийн эхний хэсгийн Иосеф Смитийн Орчуулга “Ингэснээр нүгэл та нарыг захирахгүй” ( Ром 6:14 , зүүлт тайлбар a) гэсэн байдаг. 11–13-р шүлэгт цэдэглэсэн сургаалуудыг дагах нь 14-р шүлэгт өгсөн амлалтыг хэрхэн боломжтой болгодог вэ?

Суралцагчдад ямар гэм нүглийг ардаа орхихыг хүсэж байгаагаа дотроо тунгаан бодох хугацаа өг. Үүний эмзэг мөн чанарыг харгалзан үзэж, суралцагчдаас бодлоо ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болохгүй.

Та гэм нүглээс чөлөөлөгдөж чадна

Ром 6:16–18, 22–23 -ыг уншаад, шинэ амийн дотор явахын адислалуудыг хайж ол.

  • Паул шинэ амийн дотор явахын адислалыг хэрхэн дүрсэлсэн бэ?

  • Есүс Христээр дамжуулан гэм нүглийг ялан дийлэхийг үргэлжлүүлэн хичээх үед Есүс Христ доторх шинэ амь ямар байх болно гэж та бодож байна вэ?

  • Та өнөөдрөөс эхлэн шинэ амийн дотор явахын тулд юу хийж чадах вэ?

Шинэ амийн дотор явахыг хичээх үед бидний зүрх сэтгэлийг өөрчлөх Аврагчийн хүсэл мөн хүчийг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би ямар ямар байдлаар өөрчлөгдөж болох вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх Бэки Крэйвэн эгч ийн заасан.

9:37
Sister Rebecca L. Craven, second counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Их Эзэн бидний төлөө төлсөн хязгааргүй төлөөснийхөө хариуд биднээс зүрх сэтгэлээ өөрчлөхийг хүсдэг. Түүний биднээс хүсдэг өөрчлөлт нь Түүний төлөө бус, зөвхөн бидний сайн сайхны төлөө юм. …

Хаан Бенжамины хэлсэн үгсийг сонсоод, түүний хүмүүс “Бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, … хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир” [Мозая 5:2] хэмээн зүрх сэтгэл нь өөрчлөгдсөнийг нэгэн дуугаар хашхиран тунхагласан байдаг. Судрууд тэднийг тэр даруй төгс болсон гэж хэлдэггүй, харин өөрчлөгдөх хүсэл нь тэднийг үйлдэл хийхэд хүргэсэн гэсэн байдаг. Тэдний зүрх сэтгэлийн өөрчлөлт эгэл эрэгтэй, эмэгтэй хүмүүст байдаг чанарыг орхиж, Есүс Христтэй илүү адилхан болохын тулд Сүнсэнд дуулгавартай байх явдал байсан юм.

(Бэки Крэйвин, “Өөрчлөлтийг хадгал,” Ensign, Nov. 2020, 58 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Шинээр баптисм хүртсэн гишүүний харах өнцөг

Хэрэв танай анги, тойрог эсвэл салбарт саяхан хөрвөгдсөн хөрвөгч байвал тэднийг хөрвөлтийн түүхээ мөн баптисмын талаарх бодол санаагаа ангид ирж хуваалцахад урь. Энэ урилгыг өгөхөөсөө өмнө орон нутгийн санваарын удирдагч, бүс эсвэл орон нутаг хариуцсан дарга, зохицуулагчаас зөвшөөрөл авсан байхад анхаар.

Би дараа наманчлахаар төлөвлөж байгаа тул одоо нүгэл үйлдэж болох уу?

“Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй” ( Ром 3:23) хэмээн Паул заасан. Тэр мөн Есүс Христийн Цагаатгалын ачаар “нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан” ( Ром 5:20) болохыг гэрчилсэн байна. Тэр дараа нь “Нигүүлсэл ихэсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу?” ( Ром 6:1) хэмээн асуужээ. Паул өөрийн асуултад Ром 6:2 дээр цэдэглэснээр хариулсан.

Суралцагчдыг дараа наманчлахаар төлөвлөж байгаа ч нүгэлтэйгээ байсаар байх асуудлыг жижиг бүлгээр ярилцахад урь. Тэд энэ хэлэлцүүлгийн нэгэн хэсэг болгож дараах асуултуудын заримд эсвэл бүгдэд хариулж болно.

  • Нүгэлтэйгээ байсаар байх нь тухайн хүний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Залуу хүн дараа наманчлахаар төлөвлөн, одоо нүгэл үйлдэж байгаагаа ямар ямар арга замаар зөвтгөж болох вэ?

  • Одоо гэм нүгэл үйлдчихээд, дараа наманчлахын аюул юу байж болох вэ?

  • Авралын төлөвлөгөөний эсвэл өөрсдийн тэнгэрлэг мөн чанар, зорилгын талаарх зөв ойлголт нь хэрхэн бидэнд одоо хүслээрээ нүгэл үйлдэн, дараа нь наманчлах уруу таталтыг даван гарахад тусалж болох вэ?

Бурхантай гэрээ байгуулж, сахих нь “шинэ амь” хүлээн авахад надад хэрхэн тусалдаг вэ?

Мормоны Ном дахь хаан Бенжамины сургаалууд Паулын Ром 6:4 -т заасан “шинэ амийг” таньж мэдэх аргуудыг дүрсэлсэн. Хаан Бенжамин өөрийн хүмүүст Есүс Христээр дамжуулан үхэл болон нүглээс чөлөөлөгдөх талаар заасныхаа дараа, үгэнд нь итгэж байгаа эсэхийг тэднээс асуужээ.

Суралцагчдыг Мозая 5:2, 5–8 -ыг уншаад, хүмүүсийн хариултыг мөн гэрээ байгуулж, сахиснаар Бурханаас хүлээн авах адислалуудын талаар хаан Бенжамин юу заасныг олж мэдэхэд урь.

  • Христийн гэтэлгэгч золиосонд итгэх хүмүүсийн итгэл тэдэнд ямар нөлөө үзүүлсэн бэ?

  • Гэрээнүүд хэрхэн бидэнд “шинэ амийг” хүлээн авахад тусалдаг талаар хаан Бенжамин юу гэж заасан бэ? ( Ром 6:4).

Есүс Христ бидэнд шинэ амь өгч, нүглээс чөлөөлж чадна

      

3:0