Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 17


Төгс эзэмших сургаалын давтлага 17

Ойлгох ба тайлбарлах

Young Men reading scriptures

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд дэх Аврагчийн сургаалыг ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг танд олгоно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийн дараагийн хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас судлах явцад гарч ирэх аливаа эргэлзүүлж төөрөгдүүлсэн шүлэг, хэллэг эсвэл үгэнд анхаарлаа хандуулахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үед заасан байхын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал юм уу зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

Судруудыг ойлгох

  • Өмнө нь нэг юм уу хэд хэдэн удаа судрыг уншихад утга агуулгынх нь талаар эргэлзэж байсан тохиолдол танд гарч байсан уу?

  • Судраас судалж байхад танд ийм зүйл байнга тохиолддог уу?

  • Ййм зүйл тохиолдоход та асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Судар дээрх бүх зүйлийг ойлгохгүй байх нь ердийн үзэгдэл гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Тэднийг өмнө нь судраас судлах явцдаа ойлгоогүй шүлэг, үг хэллэг эсвэл үгсээ хуваалцахад урих замаар суралцагчийн бэлтгэлийг шалга. Тэдгээрийг самбарт жагсаан бичих нь тустай байж болох юм.

Хэрэв хичээлийн төгсгөлд илүү цаг гарвал энэ хичээлээр сурч мэдсэн судар судлах ур чадвараа самбар дээр жагсаасан шүлгүүд дээр ашиглах нь тус болж болох юм.

Аврагч биднээс үгийг нь ойлгоосой хэмээн хүсдэг бөгөөд үүнд Ариун Сүнсээр дамжуулан бидэнд тусална. Энэ нь бидний зүгээс маш их хүчин чармайлт гаргахыг шаарддаг. Энэ хичээлээр танд янз бүрийн төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ойлгоход туслах судраас судлах ур чадварыг эзэмших боломж олгоно.

Судраас судлах ур чадвар

Дараах төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийг товчхон давт.

Давтаж буй хэсгүүдийн аль нэгийг солих эсвэл суралцагчдын анхаарлыг төвлөрүүлэх нь тустай байж болох төгс эзэмших сургаалын судрын өөр хэсгүүдийг нэмэх талаар бодож үз.

Суралцагчид судрын эдгээр хэсгийг бие даан, хосоороо эсвэл ангиараа давтаж болно.

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг

Судрын түлхүүр үг хэллэг

Ефес 1:10

“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

Ефес 2:19–20

Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”

2 Тесалоник 2:1–3

“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.”

2 Тимот 3:15–17

“Ариун судрууд мэргэн ухааныг чамд өгөх чадалтай.”

Ангийг дөрвөн бүлэгт хуваагаад, суралцагч тус бүрийг илүү сайн ойлгохыг хүсэж буй хэсгээ сонгоход урих талаар бодож үз. Бүлэг бүр судрын дөрвөн хэсгийг дөрвүүлэнг ашигласан байхад анхаар. Ийн үйлдэхэд зарим суралцагчид нэгээс олон хэсгийг давтахаар хуваарилж өгөх шаардлага гарч ирж болох юм.

Хэрэв суралцагчдад жишээ өгөх нь тус болно гэж үзвэл, жагсаалт гаргах ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэхийн тулд 2 Тимот 3:15–17 -г ашиглах талаар бодож үз.

Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа судрын нэг хэсгийг сонго. Дараа нь тухайн хэсгийг илүү сайн ойлгоход туслах судраас судлах дараах ур чадваруудын аль нэгийг эсвэл хэд хэдийг сонго. Судраа бусдад тайлбарлахад бэлэн бай.

Цаг гарвал, судрын өөр хэсэг дээр өөр ур чадварыг ашиглахыг хичээ.

А үйл ажиллагаа: Холбогдох эшлэл

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх ойлголтыг тань нэмэгдүүлэхэд туслах судрын бусад хэсгийг хайж олохын тулд боломжтой эх сурвалжуудыг ашигла. Ийм эх сурвалжуудад судрын зүүлт тайлбар, Судруудын удирдамж эсвэл Topical Guide орж болно. Эдгээр эх сурвалж дээрх судрын хэсгүүдийг тэмдэглээд, таны сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгийн ойлголтыг тань нэмэгдүүлэхэд тэдгээр нь хэрхэн тусалж байгааг судлах тэмдэглэлдээ эсвэл Gospel Library дээр бичиж тэмдэглэ.

Б үйл ажиллагаа: Үг, хэллэгүүдийг тодорхойлох

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээр ойлгохгүй үгээ ол. Тэдгээр үг эсвэл хэллэгийн тодорхойлолтыг Судруудын удирдамж, Bible Dictionary эсвэл ерөнхий толь бичиг зэрэг байгаа эх сурвалжаасаа хайж ол. Олсон тодорхойлолтоо аливаа шинэ ойлголтын хамт судлах тэмдэглэл, судрын хуудсан дээрх зай эсвэл Gospel Library аппликэйшн дээр бичиж тэмдэглэ.

В үйл ажиллагаа: Хам сэдэв, агуулгыг ойлгох

Төгс эзэмших сургаалын судрын хэсэгт тань туслах дараах нэг эсвэл хэд хэдэн үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

  • Судруудын удирдамж эсвэл Bible Dictionary дээрх “ Паулын захидал ” дотроос судрын энэ хэсэг байдаг захидлын талаар унш.

  • Бүлгийн гарчиг эсвэл эргэн тойрны шүлгүүд нь хэрхэн төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх таны ойлголтыг нэмэгдүүлдэг вэ?

  • Сүнслэгээр өдөөгдсөн зохиогч хэнд хандан, ямар учраас ярьж байна вэ?

  • Энэ судрын хэсгийн гол захиас юу вэ?

Та тунгаан бодож, судрын энэ хэсгийн талаар юу ойлгосноо бичиж тэмдэглэ.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдыг бүлгийнхэндээ судраас судлах ур чадварынхаа талаар мөн үүний ачаар төгс эзэмших сургаалын судрын хэсгийнхээ талаар одоо юу ойлгосноо тайлбарлахад урь. Хэдэн суралцагчийг судрынхаа хэсгийг ангийнхантай хуваалцахад урих талаар бодож үз.

Суралцагчдад тэдний Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр Ариун Сүнсээр дамжуулан судруудыг ойлгоход туслах болно гэдгийг сануул. Судалж байхдаа тэд Бурханы тусламжийг эрэлхийлэхийн ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцах нь тустай байж болох юм.