Бүлэг 16
Есүс Израилын алдагдсан хоньдын бусдад нь зочлох болно—Хожмын өдрүүдэд сайн мэдээ харийнханд мөн тэгээд Израилын угсаанд очих болно—Их Эзэний хүмүүс Сионыг Тэрээр дахин авчрахыг нүдээрээ үзэх болно. Ойролцоогоор МЭ 34 он.
1 Мөн үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ нутагт бас Иерусалим нутагт ч, бас миний тохинуулсан тэндхийн эргэн тойрны тэр нутгийн аль ч хэсэгт байхгүй өөр хоньд надад бий.
2 Учир нь миний тухайлан ярьж байгаа тэд дуу хоолойг минь хараахан сонсоогүй тэд билээ; бас би тэдэнд өөрийгөө огт үзүүлээгүй байгаа.
3 Гэвч би тэдэнд оч хэмээх зарлигийг Эцэгээс хүлээн авсан, мөн тэгснээр нэг сүрэг байж мөн нэг хоньчинтой байж болохын тулд тэд дуу хоолойг минь сонсож, мөн хоньдын минь дунд тоологдох болно; тиймийн тул би өөрийгөө тэдэнд үзүүлэхээр явна.
4 Мөн намайг явсны дараа эдгээр үгийг та нар бичихийг би та нарт зарлиг болгож байна, тэгснээр намайг харсан мөн надтай хамт тохинуулалд минь байсан Иерусалим дахь миний хүмүүс та нарын тухай, мөн түүнчлэн өөрсдийн тухайлан мэдэхгүй бусад овгийн тухай мэдлэгийг Ариун Сүнсээр хүлээн авч болохын тулд, хэрэв тэд миний нэрээр Эцэгээс асуухгүй аваас, та нарын бичих энэ үгс хадгалагдаж мөн харийнханд үзүүлэгдсэнээр, итгэлгүйнхээ учир дэлхийн гадаргуу дээр тараагдсан байх тэдний үр удмын үлдэгдэл нь харийнхны бүрэн байдлаар дамжуулан тэдний Гэтэлгэгч болох миний тухай мэдлэгт авчрагдаж болох, өөрөөр хэлбэл, мэдлэгтэй болж болох буюу.
5 Мөн тэгээд би тэднийг газар дэлхийн дөрвөн зүгээс цуглуулах болно; мөн тэгээд Израилын угсааны бүх хүнтэй Эцэгийн хийсэн гэрээг би гүйцэлдүүлэх болно.
6 Мөн харийнхан адислагдсан болой, миний тухай мөн Эцэгийн тухай тэдэнд гэрчилдэг Ариун Сүнсээр ирдэг, надад итгэх тэрхүү итгэлийнх нь учир билээ.
7 Болгоогтун, тэдний надад итгэх итгэлийн учир, мөн та нарын итгэлгүйн учир, ай Израилын угсаа, хожмын өдөр харийнханд үнэн ирэх болно, тэгснээр эдгээр зүйлийн бүрэн байдал тэдэнд мэдүүлэгдэх болно хэмээн Эцэг хэлнэм.
8 Гэвч Эцэг хэлдэг, харийнхны итгэлгүй тэдэнд халаг—учир нь тэд энэ нутгийн гадаргуу дээр ирсэн мөн Израилын угсааных болох миний хүмүүсийг тараасан хэдий ч; мөн Израилын угсааных болох миний хүмүүс тэдний дундаас зайлуулагдаж, мөн хөл дор нь тэднээр дэвслэгдсэн хэдий ч;
9 Мөн харийнханд хандах Эцэгийн нигүүлслийн, мөн түүнчлэн Израилын угсааных болох миний хүмүүсийн дээрх Эцэгийн шүүлтүүдийн учир, үнэнээр үнэнээр, би та нарт хэлнэ, энэ бүгдийн дараа, мөн Израилын угсааных болох өөрийн хүмүүсийг би цохигдож, хөнөөгдөж, тэдний дундаас зайлуулагдан, мөн тэднээр үзэн ядагдаж, мөн тэдний дунд жигшигдэн мөн муугийн зүйр болгосны дараа—
10 Мөн Эцэг намайг та нарт ийн хэлэхийг зарлиглав: Харийнхан миний сайн мэдээний эсрэг нүгэл үйлдэж, мөн миний сайн мэдээний бүрэн байдлыг эсэргүүцэн, мөн бүх үндэстнээс дээр мөн бүхэл газар дэлхийн бүх хүнээс дээр хэмээн зүрх сэтгэлийн бардамналдаа хөөрч, мөн бүх төрлийн худал хэлж, хуурч, заль мэх үйлдэн мөн хоёр нүүр гарган, мөн бүх төрлийн аллага, мөн санваарын байр суурийг урвуулан ашиглах явдал, садар самуун, мөн нууц жигшүүрт хэргүүдээр дүүрэх тэр өдөр; мөн хэрэв тэд тэдгээр бүх зүйлийг хийвэл мөн миний сайн мэдээний бүрэн байдлыг эсэргүүцвэл, болгоогтун, би сайн мэдээнийнхээ бүрэн байдлыг тэдний дундаас авах болно хэмээн Эцэг хэлж байна.
11 Мөн тэгээд би, ай Израилын угсаа, өөрийн хүмүүстэй хийсэн гэрээгээ санах болно, мөн би тэдэнд сайн мэдээгээ авчрах болно.
12 Мөн, ай Израилын угсаа, харийнхан та нарын дээр хүчгүй байх болно гэдгийг би та нарт үзүүлэх болно; харин би та нартай хийсэн гэрээгээ санах болно, ай Израилын угсаа, мөн та нар миний сайн мэдээний бүрэн байдлын мэдлэгт ирэх болно.
13 Гэвч хэрэв харийнхан наманчилж мөн надад эргэж ирэх аваас, болгоогтун тэд миний хүмүүсийн дунд тоологдох болно, ай Израилын угсаа хэмээн Эцэг хэлж байна.
14 Мөн Израилын угсаа болох өөрийн хүмүүсийг тэдний дундуур явж, мөн тэднийг доош дэвслэхийг би зөвшөөрөхгүй хэмээн Эцэг хэлдэг.
15 Гэвч хэрэв тэд надад хандахгүй, мөн дуу хоолойг минь анхааран сонсохгүй аваас, тэдний дундуур явахыг, мөн тэднийг доош дэвслэхийг би, ай Израилын угсаа болох тэдэнд зөвшөөрөх болно, тийм ээ, би өөрийн хүмүүст зөвшөөрөх болно, мөн тэд зайлуулагдаж, мөн ай Израилын угсаа болох хүмүүсийн минь хөлд дэвслэгдэхээс өөр юунд ч хэрэггүй болох, амтаа алдсан давс адил байх болно.
16 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, Эцэг надад ийн зарлигласан билээ—би энэ хүмүүст тэдний өв болгон энэ нутгийг өгөхийг буюу.
17 Мөн тэгээд бошиглогч Исаиагийн дараах үгс гүйцэлдэх болно:
18 Таны харуулууд дуу хоолойгоо өргөх болно; тэд дуу хоолойгоор хамтдаа дуулна; учир нь Их Эзэн Сионыг дахин авчрахыг тэд нүдээр үзэх болно.
19 Иерусалимын зэлүүд газрууд та нар баясаж эхэлцгээ мөн хамтдаа дуулцгаа; учир нь Их Эзэн өөрийн хүмүүсийг тайтгаруулсан, тэрээр Иерусалимыг гэтэлгэсэн болой.
20 Их Эзэн ариун мутраа бүх үндэстний нүдэнд харуулсан бөлгөө; мөн дэлхийн бүх хязгаар Бурханы авралыг үзэх болно.