Бүлэг 17
Есүс Өөрийнх нь үгсийг тунгааж мөн ойлголтын төлөө залбирахыг хүмүүст зааварлав—Тэрбээр тэдний өвчтэйг нь эдгээв—Тэрбээр бичигдэх аргагүй хэлийг хэрэглэн хүмүүсийн төлөө залбирав—Тэдний бяцхан үрсийг нь гал хүрээлж мөн тэдэнд тэнгэр элч нар тохинуулав. Ойролцоогоор МЭ 34 он.
1 Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг яриад тэрбээр дахин цугласан олныг тойруулан харав, мөн тэрбээр тэдэнд хэлэв: Болгоогтун, цаг минь дөхөж байна.
2 Та нар сул дорой, иймээс энэ үед та нарт ярихаар Эцэгээр надад зарлиг болгогдсон бүх үгийг минь та нар ойлгож чадахгүйг би ухаарч байна.
3 Тиймийн тул, та нар гэр гэртээ харьцгаа, мөн миний хэлсэн зүйлсийг тунгааж, та нар ойлгож болохын тулд миний нэрээр Эцэгээс асуу, мөн маргаашийн төлөө оюун санаагаа бэлтгэцгээ, мөн би та нарт дахин ирэх болно.
4 Харин эдүгээ би Эцэгт очиж, мөн түүнчлэн Израилын алдагдсан овгуудад өөрийгөө үзүүлэхээр явлаа, учир нь Эцэгийн хувьд тэд алдагдаагүй, учир нь тэрбээр тэднийг хааш аваачсаныгаа өөрөө мэддэг.
5 Мөнхүү улиран тохиох дор Есүс ийн яриад, тэрбээр дахин цугларсан олныг тойруулан харж, мөн тэд нулимс унагаж буйг, мөн тэд өөрийг нь тэдэнтэй хамт ахиад хэсэг зуур үлдэхийг гуйх мэт түүний зүг ширтэн харж байхыг болгоов.
6 Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Болгоогтун, та нарыг өрөвдөх сэтгэлээр дотор минь дүүрэн байна.
7 Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Доголон, сохор, хазгар, тахир дутуу, уяман өвчтэй, татанги, эсвээс дүлий, эсвээс ямар нэгэн байдлаар зовж зүдэрч буй нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй; дотор минь нигүүлслээр дүүрэн байна.
8 Тодруулбал, Иерусалим дахь та нарын ах дүүст миний юу хийснийг өөрсдөд тань үзүүлээсэй хэмээн та нар хүсэж буйг би ухаарч байна, учир нь та нарыг эдгээхэд итгэл тань хангалттайг би харж байна.
9 Мөнхүү улиран тохиох дор түүнийг тийн ярихад, бүх цугласан олон бөөндөө, өвчтэй мөн зовж зүдэрсэн, доголон, сохор, хэлгүй, мөн ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн тэд бүгдтэйгээ урагшлав; мөн тэрбээр тэднийг өөр дээр нь авчрагдахад нэг бүрчлэн эдгээв.
10 Мөн тэд бүгд, эдгээгдсэн тэд мөн эрүүл байсан тэд аль аль нь, түүний хөлд доош бөхийн мөн түүнийг бишрэв; мөн цугласан олноос ойртож чадсан болгон нь түүний хөлийг үнсэж, үүний хэрээр түүний хөлийг тэд нулимсаараа булхав.
11 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр бяцхан хүүхдүүдээ авчрахыг зарлиг болгов.
12 Иймээс тэд бяцхан хүүхдүүдээ авчирч мөн тэднийг түүний эргэн тойронд газарт доош тавив, мөн Есүс голд нь зогсов; мөн тэднийг бүгдийг нь түүнд авчрах хүртэл цугласан олон зай тавьж өгөв.
13 Мөнхүү улиран тохиох дор тэд бүгд авчрагдан мөн Есүс дунд нь зогссоны дараа, тэрбээр цугласан олонд доош газарт сөхрөхийг зарлиг болов.
14 Мөнхүү улиран тохиох дор тэднийг газарт сөхөрцгөөхөд, Есүс дотроо санаа алдан, мөн хэлэв: Эцэг минь, Израилын угсааны хүмүүсийн ёс бусын учир би шаналнам.
15 Мөн тэрээр эдгээр үгийг хэлээд, тэр өөрөө түүнчлэн газар дээр сөхрөн суув; мөн болгоогтун тэр Эцэгт хандан залбирав, мөн түүний залбирсан зүйлс бичигдэх аргагүй байлаа, мөн түүнийг сонссон цугларсан олон гэрчилсэн билээ.
16 Мөнхүү ийм маягаар тэд гэрчилдэг: Эцэгт хандан Есүсийн ярьсныг бид харж мөн сонссон шиг тийм агуу бөгөөд гайхамшигт зүйлс урьд нь нүдэнд хэзээ ч үзэгдээгүй, бас чихэнд хэзээ ч сонсогдоогүй бөлгөө;
17 Мөн Есүсийн ярьсныг бидний харж бас сонссон шиг тийм агуу болон гайхамшигт зүйлсийг хэлээр хэлэх аргагүй, бас ямар ч хүмүүнээр бичигдэх аргагүй, бас хүмүүс зүрх сэтгэлдээ төсөөлөхийн аргагүй; мөн бидний төлөө Эцэгт хандан түүний залбирсныг сонссон тэр үед бодгалийг маань дүүргэсэн тэрхүү баяслыг хэн ч төсөөлж чадахгүй болой.
18 Мөнхүү улиран тохиох дор Есүс Эцэгт хандсан залбирлаа дуусгаад босов; харин цугласан олон агуу их баясалдаа автагдсанаас тэд тамирдсан байв.
19 Мөнхүү улиран тохиох дор Есүс тэдэнд ярьж, мөн босож зогсохыг тэднээс хүсэв.
20 Мөн тэд газраас босож зогсов, мөн тэрээр тэдэнд хэлсэн нь: Итгэлийнхээ учир адислагдсан болой та нар. Мөн эдүгээ болгоогтун, миний баясал дүүрэн байна.
21 Мөн тэрээр эдгээр үгийг хэлээд, тэрээр уйлж, мөн цугласан олон үүний талаар гэрчлэв, мөн тэрээр тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислан, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав.
22 Мөн тэр үүнийг хийсний дараа, тэрээр дахин уйлав;
23 Мөн тэр цугласан олонд хандан ярьж, мөн тэдэнд: Бяцхан үрсээ болгоогтун хэмээв.
24 Мөн тэд болгоохоор харахдаа харцаа тэнгэрийн зүг хандуулж, мөн тэд тэнгэр нээгдэхийг үзэв, мөн тэд тэнгэр элч нар галын дунд байгаа мэт тэнгэрээс доошлон ирэхийг үзэв; мөн тэд доош ирж мөн тэрхүү бяцхан үрсийн эргэн тойронд хүрээлэв, мөн тэд галаар эргэн тойрондоо хүрээлэгдсэн байв; мөн тэнгэр элч нар тэдэнд тохинуулав.
25 Мөн цугласан олон үзэж мөн сонсож мөн гэрчлэв; мөн тэд өөрсдийнх нь гэрчлэл үнэнийг мэддэг, учир нь тэд бүгд өөрийн биеэр үзэж мөн сонссон болой; мөн тэд тоогоороо хоёр мянга таван зуу орчим бодгаль байв; мөн тэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, мөн хүүхдүүдээс бүрдэж байв.