Гуравдугаар Нифай
Хиламаны хөвгүүн болох тэрхүү Нифайн хүү
Нифайн Ном
Мөн Хиламан нь, Иудагийн хаан Зедикиагийн хаанчлалын эхний жил Иерусалимаас гарч ирсэн Лихайн хүү болох Нифайн үр удам Алмагийн хүү асан тэрхүү Алмагийн хөвгүүн болох Хиламаны хөвгүүн бөлгөө.
Бүлэг 1
Хиламаны хүү Нифай уг нутгаас гарч одоод, мөн түүний хүү Нифай цэдгүүдийг хөтлөв—Хэдийгээр тэмдгүүд болон гайхамшгууд элбэг байсан хэдий ч, ёс бусыг үйлдэгчид зөв шударгыг үйлдэгчдийг хөнөөхөөр төлөвлөв—Христийн төрөлтийн шөнө ирэв—Тэмдэг өгөгдөж, мөн шинэ од гарав—Худал хэлэх нь бас залилах нь ихсэж, мөн Гадиантоны дээрэмчид олныг хөнөөв. Ойролцоогоор МЭ 1–4 он.
1 Эдүгээ улиран тохиох дор ерэн нэгдүгээр он улирч одон мөн Лихай Иерусалимыг орхисон цагаас зургаан зуун жил өнгөрөв; мөн энэ нь уг нутгийн дээр Лаконеус ерөнхий шүүгч бөгөөд захирагч байсан тэр жил байв.
2 Мөн Хиламаны хүү Нифай гуулин ялтаснууд, мөн хөтлөгдсөн тэр бүх цэдэг, мөн Лихай Иерусалимаас гарч одсон цагаас хойш нандигнан хадгалагдсаар буй тэдгээр бүх зүйлийн талаарх хариуцлагыг өөрийн ахмад хөвгүүн асан, хүү Нифайдаа өгөөд Зарахемла нутгаас гарч явсан байв.
3 Тэгээд тэр уг нутгаас гарч одов, мөн тэр хааш явсныг хэн ч үл мэднэ; мөн түүний оронд хүү Нифай нь цэдгүүдийг, тийм ээ, энэ хүмүүсийн цэдгийг хөтлөв.
4 Мөнхүү улиран тохиох дор ерэн хоёрдугаар оны эхэнд, болгоогтун, бошиглогчдын бошиглолууд илүү бүрэн дүүрнээр биелэгдэж эхлэв; учир нь илүү агуу тэмдгүүд мөн илүү агуу гайхамшгууд уг хүмүүсийн дунд хийгдэж эхлэв.
5 Гэвч лемен үндэстэн Самуелаар яригдсан үгс биелэгдэх цаг нь өнгөрсөн хэмээн хэлж эхэлсэн зарим хүн байв.
6 Мөн тэд ах дүүсээ хараад баярлан хөөрч эхлэн: Болгоогтун тэр цаг өнгөрсөн, мөн Самуелын үгс биелсэнгүй; тиймийн тул, энэ зүйлийн талаарх та нарын баясал болоод итгэл хоосон байжээ хэмээв.
7 Мөнхүү улиран тохиох дор тэд уг нутаг даяар агуу самуун дэгдээв; мөн итгэсэн хүмүүс ихэд гуниглаж эхлэв, яригдсан тэдгээр зүйл ямар нэгэн байдлаар улиран тохиохгүй байх вий хэмээснээс бөлгөө.
8 Гэвч болгоогтун, өөрсдийнх нь итгэл дэмий хоосон байгаагүйг тэд мэдэж болохын тулд шөнө болоогүй мэт нэг өдөр лугаа байх тэрхүү өдөр мөн шөнө мөн тэрхүү өдрийг тэд тууштайгаар ажиглаж байлаа.
9 Эдүгээ улиран тохиох дор, бошиглогч Самуелаар өгөгдсөн тэмдэг улиран тохиохгүй бол тэдгээр уламжлалд итгэдэг тэд бүгд үхэлд хүргэгдэх өдөр үл итгэгчдээр товлогдов.
10 Эдүгээ улиран тохиох дор Нифайн хүү Нифай өөрийн хүмүүсийн энэ ёс бус байдлыг үзээд, сэтгэл зүрх нь үлэмж гуниглав.
11 Мөнхүү улиран тохиох дор тэрээр гарч мөн өөрөө газарт бөхийн суугаад, мөн өөрийн хүмүүсийн, тийм ээ, эцэг өвгөдийнхөө уламжлалд итгэсний учир устгагдах гэж буй тэдний төлөө Бурхандаа хүчтэйгээр залбиран гуйв.
12 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр тэрхүү өдрийн туршид Их Эзэнд хүчтэйгээр залбиран гуйв; мөн болгоогтун, Их Эзэний дуу хоолой түүнд ирж, хэлсэн нь:
13 Тэргүүнээ өргөгтүн мөн баяр хөөртэй байгтун; учир нь болгоогтун, цаг нь ойртлоо, мөн энэ шөнө тэмдэг нь өгөгдөх болно, мөн ариун бошиглогчдынхоо амаар өөрийн яриулсан бүгдийг биелүүлэх болно гэдгээ дэлхийд үзүүлэхээр бибээр маргааш дэлхийд ирэх болно.
14 Болгоогтун, дэлхийн үүслээс хүмүүсийн үрсэд миний мэдүүлсэн тэр бүх зүйлийг биелүүлэхээр, мөн Эцэгийн мөн Хүүгийн—-миний учир Эцэгийн, мөн маханбодын минь учир Хүүгийн аль алиных нь тааллыг үйлдэхээр би өөрийнхөндөө ирнэ. Мөн болгоогтун, цаг нь ойртлоо, мөн энэ шөнө тэмдэг нь өгөгдөх болно.
15 Мөнхүү улиран тохиох дор Нифайд ирсэн тэр үгс нь, яригдсаны дагуу биелэгдэв; учир нь болгоогтун, нар шингэхэд харанхуй болсонгүй; мөн шөнө болоход харанхуй болсонгүйн учир хүмүүс гайхширч эхлэв.
16 Мөн бошиглогчдын үгсэд итгээгүй байсан нь, газарт унаж мөн үхсэн мэт болцгоосон нь олон байв, учир нь бошиглогчдын үгсэд итгэдэг тэдэнд зориулан төлөвлөсөн устгалын агуу төлөвлөгөө бүтэлгүй болсныг тэд мэдсэн ажээ; учир нь өгөгдсөн тэрхүү тэмдэг нь аль хэзээний тохиож байв.
17 Мөн Бурханы Хүү удахгүй үзэгдэх ёстойг тэд мэдэж эхлэв; тийм ээ, дүгнэж хэлэхэд, өрнөдөөс дорнодыг хүртэл, умард нутаг мөн өмнөд нутгийн аль алинд нь бүхэл нутгийн гадаргуу дээрх бүх хүн үлэмж их гайхсанаас тэд газарт унав.
18 Учир нь бошиглогчид эдгээр зүйлийн тухай олон жилийн турш гэрчилж байсныг, мөн өгөгдсөн тэрхүү тэмдэг нь тохиож буйг тэд мэдэж байв; мөн тэд өөрсдийн алдас мөн итгэлгүйнхээ учир айж эхэлсэн бөлгөө.
19 Мөнхүү улиран тохиох дор тэр шөнийн турш харанхуй болсонгүй, харин үд дунд адил гэрэлтэй байв. Мөнхүү улиран тохиох дор өглөө нь нар зохих журмынхаа дагуу, дахин мандсан болой; мөн энэ нь Их Эзэний төрөх ёстой өдөр байсныг өгөгдсөн тэмдгийн улмаас тэд мэдсэн ажгуу.
20 Мөнхүү, бошиглогчдын үгсийн дагуу бүх зүйл, тийм ээ, нэг бүрчлэн улиран тохиосон буюу.
21 Мөнхүү улиран тохиох дор үгийн дагуу нэгэн шинэ од түүнчлэн үзэгдэв.
22 Мөнхүү улиран тохиох дор энэ цагаас эхлэн, тэд үзсэн тэрхүү тэмдгүүд болон гайхамшгууддаа итгэхгүй байж болох зорилгын тулд зүрх сэтгэлийг нь хатууруулахаар, хүмүүсийн дунд Сатанаар худал хуурмагууд илгээгдэж эхлэв; гэвч эдгээр худал хуурмаг болон заль мэх байсан хэдий ч, хүмүүсийн ихэнх хэсэг нь Их Эзэнд итгэж мөн хөрвүүлэгдэв.
23 Мөнхүү улиран тохиох дор Нифай мөн түүнчлэн бусад олон нь хүмүүсийн дунд одож, наманчлалын төлөө баптисм хүртээв, үүний улмаас нүглүүдийн агуу ангижрал байв. Мөн уг нутагт хүмүүс дахин тийн амар амгалан байж эхлэв.
24 Мөн Мосегийн хуулийг дагах нь цаашид шаардлагатай биш хэмээн судруудаар нотлохыг оролдон, номлож эхэлсэн цөөн хэдээс бусдаар бол зөрчилдөөнүүд үгүй байв. Эдүгээ судруудыг ойлгоогүйн учир тэд энэ зүйлийг буруу ойлгожээ.
25 Гэвч улиран тохиох дор тэд удалгүй хөрвүүлэгдэж, мөн тэдний буруу ойлгож байсан нь үнэмшүүлэгдэв, учир нь хууль хараахан биелэгдээгүй байсан нь, мөн энэ нь нэг бүрчлэн биелэгдэх ёстой нь тэдэнд мэдүүлэгдсэн байв; тийм ээ, энэ нь биелэгдэх ёстой гэсэн үг тэдэнд ирэв; тийм ээ, энэ нь бүгд биелэгдэх хүртэл нэг зураас, эсвээс нэг үсэг ч гээгдэхгүй; тиймийн тул мөнхүү онд тэд өөрсдийнхөө алдааны мэдлэгт авчрагдаж мөн буруугаа хүлээцгээв.
26 Мөн бүх ариун бошиглогчийн бошиглолын үгсийн дагуу улиран тохиосон тэмдгүүдийн учир хүмүүст баярт мэдээг авчран, ерэн хоёрдугаар он тийн улиран одов.
27 Мөнхүү улиран тохиох дор ууланд амьдардаг байсан, уг нутагт бужигналдсан, Гадиантоны дээрэмчдээс бусдаар бол, ерэн гуравдугаар он ч түүнчлэн амар амгаланд улирч одов; учир нь тэдний бэхлэлтүүд болон нуувчууд нь маш бат бөх байснаас хүмүүс тэднийг хүчээр дийлж чадахгүй байв; тиймийн тул тэд олон аллага үйлдэж, мөн хүмүүсийн дунд их хядлага үйлдсэн болой.
28 Мөнхүү улиран тохиох дор нифайчуудаас тэрсэлсэн олон нь тэдэнд зугтан очсон учир ерэн дөрөвдүгээр онд тэд агуу хэмжээгээр өсөн нэмэгдэж эхлэв, энэ нь нутагтаа үлдсэн нифайчуудад их гуниглалыг авчрав.
29 Мөн леменчүүдийн дунд ч их гуниглалын шалтгаан түүнчлэн байв; учир нь болгоогтун, өсөж том болоод мөн нас бие гүйцэж эхэлсэн, тиймээс биеэ даах болсон мөн Гадиантоны дээрэмчидтэй нэгдэхээр, зорамчууд болох зарим хүнээр, тэдний худал хуурмагуудаар, мөн тэдний зусар үгсээр төөрөгдүүлэн удирдуулсан олон хүүхэд тэдэнд байв.
30 Мөн ийн леменчүүд ч түүнчлэн зовж байв, мөн өсвөр үеийнхний ёс бус байдлын улмаас итгэл болон зөв шударга байдлын хувьд тэд доройтож эхлэв.