Бүлэг 23
Есүс Исаиагийн үгсийг батлав—Тэрбээр хүмүүст бошиглогчдыг судлахыг зарлиг болгов—Амилуулалтын талаарх, лемен үндэстэн Самуелын үгс тэдний цэдгүүдэд нэмэгдэв. Ойролцоогоор МЭ 34 он.
1 Мөн эдүгээ, болгоогтун, би та нарт хэлнэ, та нар эдгээр зүйлийг судалбал зохино. Тийм ээ, та нар эдгээрийг хичээнгүйлэн судлах зарлигийг би та нарт өгч байна; учир нь Исаиагийн үгс агуу билээ.
2 Учир нь Израилын угсаа болох миний хүмүүсийн талаар бүх зүйлийг тэрээр тухайлан гарцаагүй ярьсан юм; тиймийн тул тэрбээр түүнчлэн харийнханд ч ярих ёстой нь зайлшгүй билээ.
3 Мөн түүний ярьсан бүх зүйл, бүр түүний ярьсан үгсийн дагуу байсаар ирсэн, мөн байх болно.
4 Тиймийн тул миний үгсэд анхаарал тавигтун; та нарт миний хэлсэн зүйлсийг бичигтүн; мөн Эцэгийн цаг хугацааны мөн тааллын дагуу тэдгээр нь харийнханд очих болно.
5 Мөн үгсийг минь анхааран сонсож мөн наманчилж бас баптисм хүртэх хэн боловч, чухамхүү тэр нь аврагдах болно. Бошиглогчдыг судал, учир нь эдгээр зүйлийн талаар гэрчилдэг нь олон байдаг.
6 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр үгийг хэлээд тэрбээр дахин тэдэнд хэлэв, тэрбээр тэдний хүлээж авсан бүх судрыг тэдэнд нарийн тайлбарласныхаа дараа, тэрбээр тэдэнд хэлэв: Болгоогтун, та нарт байхгүй бусад зарим судрыг та нар бичээсэй хэмээнэ би.
7 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Нифайд хэлэв: Өөрсдийн хөтөлсөн тэр цэдгийг нааш авчрагтун.
8 Мөн Нифай цэдгүүдийг авчирч, мөн тэдгээрийг түүний өмнө тавихад, тэрбээр тэднийг үзээд мөн хэлэв:
9 Үнэнээр би та нарт хэлнэ, би өөрийн үйлчлэгч болох лемен үндэстэн Самуелд, тэрбээр энэ хүмүүст, Эцэг өөрийн нэрийг надаар алдаршуулах тэр өдөр нас барагсдын дундаас босох олон гэгээнтэн байх бөгөөд олонд үзэгдэнэ, мөн тэдэнд тохинуулах болно гэдгийг гэрчлэхийг зарлиг болгосон билээ. Мөн тэрбээр тэднээс асуув: Тийм байгаагүй гэж үү?
10 Мөн шавь нар нь түүнд хариулж мөн хэлэв: Тийм ээ, Их Эзэн, үгсийн тань дагуу Самуел бошиглосон, мөн тэдгээр нь бүгд гүйцэлдсэн.
11 Мөн Есүс тэдэнд хэлэв: Олон гэгээнтэн босож мөн олонд үзэгдэж мөн тэдэнд тохинуулсан гэдгийг, энэ зүйлийг та нар яахан үл бичсэн билээ?
12 Мөнхүү улиран тохиох дор Нифай энэ зүйл бичигдээгүйг санав.
13 Мөнхүү улиран тохиох дор Есүс энэ нь бичигдэх ёстой хэмээн зарлиг болов; тиймийн тул энэ нь түүний зарлиг болгосны дагуу бичиглэгдсэн болой.
14 Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс тэдний бичсэн бүх судрыг нэгтгэн нарийн тайлбарласны дараа, өөрийн нарийн тайлбарласан зүйлсийг заахыг тэрбээр тэдэнд зарлиг болгов.