Бүлэг 26
Есүс эхлэлээс төгсгөл хүртэлх бүх зүйлийг нарийн тайлбарлав—Нялхас мөн хүүхдүүд бичигдэх аргагүй гайхамшигт зүйлсийг ярив—Христийн Сүм дэх тэд өөрсдийн дунд бүх зүйлийг нийтээр эзэмшив. Ойролцоогоор МЭ 34 он.
1 Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс эдгээр зүйлийг хэлээд тэрбээр цугласан олонд тэдгээрийг тайлбарлав; мөн тэрбээр тэдэнд, агуу их бас жижиг аль алиныг нь, бүх зүйлийг тайлбарласан болой.
2 Мөн тэрбээр хэлэв: Та нарт өөрсдөд тань байгаагүй эдгээр судрыг та нарт өгөхийг Эцэг надад зарлиг болгосон бөлгөө; учир нь тэдгээр нь ирээдүйн үеүдэд өгөгдөх нь түүний мэргэн ухаан байв.
3 Мөн тэрбээр бүх зүйлийг тайлбарлав, бүр эхлэлээс авахуулаад тэрбээр сүр жавхландаа ирэх тэр цагийг хүртэл буюу—тийм ээ, бүр дэлхийн гадаргуу дээр ирэх тэр бүх зүйлийг, бүр бодисууд ч гал халуунд хайлах, мөн газар дэлхий хуйлмал бичиг адил хуйлагдаж, мөн тэнгэр болон дэлхий үгүй болох хүртэл;
4 Мөн бүр бүх хүн, бүх ястан, үндэстэн мөн хэлтнүүд бүгдээрээ Бурханы өмнө өөрсдийн үйлүүдээр, тэдгээр нь сайн эсвээс хилэнцэт эсэхээр шүүгдэхээр зогсох тэрхүү агуу бөгөөд эцсийн өдөр хүртэл—
5 Хэрэв тэдгээр нь сайн байх аваас, үүрдийн амьдралын амилуулалтад; мөн хэрэв тэдгээр нь хилэнцэт байх аваас, ялын амилуулалтад байна; эн зэрэгцээ байн, нэг нь нэг гарт мөн нөгөө нь нөгөө гар талд, дэлхийн эхлэлээс өмнө байсан Христ дэх нигүүлслийн, шударга ёсны, мөн ариун чанарын дагуу бөлгөө.
6 Мөн эдүгээ уг хүмүүст Есүсийн үнэхээр сургасан тэр зүйлсийн бүр зууны нэг хэсэг нь ч энэ номд бичигдэх аргагүй;
7 Гэвч болгоогтун уг хүмүүст түүний заасан зүйлсийн илүү хэсгийг Нифайн ялтаснууд агуулдаг болой.
8 Мөн уг хүмүүст түүний заасан зүйлсийн багахан хэсэг болох эдгээр зүйлийг би бичиглэсэн; мөн тэдгээр нь Есүсийн ярьсан үгсийн дагуу, энэ хүмүүст харийнхнаас дахин авчрагдаж болно гэсэн зорилготойгоор би тэдгээрийг бичиглэсэн бөлгөө.
9 Мөн итгэл нь соригдохын тулд эхэлж авах нь зайлшгүй болох үүнийг тэд хүлээн аваад, мөн хэрэв тэд эдгээр зүйлд итгэх аваас, тэгвэл илүү агуу зүйлс тэдэнд үзүүлэгдэх болно.
10 Мөн хэрэв эдгээр зүйлд тэд итгэхгүй аваас, тэгвэл илүү агуу зүйлс тэдэнд өгөгдөхгүй байх болно, тэгснээр тэднийг буруутгалд хүргэнэ.
11 Болгоогтун, Нифайн ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн бүгдийг би бичих гэж байв, гэвч Их Эзэн үүнийг хориглож, хэлсэн нь: Би өөрийн хүмүүсийн итгэлийг сорих болно.
12 Тиймийн тул Мормон би, Их Эзэнээс надад зарлиг болгогдсон зүйлсийг бичсэн бөлгөө. Мөн эдүгээ, Мормон би өөрийн үгсээ төгсгөл болгон, мөн надад зарлиг болгогдсон зүйлсийг бичихээ үргэлжлүүлье.
13 Тиймийн тул, Их Эзэн гурван өдрийн турш уг хүмүүст үнэхээр заасныг та нар ухаараасай хэмээнэ би; мөн тэгснийхээ дараа тэрбээр өөрийгөө тэдэнд ойр ойрхон үзүүлсэн, мөн ойр ойрхон талх хувааж, үүнийг адисалж, мөн үүнийг тэдэнд өгсөн болой.
14 Мөнхүү улиран тохиох дор тухайлан яригдсан цугласан олны хүүхдүүдэд тэрбээр зааж мөн тохинуулж, мөн тэрбээр тэднийг мэргэн цэцэн хэлтэй болгон, мөн тэд агуу болон гайхамшигт зүйлсийг, бүр өөрийнх нь хүмүүст илчилснээс ч илүү агууг эцгүүддээ ярьсан ажгуу; мөн тэд ярьж чадахын тулд тэднийг тэрбээр мэргэн цэцэн хэлтэй болгосон бөлгөө.
15 Мөнхүү улиран тохиох дор тэр тэнгэрт дээшлэн одсоны дараа—тэдний өвдсөнийг мөн доголонг эдгээж, мөн тэдний сохрынх нь нүдийг нээж, мөн дүлийнх нь чихийг онгойлгож, мөн бүр төрөл бүрийн эдгээлтийг тэдний дунд үйлдэж, мөн нэгэн хүмүүнийг үхлээс босгож, мөн тэдэнд өөрийн хүчийг үзүүлж Эцэгт дээшлэн одсоныхоо дараа мөн хоёр дахь удаагаа тэдэнд өөрийгөө үзүүлж, мөн Эцэг рүү буцав—
16 Болгоогтун, улиран тохиох дор маргааш нь олон түмэн нэгдэн цугларцгааж, мөн тэд эдгээр хүүхдийг харж мөн сонсоцгоов; тийм ээ, бүр нялхас ч амаа нээж мөн гайхамшигт зүйлсийг ярив; мөн тэдний хэлсэн тэдгээр зүйлийг, ямар ч хүмүүн тэдгээрийг бичих нь хориглогдов.
17 Мөнхүү улиран тохиох дор Есүсийн сонгосон шавь нар тэр цагаас өөрсдөд нь ирсэн болгонд баптисм хүртээж мөн зааж эхлэв; мөн Есүсийн нэрээр баптисм хүртсэн болгон нь Ариун Сүнсээр дүүргэгдэж байв.
18 Мөн тэдний олон нь бичигдэх нь зөвшөөрөгдөөгүй, үгээр хэлшгүй зүйлсийг үзэж мөн сонсов.
19 Мөн тэд нэг нэгэндээ зааж мөн тохинуулсан болой; мөн тэд бүх зүйлийг дундаа нийтээр эзэмшиж, хүн бүр нэг нэгэндээ шударгаар хандаж байв.
20 Мөнхүү улиран тохиох дор тэд Есүсийн тэдэнд зарлиг болгосончлон бүх зүйлийг ёсчлон хийжээ.
21 Мөн Есүсийн нэрээр баптисм хүртсэн тэд Христийн сүм хэмээн нэрлэгдэв.