Судрууд
3 Нифай 4


Бүлэг 4

Нифайчуудын их цэрэг Гадиантоны дээрэмчдийг ялав—Гидианхай алагдаж, мөн түүний залгамжлагч Зимнарайха дүүжлэгдэв—Нифайчууд ялалтуудынхаа төлөө Их Эзэнийг магтан дуулав. Ойролцоогоор МЭ 19–22 он.

1 Мөнхүү улиран тохиох дор арван наймдугаар оны төгсгөлд тэр дээрэмчдийн их цэрэг тулалдаанд бэлтгэсэн байв, мөн толгодоос, уулсаас, мөн аглаг буйдаас, өөрсдийн бат бэх хамгаалалт мөн нуувчуудаасаа гэнэт давшин гарч мөн уруудан ирж эхлэв, мөн уг нутгуудын өмнөд нутаг мөн умард нутаг аль алиныг нь эзэмшилдээ авч эхлэв, мөн нифайчуудын орхисон тэр бүх нутгийг, мөн эзгүйрэн үлдсэн хотуудыг эзэмшилдээ авч эхлэв.

2 Гэвч болгоогтун, нифайчуудын орхисон нутгуудад зэрлэг араатнууд ч бас ан ч огт байсангүй, аглаг буйдад бус аваас дээрэмчдэд агнах ан огт үгүй байв.

3 Мөн уг дээрэмчид хоолны гачигдлын улмаас аглаг буйдаас өөр газар амьдарч чадахааргүй байв; учир нь нифайчууд нутгуудаа хоосон орхисон байв, мөн өөрсдийн бог мөн бод малаа мөн өөрсдийн бүх хөрөнгөө цуглуулсан байлаа, мөн тэд бөөндөө нэгдсэн байв.

4 Тиймийн тул, нифайчуудын эсрэг ил тулалдахаар ирэхгүйгээр, дээрэмчдэд хүнс тонох мөн олж авах ямар ч боломж үгүй байв; мөн нифайчууд бөөндөө нэгдсэн байж, мөн маш агуу тоотой байсан учир, мөн өөрсдөдөө нөөц хүнс, мөн морьд мөн үхэр мал, бас төрөл бүрийн бог малыг тэд долоон жилийн турш амиа тэжээхэд хүрэлцэхүйцээр хадгалсан байв, тэд дээрэмчдийг тэрхүү хугацааны дотор уг нутгийн гадаргуугаас устгахаар найдаж байв; мөн арван наймдугаар он тийн улирч одов.

5 Мөнхүү улиран тохиох дор арван есдүгээр онд Гидианхай нифайчуудын эсрэг тулалдахаар очих шаардлагатай болсноо олж мэдэв, учир нь тэд тонуул, дээрэм мөн аллагаас өөр аргаар амиа тэжээж чадахааргүй байв.

6 Мөн нифайчууд тэдний дээр ирж мөн тэднийг хөнөөх вий хэмээснээс тэд үр тариа ургуулахын тулд уг нутгийн гадаргуу дээр тархаж зүрхэлсэнгүй; тиймийн тул Гидианхай энэ онд тэд нифайчуудын эсрэг тулалдахаар очих болно хэмээн их цэрэгтээ тушаал буулгав.

7 Мөнхүү улиран тохиох дор тэд тулалдахаар ирэв; мөн энэ нь зургаа дахь сард байв; мөн болгоогтун, тэдний тулалдахаар ирсэн тэр өдөр агуу бөгөөд аймшигтай байв; мөн тэд дээрэмчдийн маягаар хувцасласан байв; мөн хэвлийн тус газраа хурганы арьс бүсэлж, мөн тэд цусаар будсан, мөн үсээ хусуулсан байж, мөн тэд толгойн дуулга өмссөн байв; мөн тэдний хуяг дуулгын учир, мөн тэд цусанд будагдсан байсан учир, Гидианхайн их цэргийн гаднах байдал айдас төрүүлэм бас аймшигтай байлаа.

8 Мөнхүү улиран тохиох дор нифайчуудын их цэргүүд, Гидианхайн их цэргийн гаднах байдлыг үзээд, тэд бүгд газарт унаж, мөн Их Эзэн Бурхандаа залбирлаа өргөн, дайснуудынх нь гараас өөрсдийг нь чөлөөлж мөн өөрсдийг нь хэлтрүүлээч хэмээн түүнээс гуйв.

9 Мөнхүү улиран тохиох дор Гидианхайн их цэрэг үүнийг хараад тэд баяслынхаа учир чанга дуугаар хашхирч эхлэв, учир нь тэд өөрсдийнх нь их цэргийн аймшигтайн учир айснаас нифайчууд унасан хэмээн бодсон ажээ.

10 Гэвч энэ тухайд тэдний сэтгэл нь гонсойв, учир нь нифайчууд тэднээс айсан бус; харин тэд Бурханаасаа эмээж, мөн хамгааллын төлөө түүнд хандсан болой; тиймийн тул Гидианхайн их цэрэг тэдний дээр довтлон ирэх үед тэдэнтэй тулгарахад тэд бэлтгэгдсэн байв; тийм ээ, тэд Их Эзэний хүч чадлаар тэднийг хүлээн авсан бөлгөө.

11 Мөн уг тулалдаан энэ зургаа дахь сард эхлэв; мөн уг тулалдаан агуу бөгөөд аймшигтай байв, тийм ээ, үүний хядлага агуу бөгөөд аймшигтай байв, үүний хэрээр Лихай Иерусалимыг орхисноос хойш түүний бүх хүний дунд ийм их хядлага хэзээ ч мэдэгдэж байсангүй.

12 Мөн Гидианхайн үйлдсэн заналхийллүүд болон тангаргууд байсан хэдий ч, болгоогтун, нифайчууд тэднийг бут цохиж, үүний хэрээр тэд тэдний өмнө гэдрэг ухрав.

13 Мөнхүү улиран тохиох дор Гидгиддонай их цэрэгтээ тэднийг аглаг буйдын хил хязгаарыг хүртэл мөрдөн хөөж, мөн зам зуур тэдний гарт орсон нэгийг ч тэд хэлтрүүлэхгүй байхыг тушаав; мөн тийн тэд бүр Гидгиддонайн зарлигийг биелүүлтлээ, аглаг буйдын хил хязгаар хүртэл тэднийг мөрдөж мөн тэднийг хөнөөв.

14 Мөнхүү улиран тохиох дор зоригтойгоор зогсож мөн тэмцсэн Гидианхай, тэрээр зугтаж байхдаа мөрдөгдөв; мөн их тулааныхаа учир сульдсанаас тэр гүйцэгдэж мөн алуулав. Мөн дээрэмчин Гидианхайн төгсгөл ийн байв.

15 Мөнхүү улиран тохиох дор нифайчуудын их цэрэг хамгаалалтын байрандаа дахин буцаж ирсэн болой. Мөнхүү улиран тохиох дор энэ арван есдүгээр он улирч одон, мөн дээрэмчид тулалдахаар дахин ирсэнгүй; бас хорьдугаар онд ч тэд дахин ирсэнгүй.

16 Мөн хорин нэгдүгээр онд тэд тулалдахаар ирсэнгүй, гэвч тэд Нифайн хүмүүсийн тал бүрээс нь ирж, эргэн тойронд нь бүслэв; учир нь хэрэв тэд Нифайн хүмүүсийг нутгуудаас нь салгаж, мөн тэднийг тал бүрээс нь шахах аваас, мөн хэрэв тэд гадны бүхий л боломжуудыг нь таслах аваас, тэднийг өөрсдийн хүслийн дагуу бууж өгөхөөр болгоно хэмээн тэд төсөөлсөн аж.

17 Эдүгээ тэд өөрсдөдөө өөр нэг удирдагчийг, нэр нь Зимнарайха гэгч түүнийг томилсон байв; тиймийн тул энэхүү бүслэлтийг байрлуулах болгосон нь Зимнарайха байв.

18 Гэвч болгоогтун, энэ нь нифайчуудад давуу талыг өгөв; учир нь дээрэмчдийн хувьд нифайчуудын дээр ямар нэгэн үр дүн олохуйц хангалттай удаан бүслэн хаах нь боломжгүй байв, тэдний агуулахад хураасан их нөөцний учир буюу,

19 Мөн дээрэмчдийн дундах нөөц нь ховор хомсын учир буюу; учир нь болгоогтун, тэдний аглаг буйдад олж авсан ангийн мах болох тэр махнаас өөр тэдэнд амиа тэжээх юу ч байсангүй;

20 Мөнхүү улиран тохиох дор уг аглаг буйдад зэрлэг амьтад ховордон, үүний хэрээр дээрэмчид өлсгөлөнгөөр мөхөх нь холгүй байв.

21 Мөн нифайчууд өдрөөр ч, шөнөөр ч үргэлж гадагш жагсаж, мөн тэдний их цэрэг рүү дайрч, мөн тэднээс мянга мянгаар нь мөн хэдэн арван мянгаар нь хөнөөж байв.

22 Мөн иймээс, өдрөөр мөн шөнөөр тэдний дээр ирсэн тэр агуу устгалын учир төлөвлөгөөгөө орхих нь Зимнарайхагийн хүмүүсийн хүсэл болов.

23 Мөнхүү улиран тохиох дор Зимнарайха өөрийн хүмүүст, тэд бүслэлтээс өөрсдөө ухарч, мөн умард нутгийн хамгийн алсын хэсгүүд тийш жагсан одох тушаалыг өгөв.

24 Мөн эдүгээ, Гидгиддонай тэдний төлөвлөгөөг мэдэж байсан учир, мөн хүнс дутагдсаны учир тэдний сульдсаныг, мөн тэдний дунд хийгдсэн агуу хядлагыг мэдэж байсан учир, тиймийн тул тэрээр шөнийн цагт их цэргээ илгээж мөн тэдний ухрах замыг хааж, мөн тэдний ухрах зам дээр их цэргээ байрлуулав.

25 Мөн тэд үүнийг шөнийн цагаар хийн, мөн дээрэмчдийн цаад талд нь жагсаж гарсан байв, иймээс маргааш нь, дээрэмчид жагсан алхаж эхлэхдээ, тэд урд талаасаа мөн араасаа аль алинаас нь нифайчуудын их цэрэгтэй тулгарсан аж.

26 Мөн өмнөдөд байсан дээрэмчдийн ухрах замыг түүнчлэн хаасан байв. Мөн эдгээр бүх зүйл Гидгиддонайн тушаалаар хийгдсэн ажээ.

27 Мөн нифайчуудад өөрсдийгөө олзлогдогч болгон бууж өгсөн нь олон мянга байв, мөн тэдний үлдсэн нь алагдсан бөлгөө.

28 Мөн тэдний удирдагч, Зимнарайха баривчлагдаж мөн модон дээр, тийм ээ, бүр үүний орой дээр үхэх хүртлээ дүүжлэгдэв. Мөн тэд түүнийг үхэх хүртэл нь дүүжилсний дараа, тэд уг модыг газарт цавчин унагаж, мөн чанга дуугаар хашхирч хэлсэн нь:

29 Их Эзэн өөрийн хүмүүсийг зөв шударга байдалд мөн зүрх сэтгэлийн ариун байдалд хадгалан хамгаалах болтугай, тиймээс бүр энэ хүн газарт унагаагдсаны адилаар, хүч чадал мөн нууц хуйвалдааны учир өөрсдийг нь алахыг эрэлхийлэх тэр бүгд газарт унагаагдах болгож болохын тулд буюу.

30 Мөн тэд баясаж мөн нэгэн дуугаар дахин хашхирч хэлсэн нь: Энэ ард түмэн хамгааллын төлөө Бурханыхаа нэрийг дуудаж байгаа цагт Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурхан тэднийг зөв шударга байдалд нь хамгаалах болтугай.

31 Мөнхүү улиран тохиох дор тэд өөрсдийг нь дайснуудынх нь гарт орохоос хамгаалан, өөрсдийнх нь төлөө түүний хийсэн тэр агуу их зүйлийн төлөө бүгд нэгэн зэрэг Бурханаа магтаж, дуулж эхлэв.

32 Тийм ээ, тэд хашхирч: Бүхний Дээд Бурханд Хосанна. Мөн тэд хашхирч: Бүхнийг Чадагч Их Эзэн Бурхан, Бүхний Дээд Бурханы нэр алдаршиг хэмээв.

33 Мөн өөрсдийг нь дайснуудынх нь гараас чөлөөлсөн Бурханы агуу сайн сайхны учир их нулимс асгаруулах хүртлээ, тэдний зүрх сэтгэл баяслаар бялхав; мөн тэд үүрдийн устгалаас чөлөөлөгдсөний учир нь өөрсдийнх нь наманчлал болон өөрсдийнх нь даруу байдлаас болсон гэдгийг тэд мэдсэн бөлгөө.

Хэвлэх