Судрууд
3 Нифай 5


Бүлэг 5

Нифайчууд наманчилж мөн нүглүүдээ орхив—Мормон өөрийн хүмүүсийн түүхийг бичиглэж мөн тэдэнд үүрдийн үгийг тунхаглав—Израил урт удаан тараагдалтаасаа цуглуулагдах болно. Ойролцоогоор МЭ 22–26 он.

1 Мөн эдүгээ болгоогтун, нифайчуудын бүх ард түмний дунд бүх ариун бошиглогчдын ярьсан үгсэд өчүүхэн ч гэсэн эргэлзсэн нэгээхэн ч амьд бодгаль байсангүй; учир нь тэдгээр нь зайлшгүй биелэгдэх ёстойг тэд мэдэж байв.

2 Мөн бошиглогчдын үгсийн дагуу өгөгдсөн олон тэмдгийн улмаас, Христ ирсэн нь зайлшгүй байх ёстойг тэд мэдэж байв; мөн аль хэдийн улиран тохиосон зүйлсийн учир, яригдсан тэрний дагуу бүх зүйл улиран тохиох нь зайлшгүйг тэд мэдэж байв.

3 Тиймийн тул тэд бүх нүглээ мөн жигшүүрт хэргүүдээ, мөн садар самуун явдлуудаа орхиж, мөн өдөр болон шөнө Бурханд байдгаараа хичээнгүйлэн үйлчилж байлаа.

4 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор тэд бүх дээрэмчдийг хоригдол болгон баривчилсны улмаас алагдаагүй тэднээс хэн нь ч зугтаагүй байв, тэд хоригдлуудаа шоронд хаяж, мөн тэдэнд Бурханы үг номлогдохоор болгов; мөн нүглүүдээ наманчилж мөн тэд цаашид аллага үйлдэхгүй гэсэн гэрээнд орсон болгон нь чөлөөт байдалд суллагдав.

5 Харин гэрээнд ороогүй тэр, мөн зүрх сэтгэлдээ тэдгээр нууц аллагаа үргэлжлүүлэн агуулсаар байсан тэр болгон нь, тийм ээ, ах дүүсийнхээ эсрэг заналхийлж байгаа нь мэдэгдсэн болгон нь хуулийн дагуу яллагдаж мөн шийтгэгдэж байв.

6 Мөн тийм их ёс бус мөн тийм их аллага үйлдэгдсэн тэдгээр бүх ёс бус, мөн нууц, мөн жигшүүрт хуйвалдаануудыг тэд тийн төгсгөл болгосон билээ.

7 Мөн хорин хоёр дахь он, түүнчлэн хорин гурав дахь ч, хорин дөрөв, мөн хорин тав дахь он ч тийн улирч одов; мөн хорин таван жил тийн улирч одов.

8 Мөн зарим хүний нүдэнд агуу ба гайхамшигт болох олон зүйл тохиосон байв; гэсэн хэдий ч, тэд бүгд энэ номд бичигдэх аргагүй; тийм ээ, энэ ном нь уг хорин таван жилийн хугацаанд тийм олон хүний дунд хийгдсэний зууны нэгийг нь ч агуулж чадахгүй;

9 Гэвч болгоогтун энэ хүмүүсийн бүхий л үйлийг агуулдаг цэдгүүд байдаг; мөн илүү богинохон хэдий ч үнэн шастир Нифайгаар өгөгдсөн билээ.

10 Тиймийн тул би эдгээр зүйлийн талаарх өөрийн цэдгийг Нифайн ялтаснууд гэж нэрлэгдсэн ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн Нифайн цэдгийн дагуу үйлдэв.

11 Мөн болгоогтун, өөрийнхөө гараар хийсэн ялтаснууд дээр би энэхүү цэдгийг хөтөлж байна.

12 Мөн болгоогтун, уг хүмүүсийн дунд Алма сүмийг, тийм ээ, тэдний зөрчлийн дараа тэдний дунд байгуулагдсан анхны сүмийг байгуулсан нутаг болох Мормоны нутгийн нэрээр би Мормон гэж нэрлэгдсэн ажээ.

13 Болгоогтун, Бурханы Хүү, Есүс Христийн шавь билээ би. Түүний хүмүүс үүрдийн амьдралтай байж болохын тулд тэдний дунд түүний үгийг тунхаглахаар түүгээр дуудагдсан бөлгөө би.

14 Мөн ариун хүмүүс байсан тэдгээр нас барагсдын залбирлууд итгэлийнх нь дагуу гүйцэлдэхийн тулд, тохиосон эдгээр зүйлийн цэдгийг би Бурханы тааллын дагуу үйлдэх нь зохих зүйл болсон билээ—

15 Тийм ээ, Лихай Иерусалимыг орхисон тэр цагаас бүр эдүгээг хүртэлх цагт тохиосон тэрхүү зүйлсийн тухай нэгэн бага цэдгийг буюу.

16 Тиймийн тул миний өдрийг эхлэх хүртэл, миний өмнө байсан тэднээр өгөгдсөн шастируудаас би өөрийн цэдгийг үйлдээд байгаа билээ;

17 Мөн тэгээд би өөрийнхөө нүдээр харсан тэр зүйлсийн цэдгийг хөтлөх болно.

18 Мөн миний хөтөлж буй цэдэг шударга бөгөөд үнэн цэдэг гэдгийг би мэднэ; гэсэн хэдий ч манай хэлний дагуу, бид бичих аргагүй олон зүйл буй.

19 Мөн эдүгээ би өөрийн тухай үгсээ төгсгөл болгож, мөн надаас өмнө байсан тэр зүйлсийн талаарх өөрийн шастирыг бичихээ үргэлжлүүлье.

20 Би бол Мормон, мөн Лихайн шууд удам билээ. Тэрбээр эцэг өвгөдийг маань Иерусалим нутгаас гарган авчирсны учир, (мөн үүнийг тэр өөрөө болон уг нутгаас түүний авчирсан тэднээс өөр хэн ч үл мэдсэн) мөн тэрбээр надад болон миний хүмүүст бодгалиудыг маань авралд хүргэх тийм их мэдлэг өгсөн учир, Бурханаа мөн өөрийн Аврагч Есүс Христийг алдаршуулах шалтгаан надад буй.

21 Тэрбээр Иаковын угсааг адисалсан, мөн Иосефын үр удамд нигүүлсэнгүй байсан нь гарцаагүй билээ.

22 Мөн Лихайн хүүхдүүд түүний зарлигуудыг сахисны хэрээр, тэрээр үгийнхээ дагуу тэднийг адисалж мөн тэднийг дэгжүүлсэн билээ.

23 Тийм ээ, тэрбээр Иосефын үр удмын үлдэгдлийг Их Эзэн Бурханых нь мэдлэгт дахин авчрах нь гарцаагүй.

24 Мөн Их Эзэн амьд нь гарцаагүйн адил, тэрээр дэлхийн бүх гадаргуу дээгүүр тархан тараагдсан, Иаковын үр удмын бүх үлдэгдлийг дэлхийн дөрвөн зүгээс цуглуулах болно.

25 Мөн тэрбээр Иаковын бүх угсаатай гэрээ байгуулсан тул, тиймийн тул Иаковын угсаатай байгуулсан уг гэрээ нь түүний тогтоосон цагт биелэгдэх болно, тийн тэдэнтэй байгуулсан түүний тэрхүү гэрээний мэдлэгт Иаковын бүх угсаа сэргээгдэх болно.

26 Мөн тэгээд, тэд Есүс Христ, Бурханы Хүү болох Гэтэлгэгчээ мэдэх болно; мөн тэгээд дэлхийн дөрвөн зүгээс өөрсдийн газар нутагт, тэд тараагдах үедээ байсан уг газартаа буцаан цуглуулагдах болно; тийм ээ, Их Эзэн амьдын адилаар энэ нь тэрчлэн байх болно. Амен.

Хэвлэх