Судрууд
3 Нифай 7


Бүлэг 7

Ерөнхий шүүгч алагдаж, засгийн газар устгагдаж, мөн хүмүүс нь овгуудад хуваагдав—Христийг эсэргүүцэгч Иаков нууц хуйвалдааны хаан болов—Нифай наманчлалыг мөн Христэд итгэх итгэлийг номлов—Тэнгэр элч нар түүнд өдөр тутам тохинуулж, мөн тэрбээр дүүгээ үхлээс босгов—Олон нь наманчилж мөн баптисм хүртэв. Ойролцоогоор МЭ 30–33 он.

1 Эдүгээ болгоогтун, тэд уг нутгийн дээр хааныг тогтоогоогүйг би та нарт үзүүлнэ; харин мөнхүү энэ онд, тийм ээ, гучдугаар онд, тэд шүүгчийн суудал дээр нь устгаж, тийм ээ, уг нутгийн ерөнхий шүүгчийг хөнөөсөн болой.

2 Мөн хүмүүс нэг нь нөгөөгийнхөө эсрэг хуваагдав, хүн бүр өөрийн гэр бүл мөн төрөл садан болон найз нөхдийнхөө дагуу, тэд нэг нь нөгөөгөөсөө овгуудад тусгаарлагдав; мөн тийн тэд уг нутгийн засгийн газрыг устгасан билээ.

3 Мөн овог болгон өөрсдийн дээр толгойлогч юм уу удирдагчийг томилсон болой; мөн тийн тэд овгууд мөн овгуудын удирдагчид болцгоов.

4 Эдүгээ болгоогтун, тэдний дунд том гэр бүл мөн олон төрөл садан мөн найз нөхөдгүй нэг ч хүн байсангүй; тиймийн тул тэдний овгууд үлэмж агуу болов.

5 Эдүгээ энэ бүгд нь хийгдэж, мөн тэдний дунд дайнууд хараахан байсангүй; мөн тэд өөрсдийгөө Сатаны хүчинд оруулсан учир энэ бүх алдас уг хүмүүсийн дээр ирсэн байв.

6 Мөн бошиглогчдыг алсан тэдний найзууд мөн төрөл садных нь нууц хуйвалдааны улмаас засгийн газрын журам зохицуулалт устгагджээ.

7 Мөн тэд уг нутагт агуу зөрчилдөөн үүсгэж, үүний хэрээр хүмүүсийн илүү зөв шударга хэсэг нь бараг бүгд ёс бус болсон байв; тийм ээ, тэдний дунд зөвхөн цөөн хэдэн зөв шударга хүмүүс л байв.

8 Мөн бөөлжсөө долоох нохой мэт эсвээс угаасны дараа шаварт хөлбөрөх гахай мэт, хүмүүсийн ихэнх хэсэг нь зөв шударга байдлаа орхисноос хойш тийн зургаан жил улиран одоогүй байлаа.

9 Эдүгээ уг хүмүүсийн дээр ийм агуу алдсыг авчирсан энэ нууц хуйвалдааныхан өөрсдөө нэгдэн цугларч, мөн тэд Иаков гэж нэрлэсэн тэр хүнийг өөрсдийн тэргүүн болгон байрлуулав;

10 Мөн тэд түүнийг өөрсдийн хаан хэмээн нэрлэв; тиймийн тул тэрээр энэхүү ёс бус бүлгийн дээр хаан болжээ; мөн Есүсийн тухай гэрчилсэн бошиглогчдын эсрэг ярьсан голлох тэргүүлэгчдийн нэг нь тэр байв.

11 Мөнхүү улиран тохиох дор, тэд тоогоороо тийм хүчирхэг байсангүй, харин хүмүүсийн овгуудын удирдагч нэг бүр нь өөрийн овгийн дагуу өөрсдийн хуулиудаа тогтоосноос бусдаар бол нэгдмэл байв; гэсэн хэдий ч тэд дайснууд байв; тэд зөв шударга хүмүүс байгаагүй хэдий ч, засгийн газрыг устгахаар гэрээнд орсон тэдний эсрэг үзэн ядалтдаа нэгдсэн байв.

12 Тиймийн тул, Иаков дайснууд нь өөрсдөөс нь илүү олон тоотойг хараад, тэрээр уг бүлгийн хаан байсан учир, тиймийн тул тэрбээр өөрийн хүмүүст тэрслэгчдээр өргөжих хүртлээ, (учир нь тэрбээр олон тэрслэгч байх болно хэмээн тэднийг зусардав) мөн тэд уг хүмүүсийн овгуудтай тэмцэх хангалттай хүчтэй болтлоо, тэд нутгийн алс умард хэсэгт зугтан очиж, мөн тэнд өөрсдөдөө хаант улс босгохыг зарлиг болгов; мөн тэд тийн үйлдэв.

13 Мөн тэд хүмүүс хүрэх зайнаас холдох хүртлээ саатуулагдахааргүй тийм хурднаар тэд жагсан явав. Мөн гучдугаар он ийн төгсөв; мөн Нифайн хүмүүсийн хэрэг явдлууд ийм байв.

14 Мөнхүү улиран тохиох дор гучин нэг дэх онд, хүн бүр өөрийн гэр бүл, төрөл садан болон найз нөхдийнхөө дагуу тэд овгуудад хуваагдсан байв; гэсэн хэдий ч тэд нэг нэгэнтэйгээ дайтахаар явахгүй гэсэн тохиролцоонд хүрсэн байв; гэвч тэд хуулиудаараа, мөн засгийн газрын байдлаараа нэгдмэл бус байв, учир нь тэдгээр нь тэдний толгойлогчид бөгөөд тэдний удирдагчид болох тэдний бодлын дагуу тогтоогдсон байв. Гэвч тэд нэг овог нөгөөгийнхөө эсрэг халдахгүй гэсэн маш чанд хуулиудыг тогтоож, үүний хэрээр тэд уг нутагт ямар нэгэн хэмжээгээр амар амгалан байв; гэсэн хэдий ч, тэдний зүрх сэтгэл Их Эзэн Бурханаасаа эргэсэн байв, мөн тэд бошиглогчдыг чулуугаар шидэж мөн тэднийг өөрсдийн дундаас зайлуулан гаргаж байв.

15 Мөнхүү улиран тохиох дор Нифай—тэнгэр элч нараар мөн түүнчлэн Их Эзэний дуу хоолойгоор зочлогдсон учир, тиймийн тул тэнгэр элч нарыг харсан учир, мөн нүдээр үзсэн учир, мөн тэрбээр Христийн тохинууллын талаар мэдэж болохын тулд түүнд хүч өгөгдсөн байсан учир, мөн түүнчлэн тэд зөв шударгаас ёс бусад мөн жигшүүрт хэргүүдэд хурдан эргэхийг нүдээр үзсэн байсан учир;

16 Тиймийн тул, тэдний зүрх сэтгэлийнх нь хатуу мөн оюуных нь харалганы улмаас гашуудсан учир—мөнхүү онд тэдний дунд явж, мөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр ирэх наманчлал болон нүглүүдийн ангижралыг зоригтойгоор гэрчилж эхлэв.

17 Мөн тэрбээр тэдэнд олон зүйлийг тохинуулсан болой; мөн тэдгээр нь бүгд бичигдсэн байх аргагүй, мөн тэдгээрийн нэг хэсэг нь хангалттай бус болой, тиймийн тул тэдгээр нь энэ номд бичигдсэнгүй. Мөн Нифай хүчтэйгээр мөн агуу эрх мэдэлтэйгээр тохинуулсан болой.

18 Мөнхүү улиран тохиох дор бүр тэрбээр тэднээс илүү агуу хүчтэй байснаас тэд түүнд уурлаж байв, учир нь тэд түүний үгсэд итгэхгүй байх нь боломжгүй байлаа, учир нь Их Эзэн Есүс Христэд итгэх түүний итгэл ихэд агуу байснаас тэнгэр элч нар түүнд өдөр бүр тохинуулж байв.

19 Мөн тэр Есүсийн нэрээр чөтгөрүүдийг мөн цэвэр бус сүнснүүдийг зайлуулав; мөн бүр дүү нь хүмүүсээр чулуугаар шидүүлж үхлийг амссаны дараа тэрбээр түүнийг нас барагсдаас босгосон болой.

20 Мөн ард түмэн үүнийг харж, мөн үүнийг үзэж, түүний хүчний учир түүнд уурлаж байв; мөн түүнчлэн тэрбээр хүмүүсийн нүдэн дээр, Есүсийн нэрээр илүү олон гайхамшгийг үйлджээ.

21 Мөнхүү улиран тохиох дор гучин нэгдүгээр он улирч одов, мөн Их Эзэнд хөрвүүлэгдсэн нь зөвхөн цөөн хэд байв; гэвч хөрвүүлэгдсэн болгон нь өөрсдийн итгэдэг тэр Есүс Христэд байсан Бурханы Сүнс мөн хүчээр зочлогдсоноо уг хүмүүст үнэхээр мэдүүлсэн болой.

22 Мөн чөтгөрүүдээсээ зайлуулагдсан мөн өвчин болон тахир дутуугаасаа эдгээгдсэн болгон нь, Бурханы Сүнсээр нөлөөлөгдөж мөн эдгээгдсэнээ уг хүмүүст үнэхээр мэдүүлжээ; мөн тэд тэмдгүүдийг түүнчлэн үзүүлж мөн хүмүүсийн дунд зарим гайхамшгийг үйлдсэн бөлгөө.

23 Ийн гучин хоёрдугаар он түүнчлэн улирч одов. Мөн гучин гуравдугаар оны эхэнд Нифай хүмүүст тунхаглаж; мөн тэрбээр тэдэнд наманчлал болон нүглүүдийн ангижралыг номлов.

24 Эдүгээ наманчлалд авчрагдсан тэднээс усаар баптисм хүртээгүй нэг нь ч байсангүйг та нар түүнчлэн санаасай хэмээнэ би.

25 Тиймийн тул, Нифайгаар энэхүү тохинуулалд томилогдсон эрчүүд байв, иймээс тэдэнд ирэх бүгд нь усаар баптисм хүртэж байв; мөн энэ нь Бурханы өмнө, мөн уг хүмүүст, тэд наманчилсан мөн нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсны гэрч мөн нотолгоо байв.

26 Мөн энэ оны эхэнд наманчлалын төлөө баптисм хүртсэн нь олон байв; мөн жилийн ихэнх хэсэг ийн улирч одов.

Хэвлэх