Бүлэг 8
Хуй салхи, газар хөдлөлт, түймэр, хар салхи, мөн байгалийн гамшгууд Христийн цовдлуулалтыг нотлов—Олон хүн устгагдав—Уг нутгийг гурван хоногийн турш харанхуй бүрхэв—Үлдсэн тэд хувь заяандаа гашуудав. Ойролцоогоор МЭ 33–34 он.
1 Мөн эдүгээ улиран тохиох дор бидний цэдгийн дагуу, мөн бидний цэдэг үнэн болохыг бид мэднэ, учир нь болгоогтун, уг цэдгийг хөтөлсөн тэр нь шударга хүн байв—учир нь тэрбээр Есүсийн нэрээр олон гайхамшиг үнэхээр үйлдсэн бөлгөө; мөн алдсаасаа өчүүхэн хэсэг бүр нь цэвэрлэгдээгүй хэн боловч, тэр нь Есүсийн нэрээр гайхамшиг үйлдэж чадах нь үгүй билээ—
2 Мөн эдүгээ улиран тохиох дор, бидний цаг үеийг тооцоолохдоо энэ хүнээр алдаа хийгдээгүй бол, гучин гуравдугаар он тийн улирч одсон байв;
3 Мөн лемен үндэстэн, бошиглогч Самуелаар өгөгдсөн байсан тэмдгийг, тийм ээ, уг нутгийн гадаргуу дээр гурав хоногийн турш харанхуй байх тэр цагийг хүмүүс маш ихээр анхааран хүлээж эхлэв.
4 Мөн олон тэмдэг өгөгдсөн байсан хэдий ч, хүмүүсийн дунд агуу эргэлзээ болон маргалдаанууд байж эхлэв.
5 Мөнхүү улиран тохиох дор гучин дөрөвдүгээр онд, эхний сард, уг сарын дөрөв дэх өдөр, бүх нутагт урьд өмнө мэдэгдэж байгаагүй тийм нэгэн их шуурга босов.
6 Мөн түүнчлэн агуу бөгөөд аймшигт хуй салхи гарав; мөн аймшигт аянга бууж, үүний хэрээр энэ нь бүхэл газар нутгийг хоёр хэсэг хуваах гэж байгаа мэт доргиов.
7 Мөн бүх нутагт урьд өмнө мэдэгдэж байгаагүй тийм үлэмж хурц цахилгаан цахив.
8 Мөн Зарахемла хот түймэрт шатаж эхлэв.
9 Мөн Моронай хот тэнгисийн гүнд живж, мөн оршин суугчид нь живж үхэв.
10 Мөн газар шороо Моронайха хотын дээр зөөгдсөнөөс, уг хотын оронд агуу том уул байх болов.
11 Мөн өмнөд нутагт агуу бөгөөд аймшигт устгал байв.
12 Гэвч болгоогтун, умард нутагт илүү агуу бөгөөд аймшигт устгал байв; учир нь болгоогтун, хуй салхи мөн хар салхи, мөн аянга болон цахилгаануудаас, мөн бүхэл газар үлэмж агуу ихээр хөдөлсний улмаас уг нутгийн бүх гадаргуу өөрчлөгдөв;
13 Мөн дардан замууд хагарч, мөн толигор замууд эвдэрч, мөн олон тэгш газар бартаат болжээ.
14 Мөн олон агуу бас алдартай хот живж, мөн олон нь шатаж, мөн олон нь барилгууд нь газарт унаж мөн оршин суугчид нь эрсдэх хүртэл сэгсрэгдэж мөн уг газрууд эзгүйрэн орхигдов.
15 Мөн үлдсэн зарим хот байлаа; гэвч хохирол нь үлэмж агуу байж, мөн тэдний дотор эрсэдсэн нь олон байв.
16 Мөн хар салхинд хийсэн одсон зарим нь байв; мөн тэдний хийсэн одсон гэдгийг тэд мэдэхээс бус, тэдний хааш одсоныг нэг ч хүн мэдэхгүй байв.
17 Мөн тийн хуй салхи, аянга, цахилгаан, мөн газар хөдлөлтүүдийн улмаас бүхэл газар нутгийн гадаргууны хэлбэр нь алдагдсан байв.
18 Мөн болгоогтун, хаднууд хоёр хэсэгт цуурч хагарав; тэдгээр нь бүх л газар нутгийн гадаргуу дээр хагарав, үүний хэрээр тэдгээр нь хагарсан хэлтэрхийнүүд болж, мөн ан цавуудад мөн цуурсан хагархайд, уг нутгийн бүх гадаргуу дээрээс олдох болов.
19 Мөнхүү улиран тохиох дор аянга, цахилгаан, шуурга, мөн хуй салхи, мөн газар хөдлөлтүүд зогсоход—учир нь болгоогтун, тэдгээр нь гурван цаг орчим үргэлжлэв; мөн илүү удаан хугацаатай байсан хэмээн зарим нь хэлэв; гэсэн хэдий ч, эдгээр агуу бөгөөд аймшигт зүйлс барагцаалбал гурван цагийн хугацаанд тохиов—мөн тэгээд болгоогтун, уг нутгийн гадаргуу дээр харанхуй болов.
20 Мөнхүү улиран тохиох дор уг нутгийн бүх гадаргуу дээр түнэр харанхуй байв, үүний хэрээр үхээгүй байсан оршин суугчид нь харанхуйлах мананг мэдэрч байв;
21 Мөн уг харанхуйн учир ямар ч гэрэл, лаа ч, бас бамбар ч байх аргагүй байлаа; бас тэдний сайн мөн үлэмж хуурай модоор ч гал асаагдах аргагүй байв, иймээс ямар ч гэрэл байх аргагүй байлаа;
22 Мөн ямар ч гэрэл, бас гал, сүүмэлзэх төдий гэрэл ч, бас нар, сар, одод ч харагдахгүй байв, учир нь уг нутгийн гадаргуу дээр харанхуйлах манан тийм агуу байв.
23 Мөнхүү улиран тохиох дор энэ нь гурав хоног үргэлжилснээс ямар ч гэрэл харагдахгүй байв; мөн агуу гашуудал, гаслан мөн уйлаан бүх хүний дунд үргэлжлэн байв; тийм ээ, тэдний дээр ирсэн тэрхүү харанхуй мөн агуу устгалын улмаас хүмүүсийн ёолон гаслах нь агуу байв.
24 Мөн нэг газар тэдний уйлан: Ай энэ агуу бөгөөд аймшигт өдрийн өмнө бид наманчилсан болоосой, мөн тэгсэн бол ах дүүс маань хэлтрүүлэгдсэн байхсан, мөн тэд тэр агуу хот Зарахемлад шатаагдахгүй байхсан билээ хэмээн хэлэх нь сонсогдов.
25 Өөр нэг газар тэдний уйлж мөн гашуудан: Ай энэ агуу бөгөөд аймшигт өдрийн өмнө бид наманчлан, мөн бошиглогчдыг хөнөөгөөгүй мөн чулуугаар шидээгүй, мөн тэднийг зайлуулаагүй ч болоосой; тэгсэн бол ээж нар маань мөн үзэсгэлэнт охид маань, мөн хүүхдүүд маань хэлтрүүлэгдсэн байхсан, мөн агуу хот Моронайхад булагдахгүй байхсан хэмээн хэлэх нь сонсогдов. Мөн хүмүүсийн гаслан тийм агуу бас аймшигтай байв.