Ирээд, Намайг дага
Ач ивээл гэж юу вэ?


Ач ивээл гэж юу вэ?

Ач ивээл бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний хүлээж авдаг бурханлаг тусламж хийгээд хүч чадал юм. Бид ач ивээлээр дамжуулан нүгэл, үхэл хоёроос аврагддаг. Түүнээс гадна ач ивээл бол биднийг өдрөөс өдөрт хүчирхэгжүүлж, эцсээ хүртэл тэвчихэд бидэнд тусалдаг боломж олгогч хүч мөн. Бид Их Эзэний ач ивээлийг бүрэн хүлээж авахын тулд өөрсдөө их хичээж чармайх шаардлагатай.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ач ивээл гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? Та амьдралыг тань өөрчлөхөд тусалсан Есүс Христийн хүчийг хэрхэн мэдэрсэн бэ?

Залуу эрэгтэйчүүд ач ивээлийн тухай юу мэддэг вэ? Амьдралдаа буй ач ивээлийн хүчийг ойлгоход нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ? Залуу эрэгтэйчүүд санваарын үүргүүдээ биелүүлэхээр хичээхэд ач ивээл тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Ач ивээлийг ойлгоход тань ямар судрууд болон бусад эх сурвалж тусалсан бэ? Ач ивээлийг тэдэнд ойлгуулахын тулд та залуу эрэгтэйчүүдтэй юуны тухай хуваалцах хэрэгтэй гэж боддог вэ?

Eфес 2:8–9; 2 Нифай 25:23 (Бид ач ивээлээр аврагдана)

Филиппой 4:13; Иаков 4:6–7 (Есүс Христийн ач ивээл бидэнд хүч чадал өгдөг)

Moронай 10:32–33 (Ач ивээл биднийг Христээр төгөлдөржүүлж чадна)

Библийн лавлах, “Ач ивээл”

Ж.Дэвн Корниш, “Би хангалттай сайн байна уу?  Би хаанд улсад орж чадах уу?Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23-27

Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–99

Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар

Ач ивээл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 41–43

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дагалдагчдадаа Өөрийн сургаалыг заахын тулд тэдний амьдралд өдөр бүр үлгэр дуурайл үзүүлдэг байсан нь сургаалыг ойлгоход тэдэнд тусалдаг байлаа. Тэрээр хүмүүст ойлгоход амархан энгийн түүх, сургаалт зүйрлэл ба амьдралын жишээнүүдийг ашигладаг байв. Та залуу эрэгтэйчүүдэд ач ивээлийн тухай заахдаа амьдралын жишээнүүдийг болон ач ивээл тэдний амьдралд хэрхэн биеллээ олж байгаа жишээг хэрхэн ашиглаж болох вэ?

Зураг

Бусад видео бичлэгийг үзнэ үү

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү:

  • Хичээлд ямар нэг зүйл эсвэл зураг авчирч, энэ нь өнгөрсөн долоо хоногт сурч мэдсэн зүйлтэй нь ямар холбоотой болохыг залуу эрэгтэйчүүдээс асуу. Тэд сурч мэдсэн зүйлээ ашиглан өнгөрсөн долоо хоногт юу хийсэн бэ?

  • Ач ивээлийн тухай юу мэддэгийг нь залуу эрэгтэйчүүдээс асуу. Ач ивээл гэдгийг тэд юу гэж ойлгодог вэ? Тэд ач ивээлийг амьдралдаа, санваарын үйлчлэлдээ хэрхэн харсан бэ? Тэд ач ивээлээр аврагдах болно гэдэгт итгэдэг үү? Ач ивээлийн тухай тэд юу асуудаг вэ? Та энэ ярилцлагын нэг хэсэг болгон энэ хэсгийн эхэн дэх ач ивээлийн тодорхойлолтыг хуваалцаж болно.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь ач ивээлийн тухай сургаалыг ойлгоход чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Чуулганы гишүүдийг ахлагч Ж.Дэвин Корнишийн “Би хангалттай сайн байна уу? Би хаанд улсад орж чадах уу?” үгийн зарим хэсгийг уншихад урь. Тэднийг уншиж байхдаа дараах асуултын хариултыг олж мэдэхийг хүс. Үүнд: “Ач ивээл гэж юу вэ? Би амьдралдаа хэрхэн ач ивээлээс хүртэх боломжтой вэ? Би хэрхэн Христийн ач ивээлээс хүртэхүйц зохистой байж чадах вэ? Би тэнгэр дэх хаант улсад буцаж очиж чадах уу?” Залуу эрэгтэйчүүдэд эдгээр асуултын талаар тунгаан бодох хангалттай цаг хугацаа гаргаж өгсний дараа тэднийг шашин шүтлэг болон сайн мэдээнд итгэж найдах тал дээр асуудалтай байгаа найзынхаа талаар бодоход урь. Энэ үг тэдний найз нөхдөд хэрхэн тусалж болох вэ?

  • Самбар дээр онгорхой хаалга, цонх зурж, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ач ивээлийн бэлэг” хэлсэн үгийн эхлэлийг судлахдаа, ач ивээлийг эдгээр зүйлтэй хэрхэн харьцуулсныг олохыг залуу эрэгтэйчүүдээс хүсэх талаар бодож үзээрэй. Энэ хэлсэн үгийн үлдсэн хэсгүүдийг залуу эрэгтэйчүүдэд хувааж өгөөд, уг хэсгээсээ ач ивээлийн талаар сурсан зүйлээ нэг өгүүлбэрт багтаан бичээд, хуваалцахыг хүс. Тэд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрын ач ивээлийг хүртэхийн тулд юу хийх ёстой вэ?

  • Хэдэн өдрийн өмнөөс чуулгын нэг гишүүнийг Maтай 11:28–30 болон ахлагч Дэвид А.Бэднарын “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд” хэлсэн үгийг судлан, Аврагчийн буулгыг өөрсөд дээрээ авна гэдэг нь ямар утга учиртай болохыг судлахыг хүс. Чуулгын цуглаан дээр ирэхдээ сурсан зүйлийнхээ талаар мөн Есүс Христтэй харилцах бидний харилцааг буулга нь хэрхэн төлөөлж болох тухай ярилцлага өрнүүлэх бэлтгэлтэй ирэхийг хүс. Аврагчийн ач ивээлийг ойлгоход нь чуулгын гишүүдэд туслах хэсгийг ахлагч Бэднарын хэлсэн үгээс хуваалцахад түүнийг урамшуул.

  • Энэ хичээлд өгөгдсөн судруудын талаар товч дүгнэлтээ бичиж, өрөөний хана болгон дээр нэг дүгнэлт байрлуул. Судруудаас нэгийг уншихыг залуу эрэгтэй бүрд даалган, дараа нь уншсан судрынхаа товч дүгнэлтийг олж, дэргэд нь очиж зогсохыг хүс. Эдгээр судраас ач ивээлийн тухай мэдсэн зүйлээ хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Ач ивээлийн ямар нотолгоог тэд амьдралаасаа олж хардаг вэ? Тэд эдгээр судраас ямар жишээ бодож болох вэ?

  • Библийн лавлах болон Итгэлдээ үнэнч байх нь товхимлоос ач ивээлийн тухай уншихдаа сурч мэдсэн зүйлсийн жагсаалт гаргахад чуулгын гишүүн бүрийг урь. Жагсаалтаасаа ямар нэг зүйлийг хуваалцаж, яагаад энэ нь залуу эрэгтэйчүүдэд чухал болохыг тайлбарлахыг тэднээс хүс. Бурханы ач ивээл буюу тусламжийг хүлээн авсан хүмүүсийн зургийг (Сайн мэдээний уран зургийн ном эсвэл Сүмийн аль нэг сэтгүүлээс) олоход тэднийг урьж, эдгээр хүний тухай олж мэдсэн зүйлээ хосоороо эсвэл жижиг бүлгүүд болж ярилцахыг тэднээс хүс. Үүнтэй төстэй ямар туршлагыг тэд өөрсдийнхөө амьдралаас хуваалцаж болох вэ?

  • Модны мөчрийг чуулгын цуглаанд авчирч, Аврагч Иохан 15:1–10-т ач ивээлийн тухай заахдаа мөчрийг хэрхэн ашигласныг олж мэдэхэд залуу эрэгтэйчүүдийг урь. Тэд эдгээр шүлгээс ач ивээлийн тухай ямар ойлголт авсан бол? Чуулгын нэг гишүүнээс ач ивээлийн тухай сурч мэдсэн зүйлээ чуулгын бусад гишүүнд товчхон ярьж өгөхөд авчирсан мөчрөө ашиглахыг хүс.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд ач ивээлийн сургаалыг ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаалд илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Аль нэг асуултад … хэрхэн хариулахыг мэдэхгүй үе танд тохиолдож болно. Ийм үед зүгээр л мэдэхгүй гэдгээ хэлээрэй. Бас хариултыг олж мэдэхийг хичээнэ гэж хэлж болох юм. Эсвээс асуултын хариултыг олоход суралцагчдыг урьж, олж мэдсэн зүйлээ дараагийн хичээл дээр илтгэхэд тэдэнд цаг гарган өгч болно” (Teaching, No Greater Call [1999], 64).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Ач ивээлийн тухай гэрчлэлээ хуваалцаж болно.

  • Аврагчийн ач ивээл чуулгын гишүүдэд санваарын үүргээ илүү үр ашигтай биелүүлэхэд хэрхэн тусалж болох талаар ярилцлага явуулж болно.

Хэвлэх