Ирээд, Намайг дага
Наманчлах гэж юуг хэлдэг вэ?


Наманчлах гэж юуг хэлдэг вэ?

Бидэнд наманчлах боломж олгохын тулд Есүс Христ бидний нүглийн төлөө шийтгэл хүлээсэн. Наманчлал бол биднийг Бурханд улам ойртуулдаг зүрх сэтгэл, оюун санааны өөрчлөлт юм. Нүглийг орхиж, уучлагдахын төлөө Бурхан руу эргэх нь наманчлал мөн. Наманчлал нь Бурханыг хайрлах хайр, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Наманчлах талаар та ямар туршлага хуримтлуулсан бэ? Та хувь хүний нүглийн тухай ярихгүйгээр, наманчлах нь Тэнгэрлэг Эцэгт улам ойртоход тусалдаг тухай хэрхэн хуваалцаж болох вэ?

Зарим залуу эрэгтэй зохисгүй байдалтайгаа тэмцэж байж болох юм. Энэ нь итгэлтэй санваартнуудын үйлчлэх чадварт нөлөөлөх болно. Та тэдний асуудалд мэдрэмтгий хандаж, наманчлах хүсэлтэй болоход нь туслахын тулд Сүнсийг хэрхэн урьж болох вэ?

Эдгээр судар болон бусад эх сурвалжийг залбирч судал. Наманчлахад чинь юу сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Исаиа 1:18 (Бид наманчлалаар дамжуулан нүглээсээ ариусан цэвэршиж чадна)

Рoм 3:23; 1 Иохан 1:8 (Бид бүгд нүгэл үйлддэг)

Aлма 19:33 (Наманчлал зүрх сэтгэлийг өөрчилдөг)

Aлма 36:6–24 (Aлма наманчилж, Аврагчийн ач ивээлээр дамжуулан уучлагдсан)

Aлма 39:8 (Бид нүглээ Бурханаас нууж чаддаггүй)

С ба Г 58:42–43 (Бид наманчлахын тулд нүглээ хүлээж, дахин нүгэл үйлдэхгүй байх ёстой)

Дэйл Г.Рэнланд, “Бидний сайн хоньчин,” Ensign, 2017 оны 5-р сар, 29-32 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15-17

Дэйл Г.Рэнланд, “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 120-125

Линда С.Рийвс, “Гэтэлгэлийн агуу төлөвлөгөө,” Ensign  эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78-81

Дийтр Ф.Угдорф, “Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114

Наманчлал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө, 28–29

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч бусдыг итгэлийнхээ дагуу үйлдэж, Өөрийн заадаг үнэнүүдийн дагуу амьдрахад урьдаг. Хүчирхэг туршлагуудаас суралцах боломжийг Тэрбээр тэдэнд олгодог. Өдөр бүр наманчлахаас ирдэг хүч чадлыг залуу эрэгтэйчүүд амьдралдаа олж харахад туслахын тулд та юу хийж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Өнгөрсөн долоо хоногт сурсан ямар нэг зүйлийг нь сануулах зураг зурж, зурсан зүйлийнхээ тухай хамтран ярилцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.

  • Нэг залуу эрэгтэйн гарыг урагш сунгуулан, хоёр гарт нь хүнд юм бариулж зогсоогоод, чуулгын гишүүдийг нүгэл хэрхэн хүнд ачаатай адил болох тухай ярилцуул. Ярилцах үедээ, хүнд юм барин зогсож байгаа залуу эрэгтэйн хоёр гар дээр илүү хүнд зүйл нэмж тавь. Гар дээрх юмсыг нь аваад, нүгэл болон наманчлалын тухай энэхүү үзүүлэнт хичээлээс юу сурснаа хуваалцахад залуу эрэгтэйчүүдийг урь.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь наманчлах гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход чуулгын гишүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Чуулгын нэг гишүүнийг энэ тоймд санал болгосон үгсээс нэгийг сонгоод, уг үг дээрх түүхээс хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Та бас үг хэлсэн хүн уг түүхийг хуваалцаж байгаа видео бичлэгээс үзүүлж болно. Түүхүүд бидэнд наманчлалын талаар юу зааж байна вэ? Үгс дээрх наманчлалын талаарх мэдэгдлүүдийг жижиг цаасан дээр тэмдэглэж ав. Залуу эрэгтэйчүүдийг нэг мэдэгдлийг сонгон авч, сурч мэдсэн зүйлээ эхлээд хамтрагчтайгаа, дараа нь ангийнхантайгаа хуваалцахад урь. Тэдэнд сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн өөрчлөх хэрэгтэй гэж санагдсан зүйлсийнхээ талаар бодох цаг гаргаж өг. 

  • Энэ хичээлийн аль нэг хэсгийг заахад чуулгын нэг гишүүнийг урь. Тэр үүнийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд наманчлалын тухай сурч мэдэх болон заах төлөвлөгөөний нэг хэсэг болгон хийж болно (“Сургаалыг ойлго,” 18, 42, 66-р хуудсыг үзнэ үү).

  • Нэг залуу эрэгтэйгээс чуулгын бусад гишүүнийг харж байхад ямар нэг зүйл нуухыг хүс. Чуулгын өөр нэг гишүүнээс нуусан зүйлийг олохыг хүс. Энэ жишээ Бурханаас нүглээ нуух гэж оролдох талаар юу зааж байна вэ?  (Aлма 39:8-ыг үзнэ үү). Бид Бурханаас нүглээ нууж чадахгүй талаар заадаг судрын ямар түүхийг залуу эрэгтэйчүүд хуваалцаж болох вэ? (Жишээг Иона 1–2; 2 Самуел 11–12; Үйлс 5:1–11 зэргээс үзнэ үү). Тэд мөн Линда С.Рийвс эгчийн “Гэтэлгэлийн агуу төлөвлөгөө” үгийн нэг түүхийг уншиж болно. Залуу эрэгтэйчүүдийг дараах асуултуудыг жижиг бүлгүүдэд хуваагдан ярилцахад урь. Хүмүүс ямар арга замаар нүглээ нуух гэж оролддог вэ? Бид нүглээ нууж чадахгүй гэдгийг ойлгоход хэн нэгэнд туслахын тулд та юу гэж хэлэх вэ?

  • Алмагийн болон Мозаягийн хөвгүүдийн зургийг өргөж харуулан (Сайн мэдээний уран зургийн ном, 77-г үзнэ үү), тэдний наманчлалын түүхийг товчхон ярих нэг хүнийг урь (Aлма 36:6–24-ийг үзнэ үү). Aлма 36:13, 17–20, 23–24-ийг ганцаарчлан уншиж, энэ шүлгүүд дэх наманчлалын зарчмуудыг олон, олж мэдсэн зүйлээ жижиг бүлгүүд болон хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс. Наманчлалын зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хийж болох ямар нэг зүйлийн тухай бодож, бичихэд залуу эрэгтэйчүүдийг урь.

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Наманчлал” хэсгийг судал эсвэл энэ хэсэг дэх зөвлөмж болгосон хэлсэн үгсээс тодорхой хэсгийг сонгож авахад залуу эрэгтэй бүрийг урь. Залуу эрэгтэйчүүдээс онцгой чухал зүйлүүдийг тэмдэглэж, хуваалцахыг хүс. Наманчлалын талаарх өөрсдийн асуултыг нэрээ тавилгүйгээр бичихийг тэднээс хүс. Эдгээр асуултандаа хариулахыг бишопоосоо хүсэж, наманчлал нь санваарын хүчтэй хэрхэн холбоотой болохыг хуваалц.

  • “Within Bounds” видео бичлэгийг үзүүл. Чуулгын гишүүдийн хагасыг наманчлалын талаар энэ видео бичлэгээс юу сурч болохыг мөн нөгөө хагасаас бидэнд наманчлахад туслах бишопын үүргийн талаар олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Гаргасан алдааныхаа тухай бишоптоо ярихаас эмээдэг найзууддаа тэд юу гэж хэлэх бол?

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Наманчлах гэдэг нь юу болохыг тэд ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаалд илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Сурах үйл ажиллагаанд суралцагч гол үүрэг гүйцэтгэх ёстой. Хэрэв багш сурах үйл ажиллагааны од болж, гол үүрэг гүйцэтгэн, үргэлж өөрөө л яриад байвал, энэ нь үнэн хэрэгтээ ангийн гишүүдийн сурах үйл явцад саад учруулж байгаа хэрэг юм” (Асаел Д.Вүдрафф, Teaching, No Greater Call [1999], 61).

Үйлдэхэд урь

Цуглааныг хөтөлж байгаа чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг хаах ёстой. Тэрээр:

  • Өөрийн бодол санааг хуваалцаж, Аврагчийн тухай болон наманчлах гэдэг нь ямар утгатай талаар бодол санаагаа хуваалцахыг чуулгын гишүүдээс хүсэж болно.

  • Амьдралдаа дүгнэлт хийж, өөрчлөх шаардлагатай зүйлсийг тогтооход залуу эрэгтэйчүүдийг урьж болно.

Хэвлэх