Би хэрхэн Христтэй илүү адил болох вэ?
Есүс Христ бидэнд төгс жишээг үзүүлсэн бөгөөд Тэрээр биднийг Өөртэйгээ адил болохыг зарлигласан. Тэрээр итгэл, найдвар, энэрэл болон тэвчээртэй, даруу, цэвэр ариун, хичээнгүй, дуулгавартай байдал зэрэг зан чанаруудын жишээг бидэнд харуулсан. Бид Түүний талаар сурч мөн зан чанаруудыг нь өөрсдөдөө хөгжүүлэх явцдаа Түүний мөн Тэнгэрлэг Эцэгийн маань хүссэн шиг санваартнууд болох болно.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Дараах судар, материалуудыг залбирч судал. Та залуу эрэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Матай 26:36–45; Лук 7:11–15; 23:33–34; Иохан 13:4–10 (Аврагчийн амьдралаараа үлгэрлэн харуулсан зан чанарууд)
Мозая 3:19 (Бид Есүс Христийн Цагаатгалаар гэгээнтэн болж чадна)
3 Нифай 27:27 (Христтэй адил болохыг бидэнд зарлигласан)
Робэрт Д.Хэйлс, “Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь,” Ensign, 2017 оны 5-р сар, 46-48 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 31-33
Стифэн В.Өвэн, “Агуу удирдагч агуу дагалдагч байдаг,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 57–59
Ричард Ж.Мэйнс, “Христ дээр төвлөрсөн амьдралаар амьдрахын баяр баясгалан,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11–13
М.Рассэлл Баллард, “Залуучуудын хамгийн агуу үеийнхэн,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55–58
“Христийнхтэй адил зан чанаруудыг би хэрхэн хөгжүүлэх вэ?” Миний сайн мэдээг номло (2004), 131–144
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Чуулгын гишүүн бүрийг өнгөрсөн долоо хоногт сурсан сургаалын талаарх нэг судрыг олоод, чуулгын өөр нэг гишүүнтэй хуваалцахад урь.
-
”Миний сайн мэдээг номло“ номын 143-р хуудсан дээрх зан чанарын үйл ажиллагааны хуулбарыг өгөөд, цөөн минутын дотор хувийн дүгнэлтээ хийж дуусгахыг хүс. Энэ үйл ажиллагаанаас сурсан зүйлээ хуваалцахыг залуу эрэгтэй бүрээс хүс. Чуулгынхаа хүндэлж явдаг нэг гишүүнд эсвэл гэр бүлийнхээ нэг гишүүнд байдаг Христтэй адил зан чанарын талаар хуваалцахыг цөөн залуу эрэгтэйгээс хүс.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдэд Есүс Христийн зан чанаруудын талаар суралцахад тусална. Сүнсний удирдамжийг даган, чуулгадаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.
-
Өсвөр үеийнхнийг ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн “Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь” үгийг уншаад, шавь хүний зан чанарууд нь хивсэнд сүлжилдэн нэхэгдсэн утсуудтай хэрхэн адил байдаг талаар ярилцахад урь. Залуу эрэгтэйчүүд Христийнхтэй адил зан чанаруудыг өөрсдөдөө хэрхэн хөгжүүлдгийг харуулахын тулд олон эд анги нийлж нэг том зүйлийг бий болгодгийг харуулсан адилтгалыг зохиох дуртай байж болно. Тэднийг уг үгээс Христийнхтэй адил аль нэгэн зан чанарыг сонгоод, үүнийг судалж, өөрсдөдөө илүү бүрэн дүүрэн хөгжүүлэх зорилго тавихад урь.
-
Та өөрсдийн амьдралыг Есүс Христ дээр төвлөрүүлэх ёстой шалтгааныг ойлгоход залуу эрэгтэйчүүдэд туслахын тулд ямар нэгэн зүйлийг төвд нь байрлуулж тоглодог тоглоомд тэднийг урь (цагираг шидэх, блокуудыг тэнцвэртэй өрөх гэх мэт). Ахлагч Ричард Ж.Мэйнсийн “Христ дээр төвлөрсөн амьдралаар амьдрахын баяр баясгалан” хэлсэн үгийн эхний дөрвөн минутыг үзүүл. Тэд өөрсдийн амьдралыг Аврагч дээр төвлөрүүлэхийн ач холбогдлын талаар юу сурсан бэ? Чуулгын гишүүдийг хос хосоороо хуваагдан, хамтран ажиллаад, өөрсдийн амьдралыг Христ дээр төвлөрүүлснээр хүлээн авах адислалуудын тухай өгүүлсэн түүхийг уг үгээс олохыг хүс. Тэд өөрсдийн амьдралыг Аврагч дээр болон Түүний сургаал дээр илүү их төвлөрүүлэхийн тулд юу хийж болох вэ?
-
Ахлагч Рассэлл М.Баллардын “Залуучуудын хамгийн агуу үеийнхэн” хэлсэн үгэн дэх залуу эрэгтэйчүүдэд тавьсан 9 асуулт бүхий хэсгийг тэдэнд хувилж өг (эсвэл ахлагч Баллардын асуулт тавьж буй хэсгийг сонсгож болно). Тэднийг эдгээр асуултад хэрхэн хариулах талаар тунгаан бодоход урьж мөн амьдралынхаа сайжруулж чадах ямар нэг хэсгийг бодож үзэхийг хүс. Эдгээр асуулт Христийн ямар зан чанаруудыг хөгжүүлэхэд тэдэнд тусалж чадах вэ?
-
Миний сайн мэдээг номло номын 6-р бүлгийн хуулбар залуу эрэгтэй бүрд байгаа эсэхийг бататгаарай. Залуу эрэгтэйчүүдийг энэ бүлэгт дүрсэлсэн Христийнхтэй адил зан чанаруудаас өөрсдөдөө хөгжүүлмээр байгаа нэг зан чанарыг сонгоход урь. Сонгосон энэ зан чанар нь тэдэнд яагаад чухал болох талаар хуваалцахыг хүс. Миний сайн мэдээг номло номын 140–141-р хуудсан дахь “Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх нь” гарчгийн доор байгаа саналуудын дагуу сонгосон зан чанарынхаа талаар суралцах цагийг чуулгын цуглаан дээр гаргаж өгөөрэй.
-
Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номонд жагсаасан санваарын үүрэг хариуцлагуудыг олж (23-р хуудас [дикон], 46–47-р хуудас [багш], 70–71-р хуудас [прист]), эдгээр үүрэг хариуцлагаа биелүүлэх өөр өөр нөхцөл байдлуудын талаар ярилц (жишээлбэл, сайн мэдээг хүлээж авдаггүй гэр бүлд гэрийн багшаар очих эсвэл Их Эзэний жишгийг хамгаалах). Эдгээр нөхцөл байдалд Христийн зан чанарууд хэрхэн залуу эрэгтэйчүүдэд туслах вэ? Тэд чуулгын нэг гишүүнийг эдгээр зан чанараас үзүүлж байгааг хэзээ харсан бэ? Залуу эрэгтэйчүүд Стифэн В.Өвэний “Агуу удирдагч агуу дагалдагч байдаг” хэлсэн үгийг уншаад, амьдралдаа харж байсан санваарын удирдлагын жишээнүүдийн тухай ярилцаж болно. Христ хэрхэн удирдлагын хамгийн сайн үлгэр жишээ болдог вэ? Бид санваарын үүргүүдээ биелүүлснээр хэрхэн Христтэй адил удирдагч болдог вэ?
-
Энэ тоймд санал болгосон судруудын нэгийг бие даан уншаад, Аврагчийн зан чанаруудын заримыг илэрхийлж буй үг, хэллэгүүдийг тэмдэглэхэд чуулгын гишүүдийг урь. Тэднийг “Христийнхтэй адил зан чанарууд” видео бичлэгийг үзэж байхдаа эдгээр болон өөр бусад зан чанарыг хайж олоход урамшуулан дэмж. Аврагчийн талаар болон Түүний үлгэрлэн үзүүлж байсан зан чанаруудын талаар сэтгэгдлээ хуваалцах цагийг тэдэнд гаргаж өг. Тэд хэрхэн эдгээр зан чанарыг өөрсдийн амьдралд хөгжүүлж болох вэ? Мөн тэд Христийнхтэй адил зарим зан чанарыг өөрсдөдөө хөгжүүлсэн хүмүүсийн жишээнүүдийг хуваалцаж болно.
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Христтэй хэрхэн илүү адил болох талаар тэд ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Одоо мөн ирээдүйд санваарын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд туслах Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх нь чухал болох талаар гэрчлэлээ хуваалцаж болох юм.
-
Христийнхтэй адил нэг зан чанарыг өөрсдөдөө хөгжүүлэх зорилго тавьж, төлөвлөгөө гаргахад залуу эрэгтэйчүүдийг урьж болно. Тэрээр Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйхад тэднийг урамшуулж болно.