Ирээд, Намайг дага
Яагаад хийж буй сонголтууд маань чухал вэ?


Яагаад хийж буй сонголтууд маань чухал вэ?

Тэнгэрлэг Эцэг бидэнд өөрсдийнхөө төлөө сонгож, үйлдэх чадварыг буюу ёс суртахууны сонгох эрхийг өгсөн билээ. Бид сонголт хийх эрх чөлөөтэй ч сонголтынхоо үр дагаврыг сонгож чадахгүй юм. Зөв сонголт нь удаан үргэлжлэх аз жаргал, мөнх амьдрал руу хөтөлнө. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгээс асуувал, Тэр бидэнд ухаалаг сонголт хийхэд тусална.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Амьдралдаа гаргасан маш чухал шийдвэрүүдээ тунгаан бод. Танд болон бусдад эдгээр шийдвэр хэрхэн нөлөөлсөн бэ? Та тэднээс юу сурсан бэ?

Та залуу эрэгтэй бүрийн төлөө залбирахдаа тэдний хийж байгаа шийдвэрүүдийг эргэцүүлэн бод. Тэдгээр шийдвэр нь одоо болон ирээдүйд тэдэнд хэрхэн нөлөөлөх вэ?

Дараах судар, материалуудыг залбирч, судал. Та залуу эрэгтэйчүүдэд ухаалаг сонголт хийхийн чухал ач холбогдлыг ойлгоход юу тусална гэж бодож байна вэ?

Иошуа 24:15 (Бид Их Эзэнд үйлчлэхийг сонгож болно)

Иохан 14:15 (Бидний сайн сонголтууд Тэнгэрлэг Эцэгээ гэсэн хайр, хүссэнийг нь биелүүлэхсэн гэсэн бидний хүслийг харуулдаг)

2 Нифай 2:16, 27; Хиламан 14:30–31 (Бид өөрсдийнхөө төлөө сонгож мөн үйлдэх эрх чөлөөтэй)

Моронай 7:14–15 (Сайн, муугийн хооронд шүүх нь бидэнд өгөгдсөн болно)

Гари Б.Сабин, “Дотроо бат зогсоод, хамаг бүхнээ зориул,” Ensign, 2017 оны 5-р сар, 52–55 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37-41

Томас С.Монсон, “Сонголтууд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69

Даллин Х.Өүкс, “Тариачны сургаалт зүйрлэл,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16–19

Рандалл Л.Ридд, “Сонгогдсон үеийнхэн,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар, 56–58

Сонголт,Итгэлдээ үнэнч байх нь (2004), 12–13

Сонгох эрх ба хариуцлага,” болон “Хөгжим ба бүжиг,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2001), 2–3, 22-23

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нартаа ойлгуулахын тулд энгийн түүх, сургаалт зүйрлэл, амьдралын бодит жишээнүүдээс хуваалцдаг байлаа. Энэ хичээл нь амьдралыг тань өөрчилсөн сонголтуудынхаа жишээнүүдээс хуваалцах боломжоор таныг хангах болно. Залуу эрэгтэйчүүд ямар туршлагуудыг хуваалцаж болох вэ?

Залуу эрэгтэйчүүдээр удирдуул

Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.

Суралцах үйл явцаа эхэл

Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.

  • Нэг саваан дээр “Сонголт,” нөгөө саваан дээр “Үр дагавар” гэж бичээд, хийсэн сонголт бүр үр дагавартай гэдгийг үзүүлэхэд ашигла (зарим үед эерэг, зарим үед сөрөг). Та нэг залуу эрэгтэйд учирч болох сонголтын талаар дүрслэн хэлэхдээ, түүнээс савааг барихыг хүс. Уг залуу эрэгтэй тэрхүү сонголтын үр дагаврыг дүрслэн хэлж болно. Сонголт маань бидний амьдрал, гэр бүл, санваарын үйлчлэлд хэрхэн нөлөөлж болохыг ярилц.

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь чуулгын гишүүдэд сонгох эрхийн тухай сургаалыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Таны хувьд “бүхнээ зориул” гэдэг нь юу гэсэн үг вэ? Мөн “Дотроо бат зогсоод” гэдэг нь ямар утгатай үг гэж та боддог вэ? Залуу эрэгтэйчүүдийг ахлагч Гари Б.Сабины хэлсэн “Дотроо бат зогсоод, хамаг бүхнээ зориул” үгээс эдгээр үг хэллэгийг тодорхойлохдоо ашигласан жишээ, түүхүүдийг олж уншихад урь. Хүмүүс ямар ямар сүнслэг зүйлсийг зүрх сэтгэлээ бүрэн зориулахгүй хийдэг вэ? Бид хэрхэн сүнслэг байдлаараа “бүхнээ зориулах” сонголтыг хийж болох вэ? Залуу эрэгтэйчүүдэд “дотроо бат зогсох”, “бүхнээ зориулах” зэрэг үг хэллэг болон ахлагч Сабины өгсөн жишээгээр зурагт хуудас хийх нь зугаатай байж болох юм. Тэд бас өөрсдийн жишээг оруулж болно.

  • Чуулгын нэг гишүүнийг энэ хичээлийн зарим хэсгийг заахад урь. Тэр үүнийг сонгох эрхийн тухай сурч, заа хэмээх Бурханы өмнө хүлээсэн үүргийнхээ нэг хэсэг болгон хийж болно (“Сургаалыг ойлго,” 18, 42 юм уу 66-р хуудас).

  • Залуу эрэгтэй бүрийг “Сонгох эрх ба хариуцлага” хэсгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос дор бүрнээ уншиж, өөрт нь нөлөөлсөн хэсгээс хуваалцахад урь. Үүний дараа чуулгын гишүүд уг номноос өөр нэг жишгийг сонгож аваад, энэ жишигтэй хамааралтай өөрсдийн хийсэн сонголт, эдгээрээс ирсэн адислалуудыг хуваалцаж болно. Жишээ нь тэд “Хөгжим ба бүжиг” хэсгийг  Залуучуудын бат бөх байдлын төлөө  номноос уншиж, зохисгүй хөгжим ба бүжгээс зайлсхийх зөвлөгөөг дагаснаар хүлээн авсан адислалуудаа хуваалцаж болно.

  • Залуу эрэгтэй бүрд ахлагч Даллин Х.Өүксийн “Тариачны сургаалт зүйрлэл” эсвэл ерөнхийлөгч Томас С.Монсоны “Сонголтууд” хэлсэн үгсийн хэсгээс өг. Залуу эрэгтэйчүүдийг дор бүрнээ уншаад, дараа нь гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйлсийг хуваалцахад урь. Тэд үүнийг жижиг бүлгүүдэд хуваагдан эсвэл чуулгаараа хийж болно. Тэд бидний итгэл үнэмшил ба үйлдлийн үр дагаврын талаар юу мэдэж авсан бэ? Тэдний сурсан зөвлөгөө илүү сайн сонголт хийхэд хэрхэн тусалж чадах талаар ярилцахад тэднийг урь. 

  • Залуу эрэгтэй бүрийг сонголт хийж байгаа хэн нэгэн хүний жишээг судраас олоход урь (жишээлбэл, тэд 1 Нифай 3:1–8 болон 1 Нифайн аль нэг хэсэг дэх Нифайн сонголтыг Лемен, Лемүел хоёрын сонголттой харьцуулж болно). Эдгээр сонголт ямар үр дагавартай байсан бэ? Эдгээр сонголт бусдад хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Энэ хичээлд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүл. Ангийн гишүүдийг видео бичлэг дээрх залуу эрэгтэйчүүдийн хийсэн сонголтын үр дагаврыг олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Хийсэн сонголтууд нь тун их нөлөөлсөн туршлагуудаасаа хуваалцахад тэднийг урь. Залуу эрэгтэй бүрийг энэ тойм дээрх судруудаас нэгийг уншаад, энэ нь ирээдүйд зөв сонголт хийхэд түүнд хэрхэн туслах талаар хуваалцахад урь.

Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд сонгох эрхийн талаарх сургаалыг илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Заахад туслах арга

“Таныг асуулт тавьсны дараа суралцагчид хэдэн секунд чимээгүй байвал санаа зовох хэрэггүй. Өөрийнхөө асуултад өөрөө бүү хариул, харин суралцагчдад хариултаа бодох хугацаа өг. Хэдий тийм ч, хэт удаан дуугүй байх нь тэднийг асуултаа ойлгоогүйг илэрхийлж байгаа тул та асуултаа өөрчлөн дахин тавих хэрэгтэй (Teaching, No Greater Call [1999], 69).

Үйлдэхэд урь

Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:

  • Хийсэн сайн сонголтуудынхаа жишээнээс хуваалцаж, тэдгээр сонголт гэр бүлд нь төдийгүй өөрийнх нь мөн бусдын амьдралд хэрхэн нөлөөлснийг тайлбарлаж болно. Мөн ангийн бусад гишүүнийг хуваалцахад урьж болно.

  • Ангийн гишүүдийг итгэлтэй санваартан байхад нөлөөлдөг сонголтуудынхаа талаар дүгнэхэд урьж болно. Мөн үргэлжлүүлэн сайжруулах арга замуудыг төлөвлөхөд тэднийг урамшуулан дэмжиж болно.