Ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг хангах Их Эзэний арга зам юу вэ?
Есүс Христ энэ дэлхий дээр ирээд, Өөрийн тохинууллын ихэнх хугацааг ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад зориулсан юм. Их Эзэн Өөрийн сүмээр дамжуулан тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг халамжлах арга замыг бэлдсэн. Өөрөөс нь хүлээн авсныхаа дагуу харамгүйгээр өгөхийг Тэрээр биднээс хүсдэг. “Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах Их Эзэний арга зам нь дэлхийн арга замаас өөр юм. Их Эзэн “[Ядуу хүмүүсийг халамжлах нь] миний өөрийн замаар хийгдэх ёстой” гэж хэлсэн. [Сургаал ба Гэрээ 104:16; мөн түүнчлэн 15-р шүлгийг үзнэ үү.] Тэр бидний одоогийн хэрэгцээг сонирхоод зогсохгүй, мөнхийн хөгжил дэвшлийн маань талаар бас санаа тавьдаг. Энэхүү шалтгаанаар ядуусыг халамжлахаас гадна хөршдөө үйлчилж мөн бие даасан байдалтай байх нь Их Эзэний арга замд багтсаар ирсэн юм” (Дийтр Ф.Угдорф, “Их Эзэний арга замаар хангах нь,” Ensign эсвэл Liahona, 2011 оны 11-р сар, 54).
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Их Эзэн ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийн хэрэгцээг хэрхэн хангадгийг ойлгоход ямар судар ба материалууд залуу эрэгтэйчүүдэд туслах вэ?
Исаиа 58:6–11; Малахи 3:8–10; Матай 25:35–40; C ба Г 82:18–19 (Ядуусыг халамжлах арга замууд)
Иаков 1:27; Мозая 18:27–28; C ба Г 42:29–30 (Ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь чухал)
Алма 34:27–28; Мормон 8:35–37: С ба Г 56:16–18; 70:14 (Их Эзэн ядуусыг халамжилдаггүй хүмүүст сэрэмжлүүлсэн)
C ба Г 104:15–18 (Их Эзэний замаар ядуусын хэрэгцээг хангах)
Патрик Кийрон, “Шуурганаас хоргодох газар,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99–102
Линда К.Бөртон, “Намайг харь хүн байтал,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125–128
Жэффри Р.Холланд, “Бид бүгд гуйлгачид бус уу?” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46-49
“Ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, үйлчлэхэд гишүүдийн тавих хүч чармайлт,” Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 6.1.2
“Үйлчлэл,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 32–33
Залуу эрэгтэйчүүдээр удирдуул
Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (эсвэл санваарын чуулгын бишопын туслах) цуглааныг удирдана. Тэд залуу эрэгтэйчүүдтэй чуулгын ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөж, тэдэнд санваарын үүрэг хариуцлагын талаар (судруудаас болон Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номоос) заах ба Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ туулсан туршлагаасаа хуваалцахад урьж мөн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөхийг эсвэл чуулгын өөр гишүүнийг сайн мэдээний хичээл заахад урина. Чуулгын цуглааны хөтөлбөр хуудсыг ерөнхийлөгчийн зөвлөлийн цуглааны үеэр бөглөснөөр бэлдэж болно.
Суралцах үйл явцаа эхэл
Өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тоймлон дүгнэхийн хамт энэ долоо хоногийн хичээлийг заахдаа доорх санаануудаас сонгох юм уу өөрийн санааг хэрэглэнэ үү.
-
Өнгөрсөн долоо хоногийн хичээлээр сурсан зүйлийг нь сануулсан саяхны тохиолдлоос хуваалцахыг залуу эрэгтэйчүүдээс хүс.
-
Бишопыг чуулгын цуглаанд ирж, мацгийн өргөл болон хүмүүнлэгийн тусламж, Тасралтгүй Боловсролын Сан гэх мэт Сүмийн ариун санг хэрхэн ашигладаг талаар залуу эрэгтэйчүүдэд тайлбарлахад урь (Гарын авлага 1: Гадасны ерөнхийлөгч ба бишопууд [2010], 14.4-ийг үзнэ үү). Тусламж хэрэгтэй хүмүүсийг илүү бие даасан байдалтай болоход нь хэрхэн тусалдаг талаараа ярьж өгөхийг түүнээс хүс.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах Их Эзэний арга замаас суралцахад залуу эрэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.
-
Ахлагч Патрик Кийрон “Шуурганаас хоргодох газар” хэлсэн үгэндээ “Өнөөдөр дэлхий даяар ойролцоогоор 60 гаруй сая дүрвэгч байгаа… Үүнд хамааралтай тоонуудыг авч үзээд, мөн хувь хүн бүрийн амьдралд энэ нь юу гэсэн үг болохыг бодоход л цочирдмоор байна” гэж хэлжээ. Залуу эрэгтэйчүүдэд дүрвэгчдэд тулгараад буй гамшгийг мөн тэдэнд хэрхэн туслахаа ойлгоход нь туслахын тулд энэ тойм дахь видео бичлэгүүдээс нэгийг эсвэл түүнээс олныг үзүүл. Тэд дүрвэгчдэд тулгарч буй бэрхшээлийн талаар ямар мэдрэмжтэй байна вэ? Та чуулгын гишүүдийг жижиг бүлгүүдэд хуваарилан, ахлагч Кийроний хэлсэн үгийг эсвэл Линда К.Бөртон эгчийн “Намайг харь хүн байтал” хэлсэн үгийг уншаад, дүрвэгчдэд туслахын тулд юу хийж болохоо олж мэдэхэд урь. Залуу эрэгтэйчүүдэд эдгээр зөвлөмжийг үйлдэл болгох төлөвлөгөө гаргахад тусал.
-
Чуулгын гишүүдийг “Залуучуудын бат бөх байдлын төлөө” товхимлын “Үйлчлэл” хэсгийг хамтдаа уншаад, Их Эзэн биднээс яагаад үйлчлэхийг хүсдгийг олж мэдэхэд урь. Та мөн чуулгын гишүүдээс “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” номын “Бусдад үйлчил” хэсгийг ( 26, 50, 74-р хуудас) судлаад, энэ хэсэг дэх суралцах үйл ажиллагаан дээр тулгуурлан ярилцлагыг удирдан явуулах бэлтгэлтэй ирэхэд урьж болно. Залуу эрэгтэйчүүдэд чуулгын цуглааны үеэр тусламж хэрэгтэй хэн нэгэндтуслах хувийн болон чуулгын төлөвлөгөө гаргах цаг гаргаж өг. Чуулгын хойшдын цуглаанууд дээр төлөвлөгөөгөө биелүүлэх явцад олсон туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.
-
Залуу эрэгтэйчүүдийг хоёр хоёроор нь хуваарил. Хос болгоны нэгэнд ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийн хэрэгцээг хангах нь чухал болох талаарх судрыг, нөгөөд нь тэднийг хайхардаггүй хүмүүст өгөгдсөн сэрэмжлүүлгийг судруудаас уншуулахаар хуваарил (санаа авахын тулд энэхүү тоймд санал болгосон судруудыг үзнэ үү). Залуу эрэгтэйчүүдийг өөрсдөд нь оногдсон судруудын захиасыг сурч, хамтрагчтайгаа сурсан зүйлээ хуваалцахад урь. Ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь Тэнгэрлэг Эцэгт яагаад чухал байдгийг тэднээс асуу. Гэр бүл, тойрог, орон нутагтаа тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж болох арга замуудын талаар ярилцахад залуу эрэгтэйчүүдийг урь.
-
Чуулгын гишүүдэд “Бид бүгд гуйлгачид бус уу?” хэмээх ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгийн хуулбарыг тарааж өг. Ахлагч Холландын ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүст туслах талаар дурдсан судрын эшлэлүүдээс нэгийг сонгохыг тэднээс хүс. Сонгосон судрын эшлэл болон энэ нь түүний хувьд юу гэсэн утгатай болохыг хуваалцахыг залуу эрэгтэй бүрээс хүс. Чуулгаараа ахлагч Холландын зөвлөгөөг дүгнэн ярилц. “Та нар өөрсдөдөө тусалдаггүй эсвэл туслах чадваргүй хүмүүст туслан, тэднийг дэмжих тус тусын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг би мэдэхгүй. Гэхдээ Бурхан үүнийг мэддэг бөгөөд Тэр шавь байх энэрэнгүй үйлсэд тань та нарыг удирдах болно гэдгийг би мэднэ.” Ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг харж хандаасай хэмээн Бурханы хүсэж буй арга замуудын талаар бодоход чуулгын гишүүдэд цаг гарга. Аврагчийн тухай мэдэрдэг зүйлсийнхээ тухай хуваалцахад тэднийг урь.
-
Хүмүүст байж болох материаллаг ба сүнслэг хэрэгцээний заримаас жагсаахыг чуулгын гишүүдээс хүс. Самбар дээр “Их Эзэн ямар арга замаар ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилдаг вэ?” гэж бич. Энэ тоймын эхэнд байгаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн үгийг залуу эрэгтэйчүүдтэй хуваалцаж, самбар дээрх асуултын хариултыг олж сонсохыг тэднээс хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг бие даах чадвартай болоход нь бид хэрхэн тусалж чадах вэ?
Залуу эрэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Их Эзэний арга замаар тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах гэдэг нь ямар утгатай болохыг ойлгож мэдэж байна уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Үйлдэхэд урь
Хөтөлж байгаа залуу эрэгтэй цуглааныг хаах болно. Тэрээр:
-
Бурханы хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөх санваарын үүргийнхээ талаар гэрчлэлээ хуваалцаж болно.
-
Ерөнхийлөгч Томас С.Монсоны “эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээг олж мэдэх сүнсний удирдамжийн төлөө залбирч, тэдэнд туслахаар урагшилцгаая” хэмээх урилгыг хүлээж авахад чуулгын гишүүдийг урьж болно (“Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байх болтугай,” Ensign эсвэл Liahona, 2012 оны 11-р сар, 110).