Ирээд, Намайг дага
Миний амьдралд Есүс Христ яагаад чухал байр суурь эзэлдэг вэ?


Миний амьдралд Есүс Христ яагаад чухал байр суурь эзэлдэг вэ?

Есүс Христ бидний Аврагч байхаар сонгогдсон. Түүний Цагаатгалын ачаар бид амилж, наманчилж, нүглээсээ уучлагдан, Тэнгэрлэг Эцэгийн оршихуй руу буцах боломжтой болдог. Аврагч биднийг нүглээс аврахаас гадна сорилт бэрхшээлтэй үед маань амар амгалан ба хүч чадал өгдөг. Тэрээр бидэнд төгс жишээ үзүүлдэг. Түүний сургаал энэ болон дараагийн амьдрал дахь аз жаргалын эх булаг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Аврагчийн талаарх дуртай судрын хэсгүүдээ эргэн харж, Түүний талаарх гэрчлэлээ тунгаан бод. Та Түүний талаар хэрхэн мэдэж авсан бэ? Ямар туршлагууд таныг Есүс Христ ба Түүний Цагаатгалын золиослолд талархалтай байхад нөлөөлсөн бэ?

Есүс Христийн тухай хүчтэй гэрчлэлтэй байх нь залуу эмэгтэйчүүдийн амьдралыг хэрхэн адисалж чадах вэ? Аврагчийн сургаал ба Цагаатгалд бүрэн дүүрэн найдахын тулд тэд юу хийж болох вэ?

Есүс Христийг болон өөрсдийн амьдрал дахь Түүний нөлөөг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд ямар судар, сурах материалууд туслах вэ?

Иохан 14:6 (Есүс бол зам, үнэн, амь мөн)

Иохан 15:4–5 (Есүс Христгүйгээр бид юу ч хийж чадахгүй)

Moзая 3:17; Хиламан 14:15–18; С ба Г 18:11–12; 76:41–42 (Христ нүгэл ба үхлийг ялан дийлсэн)

Исаиа 41:10, 13; Maтай 11:28–30; Иохан 14:27; Филиппой 4:13; Moзая 24:14–15; Aлма 7:11–12; 36:3, 27; Ифер 12:27 (Христийн Цагаатгал сорилт бэрхшээл, уруу таталт учрах үед амар амгалан, хүч чадлыг санал болгодог)

Дэвид А.Бэднар, “Хэрэв та нар Намайг мэдсэн бол,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97–101

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,Ensign, 2000 оны 4-р сар, 2–3 (мөн Итгэлдээ үнэнч байх нь, 87–89; Хувийн хөгжил дэвшил, 102-ыг үзнэ үү)

Хосе А.Тэхэйра, “Их Эзэнийг эрэлхийлэх нь,Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83

Даллин Х.Өүкс, “Есүсийн сургаалууд,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106

Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч дагалдагчдаа гэрчлэлээ хуваалцдаг байхыг урьдаг байсан бөгөөд тэднийг гэрчлэхэд Сүнс тэдний зүрх сэтгэлд хүрсэн юм. Та залуу эмэгтэйчүүдийг Христийн тухай мөн тэдний амьдрал дахь Түүний үүргийн тухай гэрчлэхийг урих үед Сүнс тэдэнд тэдний хэлэх зүйлийн үнэнийг гэрчилж чадна. Бурханы тухай гэрчлэх бусдын гэрчлэлийг сонссоноор (ялангуяа үе тэнгийн хүүхдүүдийнхээ) залуу эмэгтэйчүүдийн гэрчлэл хүчирхэгжиж чадна.

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Аврагчийн бусдад тусалж байгаа зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн ном, 36–60-ыг үзнэ үү). Аврагч тэдэнд болон тэдний гэр бүлийнхэнд мөн таньдаг хүмүүст нь тусалсан арга замуудын тухай тунгаан бодож, хуваалцах хэдэн хором өг. Аврагчийн тухай бодлоо хуваалцахыг урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг Есүс Христийн тухай дуулал дуулахдаа эсвэл сонсохдоо Аврагчийн амьдрал ба Түүний сургаалын талаар тунгаан бодохыг хүс (Жишээ нь “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ,” Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу, 38-р дуу). Тэднийг “Яагаад Есүс Христ миний амьдралд чухал вэ?” гэдэг асуултыг өөрсдөдөө тавин, хариулж бичихэд урь.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдэд яагаад Есүс Христ тэдний амьдралд чухал болохыг ойлгоход туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу:

  • Тойргийн цөөн хэдэн гишүүнийг ангид ирээд, Есүс Христийг мэддэг болоход тусалсан туршлагаасаа хуваалцахад урьдчилан урь. Ангийг дөрвөн бүлэг болгон хуваагаад, бүлэг бүрд ахлагч Дэвид А.Бэднарын “Хэрэв та нар намайг мэдсэн бол” хэлсэн үгийн аль нэг хэсгийг уншихыг даалга. Бүлэг бүрээс өөрсдийн хэсгээс дараах асуултуудын хариултыг олж мэдэхийг хүс. Христийн тухай мэдэх мөн Христийг мэдэх хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? Бид Христийг жинхнээсээ мэдэхийн тулд юу хийж болох вэ? Аврагчтай илүү бат бөх харилцаатай болохыг хүсэж байгаа найзуудтайгаа ямар удирдамжийг хуваалцаж болох вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг ахлагч Хосе А.Тэхэйрагийн “Их Эзэнийг эрэлхийлэх нь” хэлсэн үгийг уншаад, Есүс Христийг эрэлхийлэх хүмүүст ахлагч Тэхэйрагийн амласан адислалуудыг олж мэдэхэд урь. Тэднийг энэ хэлсэн үгээс олж мэдсэн зүйлээ мөн Аврагчийг өдөр тутмын амьдралынхаа чухал хэсэг болгохын тулд хувь хувьдаа юу хийж байгаагаа хуваалцахад урь. Энэ ярилцлагын нэг хэсэг болгон та нар ахлагч Тэхэйрагийн хэлсэн үгэндээ зөвлөсөн энгийн хэвшлүүдийг хамтдаа судалж болно. Залуу эмэгтэйчүүдийг Христтэй илүү ойр байхын тулд хичээл дээр ярилцсан зөвлөмжүүдээс нэгийг сонгож ашиглах зорилго тавихад урь.

  • Аврагчийн зургийг байрлуул. Самбар дээр “Есүс Христ гэж хэн бэ?” “Тэр бидний төлөө юу хийсэн бэ?” “Тэр амьд гэдгийг бид яаж мэддэг вэ?” гэсэн асуултуудыг бич. Залуу эмэгтэйчүүдийг эдгээр асуултын хариуг “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ээс олж мэдэхэд урь. Уншсан зүйлийнхээ талаар хуваалцахыг тэднээс хүс. Тэднээс цөөн хэдийг нь хэрхэн Есүс Христийн тухай гэрчлэлтэй болсон тухайгаа тайлбарлахад урь. Тэдний гэрчлэл өдөр тутмынх нь амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Залуу эмэгтэйчүүдийг Судруудын удирдамж дахь “Есүс Христ”-ийг хараад, гарчгийн доор жагсаасан мэдээллүүдийг судлахад урь. Тэд бидний төлөө Есүс Христийн хийсэн зүйлийн тухай зааж буй дууллыг олохын тулд дууны номын сэдвийн индексээс ”Есүс Христ—Аврагч“ сэдвийг харж болно. Тэднээс Христийн үүрэг ба зорилгыг дүрсэлсэн үгс ба өгүүлбэрийг олохыг хүс. Энэхүү жагсаалтыг судалснаар тэд Есүс Христийн тухай юу мэдэж авсан бэ? Тэд бидний төлөө Түүний хийсэн зүйлсийг судалсны дараа тэд Христийн тухай юу гэж бодож байна вэ?

  • Залуу эмэгтэй бүрд энэ тоймд зөвлөсөн судруудаас нэгийг уншихыг эсвэл ахлагч Дэвид А. Бэднарын “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд” хэмээх хэлсэн үгээс холбоотой хэсгийг олж уншихыг даалга. Есүс Христ Өөрийг нь дагасан хүмүүст юу санал болгодог болохыг өөрийн үгээр тайлбарлахыг тэднээс хүс. “Зовлонгоос ангижруулах нь” эсвэл өөр холбогдох видео бичлэгийг тэдэнд үзүүл. Өөрсдийн болон бусад хүний амьдралд Аврагчийн амар амгалан эсвэл хүч чадлыг гэрчилсэн тухайгаа хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Хамгийн сүүлийн үеийн Ensign мөн Лиахона сэтгүүлээс Тэргүүн Зөвлөлийн гишүүдийн хуваалцсан Есүс Христийн тухай гэрчлэлүүдийг ханан дээр байрлуул (эдгээр гэрчлэл нь ихэвчлэн хэлсэн үгийн төгсгөлд оршдог). Аврагчийн онцгой гэрчүүдийн гэрчлэлийг сонсох эсвэл уншихдаа юу мэдэрдгийг тэднээс асуу. Христийн тухай гэрчлэл нь тэдний өдөр тутмын үйлдэлд хэрхэн нөлөөлдөг вэ? гэдгийг асуу. Ангийн гишүүдэд Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцах болон Түүнийг хайрладаг хайраа илэрхийлэх цаг гарга.

  • Ахлагч Даллин Х. Өүксийн “Есүсийн сургаал” хэлсэн үгийн “Бидний төлөө Түүний хийсэн зүйлс” дэд гарчиг дахь хэсгийг унш. Эмэгтэйн асуусан “Тэр миний төлөө юу хийсэн юм бэ?” хэмээх асуултад залуу эмэгтэйчүүд юу гэж хариулах вэ? Уг хэлсэн үгийн дараах есөн дэд гарчгийг самбар дээр бич (“Дэлхийн амьдрал”-аас “Цагаатгал” хүртэлх). Залуу эмэгтэйчүүдийг эдгээр дэд гарчгаас нэг эсвэл түүнээс олон дэд гарчгийг сонгон авч, тэр эмэгтэйд Есүс Христ түүний төлөө юу хийсэн болохыг нь заахын тулд нэгээс хоёр өгүүлбэр бэлтгэхийг санал болго. Тэд ахлагч Өүксийн хэлсэн үг, холбогдох судрууд (энэхүү тоймд санал болгосон), өөрсдийн туршлага, гэрчлэлийг ашиглаж болно. Бэлтгэсэн зүйлээ хуваалцахад тэднийг урь.

  • “Гэмээ наманчилсан нь” видео бичлэгийг үзүүл. Уг видео бичлэгээс залуу эмэгтэйчүүд Есүс Христ тэдний төлөө юу хийж чадах тухай юу сурах вэ? Тэд өөрсдийгөө уучилж чадахгүй байгаа бас Аврагчийн туслалцааг авах боломжгүй гэж боддог хүмүүст энэхүү видео бичлэгийн захиасыг ашиглан яаж тусалж чадах вэ? Тэд ямар судруудаас хуваалцаж болох вэ? (жишээ нь: Исаиа 1:18; Aлма 36:3, 27; Ифер 12:27; С ба Г 58:42–43-ыг үзнэ үү).

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Есүс Христ тэдний амьдралд яагаад чухал болохыг тэд ойлгодог уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Хувийн хөгжил дэвшил номон дахь Итгэлэрхэмлэх чанарын 5-р туршлагыг гүйцэтгэж болно.

  • Аврагчтай аль болох адилхан амьдрахыг чармайж, хойшид өөрсдийн туршлагаас ангийнхандаа хуваалцаж болно.

  • Бидний төлөө Аврагчийн хийсэн зүйлсийг заах хэн нэгнийг бодож олоод, түүнд гэрчлэлээ хуваалцахаар төлөвлөж болно.

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлд бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Зураг

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Хэвлэх