Ирээд, Намайг дага
Бид Бурхан Тэргүүтэний мөн чанарын тухай юу мэддэг вэ?


Бид Бурхан Тэргүүтэний мөн чанарын тухай юу мэддэг вэ?

Бурхан Тэргүүтэнд Бурхан Мөнхийн Эцэг, Аврагч Есүс Христ болон Ариун Сүнс багтдаг. Бурхан Тэргүүтэний гишүүд тусдаа биетэй, тусдаа үүрэг хариуцлагатай хэдий ч, нэгдмэл зорилготой юм. Тэд Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахад төгс эв нэгдэлтэй байдаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Бурхан Тэргүүтэнийг ойлгох нь өөрийгөө хэн болохыг мэдэхэд тань хэрхэн тусалдаг вэ? Бурхан Тэргүүтэний тухай бидний мэдлэг бусад шашны итгэлээс юугаараа өөр байдаг вэ?

Бурхан Тэргүүтэний гурван гишүүд хэрхэн хамтдаа ажилладаг болохыг залуу эмэгтэйчүүд ойлгодог уу? Бурхан Тэргүүтэний мөн чанарыг ойлгох нь залуу эмэгтэйчүүдэд ямар тустай вэ?

Залуу эмэгтэйчүүдэд Бурхан Тэргүүтэний мөн чанар болон Тэдний үүргийн тухай ойлгоход ямар судрууд болон хэлсэн үгс тусалж чадах вэ?

Эхлэл 1:27 (Хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн)

Maтай 3:16-17; Иохан 14:16; Үйлс 7:55–56; 3 Нифай 11:4–11; Иосеф Смитийн—Түүх 1:17; Итгэлийн Тунхаг 1:1 (Бурхан Тэргүүтэн нь гурван гишүүнтэй)

Лук 24:39; Иохан 1:14; С ба Г 130:22 (Бурхан Тэргүүтэний хоёр гишүүн нь бие махбодтой)

Иохан 17:21; 1 Иохан 5:7; Aлма 11:44; С ба Г 20:28 (Бурхан Тэргүүтэн нь нэг мэт нэгдмэл)

Бурхан Тэргүүтэн,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 58–59

Даллин Х.Өүкс, “Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөө,” Ensign, 2017 оны 5-р сар, 100-103 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88–91

Боид K.Пакэр, “Гэрч,” Ensign эсвэл Liahona, 2014 оны 5-р сар, 94-97

Робэрт Д.Хэйлс, “Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг мэдэж авах нь мөнх амь мөн,” Ensign ба Liahona, 2014 оны 11-р сар, 80-82

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Тэнгэрлэг Эцэгийн удирдамжаар заахыг эрэлхийлэн бэлтгэдэг байсан. Та Сүнслэгээр заахаар бэлтгэхдээ Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийлэхийн тулд юу хийж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудыг эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Самбар дээр “Бид Бурхан Тэргүүтэний мөн чанарын тухай юу мэддэг вэ?” гэж бич. Энэ асуултын хариуг олохын тулд Итгэлийн Тунхаг 1:1 эсвэл Сургаал ба Гэрээ 130:22-ыг уншихад урь.

  • Сургаал ба Гэрээ 130:22 дээр гардаг үгсийг самбар дээр бичихдээ түлхүүр үгсийг нь орхин, хоосон зай гарган бич. Хоосон зайд тохирох үгсийг олж, нөхөж бичихийг залуу эмэгтэйчүүдээс хүс.

  • Залуу эмэгтэйчүүдээр өөр итгэл бишрэлтэй хүнд Бурхан Тэргүүтэний гурван өөр гишүүний тухай заалгуулан, жүжигчлэн тоглуул. Тэд ямар судруудыг ашиглах вэ? Яагаад энэ мэдлэг маш чухал гэж тэд бодож байна вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаанууд нь залуу эмэгтэйчүүдэд Бурхан Тэргүүтэний мөн чанарыг ойлгоход тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Залуу эмэгтэйчүүдийг одоо тулгараад байгаа сорилт бэрхшээлийнхээ тухай бодоход урь. Ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөө үгийн дөрөв дэх хэсгээс залуу эмэгтэйчүүд одоо тулгараад буй бэрхшээлүүдэд нь тусалж болох юуг мэдэж авч болох вэ? Бурхан Тэргүүтэний гишүүдийн талаар илүү ихийг мэдэж авахад нь залуу эмэгтэйчүүдэд туслахын тулд тэднийг 3 бүлэг болгон хувааж, “Бурхан Эцэг,” “Хүү,” “Ариун Сүнс” гэсэн гарчгуудын нэгийг нь бичсэн цааснуудыг бүлэг тус бүрд өг. Ахлагч Өүксийн хэлсэн үгнээс дээрх гарчгуудад холбогдох зүйлсийг хайж олоод, түүний хуваалцсан судруудыг олж уншихад бүлэг бүрийг урь. Олж мэдсэн зүйлээ цаасан дээрээ тэмдэглэн авч, бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Бурхан Тэргүүтэний талаар бидний суралцсан ямар үнэнүүд бидэнд тулгараад буй сорилтуудыг давахад тусалж болох вэ? 

  • Самбар дээр “Бурхан Эцэг,” “Есүс Христ” ба “Ариун Сүнс” гэж бич. Залуу эмэгтэйчүүдэд Бурхан Тэргүүтэнийг ойлгоход нь туслах ерөнхийлөгч Боид К.Пакэрын ”Гэрч” хэлсэн үгээс хэсгүүдийг сонго. Залуу эмэгтэй бүрд нэг нэг хэсгийг өгч, дор бүрнээ уншаад, ангийнхандаа өөрсдийнхөө үгээр уншсан зүйлээ тоймлон хэлэхийг тэднээс хүс. Тэднийг тайлагнасны дараа Бурхан Тэргүүтэний гишүүний тухай сурсан зүйлээ самбар дээр зохих гарчгийн доор бичихийг хүс. Бурхан Тэргүүтэний тухай эдгээр үнэнийг ойлгох нь яагаад чухал гэж залуу эмэгтэйчүүд бодож байна вэ? Бурхан Тэргүүтэний тухай өөр үзэл бодолтой хүмүүст тэд итгэлийнхээ талаар хэрхэн тайлбарлах вэ?

  • Залуу эмэгтэй бүрийг Итгэлдээ үнэнч байх нь номын “Бурхан Тэргүүтэн” хэсгийг уншихад урь. Уншсан хэсгээсээ сурсан зүйлээ хуваалцахыг нэг залуу эмэгтэйгээс хүс. Дараа нь өөр нэг залуу эмэгтэйгээр эхний залуу эмэгтэйн хуваалцсан зүйлүүдийг давтан хэлүүлж мөн түүнээс өөрийнх нь сурсан зүйлийн тухай хуваалцахыг хүс. Залуу эмэгтэй бүрд хуваалцах боломж олго. Бурхан Тэргүүтэний тухай бидний үзэл бодол бусад шашны үзэл бодлоос юугаараа ялгаатай байж болохыг тэднээс асуу. Бурхан Тэргүүтэний тухай тодорхой ойлголттой байх нь залуу эмэгтэйчүүдийг хэрхэн адисалж болох вэ?

  • Самбар дээр “Бурхан Тэргүүтэн нь гурван гишүүнтэй,” “Бурхан Тэргүүтэн нь нэг мэт нэгдмэл,” “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бие махбодтой” гэсэн гурван гарчиг бич. Бурхан Тэргүүтэний тухай өгүүлсэн судрын эшлэлүүдийг (энэхүү хөтөлбөрт бичсэн байгаа шиг) жижиг цаасан дээр бичнэ үү. Залуу эмэгтэйчүүдээр цаасыг ээлжлэн сугалуулан, судрыг чанга уншуулж мөн самбар дээр тохирох гарчгийн доор уг эшлэлийг бичүүл (зарим судар нэгээс илүү гарчгийн доор бичигдэж болно). Бурхан Тэргүүтэний тухай эдгээр үнэнийг мэдэх нь залуу эмэгтэйчүүдийг хэрхэн адислах вэ? Залуу эмэгтэйчүүдийг эдгээр судрын эшлэлийг судрынхаа завсар хадгалж, бусдад Бурхан Тэргүүтэний тухай заахдаа ашиглахад нь урамшуулан дэмж.

  • Дараах асуултыг бичсэн цаасыг залуу эмэгтэйчүүдэд өг. Та нар Аврагчийн Эцэгтэйгээ харьцах харилцааг хэрхэн тодорхойлох вэ? Ямар арга замаар Эцэг, Хүү хоёр нэгдмэл байж чадах вэ? Ариун Сүнс ямар үүрэгтэй вэ? Ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг мэдэх нь мөнх амь мөн” хэлсэн үгийг уншиж, сонсож эсвэл үзэхдээ эдгээр асуултын талаар тунгаан бодоход тэднийг урь. Тэдэнд хариултаа бичих цаг гарган өгч, дараа нь бичсэн зүйлсээ хуваалцахад урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Бурхан Тэргүүтэний мөн чанарыг ойлгодог уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Заахад туслах арга

Та залуу эмэгтэйчүүд сургаалын талаар юуг мэддэг бас юуг мэдэх шаардлагатай байгааг нь олж тогтоохын тулд энэ хэсгийн сурах үйл ажиллагааг ашиглаж болно. Шаардлагатай бол хичээлийнхээ төлөвлөгөөг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөхөд бэлэн бай.

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:

  • Итгэлийн тунхгийн эхний хэсгийг чээжилж мөн бусадтай хуваалцаж болно.

  • Хувийн хөгжил дэвшил номын “Бурханлаг мөн чанар” эрхэмлэх чанарыг хөгжүүлэх шаардлагатай туршлагуудыг хийж болно.

  • Энэ хичээл дээр үзсэн судруудыг ашиглан Бурхан Тэргүүтэний тухай гэр бүлийн үдэш дээр зааж болно.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлд бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэж, судраас суралцаж болно.