Миний амьдралд гэрээнүүд яагаад чухал вэ?
Бид баптисм, санваарын томилолт, ариун сүмийн ёслол зэрэг ёслолуудыг хүлээн авснаар гэрээ хийдэг. Гэрээ бол Бурхан ба Түүний хүүхдүүдийн хоорондох ариун нандин зөвшилцөл юм. Бурхан онцгой нөхцлүүдийг тогтоосон бөгөөд бид эдгээрийг дагах аваас Тэрээр биднийг адислана хэмээн амласан. Гэрээ хийж, түүнийг сахиснаараа бид Бурханы амласан адислалуудыг хүлээн авах зохистой болдог. Бид гэрээгээ сахихгүй бол адислалуудыг хүлээн авахгүй. Хийсэн гэрээ маань бидний хийх сонголтыг чиглүүлж мөн уруу таталтаас хамгаалдаг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Бэлдэж байхдаа эдгээр судар, материалыг залбирч, судлаарай. Та залуу эмэгтэйчүүдтэй юуг хуваалцахаар сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Eгипетээс гарсан нь 19:5; С ба Г 35:24; 90:24 (Бид гэрээнүүдийг сахиснаар адислалууд ирдэг)
Moзая 5; Aлма 53:10–18; 56:5–8 ( Мормоны Номон дахь гэрээ байгуулж, сахиж байгаа хүмүүсийн жишээнүүд)
С ба Г 82:10 (Бид дуулгавартай байвал Их Эзэн үүрэг хүлээдэг)
Хэнри Б.Айринг, “Гэрээн дэх охид,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 125-128
Рөүзмэри М.Виксом, “Гэрээгээ сахих нь биднийг хамгаалж, бэлтгэж, хүчирхэгжүүлдэг билээ,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 116-118
Жийн А.Стивенс, “Бурханы гэрээт охид,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 114-117
“Гэрээ,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 81
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаанаас сонго эсвэл өөрийн санааг ашиглаарай:
-
Залуу эмэгтэйчүүдээс Бурхантай хийсэн гэрээ эсвэл амлалтаа жагсаан бичихийг хүс. Эдгээр гэрээ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ хичээлийн турш гэрээний талаар илүү ихийг судалж байх үедээ уг асуултын талаар үргэлжлүүлэн тунгаан бодохыг дэмж.
-
Залуу эмэгтэйчүүдийг гэрээ гэдэг үгийг тайлбарлахад урь (хэрэв тусламж хэрэгтэй бол Итгэлдээ үнэнч байх нь товхимол дахь гэрээ гэдэг үгийн тайлбарыг хар). Бурхантай хийдэг гэрээ нь бидний нэг нэгэнтэйгээ хийдэг зөвшилцөл, гэрээ, амлалтаас юугаараа ялгаатай бас адил байдаг вэ?
Хамтдаа суралц
Дараах бүх үйл ажиллагаа нь бид яагаад ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүд хийдгийг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу, түүнээс дээш үйл ажиллагааг сонго:
-
Аммоны хүмүүс зэр зэвсгээ булж буйг харуулсан зургийг үзүүл. Нэг залуу эмэгтэйгээс Аммоны хүмүүсийн болон тэдний хийсэн гэрээний талаарх түүхийг товчхон ярьж өгөхийг хүс (Aлма 53:10–18; 56:5–8-ыг үзнэ үү). Өөрсдөд нь аюул нүүрлэж байхад уг хүмүүс яагаад эдгээр гэрээг сахихаар сонгосон бэ? Тэдний жишээ дайснуудад нь хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ нь тэдний хүүхдүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ? Залуу эмэгтэй бүрийг гэрээнүүдээ сахих талаар үлгэр жишээ үзүүлж, зааж сургасан хүнийхээ нэрийг самбар дээр бичихэд урь. Залуу эмэгтэй бүрээс уг хүнээс юу сурсан талаараа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
-
Залуу эмэгтэйчүүдийг судруудыг уншиж (энэхүү тоймд жагсаасан гэх мэт), эдгээр судар дахь нандин гэрээнүүдийг хийж, сахидаг хүмүүст амлагдсан адислалуудыг самбар дээр жагсаан бичихэд урь. Залуу эмэгтэйчүүдээс эдгээр адислал нь бидний амьдралд хэрхэн биелэгдсэн болохыг асуу (тэднийг жишээнээсээ хуваалцахад урь). Та гэрээнүүдийг сахиснаар хүлээн авсан адислалуудынхаа талаар гэрчил.
-
Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Гэрээн дэх охид” эсвэл Жийн А.Стивенс эгчийн “Бурханы гэрээт охид” хэлсэн үгийг уншихад урь. Уг хэлсэн үгээс гэрээгээ сахигч эмэгтэйчүүд болон охидын талаарх жишээг хайн олж, тэдгээр эгч бүр гэрээгээ хэрхэн сахисныг самбар дээр бичихийг тэднээс хүс. Залуу эмэгтэйчүүд эдгээр эгчээс юу сурсан бэ? Гэрээгээ сахигч эмэгтэйчүүдийн ямар жишээнүүд тэдний амьдралд нөлөөлсөн бэ?
-
Ангиараа “Түүний гэрэлд алх” видео бичлэгийг үзнэ үү. Залуу эмэгтэйчүүдийг видео бичлэг үзэж байхдаа, гэрээ байгуулж, сахих талаарх үзсэн жишээнүүдээ жагсаан бичихэд урь. Видео бичлэгийн дараа тэднээс Рөүзмэри М.Виксом эгчийн “Гэрээгээ сахих нь биднийг хамгаалж, бэлтгэж, хүчирхэгжүүлдэг билээ” хэлсэн үгээс жагсаан бичсэн, гэрээнүүдээс ирэх адислалуудыг олж тодорхойлохыг хүс. Залуу эмэгтэйчүүдээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсээд, хийсэн гэрээнүүдээсээ хүч чадал, эсвэл хамгаалалт олох, мөн тэдэнд тулгарч болох тодорхой нөхцөл байдлуудын талаар ярилц.
-
Залуу эмэгтэйчүүдийг өөр шашин шүтлэгтэй найздаа гэрээнүүдийн тухай ойлгоход нь туслахыг хичээж байгаагаар төсөөлөхөд урь. Тэднийг Итгэлдээ үнэнч байх нь номын “Гэрээ” бүлгийг, эсвэл энэхүү хичээлийн тоймд жагсаасан судруудыг уншиж, гэрээний талаар найздаа тайлбарлах арга замуудыг бэлдэхэд урь. Нэг нэгэндээ зааж байгаагаар жүжиглэн үзүүлэхэд тэднийг урь. Гэрээнүүд яагаад тэдэнд чухал болох талаар тайлбар оруулахыг тэднээс хүс.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд гэрээнүүдийн талаар илүү сайн ойлгосон уу? Тэдэнд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрсөн бэ? Тэдэнд өөр нэмэлт асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодож үзэхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь тэд:
-
Ирэх долоо хоногт амьдралынхаа талаар дүгнэж, гэрээнүүдийг сахиснаар ирсэн адислалуудаа тэмдэглэж авч болно. Тэднийг дараагийн хичээлүүд дээр бодол санаагаа хуваалцаж байхыг дэмж.
-
С ба Г 82:10 -ыг чээжил Дараа нь энэхүү сударт гэрээ ба ёслолуудын талаар мөн ирээдүйд хийх гэрээнүүддээ хэрхэн бэлтгэх талаар зааж байгаа зүйлийг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авч болно.