Ирээд, Намайг дага
Амьдралын зорилго юу вэ?


Амьдралын зорилго юу вэ?

Бид энэ амьдралдаа бие махбодыг хүлээн авч, Бурханы зарлигуудад дуулгавартай байх эсэхээ харуулахаар соригддог. Бид дэлхий дээр мөнхийн гэр бүлтэй болоход бэлтгэхээр, Бурханы хүүхдүүдийг адислахаар мөн Түүний хаант улсыг байгуулахаар ирсэн. Мөнх бус байдлын сорилт бэрхшээлүүд нь биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болоход туслахын тулд өгөгдсөн.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та хэрхэн энэ амьдралд баяр баясгаланг олж байна вэ? Ямар туршлагууд танд сүнслэгээр өсөхөд тусалсан бэ?

Залуу эмэгтэйчүүд Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болохын тулд юу хийж байна вэ?

Эдгээр судар болон материалыг залбирч судлаарай. Сүнс таныг залуу эмэгтэйчүүдтэй юу хуваалцахаар өдөөж байна вэ?

2 Нифай 2:25 (Бид баяр баясгалантай байхын тулд бүтээгдсэн)

Алма 12:24; 34:32; 42:4; Абрахам 3:25–26 (Энэ амьдрал бол соригдож мөн Бурхантай уулзахдаа бэлтгэх цаг юм)

3 Нифай 12:3–12 (Аврагч хэд хэдэн бурханлаг зан чанарыг нэрлэв)

3 Нифай 12:48 (Тэнгэрлэг Эцэг биднийг Өөр шигээ төгс болохыг хүсдэг)

С ба Г 138:53–56 (Бид энд Бурханы хаант улсыг байгуулахад туслахын тулд байгаа)

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11 сар, 129

Кэрол Ф.Макконки, “Ариун байдлын гоо үзэсгэлэн,” Ensign  2017 оны 5-р сар, 9–12 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 127–129

Томас С.Монсон, “Амьдралын уралдаан,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 90–93

Гари И.Стивэнсон, “Таны дөрвөн минут,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар

Авралын төлөвлөгөө,Итгэлдээ үнэнч байх нь (2004), 9–12

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч заасан хүмүүсээ хайрладаг байсан. Тэр тэдний хэн болох мөн хэн болж чадахыг мэддэг байв. Тэр зөвхөн тэдэнд зориулсан өсч хөгжих онцгой аргуудыг олсон. Зовж цөхөрсөн үед нь Тэрээр хэзээ ч тэднийг орхилгүй харин үргэлжлүүлэн хайрлаж, тэдэнд тохинуулсаар байлаа. Залуу эмэгтэйчүүдийг Аврагч шиг хайрлаж мөн үйлчилдэг болгохын тулд та юу хийж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд доорх санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай.

  • Самбар дээр “Амьдралын зорилго юу вэ?” гэж бич. Залуу эмэгтэйчүүдээс хэрэв хүмүүст сайн мэдээний бүрэн байдал байхгүй бол тэд энэ асуултад хэрхэн хариулж болох аргыг санал болгохыг асуу. Эдгээр хариулт Есүс Христийн сайн мэдээний хариултуудаас юугаараа өөр байна вэ?

  • Дунд хавьд нь зангидсан урт уяа үзүүлээд, зангилаа нь энэ амьдралыг, зангилааны нэг талд байгаа хэсэг тэр чигээрээ мөнх бус байдлын өмнөх амьдралыг, харин үлдсэн хэсэг тэр чигээрээ мөнх бус байдлын дараах амьдралыг илэрхийлж байгааг тайлбарла. Бидний энэ амьдралын өмнө хийсэн сонголтууд хэрхэн мөнх бус байдалд нөлөөлсөн бэ? Энэ амьдралдаа хийх бидний сонголт хэрхэн энэ амьдрал болон мөнх оршихуй дахь ирээдүйд маань нөлөөлөх вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь залуу эмэгтэйчүүдийг авралын төлөвлөгөөний тухай сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эмэгтэй бүрд нарийхан цаас өгөөд, ариун байдал гэдэг үгийн тодорхойлолтыг бичихэд урь. Залуу эмэгтэйчүүдийг Кэрол Ф.Макконки эгчийн хэлсэн “Ариун байдлын гоо үзэсгэлэн” үгийг уншаад, ариун байдлын талаарх өөрсдийн тодорхойлолт дээр түүний тодорхойлолтыг нэмэхэд урь. Бид илүү ариун болохын тулд юу хийж болох вэ? Залуу эмэгтэйчүүдийг ариун байдлын талаар бичсэн тодорхойлолтуудаасаа нэгийг сонгон, хэрхэн тэр талаараа илүү ариун болох гэж хичээж болох талаараа хуваалцахад урь. 

  • Залуу эмэгтэйчүүдийг 3 Нифай 12:3–12 дээрх ерөөлүүдийг уншаад, Тэнгэрлэг Эцэг биднээс мөнх бус амьдралынхаа турш хөгжүүлэхийг хүсэж байгаа зан чанаруудыг олохыг хүс. Эдгээр зарчмын жишээ болсон судрууд дахь эсвэл өөрсдийн таньдаг хүмүүсийн тухай бодохыг хүс. Энэ бүлэг дэх Аврагчийн заасан сургаалууд нь эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн зорилгыг ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн “Амьдралын уралдаан” үгийг хэсгүүдэд хуваагаад, залуу эмэгтэйчүүдийг нэг нэг хэсгээр нь судалж, тэдэнд амьдралын зорилгыг ойлгоход туслах ямар зүйл олж мэдсэнээ хуваалцахад урь. Тэднээс зорилгуудаа илүү сайн биелүүлэхийн тулд юу хийж байгаа болон юу хийх ёстойг эргэцүүлэн бодохыг хүс. Тэдний заримыг бодлоо хуваалцахад урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг амьдралын зорилгыг мэддэггүй хэн нэгэнд туслах нэг эсвэл хэд хэдэн судрын хэсгийг олоход урь (жишээлбэл, тэд энэ тоймд зөвлөсөн судруудыг ашиглаж болно). Тэднээс олсон судрын хэсгээ өөр нэг суралцагчтай хуваалцахыг хүс. Тэднийг амьдралын зорилгыг бүрэн дүүрэн ойлгодоггүй найз эсвэл гэр бүлийнхээ гишүүнтэй олсон судруудаа хуваалцах аргуудыг бодож олоход урамшуулан дэмж.

  • Ангийн зарим суралцагчаас бишоп Гари И.Стивэнсоны “Таны дөрвөн минут” хэмээх хэлсэн үгээс Ноэлл Пикус-Пэйсийн тухай уншихыг мөн бусад суралцагчаас Тора Байртын тухай уншихыг хүс. Тэднийг эдгээр түүхээс амьдралын зорилгын талаар сурсан зүйлээ бие биетэйгээ хуваалцахад урь. Залуу эмэгтэйчүүдэд бишоп Стивэнсоны хэлсэн үгийг дуустал нь уншиж, тэд “өөрсдийн дөрвөн минут”-ыг хэр сайн биелүүлж байгаагаа мөн ямар чухал ёслолууд болон чухал үеүд тэднийг хүлээж байгаа мөн түүнд бэлтгэхийн тулд тэд юу хийж байгаагаа тунгаан бодох цаг өг. Зарим залуу эмэгтэйгээс санал бодлоо хуваалцахыг хүс.

  • Залуу эмэгтэй бүрд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг өгөөд, үүнийг уншаад, Бурханы охины хувьд зорилгыг нь заасан үг ба өгүүлбэрийг тэмдэглэхийг хүс. Залуу эмэгтэйчүүдийг тэмдэглэсэн үгсээ хуваалцаад, энэ нь яагаад тэдэнд утга учиртай байгааг тайлбарлахад урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсээ хуваалцахыг хүс. Тэд амьдралын зорилгыг илүү сайн ойлгосон уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Жишээ нь, тэд:

  • Ангид сурсан зүйлээ үргэлжлүүлэн сайн сонголтуудыг хийхэд урамшуулах юмуу амьдралыг нь өөрчлөх ямар нэгэн туршлагаас хуваалцуул.

  • Мөнхийн зорилгоо илүү сайн биелүүлэхээр энэ долоо хоногт тэдний хийж болох ямар нэгэн тодорхой зүйлийг бодож ол.

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэж, судраас суралцаж болно.