Би тулгарсан бэрхшээл, асуудлуудаа шийдэх арга замыг хэрхэн олох вэ?
Тулгарсан бэрхшээл, асуудлуудаа шийдэх арга замыг олох чадвар нь бие даасан байдалд багтдаг. Эдгээр шийдлийн ихэнх нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс олддог. Тэнгэрлэг Эцэг маань бидэнд тулгардаг бэрхшээлүүдийн талаар мэддэг. Тэр бидэнд хайртай бөгөөд туслахыг хүсдэг. Бид судрууд болон бошиглогч, төлөөлөгчдийн үгсээс тулгарсан бэрхшээлүүдийнхээ хариултыг хайж байхдаа удирдамжийн төлөө залбирч байх хэрэгтэй.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Амьдралын бэрхшээлүүдийг даван туулахад сайн мэдээ хэрхэн тусалдгийг ойлгоход ямар судар, материалууд залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?
Сургаалт үгс 3:5–6; Mатай 11:28–30; Mарк 4:36–39; Алма 7:11–13; Алма 37:35–37; 38:5 (Бэрхшээл, асуудлууд тулгарах үед Их Эзэний тусламжийг эрэлхийл)
Томас С.Монсон, “Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар
Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 92–95
Жэффри Р.Холланд, “Хагарсан сав шиг,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар
“Бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэнд,” Залуучуудын бат бөх байдлын төлөө (2012), 25–27
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:
-
Тэдний үеийн өсвөр насныханд тулгараад байгаа зарим бэрхшээл, асуудлуудаас нэрлэхэд залуу эмэгтэйчүүдийг уриад хариултуудыг нь самбар дээр бичээрэй. Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд өсвөр үеийнхний хийж болох буруу, үр дүнгүй зарим зүйлсийг хэлж өгөхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Хичээлийн туршид тусалж чадах сайн мэдээний үнэний арга замуудыг эрэлхийлэхэд залуу эмэгтэйчүүдийг урь.
-
Тодорхой бэрхшээл, асуудалд сайн мэдээ хариулт, тусламж болж байсан өөрийн амьдралын туршлагаас хуваалц. Залуу эмэгтэйчүүдийг үүнтэй адил туршлагыг өөрсдийн амьдралаас хуваалцахад урь.
Хамтдаа суралц
Доорх үйл ажиллагаа бүр нь тулгарсан бэрхшээлүүддээ хэрхэн шийдэл олохыг сурахад нь залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:
-
Өнөөгийн залуу эмэгтэйчүүдэд тулгардаг нэг бэрхшээл, асуудлын талаар бодоход залуу эмэгтэйчүүдийг урь. Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы Лиахона сэтгүүлийн дугаараас уг асуудлыг шийдэхэд туслах сэдвийг хайн, сэдвийн индексийг үзэхийг тэднээс хүс. Уг сэдвүүдтэй холбоотой хэлсэн үгсээс нэгийг судлан, бэрхшээлээ даван туулахад нь залуу эмэгтэйд туслах хэсгийг ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урь. Тулгарч байгаа бэрхшээлүүддээ тусламж олохын тулд сэдвийн индекс ашиглахад нь залуу эмэгтэйчүүдийг дэмжээрэй.
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө номын “Бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэнд” хэсгийн сүүлийн хоёр догол мөрийг уншиж, өөрсдөд нь болон тэдний таних хүмүүст тусалж болох зөвлөгөөг хайж олоход залуу эмэгтэйчүүдийг урь. Бид асуудлуудтай тулгарсан үедээ эрэлхийлбэл зохих “эрүүл зөв шийдэх арга замуудын” ямар жишээнүүд байна вэ? Есүс Христийн сайн мэдээ нь шийдэх ямар арга замыг санал болгодог вэ?
-
Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах зөвлөгөөг хуваалц: “Хайрт эгч нар аа, та нарын Тэнгэрлэг Эцэг та нарын хүн нэг бүрд хайртай. Тэр хайр нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Түүний хайранд та нарын гадаад байдал, эд хөрөнгө, банкны дансан дахь мөнгөний хэмжээ огтхон ч хамаагүй. Та нарын авьяас, ур чадвар ч Түүний хайрыг өөрчилдөггүй. Тэнгэрлэг Эцэг та нарыг юу ч болж байсан хайрладаг. Гунигтай эсвэл баяртай, цөхөрсөн эсвэл итгэл найдвартай байх бүхий л үед тань Тэрээр та нарыг хайрлаж байдаг. Хайрлуулах зохистой байгаа эсэхээс үл хамааран Бурхан та бүхнийг хайрладаг. Тэнгэрлэг Эцэг та нарыг ямар ч тохиолдолд үргэлж хайрладаг билээ” (“Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар, 123–124). Залуу эмэгтэйчүүдийг хэцүү сорилт бэрхшээл тулгарсан үед Бурханы хайрыг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахад урь. Энэ тоймд байгаа судруудаас нэгийг уншихыг мөн өнөөдөр өсвөр үеийнхний дунд түгээмэл тохиолддог бэрхшээл, асуудалтай байгаа хэн нэгэнд энэ судар нь хэрхэн тусалж болох талаар хуваалцахыг залуу эмэгтэй бүрээс хүс. Тусламж хэрэгтэй үедээ “Их Эзэнд найдах” эсвэл Христэд ирэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Тодорхой бэрхшээл эсвэл асуудалд нь туслах өөр бусад ямар судрын талаар залуу эмэгтэйчүүд бодож байна вэ?
-
Сэтгэцийн эсвэл сэтгэл санааны хямралд орсон таньдаг хүнийхээ талаар бодохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Ерөнхийлөгч Жэффри Р.Холландын “Хагарсан сав шиг” хэлсэн үгийн хуулбарыг залуу эмэгтэй бүрд өг. “Та эсвэл таны хайртай хүмүүс сэтгэцийн эсвэл сэтгэл санааны хямралд орох үед та хэрхэн хандах вэ?” хэмээх түүний асуултын хариултыг олохыг тэднээс хүс. Залуу эмэгтэйчүүдийг сурсан зүйлсээ хуваалцаж, тэдний бодож байгаа хүнд эдгээр зөвлөгөө хэрхэн тусалж чадах талаар ярилцахад урь.
-
Ангийн гишүүдийг өөрсдөд нь тулгарч байгаа нэг сорилт, бэрхшээлийн талаар бодож үзэхийг хүс. Ахлагч Ричард Г.Скоттын “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь” хэмээх хэлсэн үгэндээ дурдсан дөрвөн арга замыг самбар дээр жагсаан бичиж, сорилт бэрхшээлүүдийг даван туулахад нь тэдэнд тусалж чадна гэж бодсон нэг арга замыг судлахыг ангийн гишүүдээс хүс. Ахлагч Скоттын зөвлөгөөнөөс сурсан зүйлээ хуваалцахад тэднийг урь.
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд амьдралын бэрхшээлүүдийн шийдлийг Есүс Христийн сайн мэдээнээс хэрхэн олох талаар ойлгож байна уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээлбэл, тэд:
-
Тодорхой бэрхшээл, эсвэл асуудлын талаар бодон, судруудыг судалж болно. Сүнснээс ирэх удирдамж, хариултыг өдрийн тэмдэглэлдээ бичиж болно.
-
Тэд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос өөрсдийн сайжруулахыг хүсэж байгаа нэг сэдвийг сонгож болно. Ирэх долоо хоногууд дахь өөрсдийн хичээл зүтгэл ба амжилтын талаар өдрийн тэмдэглэлдээ бичиж болно.