Ирээд, Намайг дага
Ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг хангах Их Эзэний арга зам юу вэ?


Ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг хангах Их Эзэний арга зам юу вэ?

Есүс Христ энэ дэлхий дээр ирээд Өөрийн тохинууллын ихэнх хугацааг ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад зориулсан. Их Эзэн Өөрийн сүмээр дамжуулан тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг халамжлах арга замыг бэлдсэн. Түүнээс хүлээн авсныхаа дагуу харамгүйгээр өгөхийг Тэрээр биднээс хүсдэг. “Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах Их Эзэний арга зам нь дэлхийн арга замаас өөр юм. Их Эзэн “[Ядуу хүмүүсийг халамжлах нь] миний өөрийн замаар хийгдэх ёстой” гэж хэлсэн. Тэрээр бидний одоогийн хэрэгцээг сонирхоод зогсохгүй, мөнхийн хөгжил дэвшлийн маань талаар бас санаа тавьдаг. Энэхүү шалтгаанаар ядуусыг халамжлахаас гадна хөршдөө үйлчилж мөн бие даасан байдалтай байх нь Их Эзэний арга замд багтсаар ирсэн юм” (Дийтр Ф.Угдорф “Их Эзэний арга замаар хангах нь,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 54).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та бусдын хэрэгцээг хангахдаа хэрхэн Аврагчийн жишээг дагахыг эрэлхийлдэг вэ? Та ямар туршлагаасаа залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж чадах вэ?

Залуу эмэгтэйчүүд Их Эзэний арга замаар хангах ямар зарчмуудыг ойлгох хэрэгтэй вэ? Эдгээр зарчмыг ойлгох нь тэдэнд хэрхэн Христийн илүү сайн шавь нар болоход нь туслах вэ?

Их Эзэн ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийн хэрэгцээг хэрхэн хангадгийг ойлгоход ямар судар, материалууд залуу эмэгтэйчүүдэд туслах вэ?

Исаиа 58:6–11; Малахи 3:8–10; Матай 25:35–40; С ба Г 82:18–19 (Ядуусыг халамжлах арга замууд)

Иаков 1:27; Мозая 18:27–28; C ба Г 42:29–30 (Ядуусыг болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахын ач холбогдол)

Алма 34:27–28; Мормон 8:35–37: С ба Г 56:16–18; 70:14 (Их Эзэн ядуусыг халамжилдаггүй хүмүүст сэрэмжлүүлсэн нь)

C ба Г 104:15–18 (Их Эзэний замаар ядуусын хэрэгцээг хангах)

Патрик Кийрон, “Шуурганаас хоргодох газар,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99–102

Линда К.Бөртон, “Намайг харь хүн байтал,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125–128

Жэффри Р.Холланд “Бид бүгд гуйлгачид бус уу?Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46-49

Ядуусыг болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, үйлчлэхэд гишүүдийн тавих хүчин чармайлт,” Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 6.1.2

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч жишээ үзүүлэгч мөн багш байсан. Тэрээр тэдэнтэй хамт залбирснаар залбирахыг заасан. Тэрээр тэднийг хайрлаж, үйлчилснээрээ тэдэнд хайрлаж, үйлчлэхийг заасан. Тэрээр Өөрийнх нь зааж байгаа аргаар сайн мэдээг заахыг тэдэнд заасан. Та Түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах мөн гэрчлэхэд уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад тусална.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:

  • Сүмийн хүмүүнлэгийн талаарх видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, ядуу, тусламж хэрэгтэй хүмүүст туслах талаар сүмийн жишээнээс юу сурсныг нь залуу эмэгтэйчүүдээс асуу. Бусдад тусалж байсан туршлагаасаа хуваалцахад тэднийг урь.

  • Хүмүүст шаардлагатай байж болох материаллаг хийгээд сүнслэг хэрэгцээний заримыг жагсаахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Самбар дээр “Ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг хангах Их Эзэний арга зам юу вэ?” гэж бич. Энэ тоймын эхэнд байгаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын үгсийг залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаж, энэ асуултын хариултыг олж сонсохыг тэднээс хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Ядуу, тусламж хэрэгтэй хүмүүст илүү бие даасан байдалтай болоход нь бид хэрхэн тусалж чадах вэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр нь ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг хангах Их Эзэний арга замаас суралцахад залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Ахлагч Патрик “Шуурганаас хоргодох газар” хэлсэн үгэндээ “Өнөөдөр дэлхий даяар ойролцоогоор 60 гаруй сая дүрвэгч байгаа. … Үүнд хамааралтай тоонуудыг авч үзээд мөн хувь хүн бүрийн амьдралд энэ нь юу гэсэн үг болохыг бодоход л цочирдмоор байна” гэж хэлсэн. Залуу эмэгтэйчүүдэд дүрвэгсдэд тулгараад буй гамшгийн талаар мөн тэдэнд хэрхэн туслахаа ойлгоход нь туслахын тулд энэ тойм дахь видео бичлэгүүдээс нэгийг эсвэл түүнээс олныг үзүүл. Тэд дүрвэгсдэд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ямар мэдрэмжтэй байна вэ? Та ангийн гишүүдийг жижиг бүлгүүдэд хуваагдан, Ахлагч Кийроны эсвэл Линда К.Бөртон эгчийн “Намайг харь хүн байтал” хэлсэн үгийг уншаад, дүрвэгсдэд туслахаар хийж болох зүйлсийг олж мэдэхэд урьж болно. Залуу эмэгтэйчүүдэд эдгээр зөвлөмжийг үйлдэл болгох төлөвлөгөө гаргахад тусал. 

  • Залуу эмэгтэйчүүдийг хоёр, хоёроор нь хуваарилна. Хос бүрийн нэгд нь ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийн хэрэгцээг хангах нь чухал талаарх судрыг уншуулахаар, нөгөөд нь тэднийг хайхардаггүй хүмүүст өгөгдсөн сэрэмжлүүлгийг судраас уншуулахаар хуваарил (санаа авахын тулд энэхүү тоймд санал болгосон судруудыг үзнэ үү). Залуу эмэгтэйчүүдийг оногдсон судруудын захиасаас суралцаж, хамтрагчтайгаа сурсан зүйлээ хуваалцахад урь. Тэнгэрлэг Эцэгт ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь яагаад чухал байдгийг тэднээс асуу. Гэр бүл, тойрог, орон нутагтаа байдаг тусламж хэрэгтэй хүмүүст тусалж болох арга замуудын талаар ярилцахад залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Ангийн гишүүдэд “Бид бүгд гуйлгачид бус уу” хэмээх ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгийн хуулбарыг тарааж өг. Ядуу, тусламж хэрэгтэй хүмүүст туслах талаар ахлагч Холландын эш татсан судруудаас нэгийг сонгохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Сонгосон судрын эшлэлийг болон энэ нь түүний хувьд юу гэсэн утгатай болохыг хуваалцахад залуу эмэгтэй бүрийг урь. Ангиараа ахлагч Холландын зөвлөгөөг дүгнэн ярилц: “Та нар өөрсдөдөө тусалдаггүй эсвэл туслах чадваргүй хүмүүст туслан, тэднийг дэмжих тус тусын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэхийг би мэдэхгүй. Гэхдээ Бурхан үүнийг мэддэг бөгөөд та нарыг шавь байх энэрэнгүй үйлсэд тань удирдах болно гэдгийг би мэднэ.” Ядуу, гачигдалтай хүмүүсийг харж хандаасай хэмээн Бурханы хүсэж буй арга замуудын талаар бодох цагийг ангийн гишүүдэд гаргаж өгөөрэй. Тэднийг санал бодлоо ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Бишопын зөвлөлийн гишүүнийг урьж, ядуу, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах талаарх сэтгэгдлээ болон тойрог, орон нутаг дахь тусламж хэрэгтэй хүмүүст туслах ямар боломжууд тэдэнд байгаа талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцахыг хүс. Түүнчлэн тэд мацгийн өргөл, хүмүүнлэгийн тусламж, Тасралтгүй Боловсролын Сан гэх мэт Сүмийн ариун санг хэрхэн ашигладаг тухай ярилцаж болох юм (Гарын авлага 1: Гадасны ерөнхийлөгч ба бишоп [2010], 14.4). Энэхүү ярилцлага дээр үндэслэн хичээлийнхээ цагийг тодорхой ямар нэг үйлчлэлийн үйл ажиллагааг төлөвлөхөд зарцуулах талаар бодож үзээрэй.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэд Их Эзэний арга замаар тусламж хэрэгтэй хүмүүсийг хангах гэдэг нь ямар утгатай болохыг ойлгож байна уу? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:

  • Хувийн хөгжил дэвшил номоос дараах зүйлсийн нэгийг хийж болно:Хувийн үнэ цэнэ эрхэмлэх чанарын 3-р төсөл эсвэл Сайн үйлс эрхэмлэх чанарын 6-р туршлага.

  • Тусламж хэрэгтэй хэн нэгэнд үйлчлэл үзүүлж болно.

  • Ерөнхийлөгч Томас С.Монсоны “эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээг мэдэхээр сүнсний удирдамжийн төлөө залбирч мөн тэдэнд туслахаар урагшилцгаая” хэмээх зөвлөгөөг дагаарай. (“Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байх болтугай,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 134)

Дараагийн долоо хоногт юу сурах талаар нь залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.

Сэдэвтэй холбоотой өсвөр үеийнхний үйл ажиллагаанууд

Зураг

Энэ хичээлээр сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь залуу эмэгтэйчүүдэд туслах Мючелийн үйл ажиллагааг төлөвлө.

Хэвлэх