2023 оны онцгой цугларалтууд
Нээлтийн үг


3:30

Нээлтийн үг

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2023 оны 11 дүгээр сар 19, ням гараг

Баярлалаа, ерөнхийлөгч Рийс.

Юуны өмнө би миний чуулгын ерөнхийлөгч, дотны анд нөхөр Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард өнгөрсөн ням гарагт таалал төгссөн явдалд хүндэтгэл үзүүлмээр байна. Би түүний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж байна. Мөн түүнийг Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг адислахын төлөө амь амьдрал, сэтгэл зүрхээ зориулсанд нь хайр, талархлаа илэрхийлж байна.

Мэри бид хоёр Кларк Г.Гилбэрт, Кристийн Гилбэрт эгч хоёртой хамт Бригам Янгийн Их Сургуулийн хотхоноос шууд дамжуулж буй энэ дэлхий даяарх онцгой цугларалтаар та бүхэнд хандан үг хэлэх боломжтой байгаадаа баяртай байна.

Бид энэ даалгавартаа бэлдэж байхдаа Сүмийн залуучуудаас асуулт цуглуулан авсан билээ. Бид эндхийн БЯИС, дараа нь Айдахо дахь БЯИС, Хавай дахь БЯИС, Ensign коллеж гээд СБС-ийн хотхонуудаас эхэлсэн бөгөөд дараа нь дэлхий даяарх BYU–Pathway-гийн оюутнууд мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн институтэд хамрагдаж буй хүмүүсийг хамруулсан. Эдгээр байгууллагын ерөнхийлөгчид болон бусад удирдагчид залуучуудад яг одоо ямар асуудлууд хамгийн их гарч ирж байгааг олж мэдэхийн тулд хэсэг бүлэг оюутантай уулзаж ярилцсан. Энэ үйл явц гайхамшигтай байлаа. Эцэст нь цугларсан асуултууд ч мөн гайхалтай байсан.

Та нарын санаа бодол төстэй байсан нь онцгой хэрэг байна. Ихэнхэд нь сүнслэг байдал, амьдралын хувьд ч адилхан асуултууд байлаа. Перугийн институтийн ангийн суралцагч байна уу, Айдахо дахь БЯИС-ийн хотхоны инженерийн ангийн оюутан байна уу, Баруун Африкт БЯИС-ийн Pathway-д сурч байгаа хүн байна уу, БЯИС-ийн график дизайны ангийн оюутан уу аль эсвэл Европт, Филиппинд эсвэл яг энд Ютад институтэд хамрагдаж байгаа мэргэжлээрээ ажиллаж буй хүн байна уу гэдгээс үл хамааран Сүмийн залуус бүгд Есүс Христэд итгэх итгэлээрээ нэгдэж, нэг ижил хүсэл эрмэлзэл, тэмүүллээр жигүүрлэж, нэг ижил асуудалтай тулгардаг. Та нар бол гайхалтай залуус, энэ Сүмийн ирээдүйн маш чухал хэсэг юм шүү.

Бид та нараас ирсэн асуултуудыг өнөөдрийн толилуулгадаа зориулж таван төрөлд ангилсан:

  1. Амьдралын болон итгэлийн сорилтуудтай нүүр тулах

  2. Хайр ба нэгэн хэсэг нь байх

  3. Амьдралын төлөвлөж, ажил, хувийн амьдралын тэнцвэржүүлэх нь

  4. Үнэний төлөө зогсох

  5. Хувийн илчлэл хүлээн авах

  6. Бошиглолын удирдамж

Өнөөдөр бид энэ бүх асуултад өөрсдийн амьдралын туршлага, Сүмийн залуустай харилцаж байхдаа ажигласан зүйлс дээрээ үндэслэн хариулахыг хүсэж байна.

Күк эгч бид хоёр амьдралын болон итгэлийн сорилтууд мөн хайр ба нэгэн хэсэг нь байх гэсэн эхний хоёр асуултыг авч үзэх бол ахлагч Гилбэрт, Гилбэрт эгч хоёр дараа нь амьдрал дахь үүрэг хариуцлагуудаа хэрхэн тэнцвэртэй авч явах талаар туршлагаа хуваалцана. Тэд мөн үймээн самуунтай энэ цаг үед үнэний төлөө зогсох гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар ярина. Харин би дараа нь хувийн илчлэл хүлээн авах талаар захиас, зөвлөгөө хуваалцаж, бошиглолын удирдамжийн талаар ярьж энэ цугларалтыг өндөрлөнө.